Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 233

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: УБ.Д-ийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: У.Ц-д холбогдох

     Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 16.000.000 төгрөг, алданги 8.000.000 төгрөг, нийт 24.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны  4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав, хариуцагч У.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Д, У.Ц нар харилцан тохиролцож, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр талууд 16.000.000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлж, улмаар дараах байдлаар хугацаа тохирсон. Үүнд: 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 7.000.000 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний 3 дахь хэсэгт болон Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр харилцан тохиролцсон байна. Гэтэл хариуцагч У.Ц нэг төгрөг ч төлөөгүй бөгөөд цаашид ч төлөхүй болох нь тодорхой байна. Иймд хариуцагч У.Ц-аас үндсэн зээл 16.000.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алдангийн хамтаар нийт 24.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгч Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Д 2013 онд иргэн н.Ганбаатараар дамжуулан У.Ц-тай танилцаж, өөрийн захиалсан Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 82 дугаар байрны 52 тоот, 2 өрөө орон сууцыг 90.000.000 төгрөгөөр тохиролцон худалдах болж, тухайн үедээ У.Ц-аас 27.000.000 төгрөгийг авсан, мөн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 50.000.000 төгрөг, нийт 77.000.000 төгрөгийг авсан байдаг. Ингээд гэрээний дагуу үлдэгдэл 13.000.000 төгрөг болон тухайн үедээ У.Ц-ыг банкны 8 хувийн хүүтэй зээлд хамруулахаар банкны 2 зээлийн эдийн засагчид өгсөн 300.000 төгрөг, тус бүр нь 280.000 төгрөгийн үнэ бүхий виски, нотариатын зардал 117.000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад 1.550.000 төгрөг, нийт 2.240.000 төгрөгийн зардал гарсан. Тэгээд Б.Д, У.Ц нар байрны үлдэгдэл 13.000.000 төгрөг дээр саяны гарсан 3.000.000 төгрөгийн зардлыг нэмээд нийт 16.000.000 төгрөгийг 4 удаа хуваан төлүүлэхээр “Зээлийн гэрээ” гэгчийг байгуулсан ба гэрээний дагуу ямар нэгэн хүү тохироогүй ч хэрэв үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол алданги тооцохоор талууд тохиролцсон. Иймд хариуцагч У.Ц-аас гэрээний үүрэг 16.000.000 төгрөг, алданги 8.000.000 төгрөг, нийт 24.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

       Хариуцагч У.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би энэ 16.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Надад тухайн үедээ ийм их зардал гарсан талаараа хэлж танилцуулаагүй. “13.000.000 төгрөг төлнө гэсэн гэрээ байгуулж байна” гэж би ойлгож, гэрээнд гарын үсэг зурсан. 13.000.000 төгрөгөө л төлнө” гэжээ.

         Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байна. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан ба энэ тухай талуудын хооронд байгуулагдсан гэх 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний 4 дүгээр зүйлд тодорхой тусгасан байна. Өөрөөр хэлбэл, У.Ц, Б.Д-аас бодит байдлаар 16.000.000 төгрөг зээлж авсан зүйл байхгүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан У.Ц-ын банкны холбогдох дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. Мөн талуудын тайлбар болон хэрэгт авагдсан 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Хэлцэл” гэсэн баримтуудаас үзэхэд энэ 2 хүний хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Иймд 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Зээлийн гэрээ” хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч У.Ц-лд холбогдуулан “Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 16.000.000 төгрөг, алданги 8.000.000 төгрөг, нийт 24.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад зохигчдын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг хангуулахыг хүссэн байна.

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-аас нэхэмжлэл гаргахдаа “Зээлийн гэрээний үүрэг хангуулах тухай” хэмээн тодорхойлон ирүүлж, нэхэмжлэлд “Зээлийн гэрээ” гэх баримтыг хавсарган ирүүлсэн тул шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч шүүх хуралдаанд явцад гаргасан зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч У.Цэцэгбалаас “Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 16.000.000 төгрөг, алданги 8.000.000 төгрөг, нийт 24.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байх тул уг шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

            Хариуцагчаас гаргаж ирүүлсэн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Хэлцэл” гэх баримт, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Хас банкны “Төлбөрийн баримт”, У.Ц-ын Хаан банк дахь 5812029114 тоот харилцах дансны хуулга, Хас банкны “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь” гэх баримтууд, талуудын гаргасан тайлбараас үзэхэд иргэн Б.Д, У.Ц нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, У.Ц нь Б.Д-аас Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, ЭТӨЧ 13330 гудамжны 82 дугаар байрны 52 тоотод байрлах, 49,61 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц /гэрчилгээний 000406771, улсын бүртгэлийн Ү-2204071150 дугаартай/-ыг худалдан авсан байх ба орон сууцны үнийг 90.000.000 төгрөг хэмээн тогтоож, хариуцагчаас 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 27.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 50.000.000 төгрөг шилжүүлсэн ажээ.

            Ингээд үлдэгдэл 13.000.000 төгрөг дээр тухайн үедээ У.Ц-лд банкнаас ипотекийн 8 хувийн хүүтэй зээл хөөцөлдөж авч өгөхөд гарсан зардал 3.000.000 төгрөгийг нэмж, нийт 16.000.000 төгрөгийг талууд 4 хувааж төлөхөөр 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Зээлийн гэрээ”[1] байгуулж, талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байна.  

            Хэдийгээр тухайн гэрээг “Зээлийн гэрээ” хэмээн талууд нэрэлсэн байх боловч дээр дурдсан нөхцөл байдлаас тухайн гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу үлдэгдэл үнийг гаргуулах агуулгатай байх тул шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан гэрээ байгуулагдсан гэж үзэж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж үзэв.

            Харин тухайн гэрээний 4 дэх хэсэгт “Энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно” гэж дурдсан, мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс “Талуудын хооронд зээлийн гэрээ бодитойгоор байгуулагдаж, У.Ц Б.Д-аас 16.000.000 төгрөг хүлээн аваагүй, тухайн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байна” хэмээн маргасан боловч бодит байдалд талуудын хооронд “Зээлийн гэрээ” байгуулагдаагүй, харин худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн гэрээ байгуулагдсан байх тул “Зээлийн гэрээ” гэгчийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна.

            Нөгөө талаар, хариуцагч У.Ц “Би 13.000.000 төгрөг төлөх нь үнэн” гэж, худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлэх ёстойгоо тайлбарлаж байгаа бөгөөд харин илүү гарсан гэх 3.000.000 төгрөгийн зардал, алданги 8.000.000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “У.Ц-ыг банкны 8 хувийн хүүтэй зээлд хамруулахаар банкны 2 зээлийн эдийн засагчид өгсөн 300.000 төгрөг, тус бүр нь 280.000 төгрөгийн үнэ бүхий виски, нотариатын зардал 117.000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад 1.550.000 төгрөг, нийт 2.240.000 төгрөгийн зардал гарсан. Тэгээд Б.Д, У.Ц нар байрны үлдэгдэл 13.000.000 төгрөг дээр саяны гарсан 3.000.000 төгрөгийн зардлыг нэмээд нийт 16.000.000 төгрөгийг 4 удаа хуваан төлүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан” гэж тайлбарласан ба тухайн 3.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2-т зааснаар хариуцагч У.Ц хариуцах нь зүйтэй гэж үзэв.  

            Өөрөөр хэлбэл, дээрх зүйлд “Гэрээнд өөрөөр заагаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ болон шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцана” гэж заасан бөгөөд тухайн үед энэхүү зардлыг нэхэмжлэгч Б.Д төлж, дараа нь уг төлбөрийг үлдэгдэл 13.000.000 төгрөг дээр нэмж, нийт 16.000.000 төгрөгийг У.Цэцэгбал төлөхөөр талууд тохиролцсон байна.

            Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.2-т зааснаар хариуцагч У.Ц-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 13.000.000 төгрөг, хөрөнгө шилжүүлэхтэй холбогдон гарсан зардал 3.000.000 төгрөг, нийт 16.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-аад олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

            Харин нэхэмжлэгчээс “Алданги 8.000.000 төгрөг гаргуулна” хэмээн нэхэмжлэл гаргасан боловч хэргийн 2 дугаар хуудаст авагдсан “Зээлийн гэрээ”-ний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болохоор, мөн уг хугацаанаас хойш хариуцагч үүргээ зөрчвөл гэрээний дагуу алданги төлөхөөр тохиролцжээ.  

            Гэтэл нэхэмжлэгч шүүхэд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх гэрээний хугацаа дуусаагүй байхад алданги төлүүлэхээр шаардсаныг хүлээн авах боломжгүй байна.

            Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд энэ зүйлийн агуулгаас үзэхэд тухайн этгээд гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн байхыг шаардаж байх бөгөөд Б.Д, У.Ц нарын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа нэхэмжлэл гаргахаас өмнө дуусаагүй байсан тул хариуцагч хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдохгүй байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Алданги 8.000.000 төгрөг гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Ц-аас 237.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-аад олгох нь зүйтэй.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 892 дугаар захирамжаар хариуцагч У.Ц-ын Хаан банк дахь 5812121289, 5812018056 тоот хадгаламжийн, 5812029114 тоот харилцах, Хас банк дахь 5001939452, 5001939455 тоот хадгаламжийн, Төрийн банк дахь 161200083239, 161200036367 тоот хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоосон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тухайн арга хэмжээ нь уг хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдав.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч У.Ц-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16.000.000 /арван зургаан сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-аад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Алданги 8.000.000 төгрөг гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277.950 /хоёр зуун далан долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Ц-аас 237.950 /хоёр зуун гучин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-аад олгосугай.   

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА

 


[1] Хэргийн 2 дугаар тал,