Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 811

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хадгаламж банк ХХК дахь банкны

эрх хүлээн авагчийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/00339 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х,

Хариуцагч “М” ХХК-д холбогдох,

24 627 319 191 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэболд, Б.Энхсүрэн, өмгөөлөгч Д.Гантөмөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хадгаламж банктай 13-1060/49 дугаар зээлийн гэрээ болон 13-1060/49/2 дугаартай Барьцааны гэрээг байгуулж 14 000 000 000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлсэн. “М” ХХК нь зээлийн гэрээний дагуу авсан 14 000 000 000 төгрөгөөс 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 50 000 000 төгрөгийг төлсөн ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн графикийн дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээ зөрчсөн учраас зээлдүүлэгчийн зүгээс удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгаагүй.

            “М” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 13 950 000 000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 914 470 547 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 146 994 739 төгрөг, нийт 15 011 465 287 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд “М” ХХК-иас 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн төлбөрт 13 950 000 000 төгрөг, зээлийн хүүнд 914 470 547 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 146 994 739 төгрөг, нийт 15 011 465 287 төгрөгийг нэхэмжлэл гаргахад зарцуулсан нотариатын үйлчилгээний хураамж болох 31 000 төгрөгийн хамт гаргуулах, мөн хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хадгаламж банк болон “М” ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 13-1060/49 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын дүнг нийт 9 615 822 904 төгрөгөөр нэмэгдүүлж байна. 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зээлийн хүүд нэхэмжилж байсан 914 470 547 төгрөг дээр нэмж 8 013 185 753 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилж байсан 146 994 739 төгрөг дээр нэмж 1 602 637 150 төгрөгийг тус тус нэмэгдүүлж байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 13 950 000 000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэлд 8 927 656 301 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1 749 631 890 төгрөг, нийт 24 627 288 191 төгрөг гаргуулж өгнө үү.

Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2205011375 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Г34/1, 34/2, 34/3, 34/4, 34,5, ХБ34/7, 34/8, 34/9 тоот хаягт байрлах Үйлдвэрлэл, оффис агуулахын зориулалттай барилга, мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/892 дугаар захирамжаар олгогдсон Баянгол дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 168023/0075 дугаар бүхий 32920 м.кв талбай газар эзэмших эрх,  ирээдүйд бий болох агуулах, худалдааны төвийн барилга, тоног төхөөрөмжийн хамт хангаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас дээрхээс бусад зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгээсээ татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус компанийн Хадгаламж банктай байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 14 тэрбум төгрөгийн зээлийг Монголбанкны улсын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 57/13/007 дугаарын актаар зээлийн ангилал бууруулж сан байгуулан банкны алдагдал болгосон. Улмаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 тоот тушаалаар Хадгаламж банкинд эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авагдсан ба тус арга хэмжээний хүрээнд банкны алдагдлыг банкны хувьцаа эзэмшигчийн өөрийн хөрөнгөөр хаах шийдвэр гарсны дагуу “Мах маркет” ХХК-д олгосон 14 тэрбум төгрөгийн зээлийг тус компанийн хувьцаа эзэмшигч Ш.Батхүүгийн Хадгаламж банкинд оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгөөр хаасан тул зээлийн өр төлбөрийн тооцоогүй болсон. Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн зүгээс нэгэнт хаагдаж, тооцоогүй болсон зээлийг дахин төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн албанд хандаж байгааг нэг зээлийн 2 удаа төлүүлэх гэсэн арга хэмжээ гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 24 627 288 191 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч “Мах маркет” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг ханган,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 123 294 391 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр зохицуулсан журмыг зөрчиж хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Хид Хадгаламж банкийг төлөөлөх бүрэн эрх олгосон асуудал нь маргаантай байгаа тохиолдолд түүнийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй. Хэрэгт авагдсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 449 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “Маргаан бүхий Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А/153 дугаар тушаалаар Хадгаламж банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагчаар Ч.Авирмэдийг томилж” гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтээс харахад эрх хүлээн авагч томилсон тушаал шийдвэрийг хүчингүй болгох маргаан буюу Х нь банкийг төлөөлөх эрхтэй эсэх маргаан захиргааны хэргийн шүүх дээр хянагдаж байгаа болох нь тодорхой байгаа юм. Хэрэв Хадгаламж банкийг татан буулгах тухай болон банкны эрх хүлээн авагчийг томилсон Монголбанкны Ерөнхийлөгчийн дээрх тушаал, шийдвэрийг шүүхээс хүчингүй болгон шийдвэрлэсэн тохиолдолд Х нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болно.

            Мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий хариуцагчаас гаргах боломжгүй нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг хангаагүй, тухайн баримтгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Хийн “Санхүүгийн хариуцлага хүлээлгэх тухай” 01 тоот тушаалаар Хадгаламж банк ХХК-ийн хувь нийлүүлэгчээс банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө болох 84 тэрбум төгрөг, бусад дахин үнэлгээний нэмэгдэл, нийгмийн хөгжлийн сан, нөөцийн сангийн нийт 86 955 012 896 төгрөгөөр алдагдлыг буруулан хасалт хийж, хувь нийлүүлэгчид алдагдлыг хүлээлгэх, энэ хасалтын гүйлгээг хийж санхүүгийн тайланд тусгахыг Санхүү хариуцсан захиралд үүрэг болгосон байдаг. Гэтэл Х нь нэгэнт хаагдаж тооцоогүй болсон зээлийг дахин шаардаж байгаа нь хууль бус байгаа юм. Хариуцагчийн хувьд зээлийн өр төлбөр хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөр бүрэн төлөгдөж хаагдсан гэж, нэхэмжлэгчийн хувьд хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөр төлөгдөөгүй хаагдаагүй гэж маргаж байгаа тохиолдолд талууд үүнийгээ нотлох үүрэгтэй бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий холбогдох нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргах ёстой байсан. Гэвч анхан шатны шүүх энэхүү хэрэг маргааныг үнэн зөв, үндэслэлтэй шийдвэрлэхэд ач холбогдолтой, хариуцагчийн хувьд өөрийн зүгээс гаргах боломжгүй санхүүгийн баримтуудыг гаргуулах хариуцагчийн хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хуувь ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь энэхүү зээлийн өр төлбөр хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөр хаагдаагүй болохыг баримтаар нотлоогүй байхад нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж түүнд ашигтайгаар шийдвэрлэсэн.

Хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралд биечлэн оролцох боломжоор хангаж өгөх хүсэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн боловч хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хурлыг хийсэн нь хариуцагчийн шүүх хуралд биечлэн оролцох, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

            Нэхэмжлэгч Х нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24 627 288 191 төгрөг, нотариатын зардалд 31 000 төгрөг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2205011375 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Г34/2, 34/3, 34/4, 34/5, ХБ34/7, 34/8, 34/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэл, оффис, агуулахын зориулалттай газар эзэмших эрх, тоног төхөөрөмжийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд “М” ХХК-ийн бусад хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, бусад санхүүгийн эх үүсвэрээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ Хадгаламж банкны хувьцаа эзэмшигчийн хувь нийлүүлсэн хөрөнгөнөөс алдагдлыг бууруулж, хасалт хийхдээ тухайн хариуцагчийн зээлийг хассан, үүнийг мөн хувьцаа эзэмшигч нь өөрөө баталдаг гэж тайлбарлажээ. /хх2-35/

            Хэрэгт авагдсан “Жаст групп” ХХК-иас “М” ХХК-д хаягласан 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б-01/173 тоот албан бичгийн /хх-134/ агуулгыг үзвэл “Хадгаламж банк”-аас танай компанид олгосон 14 тэрбум төгрөгийн зээл нь “Жаст групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Батхүүгийн Хадгаламж банкинд оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгөөр хаагдсан” гэжээ.

            Хариуцагч “М” ХХК дээрхийг үндэслэн Хадгаламж банкны 2013 оны сүүлийн хагас жилийн санхүүгийн болон татварын тайланг татварын хэлтсээс шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасанд нийцэх ба шүүх “хэрэгт хамааралгүй” гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Учир нь өөрт хамааралгүй бусад этгээдийн санхүүгийн болон татварын тайланг гаргуулахаар шаардсаныг холбогдох байгууллага дурын этгээдэд гаргаж өгөх үүрэггүй тул хариуцагч уг нотлох баримтыг өөрөө авах боломжтой гэж үзэх, хариуцагчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж төлбөр ногдуулах үндэслэлгүй бөгөөд түүний давж заалдах гомдлыг энэ үндэслэлээр хангах нь зүйтэй.

Түүнчлэн шүүх хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлийг шүүхийн шийдвэрийн агуулгад тусгаагүй, нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж буй үндэслэл нь хэрхэн няцаагдсан талаар дүгнээгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 188.4 дэх хэсгийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр хүчингүй болгох гэж давж заалдсаныг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/00339 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 294 391 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         А.ОТГОНЦЭЦЭГ