| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2019/00187/и |
| Дугаар | 257 |
| Огноо | 2019-06-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 257
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн 9016001007, регистрийн 2578697 дугаартай, “Х банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Э-лд холбогдох,
Хууль бус эзэмшлээс “Х банк” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын захирал Ю.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч О.Э 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хашаа байшин барих зориулалттай, жилийн 20,5 хувийн хүүтэй, 13.500.000 төгрөгийн зээлийг 1250008767 тоот зээлийн гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр эргэлтийн хөрөнгийн зориулалттай, 5.100.000 төгрөгийн зээлийг 1250020444 тоот зээлийн гэрээ байгуулан тус тус авсан. 1250008767, 1250020444 тоот зээлийн гэрээний үүргийг 2016 оны 4 дүгээр сараас хойш зөрчиж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө хийгээгүй. О.Энхболдтой зээл төлүүлэх талаар удаа дараа уулзаж, шаардаж байсан боловч бизнесийн үйл ажиллагаа доголдож, цаашид зээл төлөх боломжгүй болсон тул 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж хэргийг хянан шийдвэрлүүлж 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 506 тоот шүүгчийн захирамж гаргуулсан. Төлбөр төлөгч нь сайн дураар төлбөр төлөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэхээр албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуулийн дагуу ажиллагаа явуулж барьцааны хөрөнгийг худалдан борлуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр албадан дуудлага худалдаа зарласан боловч оролцогч ирээгүй. Улмаар 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр харилцагчийн гаргасан хүсэлтийн дагуу барьцаа хөрөнгө болох Увс, Улаангом, 10 дугаар баг, Тээврийн гудамж 3-322 тоот хаягт байрлалтай Ү-1520002347 улсын бүртгэлийн дугаартай 80 м.кв, 48 м.кв талбайтай хувийн сууц, граж, Ү-1520003742 улсын бүртгэлийн дугаартай 80 м.кв тайлбайтай үйлчилгээний зориулалттай байр, Г-1520001908 улсын бүртгэлийн дугаартай 1070 м.кв талбайтай газрыг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төлбөр авагч Х банкинд 16.504.230 төгрөгийн төлбөрт тооцож шилжүүлэн авсан. Гэтэл О.Э банкны үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр тавьсан шаардлагыг үл тоомсорлон, биет байдлаар хүлээлгэж өгөхгүй, одоог хүртэл хууль бусаар эзэмшиж ашиглаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Хас банк нь хууль ёсны өмчлөгч болохын хувьд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3 дах хэсэгт зааснаар шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасны дагуу Х банк нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Увс, Улаангом, 10 дугаар баг, Тээврийн гудамж 3-322 тоот хаягт байршилтай, Ү-1520002347 улсын бүртгэлийн дугаартай 80 м.кв, 48 м.кв талбайтай хувийн сууц, граж, Ү-1520003742 улсын бүртгэлийн дугаартай 80 м.кв тайлбайтай үйлчилгээний зориулапттай байр, Г-1520001908 улсын бүртгэлийн дугаартай 1069,5 м.кв талбайтай газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд О.Э-ын хууль бус эзэмшлээс Хас банкны өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлүүлж, бодитоор гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч О.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х банкны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага хууль бус эзэмшлээс Хас банкны эд хөрөнгө чөлөөлүүлэх, албадан гаргуулах гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 3 нялх хүүхэдтэй, одоо гараад явахад гэр орон, ажлын байр байхгүй. Иймд 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаа олгож өгнө үү. Энэ хугацаа хүртэл мөнгөө олж өгч чадахгүй бол хашаа байшингаа бүрэн чөлөөлж өгнө” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х банк” ХХК-иас хариуцагч О.Э-д холбогдуулан, тус банкны өмчлөлийн Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, Тээврийн гудамж 3-322 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-1520002347, гэрчилгээний 000544031 дугаартай, 80 м.кв болон 48 м.кв талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-1520003742, гэрчилгээний 000544032 дугаартай, 80 м.кв тайлбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-1520001908, нэгж талбарын 8516001474, гэрчилгээний 000456912 дугаартай, 1070 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг тус тус чөлөөлүүлэх, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
“Х банк” ХХК-ийн Увс салбар болон иргэн О.Эд, П.О нарын хооронд 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1250008767 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдаж, О.Э, П.О нар банкнаас 13.500.000 төгрөгийг жилийн 20,5 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 2-16 тоот /тухайн үеийн хаягаар/-д байрлах 1069,5 м.кв талбай бүхий газарт баригдах хувийн орон сууц барих зориулалтаар авсан байна.
Тухайн өдрөө, мөн дугаартай “Барьцааны гэрээ” байгуулж, зээлийн барьцаанд УВА 42-14 улсын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн, Toyota platz /Тоёота платс/ маркийн, аралын NCP160001988 дугаартай, ногоон өнгийн суудлын автомашин, мөн өдрийн мөн дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-ээр Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, Тээврийн гудамж 3-322 /хуучнаар 2-16/ тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-1520002347, гэрчилгээний 000544031 дугаартай, 80 м.кв болон 48 м.кв талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-1520001908, нэгж талбарын 8516001474, гэрчилгээний 000456912 дугаартай, 1070 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан ажээ.
Үүний дараа буюу 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зээлийн барьцаанд нэмж мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-1520003742, гэрчилгээний 000544032 дугаартай, 80 м.кв тайлбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь хэрэгт авагдсан “Барьцаалбар” гэсэн баримтаар тогтоогдож байна.
Мөн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1250020444 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, хариуцагч О.Э болон иргэн Э.Үүлэнсолонго нар Хас банкнаас 5.100.000 төгрөгийг жилийн 29,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бараа татах зориулалтаар авсан байх ба зээлийн барьцаанд өмнөх 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1250008767 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-ээр барьцаалсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаа мэдэгдэж, “Барьцаалуулагчийн батлах мэдэгдэл” байгуулжээ.
2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 85 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүссэн, төлбөр төлөгч О.Э холбогдох хувийн хэргээс үзэхэд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 506 тоот захирамжаар иргэн О.Э нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 16.504.229,5 төгрөг төлөхөөр Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1789 тоот захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн байна.
Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч О.Э өмчлөлийн Увс аймаг, Улаангом сумын 10 дугаар баг, 2-16 тоотод байрлах 1069,5 м.кв талбай бүхий газар, 80 м.кв, 48 м.кв талбай бүхий хувийн орон сууц болон гражийг тус тус хураан авч, мөн тухайн хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг оролцуулан нийт 3 төрлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 45.977.732 төгрөгөөр үнэлэгдсэн, улмаар 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болон 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тус тус хоёр удаа албадан дуудлага худалдааг заралсан боловч оролцогч ирээгүй байна.
Төлбөр төлөгч О.Э, иргэн Э.Ү нарын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу зээлийн барьцаанд тавигдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Х банк” ХХК-ийн төлбөрт тооцуулан шижлүүлж өгснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.
Ингээд “Х банк” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-1520003742 дугаарт бүртгэлтэй 80 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр[1], харин Ү-1520002347 дугаарт бүртгэлтэй 80 м.кв болон 48 м.кв талбай бүхий хувийн орон сууц болон гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө[2], Г-1520001908 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 8516001474 дугаартай, 1070 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар[3] зэргийг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Хас банк” ХХК болон иргэн Ю.Нэргүйгийн нэр дээр тус тус шилжүүлэн, гэрчилгээ олгогджээ.
Уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр төлөгч О.Э өнөөг хүртэл хугацаанд чөлөөлж, бодит байдлаар нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч “Х банк” ХХК-иас тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хариуцагчийг албадан нүүлгэхээр шүүхэд хандсан байна.
Хариуцагч О.Э-ын хувьд “Одоохондоо надад шууд бариад гарчих гэр байхгүй, очоод буучих хашаалсан газар байхгүй бөгөөд энэ бүхнийгээ зохицуулж өөр газарт хашаа барьж байж буух, эсхүл 16.000.000 төгрөгийг нэг дор бүрэн төлж байж хашаа, байшинтайгаа үлдэх гэсэн 2 сонголтын өмнө ирсэн байна. Тэгэхээр надад хугацаа хэрэгтэй байгаа бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэхэд энэхүү асуудлаа нэг тийш нь шийдвэрлэх боломжтой байна” гэсэн тайлбар гаргасан.
Дээрх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд “2018 оны 2 дугаар сараас хойш “Х банк” ХХК-ийн өмчлөлд эд хөрөнгө шилжсэн, үүнээс хойш 1 жил, 4 сарын хугацаа өнгөрсөн” гэсэн тайлбар гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч О.Э Ү-152003742, Ү-1520002347 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувьд нэгэнт “Х банк” ХХК-ийн өмчлөлд шилжсэн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар тухайн хөрөнгүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, О.Энхболдыг албадан нүүлгэх нь зүйтэй байна.
Харин хэргийн 7 дугаар хуудаст авагдсан “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ээс үзэхэд Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Тээврийн гудамжны 3-322 тоотод байрлах, нэгж талбарын 8516001474, улсын бүртгэлийн Г-1520001908 дугаарт бүртгэлтэй 1070 м.кв талбай бүхий газрыг Монгол Улсын иргэн Борлууд овогтой Юнэрэнгийн Нэргүйгийн нэр дээр 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр шилжсэн байх бөгөөд хэрэгт иргэн Ю.Нэргүйгээс нэхэмжлэгч “Х банк” ХХК-д өөрийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний нэрийн өмнөөс оролцох эрхийг олгоогүй байна.
Гэтэл нэхэмжлэгч “Х банк” ХХК-иас дээрх газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг зөрчсөн байх тул “Х банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд зааснаар Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, Тээврийн гудамж 3-322 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-1520002347, гэрчилгээний 000544031 дугаартай, 80 м.кв болон 48 м.кв талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-1520003742, гэрчилгээний 000544032 дугаартай, 80 м.кв тайлбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч О.Э-ын хууль бус эзэмшлээс чөлөөлөн, түүнийг албадан нүүлгэж, харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, Тээврийн гудамж 3-322 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-1520001908, нэгж талбарын 8516001474, гэрчилгээний 000456912 дугаартай, 1070 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг чөлөөлүүлэх, албадан нүүлгэх тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Э-оос 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд зааснаар Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, Тээврийн гудамж 3-322 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-1520002347, гэрчилгээний 000544031 дугаартай, 80 м.кв болон 48 м.кв талбайтай хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-1520003742, гэрчилгээний 000544032 дугаартай, 80 м.кв тайлбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч О.Э-ын хууль бус эзэмшлээс чөлөөлөн, түүнийг албадан нүүлгэж, харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, Тээврийн гудамж 3-322 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-1520001908, нэгж талбарын 8516001474, гэрчилгээний 000456912 дугаартай, 1070 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг чөлөөлүүлэх, албадан нүүлгэх тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Э-оос 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
[1] Хэргийн 6 дугаар тал,
[2] Хэргийн 8 дугаар тал,
[3] Хэргийн 7 дугаар тал,