Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2025/0465

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

          Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

          Хэргийн оролцогчид:

          Гомдол гаргагч “М” ХХК

          Хариуцагч Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н, Д.Ү

          Гомдлын шаардлага: Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н, Д.Ү нарын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0342 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

          Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Х

          Хариуцагч Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н, Д.Ү

          Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц

          Хэргийн индекс: 128/2025/0252/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Гомдол гаргагч “М” ХХК Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Б дүүргийн татварын улсын байцаагч Н.Н, Д.Ү нарын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргажээ.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0342 дугаар шийдвэрээр: “Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “М” ХХК-аас “Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

              3. Давж заалдах гомдлын агуулга: 

              Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана. Өөрөөр хэлбэл, шүүхээс хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хэрхэн үнэлж буй талаарх бүрэн дүгнэлтийг хийснээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх дүгнэлтийг хийхдээ хэргийн оролцогчдын гаргасан тайлбар, холбогдох нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаас нь харьцуулан үзээгүй, хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, энэ талаарх бодит нөхцөл байдалд нийцсэн дүгнэлтийг огт хийлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 8-д “...Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж тэмдэггүй согтууруулах ундаа ...эсхүл худалдсан, эсхүл борлуулсан гэх зөрчлийг гомдол гаргагч ...гаргасан болох нь тогтоогдсон, ...эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1...-т заасны дагуу зөв зүйлчилж, маргаан бүхий 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ********** дугаар шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна” гэх дүгнэлтийг хийсэн нь шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй болно.

Тодруулбал, Онцгой албан татварын тухай хууль зөрчөөгүй тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 6-д “4.5-д Согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдгийг нууцлалын шаардлага хангасан, дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой бараа бүтээгдэхүүн тус бүрийн савлагаанд салахгүй нааж бэхэлсэн байна”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлэх, худалдахыг хориглоно” гэж хуульчилжээ” гэж согтууруулах ундааг худалдан, борлуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг онцгой албан татварын тэмдэг наах үүргээ биелүүлээгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүх хуулийн агуулгыг өөрөөр тайлбарлан, хуулийг буруу хэрэглэсэн байна.

Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 1.1-т зааснаас үзвэл, энэ хууль нь Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон согтууруулах ундаа, тамхинд онцгой албан татварын тусгай тэмдэг олгохтой холбогдсон харилцаанд үйлчлэхээр байна. Тухайлбал, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага дараах үүрэгтэй гэсний 5.1.1-т “өөрийн үйлдвэрлэсэн бараанд тэмдэг нааж борлуулах”, 5.1.4-т “импортлох согтууруулах ундаа, тамхинд онцгой албан татварын тэмдэг наах” гэж тус тус заасан.

Эндээс үзвэл, согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн үйлдвэрлэсэн эсхүл импортлох согтууруулах ундаанд онцгой албан татварын тэмдгийг наах үүргийг хүлээхээр байна. Өөрөөр хэлбэл, манай компани тус шалгалтаар илэрсэн 35 ширхэг согтууруулах ундааг үйлдвэрлээгүй мөн импортлох эрхгүй этгээд байтал биднийг онцгой албан татварын тэмдэг наах үүргээ биелүүлээгүй мэтээр үзэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Онцгой албан татварын тухай хууль нь согтууруулах ундаа худалдан, борлуулах эрхтэй аж ахуйн нэгж байгууллагад онцгой албан татварын тэмдэг наах үүргийг олгоогүй болох нь тус хуулийн зохицуулалтаар тодорхой байна.

Түүнчлэн тус хуулийн 4.2-т “Тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно” гэж зааснаас үзвэл, онцгой албан татварын тэмдэггүй архи, согтууруулах ундааг худалдахыг хориглосон байх ба худалдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахаар байна. Татварын улсын байцаагчаас “М” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдсан, эсхүл борлуулсан гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Тодруулбал, тус шалгалтаар лангуун дээр өрөгдсөн болон агуулахад хураалттай байсан согтууруулах ундаанаас 35 ширхгийг онцгой албан татварын тэмдэггүй байгааг илрүүлснийг худалдсан эсхүл борлуулсан гэж үзэх боломжгүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж тэмдэггүй согтууруулах ундаа ...эсхүл худалдсан, эсхүл борлуулсан гэх зөрчлийг гомдол гаргагч ...гаргасан болох нь тогтоогдсон” гэж хуулийг өөрөөр тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Зөрчлийн тухай хуулийг зөрчөөгүй тухайд: Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-т “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан” тохиолдолд Онцгой албан татварын хууль зөрчсөнд тооцохоор заасан. Эндээс үзвэл, тус заалтын урьдчилсан нөхцөл нь: тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан нөхцөлд зөрчил үйлдсэнд тооцохоор байна. Гэтэл бодит байдалд эдгээр урьдчилсан нөхцөлийн аль нь ч хангагдаагүй байхад татварын улсын байцаагчаас гомдол гаргагчийг онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан, борлуулсан гэх үндэслэлээр зөрчил үйлдсэнд тооцож, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, тус шалгалтаар илэрсэн нөхцөл байдал нь худалдсан, борлуулсан бүтээгдэхүүнүүд биш юм.

Тодруулбал, худалдсан, борлуулсан гэх ойлголт нь бүрэн үйлдэгдэж дууссан буюу зарж, борлуулж үнийг бүрэн төлсөн тухай ойлголт бөгөөд харин энэ тохиолдолд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг бусдад худалдсан, борлуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.24 зүйлийн 1.1-т зааснаар зөрчилд тооцохоор байна. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Энэ үүргийн дагуу хяналт шалгалтын явцад агуулахад хадгалах болон худалдаалахад аль аль нь хуулийн заалтад орчихсон байдаг. Акцгүй бараа бүтээгдэхүүнийг борлуулах гэж агуулахад байршуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байна” гэж хуулийг буруу тайлбарлан гомдол гаргагчид үндэслэлгүйгээр шийтгэл ногдуулсан болно. Гэтэл анхан шатны шүүхээс “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж тэмдэггүй согтууруулах ундаа ...эсхүл худалдсан, эсхүл борлуулсан гэх зөрчлийг гомдол гаргагч ...гаргасан болох нь тогтоогдсон” гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн тухайд: Хариуцагч татварын улсын байцаагч нараас лангуун дээр байрлуулсан болон акц нь хулгайд алдагдсан согтууруулах ундааг дотоод хяналт, шалгалтаараа илрүүлээд хураасан байгааг зөрчлийн шинжтэй үйлдэл гэж маргаж байх бөгөөд тус нөхцөл байдал нь Зөрчлийн тухай хууль болон Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийг зөрчөөгүй болох нь тодорхой байхад шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан. Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна гэсний 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус заасан.

Дээрхээс үзвэл, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь зөрчилд шийтгэл ногдуулахдаа зөрчил үйлдсэнийг нотлох баримт хангалттай бүрдсэн эсэх, тухайн зөрчилд тооцсон үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг заалттай нийцэж байгаа эсэхийг бүрэн тогтоох үүрэгтэй байх бөгөөд энэ талаараа нотлох үүргийг хуулиар хүлээж байна. Шийтгэлийн хуудаст болон хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “торгуулийн арга хэмжээг худалдан борлуулсан үндэслэлээр авсан” гэснээс үзвэл, хариуцагч нараас “М” ХХК-ийг онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдсан, борлуулсан гэх зөрчилд холбогдуулан шийтгэлийг ногдуулсан байна. Бодит байдалд “М” ХХК-ийн хувьд онцгой албан татварын тэмдэггүй нэг ч согтууруулах ундааг худалдаж, борлуулсан зүйл огт байхгүй бөгөөд худалдсан, борлуулсан гэдгийг нотолсон баримт ч хэрэгт байхгүй.

Мөн тухайн шалгалтаар илэрсэн нөхцөл байдал нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан худалдсан, борлуулсан гэх урьдчилсан нөхцөлд нийцэхгүй буюу тухайн зөрчилд тооцсон үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан зүйл, хэсэг заалтад нийцэхгүй байхад хариуцагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж үндэслэлгүйгээр шийтгэл ногдуулсан нь хуульд үндэслэх, хууль ёсны итгэлийг хамгаалах болон бодит нөхцөлд тохирсон байх зарчимд тус тус нийцэхгүй юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 9-т “...шүүхээс эрх бүхий албан тушаалтан ...зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан, үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангаж, зөрчилд тооцсон нь шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан нь үндэслэлтэй, маргаан бүхий шийтгэлийн хуудас нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна ...” гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнээгүй тухайд: Анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Татварын албаны тэмдэглэл” болон Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлүүдийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй болно. Тухайлбал: Б дүүргийн татварын хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хийсэн шалгалтаар лангуун дээр өрөгдсөн болон складанд хураалттай байсан согтууруулах ундаанаас онцгой албан татварын тэмдэггүй барааг илрүүлж, онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааны зүйл зарж, борлуулсан гэх үндэслэлээр тус бүтээгдэхүүнүүдийг хураан авч явсан.

“М” ХХК-ийн хувьд байгууллагын дотоод хяналт, шалгалтыг 3 сард нэг удаа хийдэг бөгөөд 2024 оны 10-р сард шалгалт хийхэд хэд хэдэн согтууруулах ундаа онцгой албан татварын тэмдэггүй байсныг илрүүлж, шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор нярвын агуулахад хураасан байсан нь дээрх баримтуудаар нотлогддог. Тодруулбал, Татварын албаны тэмдэглэлийн “Нийтлэг ажиллагааны явцын талаар” хэсэгт агуулахад акцгүй акцыг нь хуулсан 10 ширхэг архи байсныг хурааж авсан гэж тэмдэглэл бичигдсэн болно. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх, үүнийг хэрхэн үнэлж буй талаарх тайлбарыг огтоос хийгээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Гаалийн хилээр бараа нэвтрүүлэх барааны мэдүүлэг болон Гаалийн магадлан шинжилгээний дүгнэлтүүдийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй болно. Тухайлбал: “М” ХХК-ийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн шалгалтаар хураагдсан согтууруулах ундаануудын нэг бүрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг болон шинжилгээний баримтуудыг татварын албанд гаргаж өгсөн.

Тус шалгалтаар илэрсэн онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаануудыг бид байнгын харилцагчдаасаа худалдан авдаг бөгөөд эдгээр компаниуд нь согтууруулах ундааг гаднаас импортоор оруулж ирэхдээ Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд заасны дагуу татвараа төлж, онцгой албан татварын тэмдэг болох акцыг нааж харилцагчдадаа нийлүүлдэг болох нь дээрх баримтуудаар тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл, бидний хувьд онцгой албан татварын тэмдэгтэй согтууруулах ундааг харилцагчдаас хүлээн авдаг болохыг хангалттай нотолж байгаа болно. Түүнчлэн дотоод тооцооны баримт болох “Бараа материалын борлуулалтын баримт”, “Бараа материалын худалдан авалтын баримт” зэргийг гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтаар “М” ХХК-ийн хувьд харилцагчдаасаа онцгой албан татварын тэмдэгтэй согтууруулах ундааг худалдан авдаг бөгөөд худалдан авахдаа баримт үйлдэж, зарж борлуулсан тохиолдолд мөн адил баримт үйлддэг болохыг харж болно. Тухайлбал, гомдол гаргагч нь онцгой албан татварын тэмдэггүй нэг ч согтууруулах ундааг худалдан борлуулаагүй юм.

Дээрхээс үзвэл, гомдол гаргагч “М” ХХК нь онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдан, борлуулдаггүй бөгөөд тус шалгалтаар илэрсэн нөхцөл байдал нь Зөрчлийн тухай хууль болон Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийг зөрчөөгүй буюу зөрчил үйлдсэн нь тогтоогдохгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ: 

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Хэргийн үйл баримтын тухайд:

          2.1 Б дүүргийн Татварын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Онцгой албан татвар, Нийслэл хотын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, согтууруулах ундаа, тамхины худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжид хяналт тавих тухай” удирдамжаар[1] “Б дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай архи, тамхи, согтууруулах ундааны худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Онцгой албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн цахим төлбөрийн баримт олголт, Зөвшөөрлийн тухай хууль, болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэх”-ээр тусгажээ.

          2.2 Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н, Д.Ү нарын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ** дүгээр тэмдэглэлээр[2] “М ХХК-ийн лангуун дээр акцгүй 25 ширхэг архи, виски, шампанск байсан ба агуулахад акцгүй, акцыг хуулсан 10 ширхэг байсныг хураан авсан” ба акцгүй архи худалдаалж байсан зөрчил илэрсэн” гэж тэмдэглэл үйлдэж, Оргил худалдааны төвийн заалнаас Онцгой албан татварын акцгүй 24 шил архи согтууруулах ундаа, агуулахаас 11 шил архи согтууруулах ундаа байсныг илрүүлж, гэрэл зураг болон бичлэгээр баталгаажуулж, битүүмжилсэн гэж тэмдэглэл үйлдсэн байна.

          2.3 Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ************* дугаар “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолоор[3] “М” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зөрчлийн хэрэг нээж шалгалтын ажиллагаа явагджээ.

          2.4 Оргил худалдааны төвийн сүлжээ хариуцсан захирал Ц.Б-ийн хувьд “...М ХХК нь импортоор архи согтууруулах ундаа оруулж ирдэггүй, дан бэлтгэн нийлүүлэгчээс авдаг... Архины акцгүй байгаа байдал дээр дотоод хяналтаар шалгалт хийгддэг, сүүлийн саруудад шалгалт хийгдээгүй байхыг үгүйсгэхгүй... манай байгууллагаас шалгахад акцгүй архи илэрсэн нь үнэн байна”[4] гэж мэдүүлсэн байна.

          2.5 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Шинжээчийн дүгнэлт”-ээр[5] “Б дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн нийт 9 ширхэг шилтэй шингэн зүйл ирүүлснээс этилийн спиртийн агуулга илэрсэн, хүчтэй хүчил болон хүчтэй шүлт илрээгүй” гэх ЕГ0325/**** дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргажээ.

          3. Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н, Д.Ү нараас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад “М” ХХК нь онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундааг борлуулсан гэх асуудлыг хуулийн дагуу шалгаж, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ********** дугаар шийтгэлийн хуудсаар[6] Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан “М” ХХК-ийг онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундааг борлуулсан гэх зөрчилд 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

          4. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж”, 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан”, 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл, эсхүл импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлсэн, эсхүл худалдсан бол тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэг бүхий согтууруулах ундаа, тамхийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно”, 4.5-т “Согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдгийг нууцлалын шаардлага хангасан, дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой бараа бүтээгдэхүүн тус бүрийн савлагаанд салахгүй нааж бэхэлсэн байна” гэж тус тус заажээ.

          5. Гомдол гаргагч нь онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдан борлуулсан, хадгалсан болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байх тул “М” ХХК нь Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулиар зохицуулсан хэм хэмжээг зөрчиж, онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундааг худалдсан эсхүл борлуулсан нь зөрчилд хамаарахаар байна.

          6.  Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгж, байгууллага нь өөрийн үйлдвэрлэсэн эсхүл импортлох согтууруулах ундаанд онцгой албан татварын тэмдгийг наах үүргийг хүлээнэ” гэж маргасан.

          7. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд дараах зүйлийг хориглоно”, 21.1.3-т “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх” гэж заасны дагуу согтууруулах ундаа худалдан борлуулах эрх бүхий этгээдэд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглох бөгөөд тухайн тохиолдолд холбогдогч “М” ХХК нь дэлгүүрийн лангуу дээр бусад бараа бүтээгдэхүүний хамтаар онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг ил өрж тавьсан нь худалдан, борлуулах зорилготой байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгж, байгууллага нь үйлдвэрлэсэн эсхүл импортлох согтууруулах ундаанд онцгой албан татварын тэмдгийг наах үүргийг хүлээнэ” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

          8. Анхан шатны шүүхийн “...шүүхээс эрх бүхий албан тушаалтан /татварын улсын байцаагч/ зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан, үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангаж, зөрчилд тооцон  шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан нь үндэслэлтэй, маргаан бүхий шийтгэлийн хуудас нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.

          Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0342 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

 

                                    ШҮҮГЧ                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                           Ц.САЙХАНТУЯА

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 28-30 хуудас

[2] Хавтаст хэргийн 31-32 хуудас

[3] Хавтаст хэргийн 54 хуудас

[4] Хавтаст хэргийн 70-73 хуудас

[5] Хавтаст хэргийн 84-85 хуудас

[6] Хавтаст хэргийн 179 хуудас