Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/78

 

Баймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч: Баймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Эгийн Гт холбогдох эрүүгийн 2313000240077 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:            

Монгол Улсын иргэн, О овогт Эгийн Г, 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баймгийн Б суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг гэх, Баймгийн Ө сумын 04 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:00000000

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:      

Шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баймгийн Ө сумын 04 дүгээр багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох эхнэр Р.Цг байнга буюу (1) 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хэрүүл маргаан үүсгэж зодсон, (2) 2022 оны 10 дугаар сарын  07-ны өдөр 17 цагийн орчимд хэрүүл маргаан үүсгэж зодсон, (3) 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд үед өмсөж байсан цамцны зах хэсгээр нь хоолойг нь боож, нүүр тус газар алгадаж зодсон, (4) 2022 оны 12 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчимд газарт унагааж, хоолойг нь боож, зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.

2. Эрүүгийн 2313000240077 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Р.Цгээс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,

2.2. Баймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас хохирогч Р.Цгээс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тодруулсан гэр бүлийн хүчирхийллийн “Аюулын зэргийн эрсдэлийн түвшин “өндөр” зэрэглэлтэй болох”-ыг тогтоосон үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 04-06 дахь тал/,

2.3. Баймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас иргэн Э.Гийн согтуурлын хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 02 цаг 00 минутад шалгахад согтуурал шалгах багажийн заалт 3.93 хувь гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,

2.4. Хохирогч Р.Цгийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

2.5. Баймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 380 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

2.6. Баймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 465 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

2.7. Баймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 481 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

2.8. Хохирогч Р.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-55, 58-59 дэх тал/,

2.9. Шинжээч Баймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай К.Хын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 95 дугаартай “...Иргэн Р.Цгийн биед шинэ гэмтэл тогтоогдоогүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

2.10. Шинжээч Баймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Ерболын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 155 дугаартай “...Г.Бийн биед гэмтэл тогтоогдоогүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

2.11. Гэрч Н.Яийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 75-77 дахь тал/,

2.12. Гэрч С.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

2.13. Гэрч С.Бадамцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,

2.14. Насанд хүрээгүй гэрч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахь тал/,

2.15. Хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хохирогч Р.Цгийн зулгаагдсан үс /хавтаст хэргийн 94-95 дахь тал/,

2.16. Зөрчлийн 2213000461, 2213000567, 2213000590 дугаартай хэргүүдээс авагдсан материалууд /хавтаст хэргийн 98-127 дахь тал/,

2.17. Яллагдагч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 142-144 дэх тал/,

2.18. Шүүгдэгч Э.Гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 147-163 дахь тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баймгийн Ө сумын 04 дүгээр багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох эхнэр Р.Цг байнга буюу (1) 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хэрүүл маргаан үүсгэж зодсон, (2) 2022 оны 10 дугаар сарын  07-ны өдөр 17 цагийн орчимд хэрүүл маргаан үүсгэж зодсон, (3) 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд үед өмсөж байсан цамцны зах хэсгээр нь хоолойг нь боож, нүүр тус газар алгадаж зодсон, (4) 2022 оны 12 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчимд газарт унагааж, хоолойг нь боож, зодсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн Р.Цгээс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,

3.1.2. Баймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас хохирогч Р.Цгээс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тодруулсан гэр бүлийн хүчирхийллийн “Аюулын зэргийн эрсдэлийн түвшин “өндөр” зэрэглэлтэй болох”-ыг тогтоосон үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 04-06 дахь тал/,

3.1.3. Баймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас иргэн Э.Гийн согтуурлын хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 02 цаг 00 минутад шалгахад согтуурал шалгах багажны заалт 3.93 хувь гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,

3.1.4. Баймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 380 дугаартай шийтгэврээр холбогдогч Э.Гт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 32 цагийн албадан сургалтад хамруулж, 16 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байдал /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

3.1.5. Баймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 465 дугаартай шийтгэврээр холбогдогч Э.Гт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад зааснаар 30 цагийн албадан сургалтад хамруулж, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байдал /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

3.1.6. Баймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 481 дугаартай шийтгэврээр холбогдогч Э.Гт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 20 цагийн албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байдал /хавтаст хэргийн 42-43 дахь тал/

3.1.7.   Хохирогч Р.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Нөхөр болох Э.Г нь сүүлийн 3 жил тасралтгүй архи уудаг бөгөөд архи уусан үедээ байнга гэртээ агсам согтуу тавьж, намайг зоддог асуудал гаргадаг юм.

...2022 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Э.Г нь гэрээс гараад яваад өгөхөөр нь би орой хүүхдүүдээ дагуулаад ээжийнхээ гэрт очоод байж байтал 21 цагийн үед Э.Г ээжийн гэрт ирээд намайг аргалсаар байгаад “одоо би чамайг зодохгүй, хоёулаа гэртээ очиж гал түлээд ирье, хүүхдүүд гэртээ байж байх байлгүй” гэж хэлэхээр нь би нөхөр Э.Гтой хамт явж, өөрийн гэрт орж ирэх үед Э.Г нь гэрийн хаалгыг дотор талаас нь цоожилж аваад намайг газарт унагааж, миний хоолойг боож “чи намайг дандаа цагдаад бариулдаг, одоо чи намайг цагдаад бариулах юм бол би нэг мөр чамайг алчихаад шоронд орох болно” гэж хэлээд намайг алгадсан ба тухайн үед би Э.Гт хандаж “би одоо цагдаа дуудахгүй” гэж хэлэхэд тэрээр намайг босгосон бөгөөд би хурдан гэрээс гарч зугтаагаад ээжийнхээ гэрт очсон. Түүний дараа Э.Г миний араас ирээд ээжийн гэрт миний үснээс зулгааж татсан.

...архи уух болгондоо намайг зодож, хэл амаар доромжилж, хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшилдаг бөгөөд хамт амьдрахад үнэхээр хэцүү, хүүхдүүд бид нар байнгын айдас түгшүүртэй байдаг. Эрүүл үедээ ямар нэгэн үг хэлэхгүй, согтуудаа байнга ийм асуудал гаргадаг.

...өмнө нь Цагдаагийн байгууллагаар шалгагдаж 3 удаа баривчлагдаж байсан.

...ээжийн гэрт байнга согтуу ирээд “чи гэртээ очихгүй бол чамайг ална” гэх зэргээр хэд хэдэн удаа ирсэн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ээжийн гэрийн хаалгыг эвдээд явсан.

...согтуу үедээ хүүхдүүдээ зоддог асуудал байгаа, хүүхдээ аваад газар луу, ор луу шидэх асуудал зөндөө байгаа. 2022 оны 12 дугаар 19-ний өдөр манай ээжийн гэрт ирэх үедээ 9 настай охиныхоо үснээс нь татаж зулгаасан асуудал болсон бөгөөд одоо хүүхдүүд маань аав дээрээ очихгүй гээд зугтдаг болсон.

...тэр хүнээс би ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, харин хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.

...миний бие нөхөр Э.Гт зодуулсны улмаас эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагүй. Тухайн үед жаахан хүүхдүүдтэй байсан болохоор эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхийг бодоогүй юм. Миний хамгийн бага хүүхэд одоо 2 настай бөгөөд бага хүүхдээ төрүүлснээс хойш жирэмслээгүй бөгөөд нөхөр Э.Г намайг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үед би жирэмсэн биш байсан. Миний бие нөхөр Э.Гт сүүлийн 3 жил дарамтлуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан, одоо Э.Гийг би уучилж чадахгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-55, 58-59 дэх тал/,

3.1.8.   Гэрч Н.Яийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Э.Г, Р.Ц нартай хамт нэг хашаанд байдаг хөрш айл юм.

...манай хашаанд нүүж ирээд 2 жил болж байна. Эхэндээ эхнэр, нөхөр хоёр зүгээр л байдаг байсан бөгөөд сүүлийн нэг жил Э.Гийн архи ууж, агсам тавьдаг нь хэрээс хэтэрсэн.

...согтуу үедээ агсам тавьж, хүүхдүүдээ гэрээсээ хөөгөөд явуулчихдаг, эхнэрээ барьж аваад үс толгойноос нь зулгааж зоддог асуудал байгаа.

...2022 оны 09 дүгээр сараас эхлээд эхнэрээ зодож байхыг нь 3 удаа харсан.

...Э.Гийг хүүхдүүдээ зодож байхыг харж байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-77 дахь тал/,

3.1.9.   Гэрч С.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Р.Цгийн ээж болох С.Бадамцэцэгийн гэр манайхтай хамт нэг хашаанд байдаг хөршүүд.

...Э.Гтой тааралдах болгонд согтуу явж байдаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

3.1.10. Гэрч С.Бадамцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Орой 21 цагийн орчимд гаднаас Э.Г халамцуу орж ирээд эхнэрээ дагуулаад “гал түлж ирнэ” гээд дагуулаад явсан ба удалгүй манай охин Р.Ц гүйгээд ороод ирсэн. Э.Г сая намайг зодлоо гэж хэлээд сууж байтал хойноос нь нөхөр нь дагаж орж ирээд гар хөлөөс нь татаж чангаагаад, үснээс нь зуурч, зулгаагаад чирч, би арай хийж салгаж авсан. Түүний дараа 9 настай охиныхоо үснээс нь бас зулгааж байхаар нь охин бид хоёр салгаж аваад цагдаад дуудлага өгсөн.

Г сүүлийн 2 жил тасралтгүй архи ууж байгаа бөгөөд архи уух болгондоо эхнэр хүүхдүүдээ зодож зовоодог. Миний охин сүүлдээ хүүхдүүдээ аваад манай гэрт ирж хамт амьдарч байгаа бөгөөд байнга агсам согтуу тавьсан болохоор хүүхдүүд нь хүртэл ааваасаа айж, зугтаадаг болсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,

3.1.11. Насанд хүрээгүй гэрч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...аав намайг зоддоггүй, харин сүүлд сар өдрийг нь сайн санахгүй байна, аав нэг удаа намайг эмээгийн гэрт байх үеэр гаднаас согтуу орж ирээд ээжийгээ олж ир гээд миний үснээс нэг гараараа татаж зулгаасан юм. Би хашхираад “ёо ёо, үс” гэж хэлэхэд аав үснээс тавьчихсан, тэр үед толгой их өвдсөн. Намайг өөр ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй. Аав ээжийг зоддог, бид нарыг гэртээ байхад аав гаднаас согтуу орж ирээд ээжтэй хэрэлдээд ээж рүү сандал авч шиддэг, бас аяга авч шийддэг юм.

...ээж аавыг зоддоггүй. Аав намайг ганц л удаа цохисон, харин ах дүү нарыг минь зодож байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахь тал/,  

3.1.12. Хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хохирогч Р.Цгийн зулгаагдсан үс /хавтаст хэргийн 94-95 дахь тал/,

3.1.13. Зөрчлийн 2213000461, 2213000567, 2213000590 дугаартай хэргүүдээс авагдсан материалууд /хавтаст хэргийн 98-127 дахь тал/,

3.1.14. Яллагдагч Э.Гийн “...би прокурорын 2313000240077 дугаартай тогтоолтой танилцлаа, тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.

...миний бие сүүлийн 2 жил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд үүнээс болоод эхнэр хүүхдүүд маань 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд хадам ээж болох С.Бадамцэцэгийн гэрт амьдарч байгаа.

...би эхнэртэйгээ юунаас болж маргалдсан юм бүү мэд нэг мэдэхэд би эхнэрийнхээ дээр гарч суугаад түүний хоолойг боож байснаа санаж байна, тухайн үед эхнэр Р.Ц нь “цагдаа, цагдаа” гээд дуугарч байсныг санаж байна, би тэр үед ухаан санаа орж гараад байсан ба цагдаа нар хэзээ ирсэн юм бүү мэд, нэг мэдэхэд цагдаа нар намайг аваад эрүүлжүүлэх байранд оруулж байсан. Би архи уух болгондоо эхнэртэйгээ хэрэлдэж, маргалддаг, тухайн үедээ согтуу болохоор юу хийснээ сайн санадаггүй, харин эхнэрээ хэл амаар доромжилдог асуудал гаргаж байсан. Би эхнэрийгээ хэл амаар доромжилсон, хүүхдийн дэргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гээд намайг шүүхээс баривчлах шийтгэл 4 удаа оногдуулж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 142-144 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Э.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг, шүүгдэгч Э.Г “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг гаргасан болно. 

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга “зодсон” гэх шинж нь (1) гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байх, (2) байнга зодсон шинжтэй болохыг ойлгоно.

6.2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4. “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий этгээд” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг; мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1 дэх заалтад заасан “бие махбодын хүчирхийлэл” гэдэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг”, 6.1.2 дахь заалтад заасан “сэтгэл санааны хүчирхийлэл” гэдэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг”, 6.1.3 дахь заалтад заасан “эдийн засгийн хүчирхийлэл” гэдэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг”, 6.1.4 дэх заалтад заасан “бэлгийн хүчирхийлэл” гэдэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг” тус тус ойлгохоор хуульчилсан байна.

6.3. Шүүгдэгч Э.Г, хохирогч Р.Ц нар нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж /хавтаст хэргийн 152 дахь талд/, Баймгийн Ө сумын 04 дүгээр багт оршин суудаг нь тогтоогдож байх тул шүүгдэгч, хохирогч нар нь  гэр бүлийн хамаарал бүхий этгээд тул шүүгдэгч Э.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн субъектэд хамаарч байна.

6.4. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “байнга” зодох шинжийг гурав, түүнээс дээш удаа зодсоныг ойлгох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр Р.Цг байнга буюу (1) 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хэрүүл маргаан үүсгэж зодсон, (2) 2022 оны 10 дугаар сарын  07-ны өдөр 17 цагийн орчимд хэрүүл маргаан үүсгэж зодсон, (3) 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд үед өмсөж байсан цамцны зах хэсгээр нь хоолойг нь боож, нүүр тус газар алгадаж зодсон, (4) 2022 оны 12 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчимд газарт унагааж, хоолойг нь боож зодож, энэ гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр санаатайгаар үйлдсэн гэж үзлээ.

6.5. Шүүгдэгч Э.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогдсон байна.

6.6. Иймд шүүгдэгч Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Э.Гийн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал, зүй бус харилцаа шууд нөлөөлсөн гэж дүгнэлээ. 

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2 Э.Гт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогч Р.Цгийн зүгээс гэмт хэргийн хохирол, хор уршигт мөнгөн хэлбэрээр иргэний нэхэмжлэлээ гаргаагүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Улсын яллагчаас Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,

2.2. Шүүгдэгч Э.Гоос “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт хүсэж байна” гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.

2.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.Гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн шүүхээс шүүгдэгч Э.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

2.4. Шүүгдэгч Э.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.5. Шүүгдэгч Э.Г нь хувийн байдлын хувьд 31 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байна.  

2.6. Шүүгдэгч Э.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан. Шүүхээс шүүгдэгч Э.Гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тус бүрд дүгнэлт хийсний үндсэн дээр түүнд оногдуулсан 6 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

2.8. Шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хохирогч Р.Цгийн зулгаагдсан үсийг эрүүгийн 2313000240077 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

2.9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Гийн эдлэх хорих ялыг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Эгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Гийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гт оногдуулсан 6 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хохирогч Р.Цгийн зулгаагдсан үсийг эрүүгийн 000000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ТАЛГАТ