| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2019/00227/и |
| Дугаар | 230 |
| Огноо | 2019-06-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 230
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Т-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УГ-ДХС-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т, хариуцагч Ю.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Улаангом сумын Политехник коллежийн мужааны анги төгссөн, бүрэн дунд боловсролтой. 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дулааны 2 дугаар станц анх ашиглалтад орох үед түлш дамжуулагчаар ажилд орсон юм. Түүнээс хойш 5 дахь жилдээ тухайн байгууллагад тасралтгүй ажиллаж байсан. Би тухайн ажилд ороод өдий хүртэл ажиллах хугацаандаа байгууллагын удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэн, өөрийнхөө ажилд эзэн болон ажиллаж байсан билээ. Тэгтэл намайг ямар ч үндэслэлгүйгээр “Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан заалтуудыг тус тус зөрчиж, ажлын байранд удаа дараа согтуу ирсэн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Учир нь би ажлын байранд удаа дараа согтуу байсан бол хөдөлмөрийн хуульд зааснаар “Сануулах, цалингийн хувь бууруулах” гэх мэт шат дараалсан арга хэмжээ авах ёстой байсан. Гэтэл надад ганц удаа ч гэсэн сануулах, цалингийн хувь бууруулах зэрэг арга хэмжээ авч байгаагүй мөртлөө шууд ажлаас чөлөөлж байгаа нь ямарч үндэслэлгүй юм. Би 2019 оны 1 дүгээр сард урд орой нь найзуудтайгаа уулзаад, маргааш нь ажилдаа иртэл “Чамаас архи үнэртэж байна” гэсэн. Тэгэхэд надаас архи үнэртэж байсан тул би юм хэлээгүй ба дараагийн хүндээ ажлаа хүлээлгэж өгөөд явсан. Дараа нь 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мөн л надаас “Архи үнэртэж байна” гэхэд нь “Цагдаагийн байгууллагаар шалгуулчих” гэхэд шалгуулаагүй бөгөөд би тухайн өдрөө ажлаа хийсэн. Харин тушаалаа 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гаргахдаа “удаа дараа согтуу ирсэн” гэсэн байгаа. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй, удаа дараа ажилдаа ийм байдалтай ирсэн зүйл надад байхгүй. Иймд намайг “Улаангомын дулааны хоёрдугаар станц” төрийн өмчит хувьцаат компанийн зуухны машинистийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч УГ-ДХС-ийн захирал Ю.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Н.Т-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч өөрөө 2 удаа архи үнэртүүлэн ажлын байрандаа ирж, нэг удаад нь ажлаа дараагийн хүнд хүлээлгэж өгөөд явсан тухай ярьж, гаргасан зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч байна. Манай байгууллагын статус өөрчлөгдөх шаардлагатай болсны улмаас миний бие 2019 оны хавар 2 сарын хугацаанд Улаанбаатар хотод албан ажлаар явсан. Намайг ирэх, хоёрдугаарт, байгууллагын статус ямар байх асуудал шийдвэрлэгдтэл иймэрхүү тушаал шийдвэр гаргах боломжгүй байсан тул Н.Т-ын зөрчил гаргаснаас хойш арга хэмжээ тооцсон тушаал хөөн хэлэлцэх хугацаандаа гарч амжаагүй. Түүнчлэн ийм асуудал болсон тухай Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж, тухайн хурлаас Н.Т-ыг ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргасныг албажуулсан. Ер нь ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, хэрэглэсэн байдалтай ирэхийг хориглосон заалтууд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсан байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч “УГ-ДХС” төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан Увс аймгийн Дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны захирлын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б/25 тоот тушаалаар Н.Түмэнбаярыг тухайн өдрөөс эхлэн тус станцын ашиглалтын өмнөх захиргааны Түлш дамжуулах машинистын ажилд томилсон байна.
Харин “Улаангомын дулааны хоёрдугаар станц” төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Н.Түмэнбаярыг ажлаас чөлөөлөх тухай” Б/26 тоот тушаалаар нэхэмжлэгчийг “... ажлын байран дээр удаа дараа согтуу ирж, ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.11.5, 7 дугаар зүйлийн 7.11, 7.16 дахь заалтуудыг баримтлан ажлаас чөлөөлжээ.
Тухайн ажлаас чөлөөлсөн тухай шийдвэрийг ажилтан эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байх ба уг тушаалын үндэслэл болсон холбогдох байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, Н.Т-ыг хэзээ, хэрхэн ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирснийг нотолж, тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, ажилтан, ажил олгогч хоорондоо ямар, ямар үндэслэлийг “ноцтой зөрчил”-д тооцох, тухайн ноцтой зөрчил гаргасан тохилдолд ямар арга хэмжээ авахыг холбогдох дотоод журам болон гэрээгээр тохиролцдог бөгөөд тухайн “ноцтой зөрчил”-өө нотлох баримтаар заавал тогтоосон байхыг шаардана.
Гэтэл хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан “өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ” биелүүлээгүй байна.
Харин нэхэмжлэгч “Надад сануулах, цалингийн хувь бууруулах гэх мэт шат дараатай арга хэмжээ авч болох байсан” гэх боловч хэрэв ажилтан дээр дурдсан талуудын хооронд урьдчилан тохиролцсон “ноцтой зөрчил” гаргасан бол заавал шат дараалсан арга хэмжээ авахыг шаардахгүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд хариуцагчийн гаргасан шийдвэр хуульд нийцээгүй гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Т-ыг “Улаангомын дулааны хоёрдугаар станц” төрийн өмчит хувьцаат компанийн Зуухны машинистын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Улаангомын дулааны хоёрдугаар станц” төрийн өмчит хувьцаат компаниас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Т-ыг “УГ-ын ДХС” төрийн өмчит хувьцаат компанийн Зуухны машинистын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Улаангомын дулааны хоёрдугаар станц” төрийн өмчит хувьцаат компаниас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА