| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 120/2024/0029/З |
| Дугаар | 221/МА2025/0429 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2025/0429
“М п т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар “М п т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч Н.Долгорсүрэн
Нэхэмжлэгч: “М п т” ХХК
Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч С.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг
Хэргийн индекс: 120/2024/0029/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М п т” ХХК-иас Өмнөговь аймгийн Татварын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдуулан “2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн НА-112400000**дугаар нөхөн ногдуулалтын актаас нийт 401,416,454.70 төгрөгийн татвар, торгууль алдангийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 28 дугаар зүйлийн 28.5, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3, 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан М п т ХХК-иас гаргасан Өмнөговь аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагч нарын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн НА-112400000**дугаар нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу татвар, торгууль, алданги нийт 401.416.454.70 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч “М п т” ХХК-ийн төлөөлөгч С.О-аас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. ...Татварын улсын байцаагч нар төлбөрийн баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлээр М п т ХХК-ийн албан татвар ногдох орлогоос хасаж тооцох зардлыг хасаагүй нь татвар төлөгчийн хувьд төлөх албан татварын хэмжээг нэмэгдүүлэх сөрөг үр дагаврыг үүсгэсэн бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангахгүй гэж үзэж байна. Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, гэж мөн хуулийн 13.1-д “Анхан шатын баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно мөн зүйлийн 13.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна” гэж заасан.
3.2. Нэхэмжлэгчийн хувьд Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэх заалтын дагуу борлуулагчаас төлбөрийн баримт гэж шаарддаг боловч уг хуулийн хэрэгжилт хангалтгүйгээс болж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан...” зардлыг хасаж тооцох боломжгүй нөхцөл байдлыг анхан шатны шүүхийн шийдвэр бий болгож байна.
3.3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох үндсэн зарчим нь олсон орлогоос тухайн орлогыг олохтой холбоотой зардлыг хасаж тооцох юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1.4 дэх заалтын “Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг авч чадахгүй тохиолдол түгээмэл байна. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 04 дүгээр сарын 18-ны өдрийн 120/ШШ2025/0006 дугаар шийдвэрийг хянаж хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул дараах байдлаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “М п т” ХХК-иас Өмнөговь аймгийн Татварын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн “2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн НА-112400000**дугаар нөхөн ногдуулалтын актаас нийт 401,416,454.70 төгрөгийн татвар, торгууль алдангийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч татварын улсын байцаагч С.Ө, Ө.Гнар нь Татварын ерөнхий газрын 2024 оны 08/594, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын 2024 оны 16/330 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэл, мэдээллийн дагуу Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Өмнөговь аймгийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1124402149 дугаартай томилолтоор “М п т” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт явуулж, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий НА-112400000**дугаар нөхөн ногдуулалтын актаар нийт 496,558,167.44 төгрөгийн нөхөн татвар, 198,623,266.96 төгрөгийн торгууль, 110,633,411.84 төгрөгийн алданги, нийт 805,814,876.24 төгрөгийн төлбөр төлүүлэхээр Нөхөн ногдуулалтын акт тогтоосон байна.
4. Нэхэмжлэгчээс тус нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг буюу ...нийт 401,416,454.70 төгрөгийг эс зөвшөөрч “…дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн цахим баримт нь хүчин төгөлдөр, бусад анхан шатны баримтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, …улсын байцаагч 2021 онд 636,363,636.36 төгрөгийн, 2022 онд 1,846,427,200.82 төгрөгийн бүгд 2,482,790,837.18 төгрөгийн зардал нь бодитой гарсан бөгөөд төлбөрийн баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлээр хасаж тооцоогүй. ...аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг зөрчилтэй гэх үндэслэлээр татгалзахгүйгээр Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4-т заасны дагуу баталгаажуулж хүлээн авсан, энэ тайланг зөрчилтэй эсэх талаар тухайн үед татварын албанаас мэдэгдэж байгаагүй, …Тайланг хүлээн авахаас татгалзаж, залруулахыг шаардсан татварын албаны шийдвэрийг татвар төлөгч биелүүлээгүй тохиолдолд татварын хяналт шалгалт хийж татварын ногдлыг тодорхойлдог ...татварын алба тайланг хүлээн авч баталгаажуулснаас хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн актаар нөхөн татвар торгууль, алданги ногдуулсан нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна” гэж тайлбарлан маргасан.
5. Анхан шатны шүүхээс “...нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, хий бичилттэй баримтыг санхүүгийн тайланд тусгасан үйлдлийг үнэн зөв, бодит баримтад тулгуурлан санхүүгийн тайлан үйлдэгдэнэ гэсэн шаардлагыг хангаагүй, …Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно гэж заасныг зөрчсөн үйлдэл гаргасан, ... хий бичилттэй падаанд тулгуурлан худалдан авалт хийгдсэн мэтээр гаргасан санхүүгийн баримт, тайланг хуульд нийцсэн гэж үзэхгүй бөгөөд энэ зөрчилд нөхөн татвар, алданги, торгууль ногдуулах үндэслэл болно, …нэхэмжлэгч компанийн худалдан авалт хийсэн гэх зардал нь санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдоогүй, түүнчлэн хий бичилттэй падаанаар тайлагнасан энэ тохиолдолд худалдан авалт хийсэн гэх нийт 2,482,790,837.18 төгрөгийг Аж ахуйн нэгжийн албан татварын хасагдах зардалд тооцох үндэслэлгүй, ...2 хавтас баримтыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар батлагдсан дээрх загварын дагуу хөтлөгдөөгүй баримт гэж үзнэ, ...маргаан бүхий акт тогтоохдоо холбогдох Татварын хууль тогтоомжийг зөрчөөгүй” хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
6. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно” гээд 13.1.1-д “тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх”, 13.1.2-т “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх”, 13.1.3-т “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх”, 13.1.4-т “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй” гээд 16.1.1-д энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод албан татварыг ногдуулна” гээд, 18.4-т “Энэ хуулийн 8.1.2-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс уг орлогыг олохтой холбогдон гарсан энэ хуулийн 13.1-д заасан нөхцөлийг хангасан зардал, хонжворт олгосон мөнгөн хөрөнгө болон барааны үнийг хасаж, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэж тус тус заасан.
7. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Аж ахуйн нэгжийн хасагдах зардал нь агуулгын хувьд тухайн орлогыг олохтой холбоотой байх бөгөөд хэлбэрийн хувьд дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан шаардлагыг нэгэн зэрэг хангасан байхаар байна.
8. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “2020, 2021 оны бараа материалын худалдан авалт, зарцуулалтын анхан шатны баримт гэх шалгалтад хамаараагүй 2 хавтас материалд авагдсан баримтууд нь дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т тус тус заасан нөхцөлийг хангаагүй байх тул маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хууль зөрчсөн гэж үзэж, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
9. Түүнчлэн, татварын хяналт шалгалтын явцад нэхэмжлэгчээс дээрх 2 хавтас баримтыг гаргаж өгөөгүй үйл баримттай талуудын хэн аль нь маргадаггүй бөгөөд хэрэв тухайн хугацаанд хамаарах санхүүгийн анхан шатны баримтууд байсан бол татварын хяналт, шалгалтыг дуусахаас өмнө уг баримтуудыг гаргаж өгөх, тайлбар гаргах зэрэг татвар төлөгчийн хуульд заасан эрхийг хязгаарласан аливаа үйл баримт хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр тогтоогдохгүй байх тул холбогдох санхүүгийн баримтаа гаргаж өгөөгүйд татварын албыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
10. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН