Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 142/2018/00310/И |
Дугаар | 001/ХТ2021/01360 |
Огноо | 2021-11-09 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2021/01360
Ц.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/01524 дүгээр шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22 дугаар магадлалтай,
Ц.*******гийн нэхэмжлэлтэй,
Эрдэнэт текс ХХК-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 277,352,600 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Баталгаа гэх бичгийн алданги тооцохоор заасан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд*******ын Ц.*******гаас хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай 13 орчим см өндөртэй халтар манан хөөргийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.******* болон өмгөөлөгч Н.Тэрбиш нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, М.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* миний бие******* ХХК-д 2018.08.06-ны өдөр 1 кг ноосыг 3450 төгрөгөөр тооцон нийлүүлэхээр тохирч 1 сарын хугацаанд шинэ хяргалтын хонины ноосыг бэлтгэн нийлүүлэхээр гэрээ байгуулсан билээ. Ингээд гэрээний дагуу 2017.08.07-ны өдрөөс 2017.09.06-ны өдөр хүртэл шинэ хяргалтын хонины ноосыг хугацаанд нь бэлтгэн нийлүүлж нийт 255,000 тн ноосыг бүрэн гүйцэт хүлээлгэн өгсөн болно. Гэтэл уг компани ноосны үнэ үлдэгдэл 288,502,600 төгрөгийг төлбөл зохих хугацаанд төлөхгүй цувуулж 10 гаран удаа биеэр ирж хэлж үг болж байж 35,000,000 төгрөг авч үлдэгдэл 258,002,600 төгрөгийг одоо болтол авч чадахгүй маш их хохирч байна. Би энэ компанид ноос нийлүүлэхдээ ямар ч хохирол учруулахгүйгээр чанарын шаардлага хангасан ноосыг хугацаанд нь бүрэн гүйцэт нийлүүлсэн байхад өнөөдрийг хүртэл ноосны мөнгөө бүрэн төлчихгүй намайг олон дахин нааш цааш явуулж зардал болж байна.******* ХХК нь надад 2018.01.10-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 258,002,600 төгрөгийн 2018.02.20-ны өдөр багтааж барагдуулна. Үүнээс хойш хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувиар алданги нэмж тооцон төлнө гэж баталгаа гаргаж өгсөн боловч дахин худал амлаж хууран мэхэлж чирэгдэл учруулж байна. Миний бие энэ хугацаанд нааш цааш явахдаа өч төчнөөн зардал гаргасан. Одоогийн байдлаар нийлүүлсэн ноосыг 1 кг өнөөдрийн ханшаар 4500 төгрөг болж өссөн. Ноосоо буцаан авч зарахад надад илүү их ашигтай байна. Иймд******* ХХК-иас ноосны үндсэн төлбөр 258,002,600 төгрөг, баталгаанд заасан хугацаа хэтрүүлсэн алданги хоногийн 1,290,000 төгрөгийг 60 хоногоор тооцоход 19,350,000 төгрөг, нийт 277,352,600 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь иргэн Цэрэнбатын *******гаас 2017.08.27-ны өдөр 115,508 килограмм ноосыг 3450 төгрөгөөр худалдан авахаар урьдчилан тохиролцсон. Иргэн Ц.******* худалдан авах эцсийн шийдвэр гаргаагүй байтал Орхон аймагт өөрийн зардлаар ноосоо тээвэрлэн ирүүлсэн. Гэтэл манай компани дээрх ноосыг худалдан авах шаардлагагүй болсон тул энэ тухайгаа тухайн үед Ц.*******д мэдэгдсэн бөгөөд Ц.******* үүнийг хүлээн зөвшөөрч өөр худалдан авагч олж өгөөч гэж компанийн захирлаас гуйсан.******* нь манай компанитай ноос худалдан авдаг байсан, мөн ноос худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан иргэн Батаагийн Оргилтой холбогдож ноос худалдан авах эсэх талаар лавлахад Б.Оргил нь ноосыг хүлээн авахдаа үнийг төлнө гэсний дагуу Ц.*******гийн ноосыг хоёр удаагийн ачилтаар авсан ба хоёр удаагийн ачилтын ноосны үнийг тухай бүрт нь худалдагч Ц.*******гийн Хаан банкны 5890565390 тоот дансанд Б.Оргил төлсөн байсан. Иймд компани болон Ц.******* нарын хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй. Харин компанийн захирал******* нь худалдан авагч Б.Оргил худалдагч Ц.******* нарыг холбон өгч зуучилсан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие******* нь эхнэр*******тай 1990 онд гэр бүл болсон. Эхнэр******* нь******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Би 2010 онд Товуухорол гэдэг ламаас Гүрдаваа ренбүчийгийн амьд байхдаа эдэлж байсан хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай 13 орчим см өндөртэй халтар манан хөөргийг авсан бөгөөд уг хөөрөг нь миний өмчлөлийн хөрөнгө юм. Гэтэл Ц.******* нь уг хөөргийг ноосны үнэ төлсөнгүй гэх үндэслэлээр хууль бусаар авсан байгаа нь өнөөдрийг хүртэл буцаан өгөхгүй байна. Ц.******* нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ноосны үнэ гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Ийнхүү нэхэмжлэл гаргасан атлаа хөөргийг маань буцааж өгөхгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Ц.*******гийн хууль бус эзэмшлээс миний хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай 13 орчим см өндөртэй халтар манан хөөргийг гаргуулж надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/01524 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан******* ХХК-иас ноосны үлдэгдэл төлбөр 233,002,600 төгрөг, алданги 19,350,000 төгрөг, нийт 252,352,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.3.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч******* ХХК-ийн нэхэмжлэгч Ц.*******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан Ц.*******гаас түүнд хадгалагдаж буй*******ын хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай 13 орчим см өндөртэй халтар манан хөөргийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд*******од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,600,463 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 254,700 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас 1,419,713 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д, Ц.*******гаас 70,200 төгрөг гаргуулан*******од тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/01524 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1,419,713 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ц.******* болон өмгөөлөгч Н.Тэрбиш нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ц.******* өмгөөлөгч Н.Тэрбиш нар Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.27-ны өдрийн 22 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
1. Давж заалдах шатны шүүхийн магадлалд /цааш магадлал гэх/: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагыг хангаагүй байна гэжээ.******* ХХК-ийн гүйцэтгэх захирал******* шинэ хяргалтын хонины ноос******* ХХК-д худалдан авахаар иргэн Ц.*******тай тохиролцож, уг тохиролцооны дагуу Ц.******* нь 2017.08.07-ны өдрөөс 2017.09.06-ныг дуустал хугацаанд 12 удаагийн тээвэрлэлтээр 115,508 кг ноосыг 1 кг-ыг 3450 төгрөгөөр тооцож 398,502,600 төгрөгийн ноосыг*******' ХХК-д хүлээлгэн өгсөн байна. Энэ нь******* ХХК нь хүлээн авсан ноосны үнээс хэсэгчлэн төлж үлдэгдэл 288,502,600 төгрөгийн төлбөрийг 2017.11.30-нд багтаан барагдуулахаар******* ХХК-ийн гүйцэтгэх захирал******* гарын үсэг зурж тус компанийн тэмдэг дарж баталгаажуулсан 2017.11.10-ны өдрийн тодорхойлолт, хэлцэл, үлдэгдэл төлбөрийг 2018.02.20-нд багтаан барагдуулах бөгөөд төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол барагдуулаагүй үнийн дүнгээс хоногт 0,5 хувийн алданги нэмж тооцох талаар ноос нийлүүлэгч Ц.*******, худалдан авсан******* ХХК-ийн гүйцэтгэх захирал******* нар гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулсан 2018.01.10-ны өдрийн баталгаа гэсэн баримтууд, 2017.12.01-ний өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг, 2018.02.09-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримт,******* ХХК-ийн лого бүхий орлогын 12 ширхэг падаануудаар батлагдаж байна. Хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Ц.*******тай ноосны гэрээ хэлцэл хийгээгүй, хэлцэл болон тодорхойлолтод гүйцэтгэх захирал******* гарын үсэг зураагүй, гарын үсэг нь биш, манай компанийн тамга тэмдэг биш гэж маргаж шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч уг хэлцэл тодорхойлолт дээр зурагдсан гарын үсэг тамга тэмдэг нь******* ХХК-ийн тамга тэмдэг мөн, гүйцэтгэх захирал*******гийн гарын үсэг мөн болохыг баталсан Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.06.13-ны өдрийн 120 дугаар шинжээчийн дүгнэлт, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018.08.15-ны өдрийн 4589 дугаар шинжээчийн дүгнэлт болон************** ХХК-ийн гүйцэтгэх захирал болох нь тус үйлдвэрийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байна.******* ХХК-ийн гүйцэтгэх захирал******* ноосны төлбөрийг нэхэмжлэгчийн харилцах данс руу шилжүүлж байсан шилжүүлгийн баримтууд,******* ХХК-ийн лого бүхий орлогын падаан, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс******* ХХК, Ц.******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна. Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.16-ны өдрийн 142/ШШ2019/01524 дугаар шийдвэрт ИХШХШТХуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4-д зааснаар хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэлийг тодорхой зааж, нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнэсэн нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг зөрчөөгүй болно.
2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дээрх нотлох баримтыг огт үнэлэхгүйгээр, хариуцагч нь төлбөр төлөхөөс зайлсхийж, Ц.*******,******* нар ноосны үнийн талаар тохиролцоогүй учраас гүйцэтгэх захирал******* ноосыг нь өөр этгээдэд /Оргил гэгч/ зуучилсан гэж үндэсгүй шалтгаан зааж нэхэмжлэлээс татгалзаж бүтэн 2 жилийн хугацаанд хэргийг удаа дараа хойшлуулж, түдгэлзүүлж үндэсгүйгээр маргаан үүсгэж хүсэлт гаргаж зориуд хугацаа авч чирэгдүүлж байгааг анхаарч бодитой дүгнэлт хийхгүйгээр, хариуцагчийн давж заалдсан гомдолд дурдсан зүйлийг гол үндэслэл болгож нэг талыг барьж, хэргийн материалд авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэсгүйгээр үгүйсгэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрсдийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэх заалт, мөн хуулийн 67.1.1-д Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгчид буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж эдлэх эрхийг нь тайлбарлаж өгнө гэсэн зохигчийн эрхийг анхан шатны шүүх бүрэн хангаж ажилласан болно. Нэхэмжлэгч Ц.******* болон хариуцагч нь ноосны үнийн талаар огт маргаагүй,******* ХХК хүлээн авсан ноосоо цааш хэрхэн зарцуулах нь тухайн компанийн эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээний асуудал бөгөөд******* ХХК-ийн гүйцэтгэх захирал******* Оргил гэгчид ноос худалдсан нь Ц.*******гийн нэхэмжлэлд ямар ч хамаагүй зүйл болно. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нэхэмжлэлээс үндэсгүйгээр татгалзаж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх ямар ч нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, анхан шатны шүүх хавтаст хэргийн материалд хариуцагчийн гаргасан хүсэлтүүдийг бүрэн хангаж нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.
3. Магадлалд: Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа******* ХХК-ийн гүйцэтгэх захирал*******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба шүүх******* ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч компанийн эрх зүйн байдлыг тодорхойлсон баримт, гүйцэтгэх захирал*******д олгогдох эрх үүргийг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гэрч оролцуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй, хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна гэжээ. Ц.******* нь Хөвсгөл аймгаас ноосоо тээвэрлэж Орхон аймагт үйл ажиллагаагаа эрхэлдэг******* ХХК-д ноосоо бүрэн хүлээлгэн өгсөн бөгөөд тус компани нь ноосыг жигнэж хэмжиж склад агуулахдаа бүрэн хүлээн авч нярав нь компанийнхаа падааныг бичиж өгснөөр Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасны дагуу******* ХХК нь ноосыг хүлээн авсан болох нь батлагдаж байна. Нэхэмжлэгч Ц.******* нь ИХШХШТХуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр, шүүхэд нэхэмжлэл гаргахад анхаарах загварыг үндэслэн******* ХХК-ийн хуулийн этгээд аж ахуйн нэгжийн хувьд гүйцэтгэх захирал*******гийн нэрийг хамт бичсэн нь буруу биш болох нь******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгааг анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой заасан болно. Компанийн тухай хуулийн 83 дугааар зүйлийн 83.8-д зааснаар ...Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс М.Мэндбаярыг хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж гүйцэтгэх захирал******* гарын үсэг зурсан албан бичгийг шүүхэд хүргүүлсний дагуу шүүх******* ХХК-ийг хариуцагчаар татаж иргэний хэрэг үүсгэж шалгаж шийдвэрлэсэн. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар ... гүйцэтгэх захирал нь компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогдож мөн хуулийн 84.4, 84.5-д заасан эрх үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан болно. Иймд******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ хавтаст хэрэгт байгаа бөгөөд гүйцэтгэх захирал*******г дээрх хуульд зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтны хувьд хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр загвар шаардлагыг үндэслэн нэхэмжлэлд нэрийг бичсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзсэн нь давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, шаардах эрх, маргааныг зохицуулсан хэм хэмжээ, түүнээс гарах эрх зүйн үр дагаварт нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, маргааныг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг тэр утгаар нь магадлалын хяналтын хэсэгт хуулбарлан бичсэн байна.
4. Магадлалд: Нэхэмжлэгч Ц.******* ноосны үнийн төлбөрт хариуцагч******* ХХК-иас 400 сая гаруй төгрөг шилжүүлж авч байсан гэх тайлбар шүүх хуралдаанд гаргасан. Ноосны үнээс төлөгдсөн нийт 145,000,000 төгрөгийг хариуцагч компани эсхүл******* нарын хэн нь төлсөн болох нь тодорхойгүй, мөн тус компанийн 2017 оны санхүүгийн баримтанд уг ноосны төлбөр хэрхэн тусгагдсан байдал, талууд санхүүгийн тооцоо хийсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна гэжээ. Нэхэмжлэгч Ц.******* нь******* ХХК-д 2017 онд анх удаа ноос бэлтгэн нийлүүлээгүй, тус******* ХХК-ийг Монгол улсдаа ноос угаах топ компанийх нь хувьд сонгож олон жил ноос бэлтгэн нийлүүлсэн бизнесийн найдвартай түншлэгч бөгөөд 2017 онд падаантай болон падаангүй ноосны нийт 400 сая төгрөгийг дансаар шилжүүлэн авч байсан нь хавтаст хэргийн материалд авагдсан иргэн Ц.*******, Ц.Янпил нарын банкны харилцах дансны хуулбараар батлагдаж байна. 2018.03.07-нд шүүхэд нэхэмжлэл гаргах үед 1 кг ноосны ханш 4500 төгрөг болж өссөн ноосоо буцаан авч зарахад надад илүү ашигтай байна гэж дурдсан. Нэхэмжлэгч Ц.******* нь******* ХХК дээр өөрийн биеэр ирж санхүүгийн ажилтнууд, гүйцэтгэх захирал*******тай олон удаа уулзаж ноосныхоо үлдэгдэл төлбөрийг шаардаж байсан бөгөөд гүйцэтгэх захирал******* нь Оргил гэгч хүн манай компаниас их хэмжээний ноос авсан төлбөр хийх ёстой, тэр хүнд чиний дансыг өгсөн, мөнгө дансанд чинь орвол манай компаниас авах мөнгөндөө тооцож авч байгаарай гэж хэлсний дагуу Оргил гэгчээс Ц.*******гийн дансанд ... төгрөг шилжүүлснийг авсан гэж анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанд удаа дараа үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэхэмжлэгч Ц.******* нь ноосоо******* ХХК-д хүлээлгэн өгсөн нь үнэн, тус компани ноосыг санхүүгийн тайлан баримтандаа хэрхэн тооцсон, хүнд өгсөн аль эсвэл үйлдвэртээ хэрэглэсэн хэрхэн зарцуулсныг Ц.******* мэдэх боломжгүй, энэ нь нэхэмжлэлийн шаардлагад ямар ч хамааралгүй зүйл болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Ц.*******гийн тус компанид хүлээлгэн өгсөн ноосыг гүйцэтгэх захирал******* Оргилд зуучилж шилжүүлсэн, манай ХХК санхүүгийн орлого аваагүй, манай******* ХХК хариуцах ёсгүй, нэхэмжлэлээс татгалзаж байна гэж тайлбарладаг боловч******* ХХК-иас гаргасан албан ёсны ямар ч нотлох баримт байхгүй, хариуцагч нь нэхэмжлэлээс татгалзаж байгаа үндэслэлээ батлах нотлох баримтаа өөрөө гаргаж чадаагүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нь худалдан авсан ноосны үнээс төлөгдсөн нийт 145,000,000 төгрөгийг хариуцагч компани, эсхүл******* нарын хэн төлсөн болох нь тодорхойгүй, тооцоо хийсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу гэж, хэрэгт авагдаагүй, ач холбогдолгүй баримт шаардаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буруутгах үндэслэл болгосон нь ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д Шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн заалтыг зөрчиж, талууд шүүхийн өмнө тэгш байх, шүүх хөндлөнгийн байх зарчмыг илтэд ноцтой зөрчиж байна.
5. Магадлалд: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх хуралдаанд биечлэн оролцож үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэжээ. Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх нь шүүх хурлыг 2019.12.05-нд хуралдахаар тов зарласны дагуу нэхэмжлэгч түүний өмгөөлөгч бид шүүх хуралдаанд оролцсон боловч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд******* шүүх хуралд заавал оролцох хүсэлтэй өвчтэй тул шүүх хуралдааныг хойшлуулах,******* Оргил нарын эвлэрлийн гэрээг авч хэрэгт хавсаргах зэрэг хүсэлтүүдийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэгч хариуцагчийн өмгөөлөгч нарын саналаар 2019.12.16-ны өдрийн 15:00 цагт хийхээр шийдвэрлэсэн. Хариуцагчийн өмгөөлөгч нь 2019.12.16-ны өдөр 15:00 цагт шүүх хуралдаанд шүүх хуралдаан давхардсан гэдэг шалтгаанаар шүүх хуралд оролцоогүй, энэ хэргийн материалтай танилцах хангалттай хугацаа тогтоосон байхад хэргийн материалтай өөрийн санаачилгаар танилцах боломжтой байсан, шүүх хурлыг хойшлуулах нотлох баримтаа ирүүлээгүй нь, хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж шүүх үзэж хүсэлтийг хангахаас татгалзаж хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийг зориуд шүүх хуралд оролцуулаагүй, хэргийн материалаас танилцах боломж олгоогүй гэж үндэсгүй шалтгаан зааж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгосон нь ИХШХШТХуулийн 40.4, 40.5 /УДШ-ийн 263-р тогтоол/-д зааснаар хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлаж шүүх хуралдаанд ирэх тухай мэдэгдэх хуудас өгч гарын үсэг зуруулан шүүх тайлбарласаар байхад хариуцагчийн өмгөөлөгч нь энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхэд гаргаж гомдолд хавсаргасан шүүх хурлын тов гэх нотлох баримт нь анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй шүүх түүнийг үнэлэхгүй тухай заалтуудыг зөрчиж байна. Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх ИХШХШТХуулийн 76, 77 дугаар зүйлд зааснаар зохигчид, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэж гарын үсэг зуруулж хэргийн материалтай урьдчилан танилцах эрх үүргийг танилцуулж боломжтой хугацаа тогтоосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид өөрсдөө хэргийн материалтай хэдэн ч удаа танилцахыг хориглоогүй болно. Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч анхан шатны шүүх хуралдаанаас өмнө эвлэрүүлэн зуучлалын хэргийн материалыг татаж авч шүүх хуралдаанд бүрэн танилцуулж, хариуцагчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцож бүрэн танилцсан.
6. Магадлалд:******* нь Б.Оргилоос ноосны үнэ 280,760,570 төгрөг гаргуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж шүүгчийн захирамжаар баталгаажсан гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ гэжээ.******* ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Ц.******* гүйцэтгэх захирал******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан алданги тооцох тухай баталгааг Ц.******* ...аавдаа үзүүлэх гэсэн юм гэж захирал*******гаар гарын үсэг зуруулан авсан, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хуурамчаар хийсэн гэсэн агуулгатай, үндэслэлгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруу гэж үзсэн нь ойлгомжгүй, бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Ийнхүү давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, хэргийн нотлох баримтыг буруу үнэлж хуульд заагаагүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь ИХШХШТХуулийн 167, 168 дугаар зүйлийг зөрчиж байна. Иймд Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.27-ны өдрийн 22 дугаар магадлалыг хүчингүй болгож тус аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.16-ны өдрийн 142/ШШ2019/01524 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 277,352,600 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч******* ХХК нь нэхэмжлэгч Ц.*******д холбогдуулан 2018.01.10-ны өдрийн Баталгаа гэх бичгийн алданги тооцохоор заасан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүсч сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд******* нь нэхэмжлэгч Ц.*******д холбогдуулан хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай 13 орчим см өндөртэй халтар манан хөөргийг гаргуулахаар бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх ...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн гэж дүгнэн, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн тул энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгоно.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх зөв дүгнэжээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан, 2017.11.10-ны өдрийн Тодорхойлолт, 2017 оны Хэлцэл, 2018.01.10-ны өдрийн Баталгаа гэх баримтууд, зохигчийн тайлбар болон бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч******* ХХК-ийн гүйцэтгэх захирал*******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2017 оны шинэ хяргалтын 115,508 кг ноосыг 3450 төгрөгөөр тооцож, нийт 398,502,600 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байх ба гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын хугацаанд 115,508 кг ноосыг бэлтгэн нийлүүлж хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь ноосны үнээс нийтдээ 140,500,000 төгрөгийг төлж, 258,002,600 төгрөгийн үлдэгдэлтэй болсон, улмаар гэрээний талууд 2018.01.10-ны өдөр тооцоо нийлэн Баталгаа гэх баримт үйлдэж, хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг 2018.02.20-нд багтаан төлөх, энэ хугацаанд төлөөгүй бол барагдуулаагүй үнийн дүнгээс хоногт 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон зэрэг нь тогтоогджээ.
Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.******* нь худалдах, худалдан авах гэрээний дагуу******* ХХК-д хүлээлгэн өгсөн ноосны үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт шаардах эрхтэй гэж дүгнэн, үлдэгдэл төлбөрийн 258,002,600 төгрөгөөс хариуцагчийн баталгаа гаргаснаас хойшхи хугацаанд төлсөн 25,000,000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 233,002,600 төгрөгийг, нэхэмжлэгчийн шаардсан алдангийн 19,350,000 төгрөгийн хамт, нийт 252,352,600 төгрөгийг хариуцагч******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1-д заасантай нийцсэн байна.
Хариуцагч******* ХХК нь нэхэмжлэгч Ц.*******д холбогдуулан 2018.01.10-ны өдрийн Баталгаа гэх бичгийн алданги тооцохоор заасан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүсч сөрөг нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүх Баталгаа гэх бичгийн алданги тооцохоор заасан хэсгийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ.
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд, Ц.******* нь*******ын хөөргийг авсан талаар маргаагүй, нэхэмжлэгч нь******* ХХК-д нийлүүлсэн ноосны төлбөрт иргэн*******ын хөөргийг барьцаалах, авах эрхгүй бөгөөд тэдний хооронд ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгчээс түүнд хадгалагдаж буй*******ын хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай 13 орчим см өндөртэй халтар манан хөөргийг гаргуулж гуравдагч этгээдэд олгож, бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/01524 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 1,419,713 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Х.СОНИНБАЯР
Х.ЭРДЭНЭСУВД