Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 120/2021/0016/З |
Дугаар | 120/ШШ2022/0001 |
Огноо | 2022-01-17 |
Маргааны төрөл | Газар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 120/ШШ2022/0001
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хайрхан толгой коал ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.*******,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Энхбат нарын хоорондын зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Эрдэнэбаян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хайрхан толгой коал ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны дүгээр сарын -ны өдрийн ******* дугаар тогтоолын Хайрхан толгой коал ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дээд шатны байгууллага байхгүй учир Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 93.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээ 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Нэхэмжлэгч Хайрхан толгой коал ХХК нь 2016 оны 04 сарын 22-ны өдөр дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч, хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргээ хэрэгжүүлж байсан. Гэтэл Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 2021 оны дүгээр сарын -ны өдөр Ашигт малтмалын болон Газрын тухай хуульд заасан журмыг баримтлалгүйгээр Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай ******* дугаартай тогтоол гаргаж, нэхэмжлэгчийн дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 1799.64 га талбайг 15 жилийн хугацаагаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 12.1.4-д Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах гэж заасны дагуу орон нутгийн өөрөө удирдах байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авахын тулд Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлахаар зохицуулсан.
Гэтэл хариуцагч нь орон нутгийн тусгай хамгаалалтад тодорхой хэмжээний газрыг авахдаа Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан "...тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгох, ... газар зохион байгуулалтын зураг, төслүүдийг мөн зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар боловсруулж, газар зохион байгуулалт хийх, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан Газар зохион байгуулалт хийх журам-ын 11-16-д ...тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгохтой холбогдсон газар зохион байгуулалтыг аймгийн газрын алба хариуцан бэлтгэл ажлыг хангаж, судалгааны ажил хийж гүйцэтгэн, холбогдох саналыг газар зохион байгуулалтын баримт бичгийн хамт боловсруулах...-аар журамласныг мөрдөөгүй. Тодруулбал, маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагч нь газар нутгийг тусгай хамгаалалтад авахтай холбоотой газар зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж, судалгаа, дүгнэлт санал боловсруулан, Засаг даргад танилцуулах журмыг мөрдөөгүй, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 26.1-т Захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан байхад хариуцагч нь маргаан бүхий актыг гаргах тухай нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй.
Иймд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны дүгээр сарын -ны өдрийн Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай ******* дугаартай тогтоолын Хайрхан толгой коал ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны акт нь зорилгодоо нийцсэн байх гэсэн тусгай зарчмыг баримтлахыг захиргааны байгууллагад үүрэг болгосон. Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан маргаан бүхийн захиргааны актын хувьд хуульд заасан тодорхой шаардлагыг хангаснаар тухайн шийдвэрийн зорилго биелсэн гэж үздэг онцлог зохицуулалттай захиргааны акт. Хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авсан маргаан бүхий актын зорилго нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасан байгалын нөөц газар гэсэн ангилалд ашиглалтын талбайг хамааруулж, ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг хориглох байдаг. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайг тусгай хэрэгцээнд авсныг бүртгэснээр тухайн талбайд ашигт малтмал хайх үйл ажиллагаа хориглогдож, уг зорилго нь хангагдах буюу эрх зүйн үйлчлэл үзүүлэхээр байна.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах бүрэн эрхтэй бөгөөд хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсвэл тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гаргасан бол шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай хэрэгцээнд авсан газар байрших аймаг, сумын нэр, тусгай хэрэгцээнд авсан газрын бүх булангийн цэгийн солбицлууд, тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго, тухайн газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа зэрэг мэдээллийг Геологи,уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлж, тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байхад үүргээ биелүүлээгүй.
Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар албан бичигт тогтоолыг манай газарт ирүүлээгүй байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасны дагуу тус газрын геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн уул уурхайн кадастрын хэлтсийн системд бүртгэлгүй байна гэсэн. Нэгэнт хуульд зааснаар 10 хоногийн дотор бүртгүүлээгүй, улмаар уг 10 хоногийн хугацааны дараа нөхөн бүртгүүлэх тухай хуульд заасан үндэслэл байхгүй тул маргаан бүхий актын зорилго биелэгдээгүй, анхнаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлж, хэрэгжих боломжгүй хууль бус акт гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж тус тус заасан. Сонсох ажиллагаа хийгээгүй тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгуулах хууль зүйн зохицуулалттай. Манай талбай дээр нэг ч хүн очиж үзээгүй, нэхэмжлэгч талтай уулзах, ийм шийдвэр гаргах гэж байгаа талаараа нэхэмжлэгч талд мэдэгдэх, саналыг нь сонсох, холбогдох баримтыг авах ажиллагаа огт хийгдээгүй. Нэг өдөр л ийм шийдвэр гарсан гэдгийг утсаар мэдэгдэж маргаан бүхий актыг Улаанбаатар хотын шуудангаар хүлээн авсан.
Хариуцагч нь маргаан бүхий акттай холбогдуулан сонсох ажиллагаа хийгээгүй бөгөөд шалтгаанаа нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө хэмээн тайлбарласан хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа нотлоогүй. Сонсох ажиллагаа хийх зайлшгүй үүрэгтэй байсан. Энэ үүргээ биелүүлээгүй. Иймд актыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4-д орон нутгийн өөрөө удирдах байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авахын тулд Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлахаар заасан. Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна гэж заасан байх бөгөөд газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд нь Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.6-д зааснаар бүрдэхээр байна. Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2020 онд баталсан 2/11 дугаартай 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газрыг тусгай хамгаалалтад авахаар тусгаагүй атлаа 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа газар зохион байгуулалтын дээрх үндсэн баримт бичгүүдийг бүрдүүлэлгүйгээр шийдвэрлэсэн.
Гэтэл хариуцагч нь эрх бүхий байгууллагын судалгааг авалгүйгээр, ашиглалтын талбайг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан болох нь Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 12 дуугаар сарын 30-ны өдрийн дугаар албан бичигт 5984,84 га газар нутгийг 15 жилийн хугацаатай, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргахын өмнө уг газрыг бий болгохтой холбогдсон газар зохион байгуулалтыг манай байгууллага хариуцан бэлтгэл ажил ханган, судалгаа хийж ажиллагаагүй болно гэснээр тогтоогддог. Иймд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг зөрчсөн.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаартай тайлбарт сумын Засаг даргын 2021 оны дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх асуудлуудын жагсаалтыг ажлын хэсгийн дүгнэлт ирүүлсэн гэжээ. Тодруулбал, маргаан бүхий захиргааны акт гаргах болсон үндэслэл нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга Г.гийн 2021 оны дугаар сарын 30-ний өдрийн ******* дугаартай албан бичиг буюу санал байна. Харин Засаг дарга Г.гийн дээрх ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай саналыг үндэслэл нь Засаг даргын 2021 оны дугаар сарын 27-ны өдрийн дугаартай ажлын хэсэг байгуулах тухай захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан Гурвантэс сумын Баясах багийн нутаг дэвсгэрт байрлах хүрэн ханын хэц, эрдэн уул орчмын газар нутгийн судалгаа, дүгнэлт юм. Уг дүгнэлтийн 7 дугаар бүлгийн газар зохион байгуулалтын ажлын дүгнэлт хэсэгт ******* сумын зааг Ханын хэц Хүрэн ханангийн нуруу, Ой, амьтан, ургамал, усны нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах шаардлагатай гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Хайрхан толгой коал ХХК нь Ханын хэц Хүрэн ханангийн нуруу гэсэн нэр бүхий газрын тодорхой хэсэгт ашиглалтын талбай эзэмшдэг. Ажлын хэсгийн дүгнэлт нь дараах байдлаар нотлох баримтын шаардлага хангахгүй, эргэлзээтэй байна.
Засаг дарга нь 2021 оны дугаар сарын 27-ны өдөр дугаар ажлын хэсэг байгуулах тухай захирамжаар А., А., Б., Н., Н., О., Э., Н., Ч. гэсэн нэр бүхий нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж Орон нутгийн тусгай хамгаалалтад авах газар нутгийн судалгаа, үндэслэлийг хууль тогтоомжийн хүрээнд судалж гаргахыг үүрэг болгожээ.
Гэтэл хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай Тайлбар гаргах тухай албан бичгийн хавсралтаар шүүхэд ирүүлсэн Ажлын хэсгийн дүгнэлт-д А., Б., Ч. гэсэн 3 хүн гарын үсэг зурсан, харин Захирамжаар томилогдсон үлдэх 6 хүн нь гарын үсэг зураагүй байгаа. Мөн уг дүгнэлтэд Ц., П. гэх захирамжаар ажлын хэсэгт томилогдоогүй хоёр хүн гарын үсэг зурсан байна. Гурвантэс сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай албан бичигт 2021 оны дугаар сарын 27-ны өдөр дугаар ажлын хэсэг байгуулах тухай захирамжийн 2 дахь заалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газар нутгийн судалгаа, үндэслэлийг хууль тогтоомжийн хүрээнд гаргаж танилцуулах, ажлын хэсгийн ахлах, гишүүдэд үүрэг болгосон. Ажлын хэсгийн танилцуулга, гүйцэтгэх ажлын удирдамж, хурлын тэмдэглэл, тайлан зэргийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хүргүүлж байна гэжээ. Ийнхүү Засаг даргаас шүүхэд Ажлын хэсгийн дүгнэлт-д нийт 9 гарын үсэг байх хэдий ч гарын үсгийн тайлал байхгүй учраас Захирамжаар томилогдсон ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурсан гэж дүгнэх боломжгүй.
Гурвантэс сумын Засаг даргаас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн 2021 оны дүгээр сарын 01-ний Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах судалгаа, дүгнэлт гаргах ажлын хэсгийн удирдамж-ийн 4-д 2021 оны дүгээр сарын 01-ний өдрөөс мөн сарын 14-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр заасан. Харин 5 дугаар зүйлд заасан Хяналт шалгалт, судалгааны чиглэл гэсэн хэсэгт газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах талаар огт дурдаагүй, мөн уг удирдамжийг Засаг даргаас баталж, гарын үсэг, тамга тэмдэг дараагүй байгаа учраас уг баримтыг хуулийн хүчин төгөлдөр нотлох баримт гэж үзэхгүй. Шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 117 дугаартай албан бичгээр ажлын хэсгийн хурлын тэмдэглэлүүдийг ирүүлэхийг Засаг даргаас шаардсаны дагуу хэрэгт авагдсан 2021 оны дугаар сарын 30-ны өдрийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд ажлын хэсгийн ахлагч А. одооноос эхлээд судалгаа дүгнэлтийнхээ ажилд орцгооё, удирдамж гаргаж шаардлагатай мэдээ мэдээлээ цуглуулж нэгтгэж ажиллацгаая гэжээ. Засаг даргаас дээрхээс өөр ажлын хэсгийн хурлын тэмдэглэл ирүүлээгүй байх бөгөөд газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шаардлага байгаа эсэх талаар ажлын гишүүдийн хэлэлцэж шийдвэрлэсэн тухай хурлын тэмдэглэл байхгүй байна. Сумын Засаг дарга нь 2021 оны сарын 27-ны өдөр дугаартай захирамжаар ажлын хэсэг томилсон бөгөөд уг ажлын хэсэг нь мөн оны дугаар сарын 30-ны өдөр анхны хурлаа хийсэн, ажлын хэсгийн удирдамжийн огноо мөн оны дүгээр сарын 01 гэсэн байгаа. Ажлын хэсэг нь хуралдахгүй байж байгаад дүгнэлт гаргачихсан гэж үзэхээр байна. Хуралдсан бол тэмдэглэлээ шүүхэд ирүүлэх ёстой байтал ирүүлээгүй. Гэтэл Засаг дарга нь 2021 оны дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэх асуудлын жагсаалт хүргүүлсний 5 дугаарт зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад авах тухай гэжээ.
Түүнчлэн хариуцагчаас шүүхэд ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай тайлбарт газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар сумын Засаг даргын 2021 оны дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн ******* дугаар санал, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гэжээ. Энэ цаг хугацааны давхцалаас харахад ажлын хэсэг дүгнэлт гаргаагүй, хуралдаагүй байхад Засаг дарга дур мэдэн саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд явуулаад байдаг. Хэрэв Засаг дарга 2021 оны сарын 27-ны өдөр буюу Баасан гарагт дугаартай захирамжаар ажлын хэсэг томилж, дүгнэлтийг Засаг дарга нь 2021 оны дугаар сарын 30-ны өдрийн Даваа гараг ******* дугаартай албан бичгээр хүргүүлсэн гэж үзвэл Ажлын хэсгийн гишүүд нь амралтын өдрөөр буюу 28 (Бямба), 29 (Ням)-ын ажилласан гэж үзэх хэдий ч 2 хоногийн дотор 5984,84 га талбайд судалгааны ажил хийсэн байх боломжгүй юм. Мөн ажлын хэсэг нь 2021 оны дугаар сарын 30-ны өдөр анхны хурлаа хийсэн, ажлын хэсгийн удирдамжид 2021 оны дүгээр сарын 01-ний өдрөөс мөн сарын 14-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр заасан байхад Засаг даргаас 2021 оны дугаар сарын 30-ны өдөр орон нутгийг тусгай хэрэгцээнд авах санал, ажлын хэсгийн дүгнэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн байна.
Иймд ажлын хэсэг нь дүгнэлтээ гаргаагүй байхад буюу Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажлын хэсгийн дүгнэлт гэх баримт бичгийг 2021 орны дугаар сарын 30-ны өдөр хүргүүлжээ. Түүнчлэн Засаг даргаас 2021 оны дугаар сарын 30-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвхөн санал хүргүүлсэн, ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлээгүй байсан тохиолдолд Засаг даргаас ажлын хэсгийн дүгнэлтийн үр дүнг урьдчилан тодорхойлсон гэж үзэх бөгөөд ажлын хэсгийн дүгнэлт бодит бус гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн ажлын хэсгийн дүгнэлтэд тусгай хамгаалалтад авах хугацааг заагаагүй бол сумын Засаг даргаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн ажлын хэсгийн дүгнэлтэд 15 жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах саналтай гэж заасан зэргээр маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон нэг баримтыг хоёр захиргааны байгууллагаас шүүхэд ирүүлэхдээ өөр өөр утга агуулгатай байдлаар ирүүлжээ. Мөн тусгай хамгаалалтад авах хэрэгцээ шаардлага, үндэслэлийг тодорхойлсон энэхүү ажлын хэсгийн дүгнэлтийг хэзээ, хэн үйлдэгдсэн нь ойлгомжгүй, түүнийг баталгаажуулж гарын үсэг зурсан хүмүүс нь зөрүүтэй эргэлзээ бүхий, доторх тоо баримтууд нь хэдэн оны ямар статистик судалгаанд үндэслэсэн нь тодорхойгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг бодит нөхцөл байдлыг зөв тогтоосон, маргаан бүхий актыг гаргахыг зайлшгүй шаардсан, эргэлзээгүй үнэн зөв нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. Иймээс захиргааны актыг гаргах үндэслэл болсон ажлын хэсгийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үндэслэлгүй байгаа тул түүнд үндэслэсэн захиргааны акт нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг Дархан цаазат, Байгалын цогцолборт, Байгалын нөөц, дурсгалт газар хэмээн ангилж, мөн хуулийн 20 дугаар зүйлд Байгалийн нөөц газрыг байгалын иж бүрдлийн, биологийн, түүхэн олдворын, геологийн, усны нөөц газар хэмээн 5 төрөлд хуваахаар заасан байна. Гэтэл хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа дээрх байгалын нөөц газрын аль төрөлд хамаарахыг буюу тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн тухайн дэд заалтыг хэрэглээгүй байна. Мөн газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай журмын 2 дугаар зүйлд газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах зорилго, шалгуурыг журамласан бөгөөд хариуцагчаас ямар зорилгоор, юуг шалгуур болгож байгалын нөөц газар гэсэн ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь тодорхойгүй байна. Иймд маргааны бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан үндэслэл байх шаардлагыг хангаагүй байна.
Захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, захиргааны актыг хуульд заасан журмаар бүртгүүлээгүй, захиргааны актын үндэслэсэн баримт бичиг нь нотлох баримтын шаардлага хангахгүй хууль бус байна. Түүнчлэн захиргааны актыг гаргах үндэслэлээ газар нутгийн байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах гэж тайлбарладаг хэдий ч энэ талаар үндэслэл бүхий судалгаа хийгээгүй, ашиглалтын талбайд очоогүй, эрх бүхий байгууллагаар судалгаа хийлгээгүй ба нэхэмжлэгчийн ашиглалтын талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах гэж яаран шийдвэр гаргасан байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүгээр сарын -ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үзэхэд яг хууль зүйн үндэслэл болгосон байгалийн нөөц газар тэр талаар хуралдааны гишүүд огт хэлэлцээгүй байдаг, санал нь үндэслэлтэй юу үгүй юу, тэр саналын дагуу явуулсан дүгнэлт үндэслэлтэй эсэх дээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал огт хэлэлцээгүй, Хурлын дарга ч энэ талаар тайлбар өгөөгүй. Дандаа өөр асуудал хэлэлцэж явсаар байгаад шийдвэр гаргасан. Тиймээс энэ акт тусгай хэрэгцээнд авах үндэслэл зорилгыг хангаагүй байна.
Иймд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны дүгээр сарын -ны өдрийн ******* дугаар тогтоолын Хайрхан толгой коал ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус тул хүчингүй болгож өгнө үү гэв.
5. Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Маргаан бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны сарын -ны өдрийн ******* дүгээр тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 к-д нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т байгалийн нөөц газар, 20 дугаар зүйл Байгалийн нөөц газрын төрөл, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт Тодорхой газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байна, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Газар зохион байгуулалт хийх журам-ын 9.3-д энэ зүйлийн 1, 2-т зааснаас бусад газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон болон тэдгээрийг бүртгэж баталгаажуулах, эрх дуусгавар болох, сум, дүүргийн нутаг дэвсгэр дээр хийгдэх газар зохион байгуулалттай холбоотой бүх ажлыг дүүргийн газрын алба, сумын газрын даамал, Байгаль орчны сайдын 2000 оны 01 сарын 10-ны өдрийн 07 тоот тушаалаар батлагдсан Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай журмын 4.3-т Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах асуудлыг Засаг даргын өргөн мэдүүлснээр Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх ба түүний хилийн заагийг тогтоож, өөрчилж болно гэсэн хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлэн гаргасан хууль ёсны шийдвэр юм.
Тухайн газар нутаг нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрын хэв шинжийг агуулсан, уул тал хосолсон нэн ховор, ховордсон ан амьтан, ургамал, булаг шанд бүхий ан амьтан жигүүртний нүүдэллэж, өсөн үрждэг нэн таатай орчин болоод түүх соёлын дурсгалт зүйлс, хадны бичиг дурсгалуудтай, өнө эртнээс уламжлан тахиж дээдэлж ирсэн баялаг домогтой уул устай газар нутаг юм.
Тиймээс энэхүү газар нутгаа уул уурхайн үйлдвэрлэл, авто зам, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалж байгалийн унаган төрх, хэв шинжийг нь хэвээр хадгалан нутгийн ард иргэдийн малаа маллах бэлчээрийг хамгаалах зорилгоор тухайн газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар сумын Засаг даргын 2021 оны 8 сард ирүүлсэн ******* тоот санал, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны сарын -ны өдрийн хурлаар хэлэлцээд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан болно.
Баясах багийн нутаг Хүрэн ханын хэцийг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 20 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 67 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс, ******* сумын нутаг байгалийн өвөрмөц тогтоц бүхий нурууг Өмнөговь аймгийн Есөн гайхамшиг, Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 сарын 15-ны өдрийн Сумын бэлгэдэл, туг, есөн гайхамшиг батлах тухай 6/01 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар тус сумын нутаг дэвсгэрт байгаа байгалийн үзэсгэлэнт газар, тэдгээрийг түшиглэн аялал жуулчлалын сүлжээг өргөжүүлэх, ирээдүй хойч үеэ эх орноороо бахархах, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг үзлийг төлөвшүүлэх зорилгоор Гурвантэс сумын "Есөн гайхамшиг"-аар, 2020 оны 11 дүгээр тогтоолоор Хадны сүг зураг бүхий газрыг хамгаалалтад авах-аар тус тус баталсан байдаг. Тухайн нутаг орших Эрдэнэ уул нь эрт үеэс шүтэж тахиж ирсэн, байгалийн өвөрмөц тогтоцтой, говь нутагт ургадаг ховор хайлаас мод, эмчилгээний рашаан, улаан номонд бүртгэгдсэн цоохор ирвэс, хулан жороо, аргаль, янгир зэрэг дэлхийд ховордсон ан амьтан, ургамал, шувууд, хөхтөн амьтадын тархацтай.
Орон нутгийн тусгай хамгаалалтад авах талбайтай давхцаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч нь орон нутагтай хамтран ажилладаггүй, тухайн талбайдаа үйл ажиллагаа явуулалгүй 10 орчим жил болж байгаа бөгөөд одоог хүртэл тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байгаа тул орон нутгийн тусгай хамгаалалтад оруулах шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдлыг зааж өгсөн бөгөөд 28 дугаар зүйлийн 28.1,1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэж заасан тул сонсох ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзсэн.
Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас энэ актыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, мөн газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтууд, 2003 он Засгийн газрын 21 дүгээр тогтоолоор газар зохион байгуулалтыг хэн зохион байгуулах юм гэсэн зохицуулалтыг баримталж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан хууль зүйн бодит үндэслэлтэй акт гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч талын маргаж байгаа актын хууль зүйн үндэслэлүүдийг үндэслэлгүй байна. Кадастрын албан дээр бүтгэгдээгүй байна тэр нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хууль бус гэж үзэж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь өөрийн гэсэн хуулиар зохицуулагдсан эрх хэмжээтэй. Хурлаар тодорхой хэмжээний шаардлага хангасан, Засаг даргын өргөн мэдүүлсэн асуудлыг авч хэлэлцээд Хурлын Төлөөлөгчдийн ихэнх нь дэмжиж батлагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь хүчин төгөлдөр байна. Яагаад кадастрын албанд бүртгэгдээгүй байгаа нь кадастрын албаны буруу байна уу, эсвэл Засаг дарга хугацаанд нь бүртгүүлэх талаар мэдэгдэл хүргээгүй байна уу гэдгийг өнөөдөр тайлбарлаж мэдэхгүй байна. Энэ талаар надад ямар нэгэн баримт алга. Хурлын тогтоол дээр хуулийн хугацаанд нь аймгийн Газрын албан болон төрийн захиргааны байгууллагад нь хуулийн хугацаанд нь бүртгүүлэхийг Засаг даргад даалгасан. Хурлын тогтоол нь бүртгүүлээгүйгээс болоод хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэдэгтэй санал нийлэхгүй байна. Хурал хуралдаад өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох хуулийн дагуу тогтоол гаргасан учраас энэ тогтоол хүчин төгөлдөр тогтоол.
Мөн сонсох ажиллагаа хийгээгүй талаар хэлж байна. Захиргааны акт гаргах гэж байгаа бол эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээдэд урьдчилан тайлбар гаргуулахыг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд журамласан. Мөн хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагааг ямар тохиолдолд хийхгүй байх вэ гэдгийг журамласан. Хуулийн 28 дугаар зүйлийн 1.1-д нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй гэж журамласан байгаа. Уул уурхайн үйл ажиллагаа улирлын чанартай байдаг. Маргаан бүхий акт нь дүгээр сард гарсан. Сум цуцлагдсан шийдвэрийг сэргээсэн тухай төрийн захиргааны байгууллагын шийдвэр гарсан тухай огт мэдээгүй байсан боловч 07 сард сунгагдлаа гэхэд уул уурхайн ашиглалтын лицензтэй бол хөрс хуулахаас эхлээд уул уурхайн ажил намрын цагт хийх нь ойлгомжтой.
Нэгэнтээ газрын хэвлийг хөндөөд эхлэх юм бол байгаль орчинд хохирол учирна, байгаль орчинд сөргөөр нөлөөлж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар нутгийн тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах зорилгод сөргөөр нөлөөлөх акт гарна. Энэ нь мэдээж нийтийн эрх ашгийг хөндөж байгаа. Хамгийн сүүлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргаж өгсөн баримтад байгаа. 37 өрхийн 100 гаруй иргэд амьдарч, 10 мянга гаруй мал сүрэг бэлчээрлэдэг. Өрхийн тоогоор ус цэг байдаг. 37 өрхийн 37 ус цэг байна гэсэн үг. Маргаж байгаа газар талбай орчинд бол 4 булаг шанд байгаа. Мөн ховор ургамал амьтан гээд хөндөгдөнө. Энэ нь нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх учраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиараа улиралд нэг удаа хуралдах зохицуулалттай байдаг. Энэ хуралдаанд оруулах цаг хугацааны асуудал байсан гэж үзэж байна.
Газар зохион байгуулалтын баримт бичгүүдийн бүрдүүлбэр дутуу, эрх бүхий байгууллагаас судалгаа аваагүй гэж байна. Нэхэмжлэгч тал үүнийг тайлбарлахдаа Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолыг дурддаг. 28 дугаар тогтоолын 11-16 дугаарт заасан нь газар зохион байгуулалтыг урьдчилан хийсэн байх ёстой. Аймгийн Газрын алба судалгаа тооцоог хийсэн байх ёстой гэж маргадаг. 28 дугаар тогтоолын 9 дэх хэсэгт газар зохион байгуулалтын ажлыг хэн зохион байгуулж хариуцаж хийх юм гэдгийг зохицуулсан заалтууд байгаа. 9.1 дэх хэсэг бол Улсын хэмжээний газар зохион байгуулалтыг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газар хариуцна. Аймаг нийслэлийн газрын албан нь аймаг нийслэлийн газарт хамаарах газар зохион байгуулалтыг хариуцна. Дүүргийн газрын албан болон сумын газрын даамал нь сум дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалтын бүх ажлыг хариуцан хийнэ гэж зохицуулсан байдаг. Ажлын хэсэгт сумын газрын даамал орж ажилласан. Энэ газрын даамал нь олон жил газрын даамлаар ажиллаж байгаа туршлагатай хүн ажлын хэсэгт орж ажиллаж зохион байгуулалтын бичиг баримтыг боловсруулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орвол зохих шаардлагатай сумын Засаг даргын Тамгын газрын голлох хүмүүс буюу газрын даамал, байгаль орчны улсын байцаагч, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, Засаг даргын Тамгын газрын орлогч дарга гээд яг энэ чиглэлээр ажилладаг хүмүүс орж ажилласан.
Ажлын хэсгийн дүгнэлтийг огноо, цөөхөн хоног гээд эргэлзээтэй гэж нэхэмжлэгч тал маргаж байна. Энэ газар нутгийн талаар мэдээж байгаль орчны Улсын байцаагч нь буюу олон жил ажилласан гээд улсын байцаагч байгаа, мэдэж байгаа. Тухайн 2 хоногт нь газар дээр нь ажилласан эсэхийг өнөөдөр нотлох боломж байхгүй. Ажлын хэсгийн гишүүд ажиллаад газар орныхоо тухай тодорхой дүгнэлт судалгаатай материал бүрдүүлээд ажлын хэсгийн дүгнэлт гаргаад баталгаажуулсан тул үүнийг үндэслэлгүй гэж үзэх боломж байхгүй. Энэ газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай нэг л дүгнэлт байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дүгнэлт ирүүлээгүй, тайлбар л ирүүлсэн. Хэргийн материалд авагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүгнэлт гэж зүйл байхгүй. Энэ захиргааны актыг гаргахын тулд гаргасан ажлын хэсгийн дүгнэлт л байгаа. Түүн дээр амьтан ургамал, ус цэгүүд, өрх, мал аж ахуй гээд үүний талаар гаргасан нэг дүгнэлт л байгаа. Засаг даргаас газар зохион байгуулалтад шаардлагатай дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийн дүгнэлт байгаа, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ямар нэгэн дүгнэлт гаргаагүй. Маргаан бүхий акт гаргах үндэслэл болсон ажлын хэсгийн тухай мөн маргаж байна. Энэ газар нутаг олон удаа аймгийн болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах процесс болж байсан. Урьд нь аймгийн тусгай хэрэгцээний газарт авагдаад хугацаа нь 2021 онд дууссан. Нийтээр нь аймгийн тусгай хэрэгцээнд авч байсан аймгийн тогтоол байдаг. 2021 онд аймгийн тусгай хэрэгцээнд авсан нь хугацаа нь дууссан учраас сунгаж авсан юм билээ. Сунгаж авахдаа лиценз бүхий талбайнуудад ганцхан Хайрхан толгой коал ХХК биш бусад 4-5 компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүд байгаа.
Газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг урьдчилан төлөвлөсөн байх ёстой гэж. Гэтэл урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдал бий болсон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга бол энэ газрыг тусгай хамгаалалтад авч ямар нэгэн байдлаар онгон байдлыг хамгаалж тэнд амьдарч байгаа иргэд, мал бэлчээрлэх, уламжлалт аж ахуйгаа хэвийн үргэлжлүүлэх ийм зорилготой, хүсэлт эрмэлзэлтэй, Гурвантэс сумын бүх хүмүүс ийм бодолтой байдаг. Тост тосон бумбын нуруу, Алтан уулын лицензүүдийг цуцлуулах түүнийг улсын тусгай хамгаалалтад авхуулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулалцаж явсан хүний хувьд бол газар дээрээ ямар байдгийг маш сайн мэднэ. Гаргасан мэдээлэл, ажлын хэсгийн дүгнэлт дээр дурдсан зүйл нь 2012, 2013 оны мэдээлэл байна гэж хэлэх шиг болсон. Ханийн хэцийн нурууны ард талын нутаг бол хамгийн цаад хэсэг дээрээ байгаа Жавхлант орд гэдэг нүүрсний уурхайг эс тооцвол наана нь хайгуулын ажил ч сүртэй хийгдээгүй. Хэдийгээр тэнд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнууд 2002-2003 оноос хойш байж байгаа боловч хоорондоо заралцаад л явж байдаг болохоос биш тодорхой хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа эхлээгүй, тодорхой хэмжээнд хөндөгдөөгүй, ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй хэвийн байгаа.
Өнөөдрийн хувьд 2012, 2013 оны нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Хоорондоо маргаалдаж байдаг компаниуд газар нутагт ашиглалтын үйл ажиллагаа эхлүүлэх хандлагатай байгаа учраас яаралтай тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага байсан гэдгийг шүүх анхаарахыг хүсэж байна. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт *******ын орд газар гээд том орд газар байгаа. Тэнд явж байгаа экспортын үйл ажиллагааны хэмжээ бол 40 гаруй хувийг гаргадаг. Дэлхийн хэмжээний хүчин чадалтай 5 уурхай ажиллаж байгаа. Гурвантэс сумын иргэд малчид бол дахиж нүүрсний орд байгуулах ямар ч боломж, шаардлагагүй гэж үздэг.
Тусгай хамгаалалтад авахад дархан цаазтай газар, байгалийн нөөц газар, байгалийн дурсгалт газар гээд 4 ангилал байдаг. Түүний дэд ангиллыг заавал заах ёстой гэж байна. Заавал заахыг ямар ч хуулиар үүрэг болгоогүй. Тусгай хамгаалалттай газарт тэр 4 ангиллын аль нэгийг заана. Манай тохиолдолд байгалийн нөөц газрын ангиллаар авсан. Утга санаа нь байгалийн унаган төрхөөр нь хадгалж хамгаалах гэсэн тодорхойлолтыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд зааж өгсөн.
Нэхэмжлэгч нь Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 11-16 дугаар зүйлд заасныг бүрдүүлээгүй гэж маргадаг. 11-16 дугаар хэсэгт газар зохион байгуулалтыг хэн хийх тухай, ялангуяа тусгай хамгаалалттай газрыг аймгийн Газрын албан хариуцаж хийх тухай зохицуулалт байхгүй. Бүрдүүлбэр материалуудад юу юу байх юм. Ямар зохион байгуулалтыг хангасан байх ёстой гэх мэт, зураг схем байх ёстой гэдэг. Тусгай хамгаалалттай газар нутаг дээр зураг л байгаа, ямар нэгэн тенхник эдийн засгийн болон бусад бичиг баримтыг шаарддаггүй. Зураг, дүгнэлт, санал гаргасан байгаа. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслээд Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол Засаг даргын өргөн барьснаар өөрт олгогдсон эрхийн хүрээнд энэ актыг гаргасан байна.
Иймд Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, манай захиргааны актыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан болон энэ хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Хайрхан толгой коал ХХК-ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны дүгээр сарын -ны өдрийн ******* дугаар тогтоолын Хайрхан толгой коал ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Анх нэхэмжлэгчид Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 302 дугаар шийдвэрээр[1] 5178.88 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийг олгосон байх ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны дугаар сарын 21-ний өдрийн 427 дугаар шийдвэрээр Хайрхан толгой коал ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийг нь цуцлаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0363 дугаартай шийдвэрээр[2] дээрх 427 дугаартай захиргааны актыг хүчингүй болгон шийдвэрлэж, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга (үүргийг түр орлон гүйцэтгэгч)-аас 2020 оны 12 дугаар сарын -ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Хайрхан толгой нэртэй газарт 1799.64 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийг[3] Хайрхан толгой коал ХХК-д 2047 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаагаар олгожээ.
3. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцсэн 2021 оны дүгээр сарын -ны өдрийн Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай ******* дүгээр тогтоолоор[4] нэхэмжлэгч Хайрхан толгой коал ХХК-ийн 1799.64 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь хамруулан газар нутгийг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, усны эх үүсвэр, нэн ховор амьтан, ургамал бүхий газрыг байгалийн нөөц газрын ангилалаар 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талаас Захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, захиргааны актыг хуульд заасан журмаар бүртгүүлээгүй, захиргааны актын үндэслэсэн баримт бичиг нь нотлох баримтын шаардлага хангахгүй хууль бус, захиргааны актыг гаргах үндэслэлээ газар нутгийн байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах гэсэн атал энэ талаар үндэслэл бүхий судалгаа хийгээгүй, ашиглалтын талбайд очоогүй, эрх бүхий байгууллагаар судалгаа хийлгээгүй, хууль, журам зөрчсөн хууль бус захиргааны акт гэж,
5. Хариуцагч талаас газар нутгаа уул уурхайн үйлдвэрлэл, авто зам, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалж байгалийн унаган төрх, хэв шинжийг нь хэвээр хадгалан нутгийн ард иргэдийн малаа маллах бэлчээрийг хамгаалах зорилгоор тухайн газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар сумын Засаг даргаас ирүүлсэн 2021 оны ******* тоот санал, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны сарын -ны өдрийн хурлаар хэлэлцээд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь хууль, журам зөрчөөгүй, газрын хэвлий хөндөгдвөл байгаль орчинд сөргөөр нөлөөлж, нийтийн эрх ашигт хөндөгдөх тул сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн, Хурлын тогтоолыг бүртгүүлээгүйгээс болоод хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэдэгтэй санал нийлэхгүй... гэж тус тус тайлбарлан маргасан.
6. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 12.1.4-т Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах гэж заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авахын тулд Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлах, 14 дүгээр зүйлийн 14.1-т Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, 14.3-т Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ гэж тус тус заасан.
7. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсэгт тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг ...сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд нь дор дурдсан зүйлээс бүрдэнэ, 25.1.5 дахь хэсэгт ...тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгох, ...холбогдсон схем, техник эдийн засгийн үндэслэл, газар зохион байгуулалтын зураг төслүүд, Монгол Улсын Засгийн газраас 2003 оны 28-р тогтоолын 3-р хавсралтаар баталсан Газар зохион байгуулалт хийх журам-ын 9-д Газар зохион байгуулалтыг дараахь харъяаллын дагуу гүйцэтгэнэ гээд 2/-т ...орон нутгийн тусгай хэрэгцээнд тодорхой газар нутгийг авахтай холбогдсон газар зохион байгуулалтыг аймаг, нийслэлийн газрын алба, 11/-т Газар зохион байгуулалтыг дор дурьдсан үе шаттайгаар гүйцэтгэнэ гэж тус тус зохицуулжээ.
8. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгохтой холбогдсон газар зохион байгуулалтыг аймгийн газрын алба хариуцан бэлтгэл ажлыг хангаж, судалгааны ажлыг хийж холбогдох саналыг газар зохион байгуулалтын баримт бичгийн хамт боловсруулах ба тухайн шатны Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулж шийдвэрлүүлэх эрхтэй, уг хурлаас тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авахаар шийдвэр гаргасан бол мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхээр байна.
9. Мөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн к-д нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох, 29 дүгээр зүйлд ...сум дүүргийн Засаг дарга тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд мөн зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг улсын тусгай болон орон нутгийн хамгаалалтад авах талаар санал боловсруулж зохих байгууллагад уламжлах гэж тус тус зааснаар тухайн аймгийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах саналыг тухайн сумын Засаг дарга боловсруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилснаар орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргаж, хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоохоор зохицуулсан байна.
10. Гэтэл хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны сарын -ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл, мөн өдрийн Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3/06 дугаар тогтоол, 2020 оны 12 сарын 14-ний өдрийн Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2/11 дугаартай тогтоол, Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 434, тоот албан бичиг, мөн сумын Засаг даргын 2021 оны дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот албан бичиг, мөн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоол зэрэг баримтууд[5], хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар аймгийн Газрын албанаас хариуцагчийн орон нутгийн тусгай хэрэгцээнд авахтай холбоотой газрын газар зохион байгуулалтын талаар судалгааны ажил, саналыг газар зохион байгуулалтын баримт бичгийн хамт боловсруулаагүй, Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны дүгээр сарын -ны өдрийн хуралдаанаар маргаан бүхий захиргааны актыг гаргах үед тухайн газар (нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий 1799.64 гектар талбайг бүхэлд нь хамруулан) нь 2020 оны 12 сарын 14-ний өдөр баталсан Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө-нд тусгагдаагүй байсан, Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг хэлэлцэн маргаан бүхий актыг баталсны дараа сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж 3/06 дугаар тогтоолын хавсралтаар Гурвантэс сумын Баясах багийн нутагт 5984.84 га газрыг (нийт 31713,40 га) орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар нэмэлтээр оруулан баталж шийдвэрлэсэн, захиргааны байгууллагаас маргаан бүхий газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан атлаа энэ талаарх мэдээллийг хуульд заасан хугацаанд холбогдох захиргааны байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй[6] болох нь тогтоогдож байна.
11. Тиймээс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны дүгээр сарын -ны өдрийн ******* дугаар тогтоол нь дээрх хуулиуд болон хуульд заасны дагуу эрх бүхий захиргааны байгууллагаас батлан гаргасан журмын зохицуулалтуудыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан зарчимд нийцээгүй, хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч, түүний төлөөлөгчаас гаргасан дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
12. Мөн хариуцагч, түүний төлөөлөгч нараас Гурвантэс сумын 2021 оны дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар[7] байгуулагдсан ажлын хэсгийн гаргасан Гурвантэс сумын Баясах багийн нутаг дэвсгэрт байрлах Хүрэн ханын хэц, Эрдэнэ уул орчмын газар нутгийн судалгаа, дүгнэлт, сумын Засаг даргаас албан бичгээр[8] ирүүлсэн саналыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны сарын -ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд тухайн газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэж маргах ба энэ хэрэгт авагдсан Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 48 тоот албан бичигт хавсаргаж ирүүлсэн, мөн сумын Засаг даргын 2021 оны тоот албан бичгээр тус тус ирүүлсэн судалгаа, дүгнэлтүүдийн[9] үг үсэг, утга агуулга, бичигдсэн стандартын хувьд ижил байх боловч баталгаажилт хэсэгт санал боловсруулж, дүгнэлт гаргасан ажлын хэсгийн ахлагч, гишүүд болох өөр өөр бүрэлдэхүүн гарын үсэг зурсан (гарын үсгийн тайлал бичигдээгүй, ямар албан тушаалтай, хэн зурсан нь тодорхойгүй), эрх бүхий аль албан тушаалтны ямар шийдвэрээр томилогдсон ажлын хэсгээс гаргасан судалгаа, дүгнэлт болох, алийг нь тогтоолын үндэслэл болгосон нь тодорхойгүй байх тул дээрх судалгаа, дүгнэлтүүдийг бодит нөхцөл байдлыг зөв тогтоосон, үнэн зөв, эргэлзээгүй, маргаан бүхий захиргааны актыг гаргахтай холбогдуулан хийгдсэн судалгаа, дүгнэлт, санал мөн гэж үнэлэх боломжгүй.
13. Мөн дээрх судалгаа, дүгнэлтүүдэд ...Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 148 дугаар тогтоолоор батлагдсан ажлын хэсэг Гурвантэс сумын Баясах багийн нутаг дэвсгэрт байрлах Хүрэн ханын хэц, Эрдэнэ уул...орчмын газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах газар зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэлээ. гэж дурьдагдсан ажлын хэсгийг томилсон шийдвэрийг хариуцагчийн зүгээс батлан гаргаагүй болох нь Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 51 тоот[10] ...Хурлаас 2021 оны 148 дугаар тогтоол батлагдаагүй... гэсэн албан бичиг, ИТХТ-ийн тогтоолын хөтөлгөө бүртгэл, шүүх хуралдаан дээр хариуцагчийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 онд нийт 30 гаруй тогтоол батлан гаргасан, 148 дугаар гэсэн дугаартай тогтоолоор ажлын хэсэг томилоогүй, ийм дугаартай тогтоол гараагүй гэх тайлбар зэргээр нотлогддог.
14. Түүнчлэн, хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 15, 24, 26, 27 дүгээр зүйлд зааснаар захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулж, оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагааг явуулаагүй, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангаагүй зэргээр хууль зөрчсөн болох нь талуудын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна.
15. Хариуцагчаас Уул уурхайн үйл ажиллагаа улирлын чанартай, газрын хэвлийг хөндөөд эхлэх юм бол байгаль орчинд хохирол учирна, энэ газар /тусгай хэрэгцээнд авсан/-т 37 өрхийн 100 гаруй иргэд амьдарч, арван мянга гаруй мал сүрэг бэлчээрлэдэг, өрхийн тоогоор ус цэг, мөн ховор ургамал амьтан байдаг. Энэ нь хамгийн сүүлд гаргаж өгсөн баримт дээр байгаа. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэж заасан тул сонсох ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзсэн гэсэн тайлбарыг гаргасан.
16. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдлыг зааж өгсөн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно, 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай болгэж заасан байх бөгөөд маргаан бүхий захиргааны актаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт нутагт амьдарч буй иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд болон мал, ан амьтан, байгаль орчинд ямар нөхцөл байдлын улмаас хэдий хэмжээний хохирол учирсан, учруулж болзошгүйн ямар тохиолдол үүссэний улмаас хариуцагч захиргааны байгууллагаас шийдвэр гаргах болсонтой холбоотой нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад хариуцагч захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй, мөн хариуцагчаас шүүхэд ирүүлсэн Гурвантэс сумын Баясах багийн Засаг даргын 2020 оны 86 тоот албан бичиг, түүнд хавсаргасан Баясах багийн Хайрхан толгойн тусгай зөвшөөрлийн талбайд хамрагдах малтай өрхүүд-ийн судалгаа, Ханын хэцээ хамгаалж орон нутгийн тусгай хамгаалалтад авах иргэдийн гарын үсэг гэх нийт 6 хуудас баримт /канондсон хуулбаруудын зарим хэсэг нь уншигдахгүй/ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, хариуцагчаас эдгээр баримтын эх хувийг Гурвантэс сумын Баясах багийн Засаг даргаас нотлох баримтаар гаргуулах талаар хүсэлт гаргаагүй болно.
17. Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт нь холбогдох хууль, журмыг болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус шийдвэр байх тул нэхэмжлэгч нэхэмжлэгч Хайрхан толгой коал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны дүгээр сарын -ны өдрийн ******* дугаар тогтоолын Хайрхан толгой коал ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн к, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хайрхан толгой коал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны дүгээр сарын -ны өдрийн ******* дугаар тогтоолын Хайрхан толгой коал ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ
[1] I Хавтаст хэргийн 107 дугаар хуудас
[2] I Хавтаст хэргийн 232-245 дугаар хуудас
[3] I Хавтаст хэргийн 11-15 дугаар хуудас
[4] I Хавтаст хэргийн 38-41 дүгээр хуудас
[5] I Хавтаст хэргийн 36, 99, 114-115, 136-141, 144-152, 225 дугаар хуудас
[6] I Хавтаст хэргийн 104 дугаар хуудас
[7] I Хавтаст хэргийн 166 дугаар хуудас
[8] I Хавтаст хэргийн 55 дугаар хуудас
[9] I Хавтаст хэргийн 57-81, 172-196 дугаар хуудас
[10] I Хавтаст хэргийн 91, 94-97 дугаар хуудас