| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 100/2017/01713/И |
| Дугаар | 812 |
| Огноо | 2018-03-30 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 812
Н.Эийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/00562 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Н.Э,
Хариуцагч “М” ХК-д холбогдох,
Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганцэцэг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунчимэг, өмгөөлөгч К.Султанбек,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э нь “М” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрдэнэцэцэгтэй 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан.
Гэрээгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөн болохыг тогтоолгох, дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцох, үйлчлүүлэгч буюу “М” ХК нь өмгөөлөгчийн үйлчилгээний хөлсийг гэрээгээр тохирсон хэлбэр, хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд Н.Э анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож хууль зүйн туслалцаа үзүүлсэн бөгөөд түүний Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг “М” ХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан тус компанийн төлбөрт хураагдсан “Гацуурт тур” ХХК-ийн эзэмшлийн 36 000 м.кв газар, Гацуурт тосгон дахь амралтын цогцолборын газрыг 7 125 400 000 төгрөгөөр үнэлсэн “Мөнх оргил трейд” ХХК-ийн үнэлгээг болон төлбөрт хураагдсан эд хөрөнгийг санал болгох хурлын шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.
“М” ХК нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс болох 20 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулалгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас хариуцагч “Moнгол шилтгээн” ХК-аас 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “М” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “М” ХК нь анх “Гачуурт тур” ХХК нэртэй байсан ба Голомт банкнаас “Гачуурт тур” ХХК-ийн ерөнхий захирал С.Отгонбаатар, гүйцэтгэх захирал Л.Эрдэнэцэцэг нар нь 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 700 000 ам.долларын зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай, мөн 2004 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 300 000 ам.долларын зээлийг 1.7 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай тус тус авсан. Энэхүү зээлүүдийн барьцаанд улсын бүртгэлийн 2204012457 дугаартай, Баянзүрх дүүргийн Гачуурт тосгон дахь амралтын цогцолбор барилгыг 3031/0016 тоот эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай газрын хамт тавьж, барьцааны гэрээг байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1184 дүгээр шийдвэрээр “М” ХК-аас 2 375 781 693 төгрөг гаргуулан Голомт банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу “М” ХК-ийн Гачуурт тосгонд байрлах амралтын цогцолборыг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийгдэж байна.
Одоогийн “М” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Ган-Эрдэнэ нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр “М” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон бөгөөд нэхэмжлэгч Н.Э нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гүйцэтгэх захирал Л.Эрдэнэцэцэгтэй “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулсан гэж байгаа учраас хариуцагчийг сольж С.Отгонбаатар, Л.Эрдэнэцэцэг нараас холбогдох тайлбарыг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “М” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Амарбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй”, 9.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу “М” ХК гэдгээр хариуцагчийг тогтоох нь дээрх хуулийн заалтууд зөрчигдөж, олон өмчлөгчдийн эрх ашиг хөндөгдөж байна. Тийм учраас дээрх хуулийн заалтыг баримтлан “М” ХК-ийн хувьцаа эзэмшигч С.Отгонбаатарыг хариуцагчаар оролцуулж тайлбар гаргуулах нь нотолгооны чухал ач холбогдолтой юм.
Одоогийн гүйцэтгэх захирал 2017 оны 6 дугаар сард компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогдсон. Иймд хувьцаа эзэмшигчид нь дээрх шүүхийн шийдвэртэй холбоотой ганцхан хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хүлээхээр болж, хохиролд орж байна. Хувьцаа эзэмшигч С.Отгонбаатар нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд ирж оролцохгүй байгаа тул Монгол улсын Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч “М” ХК гэснийг хувьцаа эзэмшигч С.Отгонбаатар гэж сольж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.2 дахь хэсэгт зааснаар “М” ХК-иас 20 000 000 төгрөг гаргуулж Н.Эт олгох,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 257 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Амарбаатар нь 2015 оноос тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдсон. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Ган-Эрдэнэ 2017 оны 6 дугаар сард Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн. Гэтэл Н.Этэй холбогдсон хэрэг нь 2013 онд өмнөх гүйцэтгэх захирал Л.Эрдэнэцэцэгтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсаны дагуу үүссэн асуудал. Гэтэл “М” ХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан С.Отгонбаатар, гүйцэтгэх захирал Л.Эрдэнэцэцэг нартай хөлс төлөх журмыг тохиролцон үүргээ гүйцэтгэсэн байхад тэр тохиролцоонд огт оролцоогүй Ч.Амарбаатар, М.Ган-Эрдэнэ нарыг хариуцагчаар татаж тайлбар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Бүх шүүх хуралдаанд С.Отгонбаатар, Л.Эрдэнэцэцэг нараас тайлбар гаргуулах талаар хүсэлт удаа дараа гаргасан боловч татгалзаж шийдвэрлэсэн. Хувьцаа эзэмшигч болсон огт хамааралгүй этгээдэд хохирлыг төлүүлэх шаардлага тавьж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Бидний зүгээс К.Султанбекийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцуулахаар гэрээ байгуулсан. 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зарласан шүүх хуралдаанд өмгөөлөгч К.Султанбек эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй талаар хүсэлт хүргүүлсэн боловч хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, шүүх хуралдаанд байгууллагын шаардлагатай эрх зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхийг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
Н.Эийн нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох хэргийг хянан хэлэлцэх 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Амарбаатар оролцож өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах зорилгоор шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хийхээр товлосноо мөн өдрөө хэргийн оролцогч талуудад мэдэгджээ./хх-108/
Хариуцагчийн төлөөлөгч Ч.Амарбаатар шүүх хуралдаан хойшилсон хугацаанд К.Султанбекийг өмгөөлөгчөөр авснаа шүүхэд мэдэгдсэн байна. Өмгөөлөгч К.Султанбек нь 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд өвчний учир оролцох боломжгүй болсноо мэдэгдэж, эмнэлгийн магадлагааг хавсарган, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.
Учир нь хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийнхээ хүрээнд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргахдаа хүндэтгэн үзэх шалтгаан буюу өвчтэй байгаагаа баримтаар нотолсон байхад шүүх хүлээн аваагүй нь үндэслэлгүй байх ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг хязгаарласан, талуудын мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/00562 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
А.ОТГОНЦЭЦЭГ