| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2023/0500/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/535 |
| Огноо | 2023-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Болортуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/535
2023 4 12 2023/ШЦТ/535
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
улсын яллагч Я.Болортуяа,
шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт *******-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 0596 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын машинч мэргэжилтэй, ......................... ХХК-д оператораар ажилладаг, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ...................тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Х овогт ******* /........................./.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 22-ны оройн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ Амгалан хотхоны 517 дугаар байрны 103 тоот гэртээ байхдаа гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Б.Уянгатай маргалдаж, улмаар маргааныг таслан зогсоох үйлдэл хийсэн Б.Уянгын төрсөн дүү Б.Тийн цээжний зүүн доод хэсэгт хутгаар зүсэж, цээжинд шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Хэрэг гарсан үеэс аюултай хэрэгт холбогдсоноо ойлгож ухамсарлаж байгаа. Гэр бүлийн хүчирхийллээр 7 хоног баривчилгаанд явсан. Эхнэр,нөхөр хоёр хоёул жижиг зүйлээс болж маргалдах нь ямар зүйлийг авчирдгийг ойлгосон. Хохирлоо төлж барагдуулсан. Гэм буруугаа ойлгож байгаа. 08 сараас 8 нас хүртэлх 3 хүүхэдтэй. Ар гэрээ авч явдаг. Прокурорын саналаар эрүүгийн хариуцлага оноож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 22-ны оройн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах.............................тоот гэртээ байхдаа гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Б.Уянгатай маргалдаж, улмаар маргааныг таслан зогсоох үйлдэл хийсэн Б.Уянгын төрсөн дүү Б.Тийн цээжний зүүн доод хэсэгт хутгаар зүсэж, цээжинд шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-12 дахь тал/, хохирогч Б.Тийн мэдүүлэг: “... Тэгээд би эргээд хартал Э ах хутга барьчихсан ирээд миний цээжний зүүн доод хэсэгт 1 удаа хутгаар зүссэн. Тэгээд миний цээжний зүүн доод хэсгээс цус гараад, би ариун цэврийн өрөө рүү ороод, араас Уянга эгч орж ирээд ..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дахь тал/,
Гэрч Б.Уянгын өгсөн: "...2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би нөхөр Э, дүү Т болон гурван хүүхдийн хамт гэртээ байж байтал 21 цагийн үед миний утсанд үл таних хүнээс мессеж ирсэн. Тэгтэл миний утсыг манай нөхөр Э булааж аваад "Чи энэ залуутай уулздаг, явалддаг, хэд уулзсан" гэх зэргээр хэлж бид 2-ын дунд маргаан үүссэн. Тэгтэл Э миний нүүр рүү 3 удаа алгадсан. Энэ үед манай төрсөн дүү Т босож ирээд Эд хандаж “та болиоч, яагаад манай эгчийг зодоод байгаа юм" гэж хэлээд Этэй барилцаад авсан. Тэгээд би хүүхдээ аваад том өрөөний буйдан дээр суучихсан хөхүүлж байтал Э гэнэт хутга барьж ирж Т рүү дайраад, Т нөгөө хутгатай гарыг нь бариад автал Э үгийн зөрүүгүй цээж хэсэг рүү хатгачихсан. Тэгээд Т "Та намайг хутгалчихлаа ш дээ" гэж хэлээд цээж барихаар нь би босож ирээд Тийн цамцыг сөхөөд хартал цээжний зүүн доод хэсэгт нь зүсэгдчихсэн, цус гоожиж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дахь тал/, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1931 дүгээр шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэх хүсэлт /хх-ийн 111 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч нь Б.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол эмчилгээний зардлаа авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 112 дахь тал/ гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлт: “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 21 см, бариул хэсэг 10 см, нийт 31 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт *******-г хүниий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариул хэсэг 10 см, ажлын хэсэг 21 см, нийт урт 31 см урттай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчиин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА