| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2019/00205/и |
| Дугаар | 273 |
| Огноо | 2019-07-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 273
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, “Х банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.О,
Хариуцагч: Я.Н нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 5.369.527,40 төгрөг, зээлийн хүү 6.400.418,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 849.032,77 төгрөг, нотариатын төлбөр 6.500 төгрөг, нийт 12.625.478,64 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлогоор хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн З.О болон Я.Н нар 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Х банкны Увс салбарын Төв тооцооны төвөөс БЗГ298 тоот зээлийн гэрээ байгуулан 14.000.000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.3.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 8.630.472,6 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1.762.882,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 195.555,90 төгрөг, нийт 10.588.911,26 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.2-д заасан үүргээ үл биелүүлээгүй тул банкнаас 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зээлийг буцаан дуудах мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд зээлдэгч З.О болон түүний нөхөр нараас нэхэмжлэлийн шаардлагын дагуу нийт 12.625.478,64 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлогоор хангуулж, зээлийг төлүүлж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хариуцагч З.О, Я.Н нарт холбогдуулан “Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 5.369.527,40 төгрөг, зээлийн хүү 6.400.418,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 849.032,77 төгрөг, нотариатын төлбөр 6.500 төгрөг, нийт 12.625.478,64 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлогоор хангуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Я.Н, З.О нар “Х банк” ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр БЗГ298 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”[1] байгуулж, 14.000.000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай буюу 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болохоор талууд тохиролцсон авсан байна.
Мөн өдрийн БГ298 тоот “Барьцааны гэрээ”[2] байгуулж, зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 17-26 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520002048 дугаартай, 8х10 м.кв талбай бүхий 2 давхар хувийн орон сууц, мөн хаягт байрлах, гэрчилгээний 0029448 дугаартай, 720 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалжээ.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дууссан байх боловч зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, “Зээл төлөх мэдэгдэл”-үүд[3], хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байх тул “Хаан банк” ХХК нь хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол буюу нотариатын зардал[4] гаргуулахаар тус тус шаардах эрхтэй байна.
Хариуцагч З.О, Я.Н нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр[5] болон 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр[6] тус тус нэхэмжлэлийн хувь гардуулан өгч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн дотор хариу тайлбар буюу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримт ирүүлэх боломжоор хангасан боловч хариуцагч нар ямар нэгэн хариу тайлбар бичгээр ирүүлээгүй болно.
Мөн шүүх хуралдааны товыг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч нарт зохих журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд энэхүү нөхцөл байдлаас дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч З.О, Я.Н нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 5.369.527,40 төгрөг, зээлийн хүү 6.400.418,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 849.032,77 төгрөг, нотариатын төлбөр 6.500 төгрөг, нийт 12.625.478,64 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар З.О, Я.Н нарын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 17-26 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520002048 дугаартай, 8х10 м.кв талбай бүхий 2 давхар хувийн орон сууц, мөн хаягт байрлах, гэрчилгээний 0029448 дугаартай, 720 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газраас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч “зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч хариуцагч З.О, Я.Н нар ямар, ямар орлогтой болох талаарх нотлох баримт хэрэгт ирүүлээгүй, барьцааны гэрээнд ямар нэгэн “орлого” барьцаалаагүй байх тул нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216.957 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.О, Я.Н нараас 216.957 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч З.О, Я.Н нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 5.369.527,40 төгрөг, зээлийн хүү 6.400.418,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 849.032,77 төгрөг, нотариатын төлбөр 6.500 төгрөг, нийт 12.625.478,64 /арван хоёр сая зургаан зуун хорин таван мянга дөрвөн зуун далан найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч З.О, Я.Н нарын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 17-26 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520002048 дугаартай, 8х10 м.кв талбай бүхий 2 давхар хувийн орон сууц, мөн хаягт байрлах, гэрчилгээний 0029448 дугаартай, 720 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216.957 /хоёр зуун арван зургаан мянга есөн зуун тавин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.О, Я.Н нараас 216.957 /хоёр зуун арван зургаан мянга есөн зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
[1] Хэргийн 14-16 дугаар тал,
[2] Хэргийн 17-18 дугаар тал,
[3] Хэргийн 19-20 дугаар тал,
[4] Хэргийн 5 дугаар тал
[5] Хэргийн 29 дүгээр тал,
[6] Хэргийн 47 дугаар тал,