Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/61

 

 

 

2023.03.16                                               2023/ШЦТ/61

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0058/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам, 

Улсын яллагч Б.Н ,

Шүүгдэгч Б.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ү-д  холбогдох эрүүгийн 2309000000186 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ү нь Монгол Улсын Боловсролын их сургуулийг бага боловсролын багш, суурь боловсролын Монгол хэлний багш мэргэжлээр 2012 онд төгссөн гэх “D20122421” дугаартай хуурамч диплом авч, уг сургуульд суралцан төгсөөгүй байж “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг элсэн суралцаагүй, хуурамч болохыг мэдсээр байж 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшаар ажиллаж ашигласан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ү нь Монгол Улсын Боловсролын их сургуулийг бага боловсролын багш, суурь боловсролын Монгол хэлний багш мэргэжлээр 2012 онд төгссөн гэх “D20122421” дугаартай хуурамч диплом авч, уг сургуульд суралцан төгсөөгүй байж “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг элсэн суралцаагүй, хуурамч болохыг мэдсээр байж 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшаар ажиллаж ашигласан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2309000000186  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ү-гийн  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би хамгийн анх Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ерөнхий боловсролын сургуульд 2011 онд дотуур байрны багшаар ажиллаж байсан. Тэгээд дотуур байрны багш хийж байх  хугацаандаа бага ангийн багшаар ичнэгээр сураж 2012 оны 10 дугаар сараас эхлэн тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн юм. Би анх ажилд орохдоо дээд боловсролтой байсан юм. Тус сургуульд ажилд орохдоо дипломын хуулбар, өргөдөдл өгч орж байсан... Би сайн мэдэхгүй байна. Анх намайг 2011 оны 08 дугаар сард МУБИС-д бага ангийн багшаар ичнээгээр сурах гээд бүртгүүлэх гэж очиход ерөөсөө багш нар байгаагүй харин сургуулиас гарах гэж байхад гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд ямар хэргээр явж байгааг минь асуухад би өөрийн ирсэн зорилгоо хэлэхэд миний дугаарыг авч үлдээд бүртгэл эхэлхээр чам руу холбогдъё гэсэн юм. Тэгээд тухайн жилийн 10, 11 сард гэж санаж байна над руу танихгүй дугаар залгаад намар уулзсан хүн байна ичнэгээр өөрийг чинь бүртгүүлчихлээ шүү гэж хэлж байсан юм. Тзгээд би тухайн сургуульд өөрийгөө бүртгүүлээд суралцаж байгаа гэж ойлгосон юм... Би хэн гэдэг хүнээс авснаа сайн санахгүй байна хуурамчаар хийж өгсөн гэж бодоогүй юм. Тухайн үедээ сургуулийн төлбөр гэж  2, 3  хувааж 1.800.000 орчим төгрөг өгч байсан... Би тухайн дипломоо авснаас хойш холбоогүй болсон одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна... Би багшаар ажиллах хугацаандаа 3 дахь ангиа төгсгөх гэж байна. Улсад нийт 15 дахь жилдээ ажиллаж байна ажиллах хугацаандаа сумын шилдэг багш, арга зүйч цол тэмдэг, БШУЯ-ны жуух бичиг гэх мэтэчлэн авч байсан...Би хуурамч гэдгийг нь мэдээгүй юм...би хуурамч гэдгийг нь мэдээгүй юм...би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ерөнхий боловсролын сургуульд 30 жил ажиллаж байна. 2023 оны 07 дугаар сард тус сургуулийн захирал болсон. Би Б.Ү-г Дэлгэрхаан сумын ерөнхий боловсролын сургуульд анх ажилд орсон цагаас нь хойш хамт ажиллаж байна. Б.Ү бол хүн чанарын хувьд дөлгөөн тайван, зөв харилцаатай, ажил мэргэжилийн хувьд мундаг чадвартай хүн. Хуурамч бакалаврын диплом гаргуулж багшийн ажил хийж байсан талаар мэдэх зүйл огт байхгүй. Манай байгууллагын зүгээс Б.Ү-д  ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22-р хуудас),

Гэрч Ч.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...ESIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг. Дээд боловсролын удирдлага, мэдээллийн систем гэдэг нь HEMIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм...нэг. хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсан байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу /мэргэжлийн *******шил өөр хүний овог *******, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипдомын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Хоёр. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, их дээд сургуулийн ******* зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн. Дипломын дугаарыг зөрүүлэн олгосон. /Өөр сургуулийн дипломын дугаар/ архивын бүртгэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан юм...гэхдээ дипломтой багш л сургуульд багшлах ёстой...Улсын хэмжээний цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтнуудын дипломыг өөрсдөөс нь хуулбар байдлаар гаргуулж аваад түүнийгээ архивын материал, системийн бүртгэл, төгсөгчдийн дипломын бүртгэл, захирлын тушаалууд зэрэг мэдээллийг тулгаж байж зөрчлийг гаргаж ирж байгаа юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-26-р хуудас)

Гэрч Б.Номинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилчдын дипломын дугаар давхардсан /овог *******, регистрийн дугаар, гарын үсэг, тамга, тэмдгийг скайнердсан/ зөрчил нь 458 боловсролын баримт бичиг диплом илэрсэн. ...Үүнээс эхний хоёр ангилалд хамрагдаж байгаа дипломын дугаар давхардсан 458, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан нь 145 боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэж үзэж байна. ...хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулийн диплом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа мөн боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд Esis программ /боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-31-р хуудас),

Гэрч А.Танан-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд явуулсан бөгөөд нарийн тоон мэдээлэл бол бид нарын гаргасан дүгнэлтээс дэлгэрэнгүй харагдах байх мөн тэр болгоныг нарийн сайн санахгүй маш олон багш нарын мэргэжлийн диплом, баримт бичгийг шалгасан юм...ESIS бүртгэл хийгдсэн эсэх, Үндэсний Архивын газрын лавлагаанаас хайлт хийх, Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх, Төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу ДБ маягтаас хайлт хийх зэргээр шүүж илрүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-35-р хуудас),

Гэрч Б.Доржхуягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...дэлгэрэнгүй дүгнэлт гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн байгаа. ...Ерөнхийдөө маш олон тооны хүнийг шалгасан учраас эргэлзээтэй заавал үзэх шаардлагатай гэсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн ба диплом олгосон гэх сургуулиас лавлагаа авсан байгаа...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-39-р хуудас),

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл (хх-ийн 10-р хуудас),

Хэнтий аймаг Дэлгэрхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 12-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 13-р хуудас),

 Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай албан тоот, албан бичгийн хавсралт (хх-ийн 141-142-р хуудас),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Хэнтий аймаг Дэлгэрхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ш.Ц-ын тодорхойлолт (хх-ийн 79-82, 113-114-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2309000000186 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ү нь Монгол Улсын Боловсролын их сургуулийг бага боловсролын багш, суурь боловсролын Монгол хэлний багш мэргэжлээр 2012 онд төгссөн гэх “D20122421” дугаартай хуурамч диплом авч, уг сургуульд суралцан төгсөөгүй байж “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг элсэн суралцаагүй, хуурамч болохыг мэдсээр байж 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшаар ажиллаж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Ү-гийн  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ц-ын (хх-ийн 21-22-р хуудас), гэрч Ч.Энх-Амгалангийн (хх-ийн 24-26-р хуудас), Б.Номинцэцэгийн  (хх-ийн 29-31-р хуудас), А.Танан-Эрдэнийн   (хх-ийн 33-35-р хуудас),  Б.Доржхуягийн (хх-ийн 37-39-р хуудас),  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

 Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл (хх-ийн 10-р хуудас),

Хэнтий аймаг Дэлгэрхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 12-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 13-р хуудас),

 Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай албан тоот, албан бичгийн хавсралт (хх-ийн 141-142-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэргийг шүүгдэгч Б.Ү нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь боловсролын хуурамч диплом ашигласан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хохирол хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Боловсролыг диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг шүүгдэгч Б.Ү нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Ү нь Боловсролын бакалавр зэргийн дипломыг элсэн суралцаагүй, хуурамч болохыг мэдсээр байж 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшаар ажиллаж ашигласан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Цэрэндулам хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Б.Ү-д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ү нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 80-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ү нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Ү нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ү нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ү-д  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн D201224421 дугаартай дипломыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2309000000186 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ү нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн D201224421 дугаартай 1 ширхэг дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн 2309000000186 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ү-д  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР