Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 152/2019/00161/и |
Дугаар | 222 |
Огноо | 2019-06-06 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 222
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УА-НЭ-гт холбогдох,
Тус эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай” Б/55 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2012 онд Их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, энхэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хүний нөөцийн менежерээр ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа ажил үүргээ маш сайн биелүүлж, бүх шатны шалгалт шүүлгэнд маш сайн үнэлгээтэй байсан. Мөн хувь хүний харилцаа хандлагын хувьд төлөвшсөн, хамт олны дунд эвсэг найрсаг, нэр хүндтэйгээр ажиллаж ирсэн. Түүнчлэн 2018 оны 5 дугаар сард намайг ээлжийн амралттай байхад шалтгаангүйгээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр гаргасан. Миний бие уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн, шүүхэд хандаж давж заалдах шатны шүүхийн магадлалаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэр гаргуулсан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулж байсан. Томилогдсон өдрөөс хойш ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүй сайн ажиллаж байхад 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэнэт хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах шийдвэр гаргасан. Миний бие энэхүү тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Нэгдсэн эмнэлэгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/55 тоот тушаалыг хүчингүйд тооцож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дарга Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ажилтан Б.Б нэхэмжлэлдээ хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллаж байсан гэжээ. Тэрээр 2013 оны 5 дугаар сараас эхлэн Нэгдсэн эмнэлэгт хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаад 2018 оны 6 дугаар сард чөлөөлөгдсөн боловч 2018 оны 10 дугаар сараас өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээг ажилтантай хугацаагүй байгуулдаг ба тухайн ажилтан ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож шүүхийн шийдвэрээр өмнөх ажил албан тушаалд эгүүлэн тогтоогдсон тохиолдолд анх байгуулсан хөдөлмөрийн гэрээний үйлчлэл хэвээр байх ба хөдөлмөрийн гэрээг тухайн ажилтантай шинэчлэн байгуулах үндэслэл болохгүй. Иймээс энэ тохиолдолд Б.Б-ийн Нэгдсэн эмнэлэгийн удирдлагатай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэж байна. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн №296 дугаартай гэрээний 4.3-ын “В” дахь хэсэгт ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор тусгасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна гэж заасан байдаг ба энэ хуулийн 23.2.2-т заасны дагуу Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож, хугацаатай байгуулсан хэдий боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-т заасан үндэслэлийн дагуу энэхүү гэрээ нь шийдвэр гарах хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан “Тус эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай” Б/55 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай” Б/55 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.6.2, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2-ын “В” заалтыг тус тус үндэслэн “Ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн” гэх үндэслэлээр хүний нөөцийн менежер Б.Б-г үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь “Би ажлын байран дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй” хэмээн маргаж байгаа боловч түүний 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ажлын байран дээрээ буюу тус эмнэлгийн даргын өрөө, даргын туслахын өрөөнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь хэрэгт авагдсан 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Тасгийн хурлын тэмдэглэл” гэх баримт, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Захиргааны тасгийн чанарын хурлын протокол” гэх баримт, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Тодруулга хийсэн тухай” гэх баримт, хэргийн 61-62 дугаар хуудаст авагдсан гэрч Ж.О, хэргийн 64 дүгээр хуудаст авагдсан гэрч Ц.З, хэргийн 66 дугаар хуудаст авагдсан гэрч Б.Д, хэргийн 68 дугаар хуудаст авагдсан гэрч Д.З, хэргийн 71 дүгээр хуудаст авагдсан гэрч Б.Д-д нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож, тогтоогдож байна.
Тухайлбал, гэрч Ж.О: “Манай эмнэлгийн ажилчид буюу Б.Д, Д.З, Б.Д, Б.Б, А.Ц нар 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр үдийн цайны үеэр ажлын байранд архи уусныг мэдсэн даруйдаа буюу 15 цаг 20 минутад “Тасгийн хурал” хийж, тэдний асуудлыг авч хэлэлцэхээр тогтоосон. Тухайн хуралд Д.З, Б.Д нар л орж ирсэн. “А.Ц, Б.Д нар хуралд орох чадваргүй байна” гэх мэдээлэл яригдсан. ... 2019 оны 3 дугаар сарын 04-05-ны үеэр дахин энэ асуудлаар хуралдсан. Тэр хуралд А.Ц, Б.Б хоёулаа байсан. Эдгээр хүмүүсээр уучлалт гуйлгаад, энэ асуудлыг намжааж, ажлын байранд нь авч үлдэх талаар ярьсан” гэж, гэрч Ц.З: “... Намайг 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр үдийн цайны цагийн дараа өрөөндөө байж байтал нягтлан П “Эд нар архи уусан байна” гэж хэлсэн. Би Б.Д-ийн өрөөнд ороход тэрээр хөл дээрээ тогтож чадахгүй, сандал дээрээ сууж байсан. Даргын өрөө тэр чигээрээ архи үнэртэж байсан тул би цонхыг нь онгойлгож, тус өрөөнд байсан цүнхийг авч, бичиг хэргийн эрхлэгчийн өрөөнд байсан архины 2 шилийг авч хийгээд өөрийнхөө өрөөнд оруулж тавьсан. Удалгүй шуурхай хурал зарлагдсан ба би хурлаас гараад үйлчлэгчийн өрөөнд ороход Д.З бөөлжөөд, түүн дээрээ өөрөө суучихсан байсан. Үйлчлэгч нарын орон дээр А.Ц цаашаа хараад хэвтэж байсан” гэж, гэрч Б.Д: “Тухайн өдөр манай ажлын өрөөнд цайны цагийн үеэр Б.Б орж ирээд “Архи байгаа юу, уумаар байна” гэсэн. Би тал шил архи байсныг гаргаж өгсөн ба энэ үеэр А.Ц өрөөний үүдээр шагайсан. Тэгээд А.Ц-ыг дуудаж оруулж ирээд Б.Б А.Ц-лд нэг хийж өгсөн. Надад хийж өгөхөөр нь би татгалзсан боловч А.Ц намайг шахсаар байгаад уулгасан. Бид гурав тэр архийг хувааж уусан. Эхний хагас шилтэй архи байсныг дуусгаад дахин нэг 0,5 л архи байсныг гаргаж уусан. Үйлчлэгч Д.З орж ирэхээр нь бас уулгасан. Гадна хүмүүс дуугараад байхаар нь Б.Б “Даргын өрөөнд оръё” гэсэн. Би “Даргын өрөөнд орохгүй” гэсэн боловч гадна хүмүүс байсан тул даргын өрөөнд орсон. Тэгж байтал Б.Д бас орж ирсэн. Тэгээд тэд гараад явсны дараа би өрөөндөө үлдээд хаалгаа дотроосоо цоожилчихоод ажлын цаг дууссаны дараа гэртээ харьсан” гэж, гэрч Д.З: “Тухайн өдөр намайг Б.Д-ийн өрөөнд ороход А.Ц, Б.Б, Б.Д гурав хагас шил “Ээдэн” гэдэг архийг текэн дээрээ тавьчихсан зогсож байсан. Надад нэг хундага хийж өгөөд шахсаар байгаад уулгасан. Тэгээд удалгүй Б.Д орж ирсэн. Тэгтэл гадна хүмүүсийн хөл ихдээд, хаалга татаад эхлэхэд Б.Б даргын өрөөнд орох санал гаргаж, Б.Д эгчээс түлхүүрийг нь аваад даргын өрөөнд орсон. Миний бие эвгүйрээд байсан тул өрөөндөө орсон ба А.Ц тэр өрөөнд байсан. Тэгтэл Ж.О эмч хурал заралсан ба Б.Д бид хоёр орж, юу болсон талаараа ярьсан. ... Би анх тасгийн хуралд ороод үнэнээ хэлсэн. Тэгтэл А.Ц “Дараа нь чамайг шүүхэд хандахад нотлох зүйл байхгүй, чиний эсрэг мэдээлэл болно шүү, битгий юм яриарай” гэж хэлэхэд нь би дараа нь юу ч хэлж чадаагүй. Энэ асуудлаас болоод 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн” гэж, гэрч Б.Д: “Тухайн өдөр Б.Б ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь үнэн. Б.Б 11 цаг 40 минутын үед намайг Бичиг хэргийн эрхлэгчийн өрөөнд “Принтер үзэж өгөөч” гээд дуудсан. Би орж засах гэж оролдсон ба 12 цагт цайны цаг болсон тул цайндаа явсан. Тухайн үед Б.Б Б.Д-ааг тал шил архи гаргаж ирээд “Шараа тайлчих” гээд шахаж байсан. Би үдийн цайны цагаар хүмүүстэй хоолонд орох байсан тул гарч хоолондоо орчихоод ирсэн. Ажил дээрээ ирээд дахин Б.Д-ийн өрөөнд ороход нэг шилтэй архи байсан. Өөр нэг шил архи байсан. 0,5 литрийн хэмжээтэй “Ээдэн” гэдэг нэртэй архи байсан. Тэр архи тойруулж дуусгаад гарсан ба Б.Б-тай хамт түүний өрөө рүү орчихоод гараад явсан. ... Гадна хүмүүс шуугилдаад байсан тул үлдсэн архиа даргын өрөөнд орж уусан. Б.Б надад 20.000 төгрөг өгөөд “Архи аваад ир” гэсэн. Би архинд явахгүйгээр дадлага хийж байсан хүүхдийг дуудсан. Тэр хүүхдэд мөнгөө өгч явуулсан ба харин тэрээр архи авчирч өгсөн эсэхийг санахгүй байна” гэж тус тус мэдүүлсэн байх ба энэ нь мөн хэрэгт авагдсан 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Тасгийн хурлын тэмдэглэл” гэх баримт, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Захиргааны тасгийн чанарын хурлын протокол” гэх баримтаар тогтоогдож байна.
Тухайн 2 удаагийн хурлын тэмдэглэлийг нэхэмжлэгч талаас “Нотлох баримтын шаардлага хангаагүй” гэж маргасан боловч дээрх гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалж болж байгаа ба тухайн тэмдэглэлүүдийг Нэгдсэн эмнэлгийн “Хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулсан байх тул “нотлох баримтын шаардлага хангагдсан” гэж үзэж, хэргийн үйл баримтыг тогтоох боломжтой нотлох баримтад тооцлоо.
2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр болсон “Тасгийн хурал”-ын тэмдэглэлд “... 15 цаг 20 минутад тасгийн эмч, ажилчдыг цуглуулж, ажлын байран дээр болж байгаа зөрчлийг яаралтай арилгахаар хурал хийлээ. Хуралд Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.П, Чанарын албаны дарга Ж.О, Санхүү албаны дарга Ч.П, нягтлан Ц.Н, нягтлан Г.Б, нягтлан О, нярав Э.О, нярав Ц.З, инженер Ш, Б.Д, Э.А, цахим мэдээллийн ажилтан С.О, Б.О, Г.Н, эм найруулагч Н.Б, эм зүйч Б.Г, шил угаагч Б.А, Халдвар судлаач О.Э, Ч.З, сувилахуй С.Я, Л.Н, Г.Н, Д.Д, чанар лавлагааны ажилтан Б.Б, үйлчлэгч Д.З, Б.О, статистикч бага эмч, тасгийн ахлах сувилагч Ц.Г нар оролцов. Хэлэлцэх асуудал: Ажлын байранд ажлын цагаар архи уусан асуудлыг хэлэлцэх. ... үйлчлэгч Д.З: “13 цаг 40 минутын орчим Б.Д намайг өрөөндөө дуудсан ба яваад ороход Б.Б, Б.Д, Б.Д, А.Ц нар тал шил “Эдин” архи тавьсан надад нэг хундага архи өгөөд, түүнийг уугаад даргын өрөө цэвэрлээд гарсан. Би архи ууж чаддаггүй тул өрөөнд ороод бөөлжөөд, хуралтай гэж дуудсан тул ирлээ” гэсэн тайлбар өгсөн. ... Даргын өрөөнд байгаа камерын бичлэгээс 13 цагаас хойших 3 дугаар давхарын коридор харахад санхүү, статистик талаас харагдах тул орж, гарсан хүнийг харах боломжгүй байв. ... Даргын өрөөг цэвэрлэсэн байх ба хогны саванд архины цэхнэр таг байсныг авч тасгийн хуралд суусан ажилчдад үзүүлэв. ... Дахин архи уусан хүмүүсийг байлгаж байгаад хуралдаж, шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн зөвшилцөлд хүрлээ. ... Тэмдэглэл хөтөлсөн Ц.Г, хянасан Ж.О” гэж дурдагджээ.
Дараагийн буюу 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр болсон “Захиргааны тасгийн чанарын хурлын протокол”-д: “Ирц 32. Хэлэлцэх асуудал: Манай тасгийн хүний нөөцийн менежер Б.Б, даатгалын эмч А.Ц, бичиг хэргийн эрхлэгч Б.Д, инженер Б.Д, үйлчлэгч Д.З нар ажлын байранд архи уусан талаар” гээд Б.Б, Д.З, Б.Д, А.Ц нараас тус тус тайлбар авч, бусад оролцогчид “Эдгээр хүмүүсийн гаргасан үйлдэл буруу боловч цаг үеийн нөхцөл байдал, амьдрал зэргийг нь харгалзан үзээд ажлаас халахаас өөр арга хэмжээ авах нь зүйтэй” гэсэн саналыг гаргасан тухай дурдагдсан байна.
Эдгээр хоёр удаагийн хуралдаанд байлцсан Ж.О, Ц.З нар ийм хурал болж, хуралд яригдсан, хэлэлцэгдсэн асуудлын талаар мэдүүлсэн тул уг хуралдааны тэмдэглэл, протоколуудыг нотлох баримтаар үнэлсэн болно.
Нөгөө талаар, тухайн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас ямар нэгэн шийдвэр буюу ажилчдын сахилга, хариуцлагын асуудлаар эрхийн акт гаргах эрх бүхий этгээдүүд байгаагүй, мөн хуралд оролцсон этгээдүүдээс эдгээр 5 ажилчдынхаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг холбогдох цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүйгээр дотооддоо шийдвэрлэхээр нуун дарагдуулсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Цагдаад дуудлага өгөөгүй, Цагдаагийн байгууллагад уг зөрчлийг шалгуулж, согтуурлын зэрэг тогтоолгоогүй, тэднийг даргын болон туслахын өрөөндөө байсныг нотлох камерын бичлэг байхгүй учир нотлогдсон гэж үзэхгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Мөн заавал согтуурлын зэргийг тогтоолгох ёстой байсан, эсхүл согтуурсан зөрчлийг Цагдаагийн байгууллага нотолж тогтоох байсан гэх нь өрөөсгөл бөгөөд нэгэнт согтуурлын зэргийг тогтоогоогүй, ийм зөрчлийг холбогдох байгууллагад мэдэгдэж, шалгуулаагүй, камерын бичлэгийг шүүхэд шинжлэн судлуулахаар зохигчдын хэн аль нь хүсэлт гаргаагүй тул хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоох боломжтой юм.
Түүнчлэн “Тухайн өдөр Б.Буяаг архи уугаагүй болохыг гэрч А.Ц, А.С, Б.М нар нотолж байгаа” гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тайлбарласан боловч хэрэгт авагдсан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 547 тоот захирамжаар иргэн А.Ц-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох “Тус эмнэлгийн даргын 2019 оны Б/55 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа, мөн гэрч А.Ц-ын “Б.Буяа тухайн өдөр архи уугаагүй” гэх мэдүүлэг /хх-84/ нь гэрч Б.Д, Д.З, Ж.О, Ц.З, Б.Д нарын мэдүүлгээр няцаагдаж байна.
Мөн иргэн А.С-ийн мэдүүлэгт “Б.Д бусдын шахалт, дарамаас үүдэн шүүхэд худал мэдүүлэг өгсөн” /хх-86/ гэсэн байх боловч хэрэгт энэ тухай нотолсон шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол авагдаагүй байх бөгөөд гэрчийн дээрх мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй, харин гэрч Б.М-ын “Б.Б тухайн өдөр манай өрөөнд 2-3 удаа орж ирсэн түүнийг архи уусан эсэхийг анзаараагүй” гэх мэдүүлэг /хх-82/-ээр “Б.Б архи уугаагүй” гэснийг шууд нотолсон баримт болохгүй байна.
Дээрх зөрчлөөр ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг шууд дуусгавар болгосон нь Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/29 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам” /хх-47/-ын 6.6.2 дахь заалтын “Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэх, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн нь нотлох баримтаар нотлогдсон” гэсэнтэй, мөн талуудын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.2 болон 4.3 дахь заалтын “В” хэсэгт заасан “Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэж үзэх бөгөөд хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлана” гэсэнтэй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасантай тус тус нийцжээ.
Өөрөөр хэлбэл, ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдож байгаа бөгөөд талууд энэ тухай хөдөлмөрийн дотоод журам болон гэрээндээ тухайлан зааж, хөдөлмөрийн харилцаандаа мөрдлөг болгосон байжээ.
Нэхэмжлэгч нь “Д.Д даргатай би хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, миний өмнөх ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон цуцлагдсан. Харин шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажилд томилогдсоноос хойш хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулаагүй байсан” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч Б.Б-ийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.А-тай байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 296 тоот “Хөдөлмөрийн гэрээ” /хх-27-28/ нь түүнийг 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөнөөр дуусгавар болсон, мөн Б.Б-г 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь хууль бус байсныг тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 621 тоот шийдвэрээр /хх-74-77/ тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон, уг шийдвэрийн дагуу Б.Б-г 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажлын байраар хариуцагч хангасан нь тогтоогдож байх бөгөөд өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа хэвээр хадгалагдсаныг нотолж байна.
Мөн Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015-2016 онд хэрэгжихээр заасныг өөрчлөх, дуусгавар болгохоор ажил олгогч болон ажилны хэн аль нь санаачлага гаргаагүй тул тухайн хөдөлмөрийн гэрээг уг хугацаа дууссанаас хойш анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.
Харин нэхэмжлэгч нь “Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамтай танилцаагүй” гэх боловч аливаа байгууллага, хамт олон, тэр дундаа төрийн үйлчилгээний байгууллагын ажилтны хувьд ажлын байранд ажлын цагаар болон ажлын бус цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх нь “ноцтой” зөрчилд тооцогдохыг мэдэж байх үүрэгтэй, энэ нь түүний эрхэлж байсан албан тушаалын гүйцэтгэх үүрэгтэй салшгүй холбоотой бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан “Төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй” гэснийг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3-д заасан “Төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд болон хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэснийг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 тоот тогтоолын 1.7 дахь хэсэгт заасан “Төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, ... хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох” гэснийг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 33 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “Төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэснийг тус тус биелүүлэх, хэрэгжүүлэх, бусаддаа шаардлага тавих үүрэгтэй тул нэхэмжлэгчийн “мэдээгүй, танилцаагүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.
Түүнчлэн “2017 оноос үйлчилж эхэлсэн хөдөлмөрийн дотоод журамтай танилцсан байсан, харин намайг ажлаас чөлөөлснөөс хойш буюу 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн хөдөлмөрийн дотоод журам даргын өрөөнд байсан тул түүнтэй би танилцаагүй” гэж маргасан тул хариуцагч талаас Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/51 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”, хэргийн 34-49 дүгээр талд авагдсан тус даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/29 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг тус тус ирүүлсэн.
Уг хөдөлмөрийн журмуудаас үзэхэд 2017 оноос хэрэгжсэн журмын 4.3.5 дахь заалтын “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилчдад урамшуулал болон ур чадварын нэмэгдэл олгохгүй” гэснийг хассанаас өөрөөр ямар нэгэн өөрчлөлт ороогүй, ялангуяа тухайн хөдөлмөрийн дотоод журмуудын 6.3 дахь заалтад үг үсгийн болон агуулын хувьд өөрчлөлт ороогүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн тухай хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулаагүй байсан, эсхүл тухайн хөдөлмөрийн дотоод журамтай ажилчдыг танилцуулаагүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “Нэгдсэн эмнэлгийн эрх бүхий 11 хүний бүрэлдэхүүнтэй “Зөвлөлийн хурал”-аар миний асуудлыг хэлэлцэж, албан ёсоор шийдвэр гаргахыг даргад даалгах ёстой байсан боловч ийм хурал хийхгүйгээр шууд даргын тушаалаар ажлаас халсан” гэх боловч Хөдөлмөрийн дотоод журам /2018 оны/-ын 2.3.5, 6.6.4-т “Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа эмнэлгийн даргын тушаалаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийдвэр гарсан байна.
Мөн нэхэмжлэгчээс “Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Д ажилд томилогдсон цагаас хойш намайг байнга дарамталж, ажил үүрэгтэй холбоогүй асуудлаар хавчин гадуурхдаг байсан” гэж тайлбарласан ба энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбарт дүгнэлт хийх шаардлагагүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох, “Тус эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай” Б/55 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох, “Тус эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай” Б/55 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА