Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/83

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Мий Бт холбогдох эрүүгийн 2209000002456 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, И овогт Мий Б, 1990 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Б аймгийн Ц суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс к, дээд боловсролтой, математик-мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, Б аймгийн Ц сумын 2 дугаар цэцэрлэгт хөгжмийн багш ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Б аймгийн Ц сумын 05 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:00000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч М.Б нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн D201330095 дугаартай дипломыг уг сургуульд суралцалгүй худалдан авч, хуурамч “Боловсролын бакалавр”-ын зэргийн диплом болохыг мэдсээр байж 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Б аймгийн Ц сумын 2 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар ажиллахдаа ашиглаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “...би анх ажилд орохдоо математик-мэдээлэл зүйн багшийн дипломтой орсон. Энэ талаар ажилд орох өргөдөлдөө бичсэн байгаа. Одоо хүртэл ажлаа хийж байна. Өнгөрсөн жил сайдын тушаалаар диплом шалгах үед бага ангийн багшаар төгссөн дипломыг өгсөн. Тухайн үед уг диплом хуурамч болохыг мэдээгүй” гэв.

2. Эрүүгийн 2209000002456 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10/4489 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 04 дэх тал/,

2.2. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, түүний хавсралт сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийх ажлын удирдамж /1 дэх хавтаст хэргийн 05-10 дахь тал/,

2.3. Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай танилцуулга, хавсралт /1 дэх хавтаст хэргийн 11-35 дахь тал/

2.4. Б аймгийн Ц сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дугаартай “М.Быг ажилд томилох тухай” тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/,  

2.5. Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай албан бичиг, түүний “сургууль төгссөн гэх мэдээлэл олдоогүй иргэдийн нэрсийн /99. Мий Б/” жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

2.6. Мөрдөгчийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал/,  

2.7. Иргэн М.Баас гаргаж өгсөн Ховд их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн 2011 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн D201106042 дугаартай “Математик-Мэдээлэл зүйн багш”-ийн бакалаврын дипломын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

2.8. Иргэн М.Баас гаргаж өгсөн дуу хөгжмийн тэмцээнд оролцоход авч байсан сертификат, батламжийн хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 46-51 дэх тал/,  

2.9. Б аймгийн Ц сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаал, Хаан банкны харилцагч М.Бын 5192214176 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

2.10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Агаас нотлох баримтаар гаргаж өгсөн “иргэн М.Бын анх ажилд орох үед бичиж өгсөн өргөдөл, Ховд их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн 2011 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн D201106042 дугаартай “Математик-Мэдээлэл зүйн багш”-ийн бакалаврын дипломын хуулбар, батламжийн хуулбар”-ууд /1 дэх хавтаст хэргийн 53-57, 180-206 дахь тал/, 

2.11. Иргэн М.Баас гаргаж өгсөн “Б аймгийн Ц сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 дугаартай “Тэтгэмж оолгох тухай” тушаалын хуулбар, Хаан банк дахь 5192214176 дугаартай дансны хуулбар”-ууд /1 дэх хавтаст хэргийн 60-62 дахь тал/,

2.12. Иргэн М.Баас гаргаж өгсөн “Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн D201330095 дугаартай, бага ангийн багш мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй” диплом, үүнийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 63 дахь тал/,  

2.13. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ан мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 69-70, 235 дахь тал/,

2.14. Гэрч Я.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73-75 дахь тал/,

2.15. Гэрч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77-79 дэх тал/,

2.16. Гэрч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 81-83 дахь тал/,

2.17. Гэрч Т.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 85-87 дахь тал/,

2.18. Гэрч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 90-93 дахь тал/,

2.19. Гэрч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

2.20. Гэрч Т.Кын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 104, 237-238 дахь тал/

2.21. Яллагдагч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 118-120, 125-128  дахь тал/,

2.22. Мөрдөгчөөс гаргасан 2209000002456 дугаартай хэргийн хохирлын тооцооны хүснэгт /1 дэх хавтаст хэргийн 145-147 дахь тал/,

2.23. Б аймгийн Ц 2 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш ажилтай М.Бын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 148-150 дахь тал/,

2.24. Б аймгийн Ц 2 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш ажилтай М.Бын цалингийн жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 167-169 дэх тал/,

2.25. Б аймгийн Ц 2 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш ажилтай М.Бын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 178-179 дэх тал/,

2.26. Боловсрол, соёл, шинжлэх ухаан /спортын/ сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 351, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/430 дугаар тушаалын тус тус дөрөв, хоёрдугаар хавсралтаар батлагдсан хүүхдийн цэцэрлэгийн багшийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 221-228 дахь тал/,

2.27. Гэрч К.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 240-241 дэх тал/,

2.28. Гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 243 дахь тал/,

2.29. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Агаас нотлох баримтаар гаргаж өгсөн “Б аймгийн Ц сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 онд баталсан Ц сумын хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлын байрны тодорхойлолт”-ын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 245 дахь тал/,

2.30. Багш М.Бын Төрийн албан хаагчийн анкет”-ын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 246-250 дахь тал/,

2.31. Шүүгдэгч М.Бын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Гэм буруугийн шүүх хуралдаанд талууд дараах байр сууринаас оролцож мэтгэлцэв.

3.1. Улсын яллагчаас “шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч боловсролын диплом болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдэж, 90.086.946 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдсон учраас гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг,

3.2. Шүүгдэгч М.Баас “Анх ажилд ороход уг дипломыг ашиглаагүй, гэм буруугүй” гэх тайлбарыг,

3.3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч М.Б боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдээгүй. Түүний гэм буруугүй болохыг тогтоосон нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Тийм учраас шүүгдэгч М.Быг цагаатгаж өгөх тухай” дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

4. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ.

5. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч М.Баас гаргаж өгсөн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр олгосон “Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн D201330095 дугаартай, бага ангийн багш мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй” диплом нь хуурамч болох нь эрүүгийн 1 дэх хавтаст хэргийн 11-35 дахь талд авагдсан Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай танилцуулга, түүний хавсралтын 252 дугаар мөр “...регистрийн дугаар “00000000”, овог нэр “М Б”, сургуулийн нэр “Монгол Улсын Боловсролын их сургууль”, эзэмшсэн мэргэжил “бага ангийн багш”, ...он “2013”, дипломын дугаар “D201330095”, зөрчлийн тайлбар: “...бусдын авсан дипломын дугаартай давхацсан”” гэснээр бүрэн тогтоогдсон байна.

6. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Быг “Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн D201330095 дугаартай диплом хуурамч болохыг мэдсээр байж 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Б аймгийн Ц сумын 2 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багшаар ажиллахдаа ашиглаж, 90.086.946 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

6.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ан мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Ц сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт эрхлэгч байсан.

М.Б нь 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Ц сумын 1 дүгээр цэцэрлэгт түр орон тоонд хөгжмийн багшаар, дараа нь 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тус цэцэрлэгт хувилбар сургалтын багшаар тус тус ажиллаж байсан бөгөөд Ц сумын 1 дүгээр цэцэрлэг нь 2012 оны 5 дугаар сараас эхлэн түр зөвшөөрлөөр салбар бүлэг нээж ажиллаж байгаад 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ц сумын 2 дугаар цэцэрлэг болж өөрчлөгдсөн юм.

Тухайн үеэс эхлэн М.Б нь тус салбар бүлгийн хөгжмийн багшаар ажиллах хүсэлт гаргасан. 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн М.Быг тус цэцэрлэгт хөгжмийн багшаар томилж тушаал гаргасан. М.Б нь хөгжмийн багшийн мэргэжилгүй, Ховд их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн математик, мэдээлэл зүйн багш мэргэжлээр 2011 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төгссөн D201106042 дугаартай дипломтой байсан бөгөөд хүсэлт гаргахад ажилд орох хүсэлт, дээрх дипломын хуулбар, иргэний цахим үнэмлэхийн хуулбар зэргийг өгсөн байсан. Тухайн үед би М.Быг хөгжмийн багшаар томилж, тушаал гаргаж ажилд авч байсан.

...М.Бын тухайн үед гаргаж өгч байсан дипломын хуулбар, холбогдох материалуудыг гаргаж өгсөн болно” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 69-70, 235 дахь тал/,

6.2. Иргэн М.Баас гаргаж өгсөн Ховд их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн 2011 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн D201106042 дугаартай “Математик-Мэдээлэл зүйн багш” мэргэжлийн бакалаврын зэрэгтэй дипломын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

6.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Агаас нотлох баримтаар гаргаж өгсөн иргэн М.Бын анх ажилд орох үед бичиж өгсөн өргөдөлд “...миний бие 2007-2011 онд Ховд их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийг “Математик-Мэдээлэл зүйн багш” мэргэжлээр төгссөн. 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт хөгжмийн багш, 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 15-ны хүртэл 1 дүгээр цэцэрлэгт хувилбар сургалтын багшаар тус тус ажиллаж байсан. Их сургуульд суралцах хугацаанд авьяас чадвараа дайчлан урлагаар тэргүүлснийг минь үнэлж урлагийн авьяастны батламжаар төгсөж байсан. Мөн багаасаа дуу дуулах, бүжиглэх дуртай байсан ба олон тэмцээнд оролцож тэргүүлж байсан. Иймд миний байдлыг харгалзан үзэж 2 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багшийн орон тоонд ажилд оруулж өгнө үү” гэж бичигдсэн байдал, диплом, батламжийн хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 53-57 дахь тал/,

6.4.  Иргэн М.Баас гаргаж өгсөн дуу хөгжмийн тэмцээнд оролцоход авч байсан сертификат, батламжийн хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 46-51 дэх тал/,  

6.5. Гэрч Т.Кын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус аймгийн Ц сумын 2 дугаар цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Ц сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байна.

...2018 онд /сар, өдрийг нь мэдэхгүй байна/ Мэргэжлийн хяналтын газрын боловсрол хариуцсан улсын байцаагч Болат манай цэцэрлэгийн багш нарын бичиг баримттай танилцаад амаар чиглэл өгч явсан. Тухайн үед М.Б нь хөгжмийн багш мэргэжилгүй мөртлөө тус орон тоонд ажиллаж байгаа зөрчлийг цаашид арилгах талаар амаар чиглэл өгсөн. Үүний дагуу Бтай уулзахад “би Ховд аймгийн Б аймаг дахь салбар сургуулийг математик-мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгссөн. Мөн Монгол Улсын Боловсролын их сургуулийн хөгжмийн багшийн ангийг төгссөн. Тухайн үед миний дипломд бага ангийн багш гэж андуурч бичигдсэн байна лээ” гэж хэлэхээр надад түүнийг ажлаас чөлөөлөх боломж байгаагүй.

Өмнө нь мэдүүлэг өгөх үед шалгалт хийсэн мэтээр андуурч мэдүүлэг өгсөн байна. Түүнээс биш албан ёсны шалгалт хийгээгүй. Болат нь манай цэцэрлэгийн үйл ажиллагаа, багш нарын бичиг баримттай танилцаж, амаар чиглэл өгсөн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 104, 237-238 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

7. Эдгээр нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч М.Б нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Б аймгийн Ц сумын 2 дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар томилогдож ажиллахад Ховд их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн 2011 оны 06 дугаар сарын 11-ний өдөр олгосон D201106042 дугаартай “Математик-Мэдээлэл зүйн багш” мэргэжлийн, бакалаврын дипломыг ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

8. Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед “...Хүүхдийн цэцэрлэгийн хөгжмийн багшаар математик-мэдээлэл зүйн багш мэргэжилтэй хүн ажиллаж болохгүй” гэж мэдүүлсэн нь шүүгдэгч М.Быг “Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн D201330095 дугаартай, бага ангийн багш мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй” дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Б аймгийн Ц сумын 2 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багшаар томилогдон ажиллахад ашигласныг нотлохгүй бөгөөд боловсролын салбарын Улсын байцаагч М.Болатын хувьд зөрчлийг илрүүлж, ажил олгогчид нь шаардлага бичиж, албан бичгээр хүргүүлж байсан байдал тогтоогдоогүй байна.

9. Харин шүүгдэгч М.Б нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн D201330095 дугаартай, “бага ангийн багш мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй” диплом хуурамч болохыг мэдсээр байж 2022 оны 03 дугаар сарын үед Боловсрол, шинжлэх ухааны яамны “ESIS” программд цахимаар бүртгүүлэхдээ “бага ангийн багш” мэргэжлээр төгссөн гэж ашигласан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

9.1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, түүний хавсралт сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийх ажлын удирдамж /1 дэх хавтаст хэргийн 05-10 дахь тал/,

9.2. Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай танилцуулга, түүний хавсралтын 252 дугаар мөр “...регистрийн дугаар “00000000”, овог нэр “М Б”, сургуулийн нэр “Монгол Улсын Боловсролын их сургууль”, эзэмшсэн мэргэжил “бага ангийн багш”, ...он “2013”, дипломын дугаар “D201330095”, зөрчлийн тайлбар: “...бусдын авсан дипломын дугаартай давхацсан”” гэх байдал /1 дэх хавтаст хэргийн 11-35 дахь тал/,

9.3. Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай албан бичиг, түүний “сургууль төгссөн гэх мэдээлэл олдоогүй иргэдийн нэрсийн /99. Мий Б/” жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

9.4. Иргэн М.Баас гаргаж өгсөн “Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн D201330095 дугаартай” диплом, үүнийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 63 дахь тал/,  

9.5. Гэрч Т.Кын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус аймгийн Ц сумын 2 дугаар цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Ц сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байна.

...би 2022 оны 03 дугаар сард багш нарын дипломыг шалгуулахаар хуулбарлаж явуулах үед М.Б нь бага ангийн багшийн дипломыг надад авирч өгөөд хуулбарлаж авсны дараа буцаагаад авсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 237-238 дахь тал/,

9.6. Гэрч Я.Нийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч бүртгэлжүүлэх, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан.

...уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна” мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73-75 дахь тал/,

9.7. Гэрч Б.Дийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

...Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан, мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм.

...Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийн дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн байгууллагад хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа.

...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77-79 дахь тал/,

9.8. Гэрч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, багш нарын дипломыг “PDF” файлаар татаж авах, архивын газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхөхийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад “ESIS”, “HEMIS” гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн “HEMIS” программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан, харин “ESIS” программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. “ESIS” систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм.

Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HEMIS Программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм, тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 81-83 дахь тал/,

9.9. Гэрч Т.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сайд Л.Эгийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Н, Б, С нарын хамт ажилласан юм...

...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн, зөрчилтэй диплом бүхий багш нарыг төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан.

...Ангилсан кодыг уншихдаа “1.1” бол дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, “1.2” бол дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, “1.3” бол тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, “1.4” бол дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, “1.5” бол дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм.

...Дээрх зөрчлүүдээс “1.1”, “1.2” кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлж байгаа юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 85-87 дахь тал/,

9.10. Гэрч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3.10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн “Hemis” программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг" гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60-63, 2 дахь хавтаст хэргийн 90-93 дахь тал/,

9.11. Гэрч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Одоогийн байдлаар нийт 196 хүний мэдээллийг нарийвчлан тулгалт хийж үзсэн ба үүнээс 12 иргэн нь суралцаж төгссөн үнэн байна, харин үлдсэн иргэдийн хувьд бол манай сургуульд огт элсэн орж төгсөлт хийгээгүй, энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үүнийг бол бидний зүгээс хуурамч диплом хийлгэсэн гэж үзэж байна.

...Ерөнхийдөө манай зүгээс мэдээллийг шүүхдээ бол элсэлт болон төгсөлт хийсэн захирлын тушаалыг үндэслэж хийж байгаа” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

10. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн А/446 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар өмчийн хэлбэрийг үл харгалзан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийх тухай ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, хяналт шинжилгээ хийхэд зөрчилтэй дипломтой нэр бүхий иргэд, түүний дотор шүүгдэгч М.Бын Боловсролын их сургуулийн Боловсролын сургуулийн бага ангийн багш мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй D201330095 дугаартай диплом нь зөрчилтэй байж болох нөхцөл байдал илэрч холбогдох шалгалтыг явуулж, илэрсэн зөрчлийг нэгдсэн журмаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

11. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тус тус тогтоосон байна.

Эрх зүйн дүгнэлт.

12. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн хувьд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тухайн цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой.

13. “Хуурамч баримт бичиг ашиглах” үйлдлийн хувьд тухайн баримт бичгийг ашиглан тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулах ба уг баримт бичгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон байна.

14. Шүүгдэгч М.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар үйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил боловч боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас холбогдох үйлдэл холбогдолд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаар таслан зогсоогдсон тул уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөөгүй гэж үзнэ.

15. Шүүгдэгч М.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийн шинжийг агуулж байгаа нь нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

16. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.Бын хуурамч диплом ашиглан төрийн үйлчилгээний албан тушаалд цаашид ажиллахад ажил мэргэжлийн шаардлага хангаж байгаа мэт харагдуулах зорилго, өөрийн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.   

17. Шүүгдэгч М.Б нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн D201330095 дугаартай, “бага ангийн багш мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй” диплом хуурамч болохыг мэдсээр байж 2022 оны 03 дугаар сарын үед Боловсрол, шинжлэх ухааны яамны “ESIS” программд цахимаар бүртгүүлэхдээ “бага ангийн багш” мэргэжлээр төгссөн гэж ашигласан нөхцөл байдал тогтоогдож байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...шүүгдэгч М.Бын үйлдэлд гэмт хэргийн шинжгүй тул цагаатгаж өгөх тухай” дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3. “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж хуульчилжээ.

19. Шүүгдэгч М.Б нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Б аймгийн Ц сумын 2 дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар томилогдож ажиллахад Ховд их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн 2011 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн D201106042 дугаартай “Математик-Мэдээлэл зүйн багш” мэргэжлийн, бакалаврын дипломыг ажил олгогчид гаргаж өгч ажилд томилогдсон нөхцөл байдал тогтоогдож байна.

20. Шүүгдэгч М.Бын Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн D201330095 дугаартай, “бага ангийн багш мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй” диплом хуурамч болохыг мэдсээр байж 2022 оны 03 дугаар сарын үед Боловсрол, шинжлэх ухааны яамны “ESIS” программд цахимаар бүртгүүлэхдээ “бага ангийн багш” мэргэжлээр төгссөн гэж ашигласан үйлдэл нь улсын яллагчийн яллах дүгнэлт болон гэм буруугийн шүүх хуралдаанд дурдсан 90.086.946 төгрөгийн хохиролтой шалтгаант холбоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүгдэгч М.Баас гэмт хэргийн хохиролд 90.086.946 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

21. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талуудаас гаргасан байр суурийг илэрхийлж мэтгэлцэв.

21.1. Улсын яллагчаас “шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,

21.2. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч М.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хувийн байдлыг харгалзан 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,

21.3. Шүүгдэгч М.Баас “хуулийн хөнгөлөлтийг хүсэж байна” гэх тайлбарыг тус тус гаргасан болно. 

22. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Бын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

23. Шүүгдэгч М.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

24. Шүүгдэгч М.Б нь 1990 онд төрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хэрэгт авагдсан түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

25. Шүүгдэгч М.Б нь “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр ял шийтгэж шийдвэрлэв.

26. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

27. Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн D201330095 дугаартай хуурамч дипломыг эрүүгийн 2209000002456 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Мий Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүгдэгч М.Баас гэмт хэргийн хохиролд 90.086.946 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

6. Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн D201330095 дугаартай хуурамч дипломыг эрүүгийн 2209000002456 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ТАЛГАТ