Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 275

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, “Х банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: УА-ШШГГ-т холбогдох,  

   Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг “Улаантолгой”-д байрлах №000490018 гэрчилгээний дугаартай, 30 га хадлангийн зориулалттай газрыг 44.730.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны  5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

     Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын захирал Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар төлбөр авагч Хаан банкины Увс салбар болон төлбөр төлөгч С.С, Г.П нарт холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 286 дугаар шийдвэрийн дагуу гүйцэтгэж байна. Шүүхийн шийдвэрт хариуцагч С.С, Г.П нараас 33.008.776 төгрөгийг гаргуулж Хаан банкны Увс салбарт олгож уг хэрэгт битүүмжлэгдсэн Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг “Улаан толгой”-д байрлах №000490018 гэрчилгээний дугаартай 30 га хадлангийн зориулалттай газрыг уг төлбөрт тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэсэн билээ. Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлгээ тогтоолгож төлбөр төлөгчийн өр төлбөрийг барагдуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрхи үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Мөнх оргил трейд” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдэлд төлбөрт тооцуулахаар дээрх эд хөрөнгө болох Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг “Улаан толгой”-д байрлах №000490018 гэрчилгээний дугаартай 30 га хадлангийн газрыг 44.730.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Хаан банкны Увс салбар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнээс хамаагүй өндөр, бодит байдалд нийцээгүй гарсан гэж үзэхээр болжээ. Тус үнэлгээний газрын бодит байдалд нийцээгүй үнэ тогтоосны улмаас дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах боломжгүй болж улмаар төлбөр авагчид илтэд хохиролтой уг үнэлгээгээр худалдан борлуулагдах боломжгүй байна. Уг эд хөрөнгийг “Мөнх оргил трейд” ХХК нь 44.730.000 үнэлсэн нь илтэд үндэслэлгүй үнэлгээ хийгдсэн байна. ... Ийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гомдол гаргаж байна. Иймд дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай шинжээчийн хөрөнгийн үнэлгээг Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг “Улаан толгой”-д байрлах №000490018 гэрчилгээний дугаартай 30 га хадлангийн талбайг 44.730.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.     

            Хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус байгууллага нь эд хөрөнгийн үнэлгээ хийдэггүй ба иргэн С.С-ын хөрөнгийг үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК хийсэн байна. Иймд иргэн С.С-ын үнэлгээтэй холбоотой маргааны асуудлыг дээрх үнэлгээний компани хариуцах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг “Улаантолгой”-д байрлах №000490018 гэрчилгээний дугаартай, 30 га хадлангийн зориулалттай газрыг 44.730.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

         Хэрэгт авагдсан төлбөр төлөгч С.С, Г.П нарт холбогдох “Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг”-ээс үзэхэд тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 286 тоот шийдвэрийг[1] гүйцэтгэхээр хувийн хэрэг нээгдсэн байх бөгөөд төлбөр төлөгч нарын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн БГҮХХ/6340-1 тоот “Барьцааны гэрээ”[2]-гээр барьцаалсан болон шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар заасан Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг “Улаантолгой”-д байрлах №000490018 гэрчилгээний дугаартай, 30 га хадлангийн зориулалттай газрыг 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хураан авчээ[3].

            Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураан авсан эд хөрөнгүүдийн үнэлгээг “Мөнх-Оргил трейд” ХХК-иар хийлгэсэн байх ба уг компаниас 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 38/Ш дугаартай албан бичгээр үнэлгээний тайланг[4] ирүүлсэн байна.

          Тухайн үнэлгээний тайлангаас үзэхэд талуудын маргаж буй Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг “Улаантолгой”-д байрлах №000490018 гэрчилгээний дугаартай, 30 га хадлангийн зориулалттай газрыг 44.730.000 төгрөгөөр /хэргийн 113 дугаар талын “4.3. Хадлангийн газрыг эзэмших эрхийн үнэлгээ” гэсэн хэсгийг харах/ үнэлэхдээ “Суурь үнийн арга”-ыг ашигласан, тухайн суурь үнийн арга нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 тоот “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын[5] 1 болон 2 дугаар хавсралтаар батлагдсан “Газрын үнэлгээний тойрог”, “Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ” гэсэн баримтын дагуу хийжээ.

            Өөрөөр хэлбэл, дээрх тогтоолоор Увс аймгийн Наранбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах газар нь “Ханхөхийн нурууны ойт хээрийн тойрог” буюу Х-3 гэсэн хэсэгт хамаарах бөгөөд хадлангийн зориулалттай газрын суурь үнэлгээ нь нэг га тутамд 1.491.000 төгрөгийн үнэтэй тул 30 га газар нь 44.730.000 төгрөгөөр үнэлэгдэхээр заагдсан нь тогтоогдож байх ба дээрх хөрөнгийн үнэлгээний тайланд энэхүү аргаар үнэлгээ тогтоосон тухай дурдсан байна.

            Иймээс тухайн хадлангийн зориулалттай газрын үнэлгээ нь хууль болон холбогдох журамд заасны дагуу гарсан байх тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

            Нэхэмжлэгчийн зүгээс “Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнээс хамаагүй өндөр, бодит байдалд нийцээгүй гарсан” хэмээн тайлбарлаж, төлбөр төлөгч С.С-ын “Хадлангийн 30 га газраа 15.000.000 төгрөгөөр зарах хүсэлтэй байна” гэх тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн боловч талууд энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад харилцан тохиролцож, худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж нээлттэй байх бөгөөд нэхэмжлэгч талаас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит үнээс хэт өндөр үнэлэгдсэнийг нотлох, мөн харьцуулан судлах баримтыг ирүүлээгүй болно.

            Харин хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Хөрөнгийн үнэлгээний талаар шинжээчээс тодруулах нь зүйтэй” гэсэн хариу тайлбар өгч, тухайн үнэлгээний компанийг хамтран хариуцагчаар татан оролцуулахаар хүсэлт гаргасан боловч нэгдүгээрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөрөнгийн үнэлгээний компанийг хамтран хариуцагчаар татан оролцуулахаас татгалзсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1050 тоот захирамжаар уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан, хоёрдугаарт, шинжээчийн дүгнэлт гаргуулах эрх бүхий этгээд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тул үнэлгээний компанийг хамтран хариуцагчаар татан оролцуулах шаардлагагүй гэж үзлээ.

            Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг “Улаантолгой”-д байрлах №000490018 гэрчилгээний дугаартай, 30 га хадлангийн зориулалттай газрыг 44.730.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан хариуцагч УА-н ШШГГ-т холбогдох “Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг “Улаантолгой”-д байрлах №000490018 гэрчилгээний дугаартай, 30 га хадлангийн зориулалттай газрыг 44.730.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА

 


[1] Хэргийн 44-46 дугаар тал,

[2] Хэргийн 48-49 дүгээр тал,

[3] Хэргийн 73 дугаар тал,

[4] Хэргийн 94-126 дугаар тал,

[5] https://www.legalinfo.mn/law/details/13596?lawid=13596