Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/89

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, шүүгч Ө.Бахытбек, шүүгч Х.Талгат нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,  

иргэдийн төлөөлөгч А.О,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А,

шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Аийн Ст холбогдох эрүүгийн  000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, Ц овогт Аийн С, 1982 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Б сумын 04 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:00000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч А.С нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний орой Б аймгийн Б сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, өөрийнхөө хашаан дотор хадам дүү болох хохирогч Т.Зтай түлээний модыг хувааж авах асуудлаар хоорондоо маргалдах явцад түүний толгой тус газар банз модоор цохиж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: “...З нь манай эхнэрийн дүү юм. Тухайн үед би эрүүл байсан. З анх ирээд өөрийнхөө түлээний модыг авлаа гээд аваад явсан. Гэтэл эргэж ирээд “энэ түлээний модоос ахиу авна” гэж маргаан үүсгэсэн. Тэгээд хоорондоо ноцолсдон. Улмаар би Зын толгой тус газар банз модоор цохисон.

...Гэмт хэргийн хор уршигт нийт 8 сая төгрөг төлж өгсөн.

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.

2. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Б аймаг дахь Цагдаагийн газрын Б сум хариуцсан хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.Наас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

2.2. Б аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас иргэн А.Сын согтуурлын хэмжээг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 00 цаг 08 минутад шалгахад 0.00 хувь зааж, согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг тогтоосон тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

2.3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-17 дахь тал/,

2.4. Хэргийн газраас хураан авсан 6 ширхэг банз модны хугархайг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтууд /хавтаст хэргийн 21 дэх тал/,

2.5. Иргэн А.Сын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-27 дахь тал/,

2.6. Эд мөрийн баримтууд болох 6 ширхэг банз модны хугархайд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 33-38 дахь тал/,

2.7. Хохирогч Т.Зын өвчний түүх /хавтаст хэргийн 41-67 дахь тал/,

2.8. Хохирогч Т.Заас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

2.9. Хохирогч Т.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 73, 75-76 дахь тал/,

2.10. Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

2.11. Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 82-84, 86 дахь тал/,

2.12. Гэрч Н.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дахь тал/,

2.13. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 171 дугаартай “1.А.Сын биед баруун хацар, хамрын нурууны баруун талд зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 96-98 дахь тал/,

2.14. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч ажилтай Х.Еын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 172 дугаартай “...Т.Зын эрүүл мэнд хүнд хохирол учирсан болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

2.15. Яллагдагч А.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 125-126 дахь тал/,

2.16. Шүүгдэгч А.Сын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд /хавтаст хэргийн 129, 134-138, 142-143 дахь тал/.

2.17. Яллагдагч А.С, хохирогч Т.З нарын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “№1.А.С нь Т.Зд 2023 оны 02 дугаар сарын 19-нд хүнд хохирол учруулсан тул эмчилгээний зардал төлж өгч байсан. Цаашид гарах зардлыг цаг тухайд нь төлж өгч байх тухай баримт үйлдсэн. №2.Хохирогч Т.З нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр А.Саас авсан гэмтлийг цаг тухайд нь эмчлүүлж байсан тухай бүрийн зардал мөнгийг төлүүлж байсан тул гомдолгүй” гэж үйлдсэн баримт /хавтатс хэргийн 155 дахь тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нараас шүүгдэгч А.Сын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар.

3.1. Улсын яллагчаас “шүүгдэгч А.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох” тухай дүгнэлтийг,

3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч А.Сын гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг,

3.3. Иргэдийн төлөөлөгчөөс “Прокурортой санал нэг байна. Шүүгдэгч А.С гэм буруутай” гэх дүгнэлтийг,

3.4. Шүүгдэгч А.Саас “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэх тайлбарыг тус тус гаргасан байна.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

4. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Сын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

4.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч А.С нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний орой Б аймгийн Б сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, өөрийнхөө хашаан дотор хадам дүү болох хохирогч Т.Зтай түлээний модыг хувааж авах асуудлаар хоорондоо маргалдах явцад түүний толгой тус газар банз модоор цохиж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:  

4.1.1. Б аймаг дахь Цагдаагийн газрын Б сум хариуцсан хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.Наас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

4.1.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-17 дахь тал/,

4.1.3. Хэргийн газраас хураан авсан 6 ширхэг банз модны хугархайг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтууд /хавтаст хэргийн 21 дэх тал/,

4.1.4. Эд мөрийн баримтууд болох 6 ширхэг банз модны хугархайд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 33-38 дахь тал/,

4.1.5. Хохирогч Т.Зын өвчний түүх /хавтаст хэргийн 41-67 дахь тал/,

4.1.6. Хохирогч Т.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие одоогоос нэг сарын өмнө гоожин бичгээр нэг портер машин түлээ модыг “Буга” гэх газраас бэлдээд хүргэн ах Сын хашаанд буулгасан. Түүний хашаанд буулгах болсон шалтгаан нь би хөрөөгүй байсан бөгөөд хүргэн ах С бид хоёр уг түлээ модыг хагалж бэлдээд талыг нь аваарай гэж хэлсэн.

...2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд найз Бын машинаар хүргэн ах А.Сын хашаанд үлдээсэн түлээ модны талыг нь ачиж өөрийнхөө хашаанд буулгачхаад улмаар үлдсэн жаахан түлээ мод авахаар Б бид хоёр дахиж Сын хашаанд очиж, үлдсэн хэсэг модыг ачиж авахаар болоход хүргэн ах А.С надтай маргалдаж, улмаар би түүнийг заамдаж аваад газарт унагаасан. Тэгээд бид хоёр нэг нэгнийхээ дээр, доор ороод ноцолдож байхад найз Б намайг салгаж авсан.

Тэгээд би за яах вэ гээд А.Ст гар хүрээгүй. Тэгсэн чинь А.С хаанаас юм бүү мэд, гартаа мод барьж ирээд миний зүүн дагз хэсэг рүү цохих үед би ухаан алдаж газарт унасан. Дараа нь юу болсныг мэдэхгүй.

...миний санаж байгаагаар А.С гартаа банзан мод барьж ирээд шууд л миний толгой руу цохиж авсан санагдаж байна. Хэрэв миний мөр лүү цохисон бол миний зүүн мөрөнд ямар нэгэн гэмтэл байх ёстой байсан, гэтэл миний зүүн мөрөнд ямар ч гэмтэл байхгүй байгаа.

...хүргэн ах А.Сын хувьд миний эрүүл мэндийн даатгалд 216.000 төгрөг, эм тарианд 520.000 төгрөг, бэлнээр 200.000 төгрөг өгсөн. Мөн Ховд аймгийн Бүсийн оношилгооны төвд толгойн аппаратад ороход гарсан 1.200.000 төгрөгийг тус тус төлж, хохирлын тодорхой хэмжээг төлж өгсөн.

...бид нараас нийт 673.000 төгрөгийн зарлага гарсан.

...энэ үлдэгдэл хохирлыг барагдуулаад өгчихвөл миний зүгээс ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73, 75-76 дахь тал/,

4.1.7.   Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би хашаан дээгүүр өндийгөөд харахад Сын хашаан дотор түлээний хажууд С ах манай нөхөртэй хэрэлдээд нэг нэгнийхээ хувцаснаас нь барилцсан байдалтай зогсож байхаар нь би “...хүүе Баатар ахаа та яагаад байгаа юм бэ, юу болоод байна...” гээд хашаан дээгүүр давж гараад харахад С ах гартаа том банз мод бариад шууд манай нөхрийн толгой хэсэг рүү тухайн модоор цохиод авсан.

...хажуу хашаанд байдаг ах Жыг дуудсан. Тэгсэн удалгүй Ж ах эхнэртэйгээ хашаа даваад ороод ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

4.1.8.   Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...З Ст хандаж “би анх модыг ачиж ирэхдээ бензин, түлш гаргасан, тухайн үед би танаас зуун төгрөг ч аваагүй шүү дээ” гэж хэлэхэд С нь “тийм юм гэж байхгүй, чи тухайн үед бензин тос хийсэн талаараа надад яагаад хэлдэггүй юм бэ, одоо тэр чинь надад хамаа байхгүй, эсвэл энэ модыг ахиад 2 хуваагаад авна” гэж хэлээд С, З нар хоорондоо хэрэлдэж эхэлсэн юм. Тэгээд би С, З нарт хандаж “та нар одоо больцгоо, жаахан зүйл дээр яах гээд байгаа юм” гэж хэлсэн боловч тухайн үед С, З хоёр нэг нэгнийгээ барьж аваад хоорондоо нэг нэгнийхээ хувцаснаас зууралдаж газарт унаад дээр доороо орж ноцолдож эхэлсэн ба би тэр хоёрыг салгах гэж оролдсон ч хүч өгөхгүй байсан ба би арай гэж Зыг салгаад портер машины араар эргэх үед С нь портер машины урд тал хэсгээр тойрч ирээд гартаа мод барьсан байсан ба уг модоор Зын зүүн мөр хэсэгт 4 метрийн урттай модоор нэг удаа цохиход тухайн мод хугарсан ба энэ үед С ахиад Зыг тухайн модоор цохисон. Тэгээд З шууд газарт унасан ба С ахиад Зыг модоор цохих гээд гараа далайгаад ирэхэд нь би тухайн модноос нь барьж аваад Сыг түлхэж, тэвэрч аваад зогсож байтал Зын эхнэр гүйгээд ирсэн, цаанаас нь мөн Зын ах болох Ж, Ц нар гүйгээд ирсэн.

З ухаан орохгүй газарт хэвтэж байсан ба түүнийг ах Ж, А, Ц бид нар өргөөд гэрт оруулаад хэвтүүлсэн бөгөөд тэрээр ухаан ороогүй, хэсэг хугацааны дараа З бөөлжсөн бөгөөд удалгүй эмнэлгийн түргэн тусламжийн эмч ирээд үзчихээд шууд эмнэлэгт аваад явсан.

...Зын биеийн яг аль хэсэгт цохисныг харж чадаагүй, З шууд газарт унасан.

...нэг мэдэхэд хоёулаа газарт унаж, дээр доороо ороод ноцолдсон, гэхдээ газарт унасны дараа нэг нэгнээ цохиж зодоогүй. Тэгээд би тэр хоёрыг салгаж байтал С Зын нүд рүү цохиж авах шиг болсон, яг аль нүдэнд нь цохисныг сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-84, 86 дахь тал/,

4.1.9. Гэрч Н.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...онош нь тархины хүнд битүү гэмтэл, зүүн тархины эдийн няцралын хүнд гэмтэл, зүүн чамархай, зулай орчмын хатуу хальсны яс бяцарч, цөмөрсөн, дух, зулайн заадас, баруун зулай яс хүртэл гэмтлийн дараах цус харвалт, зүүн зовхи, дух, зулай, чамархай орчмын зөөлөн эдийн гэмтэл гэх оноштойгоор Сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаа. Одоогоор мэс засал хийгдэх заалтгүй тул эм, эмчилгээ хийгдэж байгаа гэж ойлгож болно.

Иргэн Т.З нь эмнэлэгт анх ирэхэд ухаан бүдэг, орчны харьцаа сул байсан ба одоогоор бол анх ирсэн байдлаасаа биеийн байдал нь дээрдэж, тогтворжсон байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дахь тал/,

4.1.10. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч ажилтай Х.Еын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 172 дугаартай “1. Т.Зын биед гавал тархины битүү гэмтэл, зүүн талын ухархай яс дээд арын ханын хугарал, гавал ясанд зүүн талын зулайн ясны олон бутарсан хугаралттай, тус хугарлын түвшин зүүн талын Дух зулайн ясны заадсыг дагаж баруун талын зулайн яс хүртэл үргэлжилсэн цуурч хугарсан. Зүүн талын зовхи орчимд зөөлөн эдэд хавантай, дух, зулайн оройн хэсгүүдээр зөөлөн эдэн доорх цус хуралттай, зүүн доод зовхинд зулгаралт, баруун эрхий хуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-д зааснаар амь насанд аюултай тул, хүнд гэмтлийн зэргийг тогтоох шалгуурын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

4.1.11. Яллагдагч А.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хадам дүү З бид хоёр 2022 оны 12 дугаар сарын үеэр Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бугын гол” гэх нэртэй газраас зөвшөөрлөөр түлээний мод бэлдэж, манай хашаанд авчирч буулгаад, манай хөрөөгөөр хагалж, бэлдээд тавьсан.

Тэгээд хадам дүү З 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчимд хадам талын Бтай цуг түүний портер загварын ачааны машинтай манай хашаанд орж ирээд хагалж бэлдсэн байсан түлээ модны талыг нь ачаад, хашаандаа буулгахаар явсан. Улмаар З нь Бтай цуг дахиж хашаанд орж ирээд надад “би сая бага мод авчихсан байна, одоо дахиад мод нэмж авна, би тэр үлдсэн хагалсан модыг бүгдийг нь авна” гэж хэлэхээр нь би түүнд “авбал талыг нь ав” гэж хэлээд бид хоёрын дунд модноос болж хэрүүл маргаан үүссэн.

Тухайн үед З намайг “шуналтай пизда” гэж хэл амаар доромжилсон ба тэр эхэлж намайг миний хамар болон толгой хэсэг рүү гараараа хоёр удаа цохиж авах үед би арагшаа гэдрэгээ нуруугаараа унаад газарт хэсэг ноцолдож байтал Б ирээд Зыг татаж салгах шиг болсон. Тэгээд би газраас босож ирээд Зын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохих үед Б Зыг надаас салгаж, бид хоёрыг холдуулсан. Би тэр үед арагшаа гэр лүүгээ явах гэж байтал З намайг “нааш ир” гээд дуудахаар нь би хойд хашааны ёроолд байсан бүрээс моднууд дундаас нэг ширхэг урт бүрээс модыг авч, З руу дөхөж очоод гартаа байсан бүрээс модоор эхэлж Зын зүүн мөр лүү цохиж авах үед миний гарт байсан бүрээс мод хоёр хуваагдаж, хугарсан. Тэр үед З нь модны хугарсан хэсгийг барьж аваад над руу дайрах үед би гартаа байсан хугарсан модоор түүний зүүн шанаа хэсэгт, толгой хэсэг рүү нэг удаа цохиж авсан. Тэр үед З нь газарт унаад ухаан алдчихсан ба ойролцоогоор 10 орчим минут газарт хэвтсэн.

 ...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг тухай бүр төлөөд барагдуулаад явж байгаа. ...надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125-126 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.З, гэрч Б.Б, шүүгдэгч А.С нарын өгсөн мэдүүлэгт “...банз модоор 1 удаа цохисон, ...хохирогчийн мөр тус газар, мөн толгой хэсэгт банз модоор цохисон” гэж тус тус мэдүүлсэн боловч шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч ажилтай Х.Еын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 172 дугаартай дүгнэлтээр хохирогч Т.Зын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хүнд зэрэгт хамаарах, эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл болохыг эргэлзээгүй тогтоосон, хохирогч Т.Зын эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгч А.Сын буруутай үйлдэлтэй хоорондоо шалтгаант холбоотой байна.

6. Гэм буруугийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгч А.Сыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй бөгөөд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.С нь зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон болно.

            7. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүгдэгч А.Сыг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрх зүйн дүгнэлт.

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

9. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

10. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: “-Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж заасан байна.

11. Эрүүгийн хэргийн хамт хэргийн газрын үзлэгээр хураан авч, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, шүүгдэгч А.С нь хохирогч Т.Зын толгой тус газар цохиход хугарсан гэх банз мод нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх эд зүйл, хэрэгсэл мөн бөгөөд дээрх хуулийн тайлбарт заасанчлан шүүгдэгч А.С нь банз мод буюу зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

12. Шүүгдэгч А.С нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний орой Б аймгийн Б сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, өөрийнхөө хашаан дотор хадам дүү болох хохирогч Т.Зтай түлээний модыг хувааж авах асуудлаар хоорондоо маргалдах явцад түүний толгой тус газар банз модоор цохиж, эрүүл мэндэд “гавал тархины битүү гэмтэл, зүүн талын ухархай яс дээд арын ханын хугарал, гавал ясанд зүүн талын зулайн ясны олон бутарсан хугарал, тус хугарлын түвшин зүүн талын дух зулайн ясны заадсыг дагаж баруун талын зулайн яс хүртэл үргэлжилсэн цуурч хугарсан, зүүн талын зовхи орчимд зөөлөн эдэд хавантай, дух, зулайн оройн хэсгүүдээр зөөлөн эдэн доорх цус хуралттай, зүүн доод зовхинд зулгаралт, баруун эрхий хуруунд зулгаралт гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

13. Шүүгдэгч А.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар буюу “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн”-ээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Сыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

14. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.С, хохирогч Т.З нарын хооронд түлээний модыг хувааж авах талаар тухайн цаг хугацаанд үүссэн зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

16. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 505.2. “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж заасан байна.

17. Шүүгдэгч А.Сын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Зын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2 дахь заалтад заасан хүнд зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

18. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Т.Заас “тухайн үед гарсан хохирлыг А.С нь бүрэн төлж өгсөн, цаашид гарах хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн тул гомдол саналгүй” гэж мэдүүлж, гарын баримтаа гаргаж өгсөн тул шүүгдэгч А.Сыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

19. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2. “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.” гэж заасныг үндэслэн энэ хэргийн хохирогч Т.З нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хүнд гэмлтийг эмчлүүлэхтэй холбоотой шүүгдэгч А.Саас цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

20. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч А.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

21. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс  “Шүүгдэгч А.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн хор уршгийг төлж барагдуулсан ба цаашид ч гэсэн төлж өгөхөө илэрхийлж байна, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2. дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан ял оногдуулах” дүгнэлтийг,  

22. Шүүгдэгч А.Саас “...хуулийн хөнгөлөлтийг хүсэж байна” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.

23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Сын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн шүүхээс шүүгдэгч А.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

24. Шүүгдэгч А.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

25. Шүүгдэгч А.С нь хувийн байдлын хувьд 40 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

26. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч А.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах дүгнэлтийг хүлээн авах нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

27. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд  шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол, хор уршгийг төлж арилгасан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ. 

28. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно: 1.4. энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан байна.

29. Шүүгдэгч А.С нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж өгсөн байдал, цаашид гарах эмчилгээний зардлыг төлж өгөхөө илэрхийлсэн байдал зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч А.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

30. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч А.Сын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн хор уршгийг сайн дураараа төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тус бүрд дүгнэлт хийсний үндсэн дээр түүнд оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

31. Шүүгдэгч А.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан банз модны 6 ширхэг хугархайг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

32. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Аийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Сыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ст оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.З нь шүүгдэгч А.Саас цаашид гэмт хэргийн хор уршигт нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч А.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн банз модны 6 ширхэг хугархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК

                 ШҮҮГЧ                                        Ө.БАХЫТБЕК

                                          ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ