Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 78

 

 

 

 

      

 

 

    2019          11           20                                              2019/ДШМ/78                

 

 

 

Ю.Г, П.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Хяналтын прокурор: Б.Мөнгөншагай,

           Иргэний нэхэмжлэгч: У.Э,

           Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч: Х.,

Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч: Н.А,

           Шүүгдэгч Ю.Г-ын өмгөөлөгч: Б.Отгончимэг,       

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/150 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Ю.Г, П.Б нарт холбогдох, эрүүгийн 1803006810027 дугаартай, 5 хавтас, 1115 хуудас бүхий хэргийг Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ю.Г,

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, П.Б нарт холбогдуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

 Шүүгдэгч Ю.Г нь Улаанбаатар төмөр замын Сайншанд депогийн машинчаар, шүүгдэгч П.Б нь Улаанбаатар төмөр замын Сайншанд депогийн туслах машинчаар ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шөнийн 05 цагийн орчимд “Улаанбаатар-Сайншанд” чиглэлийн суудлын 286 дугаартай галт тэргийг жолоодон Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын 747 дугаар километрийн 10 дугаар зуутад аялж явахдаа Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төмөр замын техник ашиглалтын дүрэм”-ийн 17.36-д заасан “Галт тэрэг жолоодож яваа машинч, туслах машинчийн үүрэг: а/ Зам чөлөөтэй эсэхийг шалгах”, мөн дүрмийн 17.37-д заасан “ Галт тэрэг жолоодон явахдаа дараах үйлдлийг гүйцэтгэнэ: в/...саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан галт тэргийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсоох”, мөн тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Галт тэрэгний хөдөлгөөн удирдлагын журам”-ын 11.19-т “..аадар бороо орж байгаа үед анхаарамж ба дохио байгааг үл харгалзан зүтгүүрийн бригад нь онцгой сонор сэрэмжтэй явах ба шаардлагатай үед хурдаа бууруулж зогсоход бэлэн явна” гэснийг, мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А-99 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтад “Зам үерт автах аюултай буюу аадар бороотой үед галт тэргийг өндөр сонор сэрэмжтэй жолоодох, шаардлагатай үед зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллах километрүүдийн жагсаалт... Чойр-Айраг өртөө хооронд ... 747, 748 дугаар км...” гэж заасныг тус тус зөрчин хурдаа тохируулж, өндөр сонор сэрэмжтэй яваагүйн улмаас зорчигч С.Б, Д.Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д 350 521 244 төгрөгийн буюу их хэмжээний хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ю.Г, П.Б нарт холбогдох 180300681 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хохирогч болон иргэний нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

 

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар энэ хэрэгт хавсаргагдан ирсэн 1 ширхэг CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар Ю.Г, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг, иргэний нэхэмжлэгч нь шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.   

  

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй, өөрөөр хэлбэл яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл тэдгээр нотлох баримтын агуулга тодорхой дурдаагүй байна. Шүүх иргэний хариуцагч Н.А, Б.Г нараас гаргаж өгсөн хүсэлт болон фото зургийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй гэсэн байх боловч уг гаргаж өгсөн фото зургийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж,  бэхжүүлж авсан эсэх, мөрдөгчөөс дээрх гаргаж өгсөн баримтыг хуульд заасны дагуу хүлээн авч, тэмдэглэл үйлдэн, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Учир нь уг фото зургийг осол болсноос хойш 2 сарын дараа иргэний хариуцагч тал бичгээр хүсэлт гаргахдаа гаргаж өгсөн ба фото зурагт авагдсан яаралтай тоормос хийсэн байдлыг үгүйсгэсэн нотлох баримт нь зүтгүүрийн дотор болон гадна талын хяналтын камерийн бичлэг, Зам тээврийн хөгжлийн яамны ХШҮДАГ-ын ЗТХХ-ийн Төмөр зам, замын байгууламжийн аюулгүй байдлын хяналт хариуцсан мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч С.Майдарын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 18/68/02 дугаартай, Зам, тээврийн хөгжлийн яамны ХШҮДАГ-ын ЗТХХ-ийн Төмөр замын хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч Х.Иийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18/74/009 дугаартай дүгнэлтүүд, шинжээч нарын мэдүүлгээр тогтоогдож байхад түүнийг үгүйсгэж, няцаасан нотлох баримтыг гаргаагүй дүгнэлт хийжээ.

 

Цагаатгах тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 1-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчийг цагаатгасан үндэслэлээ бичээгүй байх ба дээрх шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2-т заасан “Хууль ёсны зарчим”, 1.3-т заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч нарт ял завшуулсан, хэт цагаатгах талыг баримталсан шийдвэр болжээ. Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/150 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

           Иргэний нэхэмжлэгч У.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд хэн нэгнийг буруутгах гэсэн зүйл байхгүй. Үүнийг шүүх, прокурор үнэн зөвөөр шүүгээд гаргах байх. Гэхдээ хамгийн гол нь би хохирогч болсныхоо үүднээс анх эхлээд вагоны аваар болсны дараа шууд Чойр руу аваад явсан. Чойрт хүнд өвчтөний тоонд би явсан. Тэгээд төмөр замын эмнэлэгт мэс заслын тасагт намайг аваачиж хэвтүүлсэн. Тэнд хэвтээд 7 хоносон, 7 хонуулахад нурууны өвчин эдгээгүй байсан. Тийм байхад намайг гаргасан. Тэгэхээр нь би эмнэлгийнх нь даргатай уулзсан дараа нь орлогчтой нь уулзсан. Би одоо яах уу, ийм болчихлоо би хөдөлж, явж чадахгүй байна гэсэн. Надад төмөр замын даатгалаас өгсөн 300 000 төгрөгөөс 150 000 төгрөгийг нь шүүх эмнэлэг дээр очин томо графикийн аппаратанд орсон. Бичлэг нь энд байгаа. Тэгээд гэмтэлтэй гэж гарахаар нь эргээд эмнэлэг дээрээ ирээд үзүүлсэн. Би худлаа өвдөж яваад байгаа зүйл байхгүй үнэхээр хүнд хэцүү болоод ингэж байна гээд хэлсэн. Тэгээд түүний дараа би төмөр замын удирдлагуудад гомдол гаргасан. Гомдол гаргаж эмчилгээ хийлгэмээр байна гэсэн. Би үнэхээр хэцүү байна. Шөнө болохоор унтаж хэвтэж чадахгүй биеийн байдал хэцүү байна гээд хэлэхэд төмөр замын эмч нарыг дуудаад хуралдсан. Тэгээд хуралдахдаа намайг гадаа гараад сууж бай гэсэн. Тэгээд би гадаа гараад суусны дараа мэс заслынх нь тасгийн хүн намайг дуудаад та дахиж ирж хэвтэх үү эсхүл эмчилгээ бичүүлж авах уу гэхэд би одоо болно та нар надад шийдээ хэлчихсэн намайг зүгээр л гэсэн, одоо би дараагийн шатны яг мэргэжлийн эмнэлгүүдээр явмаар байна, эрүүл саруул болмоор байна гэсэн. Би зүв зүгээр байсан хүн. Гэтэл одоо дандаа элгэвч зэрэг зүйлстэй явдаг. Тэгээд шөнө унтаж, хэвтэж чаддаггүй. Тэгээд эмнэлэгт очоод үзүүлэхээр зөндөө мөнгө нэхдэг. Би хамгийн гол нь эмчилгээний зардал гаргуулмаар байна. Миний үр хүүхдүүд намайг чадах чинээгээрээ эмчилгээнд явуулаад мөнгө төгрөг гаргаад, үнэ өртөг өндөр байгаа. “Мөнгөн гүүр” гэх эмнэлэгт очиж үзсэн. Эмчилж болно, зардал мөнгө өндөр гарна гэдэг...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Х.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө болсон замаас галт тэрэг гарсан энэ асуудлаас болж Улаанбаатар төмөр замд замын сэргээн босгох ажил, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасралтгүй хэвийн үйл ажиллагаанд оруулах сэргээн босгох зардалд нийт 350 521 244 төгрөгийн зардал гарсан байдаг. Оросын холбооны улсаас дэмжлэг, тусламж үзүүлж богино хугацаанд замыг хэвийн байдалд оруулж, хэвийн тасралтгүй үргэлжилж явсан. Энэ осол нөхцөл байдалтай холбогдуулан төмөр замын хэмжээнд манай байгууллагын бүх ажилчид, алба хаагч нар дэмжлэг туслалцаа үзүүлж, өөрсдийн нэг өдрийн ажлын цалин хөлсийг байгууллагадаа сайн дурын үндсэн дээр хандивласан байдаг. Энэхүү сайн дурын үндсэн дээр цугласан хөрөнгө мөнгөөр энэхүү зардлыг тооцож манай байгууллага одоогийн байдлаар бодит учирсан, эдийн засгийн хөрөнгө мөнгө зардлаа ажилчдынхаа сайн санааны дэмжлэгээр гаргасан гэж үзэж байгаа. Мөн осол болох шалтгаан нөхцлийг хараад үзэхэд тухайн үед эрх бүхий байгууллагуудаас энэхүү үйл явц нь байгалийн давагдашгүй хүчин зүйл байна гээд эрх бүхий 4-5 байгууллагын дүгнэлт гарсан байдаг. Нөхцөл байдлыг хараад үзэхэд Айраг сумын хонхор газар үер ус цуглараад энэхүү цугларсан ус маань төмөр замын ул шороо руу урсаж орж ирж байгаа явц нь тухайн галт тэргийг төмөр замаар зорчих хэсэгтэй яг давхацсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ үер энэ замыг эвдсэн байж байгаад машинист маань түүнийг хараагүйгээр дээгүүр нь сонор сэрэмжгүй аюул саадыг анзааралгүй явсан биш. Тухайн зам 747 километр зорчих үед урсаж үер ус маань урсаж орж ирж ул шороог хөндийрүүлэх үйл явц нь яг давхацсан. Энэ үеийн цаг минутыг шинжлээд үзэхээр 4 секундын анхаарамжийн асуудал байдаг. Үер урсаж, орж ирж ул шороог урсгаж байгаа түүнийг хараад ослын яаралтай тормозыг хийх явц маань 4 секунтээр л хязгаарлагдаж байгаа. Тэгэхээр хүний бодит нөхцөл байдал дээр аливаа хүний шийдвэр гаргах хугацаа нь энэ 4 секундэд машинист тэр техник ашиглалтын дүрэмд заасан яаралтай тромз хийсэн үү, хийгээгүй юу гэдэг асуудал энэ 4 секундэд л хэмжигдээд байгаа юм. Тэгэхээр прокурорын зүгээс яаралтай тормозыг хийгээгүй, төмөр замын рейс төмөр маань галт тэргийг цөмлөж, зогсоож тэгж байж галт тэрэг зогссон гэж үзээд байдаг. Түрүү нь иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.А-гийн зүгээс физик үйлчлэл талаас нь тайлбарлалаа. Яаралтай тормоз хийсэн болохоор сүүлийн 9 вагон зам дээр замаас гаралгүй зогссон байдаг. Хэрвээ прокурорын хэлдгээр төмөр замын рейс төмрийн тулах хүчээр галт тэрэг зогссон бол сүүлийн 9 вагон замаас гарч үүнээс илүү хохирол хор уршиг учрах байсан. Тэгэхээр манай байгууллагын зүгээс машинистууд холбогдох дүрэм журмын дагуу технологид заасан заавар зааварчилгаагаа барьж яаралтай тормоз хийсэн байна гэдгийг хэрэгт авагдсан зураг болон түүн дээр дүгнэлт шинжилгээ хийж мэдүүлэг өгсөн шинжээч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Байгууллагын бас зүгээс үүнтэй санал нэг байгаа...” гэв.

 

 Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт миний авсан зураг яригддаг. Би энэ зургийг осол болоод Улаанбаатар хотоос гараад шаварт сууж явсаар байгаад өдөр нь ирээд авсан зураг байгаа. Унасан вагоны доод талын хагархай, 2 машинчийн гарсан цонхоор орж дотор нь авсан зураг байгаа. Энэ зураг дээр манай тусгай мэдлэг бүхий машинч нарын зүтгүүрийн аж ахуйн алба гэж байдаг. Энэ мэргэжилтнүүдийн хэлснээр яаралтай тормозын байрлалд унасан байна гэдэг. Тэгэхээр яаралтай тормоз хийгээд унасан бодит байрлал дээр кардаан байгаа нь харагдаж байгаа. Би зургийг нь авсны хувьд баталж байна. Маш олон зургийг тайлбартайгаар мөрдөгч, шүүхийн байгууллагад гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр энэ нийт 13 вагон чирч явсан зүтгүүр. 13 вагон чирч явсан зүтгүүр маань өөрөө унасан мэдээж хажуу талд нь ул шороо байхгүйгээс унасан байгаа. Унахад дотор гаднын камер гээд бичлэгүүд үлдсэн байна лээ. Түүнийг бид нар өөрсдөө үзэж амжаагүй. Хүчний байгууллагууд хурааж аваад тусгай орчуулдаг газраар нь орчуулаад гаргаж ирсэн байна лээ. Тэгэхээр тэр 13 вагонтой 1 зүтгүүртэйгээ нийтдээ 15 хөдлөх бүрэлдэхүүн явж байхад эхний 4 вагон зүтгүүртэйгээ 5 вагон унаж байгаа юм. Өөрөөр хэлбэл эрээснийхээ ховилоос мултарч байна гэсэн үг. Сүүлийн 9 зам дээрээ хэвийн үлдэж байгаа юм. Тэгэхээр энэ юуг гэрчилж байгаа вэ гэхээр тормоз барьсан учраас сүүлийн вагонууд замаас гарсангүй. Сүүлийн вагонууд 70 орчим километр цагийн хурдтай явж байгаад тормоз хийгээгүй бол овоорч ирээд сүүлийн 1, 2 вагон зам дээр үлдэх үү, үгүй юу цоройж ирээд унадаг. Ийм физикийн үлдэгдэл юм. Тийм учраас вагонууд нэгэн зэрэг тормоз барьснаар болж өрөлтийн хүч ихсэж, инерцийн хүчийг унтрааж, сүүлийн 9 вагонтой хүн унаж осолдсонгүй гэсэн дүгнэлтийг физикийн хууль талаас нь инженерийн хувьд хийж байна. Би өөрөө зүтгүүрийн тусгай мэргэжлийн хүн биш, төмөр замын дохиоллын мэргэжлийн хүн. Үүн дээр та бүхэн миний авсан зургийг цааш судална уу. Би үүнийг өөрийн биеэрээ үнэн зөв авсан. Ямар нэгэн эвлүүлэг ч гэнэ үү тийм зүйл яригдсан. Тийм зүйл байхгүй. Үүнийг ингэж баталж хэлмээр байна.

 

Дараагийнх нь манай Улаанбаатар төмөр зам компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хохирсон хүмүүст ихээхэн хэмжээний дэмжлэг үзүүлсэн. Нийт 304 зорчигч явсан. Технологийн буюу манай төмөр замын 24 хүн байгаа. Ингээд нийт 328 хүн явсан. 304 зорчигч хүн бүрд Ган зам даатгалаас хөрөнгө мөнгө олгосон байгаа. Нийт 115 577 590 төгрөгийн даатгалыг олгосон байна. Мөн бусдаасаа илүү гэмтсэн эрүүл мэндээрээ хохирсон хүмүүст Улаанбаатар төмөр зам 7 хоног үнэ төлбөргүй эмчилгээ сувилгаа хийлгэсэн. Түүнээс гадна нэр бүхий хүмүүст буцалтгүй тусламж нэрийдлээр энэ осолтой холбогдуулаад мөнгөн тэтгэлгийг олгосон. Иймэрхүү байдлаар бид бүхэн гарсан ослын дараа иргэд, зорчигчдын эмчилгээ, сувилгаа, даатгалд зориулж хөрөнгө, мөнгө зарсан. Анхан шатны шүүхээс гарсан цагаатгах тогтоолыг хүлээж авсан. Уг цагаатгах тогтоолыг бид бүхэн зөв гарсан гэж үзэж байна. Уг тогтоолыг баталж өгөөч ээ хүний амь нас хохироогүй, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрүүл мэндээрээ хохирсон хүмүүст тусламж үзүүлсэн гэж үзэж байгаа. Тэгээд энэ нотлох баримт бусад зүйлүүдийг үндэслээд анхан шатны цагаатгах тогтоолыг хүчин төгөлдөр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Сүүлд нь хэлэхэд эцсийн эцэст явсаар байгаад мөнгө төлөх л ажил болоод дуусдаг. Тийм учраас бид зохих хэмжээнд мөнгө төгрөгийг гаргасан. Ийм учраас үүн дээр анхаарч шүүхээс анхан шатны цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна...” гэв.

 

 Шүүгдэгч Ю.Г-ын өмгөөлөгч Б.Отгончимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2 үндэслэлээр цагаатгах тогтоолыг үндэслэлгүй байна гэж үзээд прокурор эсэргүүцэл гаргасан байна. Нэгдүгээр үндэслэлийн талаар дараах няцаалтыг өгч байна. Цагаатгах тогтоолд хэрэг цагаатгасан үндэслэлээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж бичсэн байгаа. Шүүгдэгч Ю.Г, П.Б нарыг 2018 оны 08 дугаар сарын 12-ны шөнийн 05 цагийн орчимд Улаанбаатар, Сайншанд чиглэлийн суудлын 286 дугаар галт тэргийг жолоодон Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын 747 дугаар километрийн 10 дугаар зуутад аялж явах үедээ  Зам тээвэр аялал, жуулчлалын сайдын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 17.36, 17.37 мөн тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан гарт тэрэгний хөдөлгөөн удирдлагын журмын 11.19 мөн Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А99 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтад заасан журмыг зөрчсөн гэж эргэлзээгүй хөтөлбөргүй авагдсан нотлох баримтыг хэрэгт хавсаргаж чадаагүй байсан. Энэ талаар шүүгч цагаатгах тогтоолдоо дурдаж өгсөн байгаа.

 

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1874009 дугаартай шинжээч Итгэлтийн гаргасан дүгнэлт, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 186802 дугаартай Майдарын гаргасан дүгнэлт болон 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан камерын бичлэгийг хэргийн бодит байдал цугларсан нотлох баримттай хянан үзэж, харьцуулж дүгнэвэл 6 минут 08 секундэд төмөр замын ул шороо урсаж алга болсон нь машинчид харагдсан ба үүнээс өмнөх цаг хугацаанд төмөр замын машинч талын ул шороо урсаж алга болсон нь харагдах боломжгүй байсан буюу харагдаагүй байна гэж ийм дүгнэлт хийж байгаа юм. Эхний бичлэг дээр машинч нар хоорондоо юм яриад явж байдаг. Үүрийн 5 цаг болж байгаа. Хоорондоо ярилцаад, замаа хараад явж байгаа үйл баримт харагддаг. Үүнийг улсын яллагч маш сонор сэрэмжгүй явж байна гэж үзсэн. Ийм субъектив байдлаар дүгнэлт хийж орж ирж байгаа. Дараагийн бичлэг дээр яг төмөр замын машинч талын төмөр замын далан сэтэрч ус урсаж орж ирж байгаа байдал харагдана. Энэ нь саяын шүүгчийн дүгнэлт хийсэн цаг хугацааны үйл баримт болж байгаа.  Үүнийг хараад машинч өөрөө шууд босоод 2 кардаан татах үйлдэл хийдэг. Дээд талынхыг нь татаад, иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Агийн авсан зурган дээрх кардааныг 2 үйлдэл хийгээд татаж байгаа харагддаг. Үүгээрээ энэ хүн маш овсгоотой ажиллаж, маш богино хугацаанд галт тэргийг тормозын байдалд шилжүүлсэнтэй холбогдуулж галт тэрэг бүхэлдээ унаагүй. Тэр инерцээрээ явж байгаа галт тэрэг унасан бол арын вагонууд тормозоо барьж чадахгүй бүгд осолдох бөгөөд улсад болоод бусдын амь нас осолдох бүрэн эрсдэлд орох онц ноцтой аюул тулгарах байсан. Энэ нь цаг хугацааны хувьд тийм үйл баримт болсон. Дээрээс нь байгалийн гамшигт үзэгдэл болсон байгаа. Олон жилийн дунджаар хамгийн өндөр хэмжээтэй хур тунадас буусан тийм байдлыг эрүүгийн хэрэг дээр нотолж өгсөн. Энэ нь сүүлийн 50 жилтэй харьцуулж гаргасан судалгаа байна лээ. Энэ нь хэрэгт тодорхой харагдаж байгаа. Ийм байдлаас болж байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон. Үүн дээр тухайн үед ажиллаж байсан машинист овсгоо, самбаа гаргаж үр дүнтэй ажилласны улмаас улсад учирч болох их хохирол төлбөр болоод бусдын амь насыг авран хамгаалсан юм. Энэ байдлыг төр, засаг Монгол улсын Ерөнхийлөгч шударга журам медалиар шагнаж, дэмжиж энэ үйлдлийг бол гавьяа байна гэж үзсэн байгаа. Нэг цагт болсон ийм үйл баримтад нэг хэсэг нь маш сайн үйл бүтээсэн юм байна гэж дүгнэж байхад нөгөө хэсэг нь хариуцлага сонор сэрэмжгүй ажилласан юм байна гээд эрүүгийн хэрэг үүсгэж орж ирж байгаа нь учир дутагдалтай. Үүнийг бид анхааралдаа авах ёстой.

 

 Сая прокурор нотлох баримтаар аваагүй зүйлийг нотлох баримт болгоод шүүгч цагаатгах тогтоолынхоо үндэслэл болгосон нь буруу юм гэж ярьж байна. Үүнийг шалгаад өгөөч ээ, энэ тормозын байдалд кардаан татагдсан байна шүү гэдэг зүйлийн зургийг нь аваад өгсөн. Төмөр замын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч нь энэ асуудлыг нотлох баримтын хэмжээнд хүлээж аваагүй, шалгаагүй ингээд орхигдуулсан. Энэ хэрэгт 2019 оны 03 дугаар сард урьдчилсан хэлэлцүүлэг зарлагдсан. Яг энэ асуудлыг яриад эдгээр асуудлаа цэгцлээд хийгээд ороод ирээч ээ гээд нэмэлт ажиллагаанд буцаасан. Хийгдээгүй. Тэгээд бүрэлдэхүүнтэй шинжээч томилоод машинч буруугүй байна, машинч зохих журмын дагуу ажилласан байна гээд дүгнэлт гаргачихаар зохих журмын дагуу ажилласан гэсэн тэр дүгнэлтийг прокурор би нотлох баримтаар тооцохгүй гээд яллах дүгнэлтээ бичдэггүй. Ийм нөхцөл байдлууд хэтэрхий нэг талыг бариад хэн нэгэн хүнийг буруутгах гээд байгаа юм. Гэтэл үүнийг байгалийн давагдашгүй хүч гээд хүмүүс хэлээд, зарлаад хэлсэн байгаа. Энэ давагдашгүй хүчин дээр хүн яах ёстой юм бэ. Үнэхээр сонор сэрэмжгүй явсан гэдэг зүйлийг би ойлгохгүй байна. 5 цагт хоорондоо яриад явж байна гэдэг чинь харин ч маш сэргэлэн явж байгаа юм биш үү. Хүн бүрийн эд унтах цаг шдээ. Хоорондоо юу ярьсныг нь би мэдэхгүй лдээ. Гэхдээ л хоорондоо ярилцаад, дээр нь замаа хараад сууж байна. Түүнээс тэр жолоодлогыг орхичихоод босч яван цай уух зэрэг байдлаа явж байсан бол үнэхээрийн сонор сэрэмжгүй гэх хэлэхсэн гэтэл гэнэтхэн ороод ирж байгаа байхгүй юу 400 метр гэдэг чинь маш гэнэтхэн орж ирж байгаа. Цагт 500 километр цагийн хурдтай явж байгаа гарт тэргийг шууд босоод кардаан татаад 2 үйлдэл хийж байгаа байхгүй юу. Эхний кран дараагийн кран гээд 2 кардаан татаад л тэгээд харанхуйлаад л галт тэрэг унасан. Ийм л үйл явдал болсон. Тэгээд тормозын байрлалд үлдсэн ачаа унаагүй үлдсэн байгаа. Ийм учраас цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт нь баримтлаагүй зүйл хэсгийг баримтлуулж өөрчлөлт оруулаад, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээлгэх санал гаргаж байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны 2019/ШЦТ/150 дугаар цагаатгах тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Учир нь: Давж заалдах шатны шүүхээс Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн асуудлуудаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл шүүгдэгч Ю.Г, П.Б нар нь Улаанбаатар-Сайншанд чиглэлийн суудлын 286-р галт тэргийг жолоодон машинчаар ажиллаж байхдаа  төмөр замын техник ашиглалтын дүрэм зөрчсний улмаас 2018 оны 08-р сарын 12-ны өглөө үүрийн 05 цагийн орчимд Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт орших Улаанбаатар төмөр замын 747-р километрийн 10-р зуутын орчимд вагоныг замаас гарган  зорчигч С.Б, Д.Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол,  Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д 350521244 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд аюул учруулах гэмт хэргийг үйлдээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Энэ нь: Нэгдүгээрт:  2018 оны 8 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Айраг суманд орсон 82.0 мм бороо нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт”-ын “Их бороо”-ны гамшигт үзэгдлийн критери утгаас /50 мм/ давсан байгалийн давагдашгүй хүчин зүйл байсан нь дараахь нотлох баримтаар тогтоогджээ.

 

Үүнд: Цаг уур, орчны шинжилгээний газраас Дорноговь аймгийн Айраг сумын орчмоор 2018 оны 08-р сарын 11-12-нд шилжих шөнө агаарын хамгийн бага температур 13.20С дулаан, дундаж их салхи нь 6 м/с, 5 цаг 20 минутын үргэлжлэн 82.0 мм бороо орсон гэх  2018-08-16-ны 8/618 тоот албан бичиг /4-р хх-ийн 14/ ,

 

 Дорноговь аймгийн Айраг сумын орчмоор 2018 оны 08-р сарын 11-12-нд шилжих шөнө байгалийн давагдашгүй хүчин зүйл болсныг нотолсон тухай Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /4-р хх-ийн 95/, 

 

Цомог-Айраг хоорондын замын 747 км-ын 9-р зуутад төмөр замын ул шороо угаагдсан байдлыг Улаанбаатар төмөр замын Замын аж ахуйн албанаас судласан дүгнэлт /4-р хх-ийн 75-77/,

 

Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 08-р сарын 12-ны А/622 тоот захирамжаар байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумдад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тухай /4-р хх-ийн 78/ захирамж,

 

Цаг уур, орчны шинжилгээний газар 2018 оны 8 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Айраг суманд орсон 82.0 мм бороо нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “ Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт”-ын “Их бороо”-ны гамшигт үзэгдлийн критери утгаас /50 мм/ давсан байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон байна “ гэсэн албан бичгийн хуулбар /4-р хх-ийн 82/ зэргээр Дорноговь аймгийн Айраг суманд их бороо орсны улмаас байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон нь эдгээр нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Мөн шинжээч С.Майдараас гаргасан 2018-09-28-ны 18/68/02 тоот шинжээчийн дүгнэлтийн 2-р асуултын хариултад шинжээч “... гагцхүү тус хэсэгт газрын гадаргын ерөнхий хэвлийгээ даган хуралдаж урссан үерийн ус нь төмөр замын даланд хашигдаж 748-р километр талаасаа буюу урдаас хойд чиглэлд 747 дугаар километрийн 5 дугаар зуутад байрлах гүүрийг чиглэн төмөр замын далан дагаж байрлах жижгэвтэр гүвээний хэсгээр үерийн усны түвшин ихсэж төмөр замын далан дээгүүр хальснаас шалтгаалан далан үерийн усны урсгалын нөлөөлөлд орж 40-60 минут орчим хугацаанд угаагдан ойролцоогоор 12.5 см хэсэгт сэтэрсэн байна. Улмаар тус хэсэгт зам төмөр хэлхээ хөндийрөн дүүжин байдалтай үлдсэн байна гэж дүгнэж байна” гэж дүгнэснээс үзэхэд машинч нар 747-р километрийн 10-р зуутад аялж явахдаа аюул саад бий болсон гэдгийг мэдэх боломжгүй нөхцөлд осол болсон гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ю.Г, П.Б нарын жолоодож явсан Улаанбаатар-Сайншанд чиглэлийн суудлын 286-р галт тэрэг 2018 оны 08-р сарын 12-ны 05 цагийн орчимд Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт орших Улаанбаатар төмөр замын 747-р километрийн 10-р зуутад аялж явахдаа замаас гарч зорчигч С.Б, Д.Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д 350521244 төгрөгийн их хэмжээний хохирол учирсныг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2, 3-д зааснаар шүүгдэгч нарыг гэм буруугүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирол, хор уршиг учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёрдугаарт: Прокурор яллах дүгнэлтдээ 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №18/74/009 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх-120-121/, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №18/68/02 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх-123-129/, камерын бичлэгийг тус тус үндэслэн шүүгдэгч нарыг “... Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 17.36-д заасан “Галт тэрэг жолоодож яваа машинч, туслах машинчийн үүрэг: а/ Зам чөлөөтэй эсэхийг ажиглах, мөн дүрмийн 17.37-д заасан “Галт тэрэг жолоодож явахдаа дараахь үйлдлийг гүйцэтгэнэ: в/ ... саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан галт тэргийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсоох”, ... Галт тэрэгний хөдөлгөөн удирдлагын журмын 11.19-т “... аадар бороо орж байгаа үед анхаарамж ба дохио байгааг үл харгалзан зүтгүүрийн бригад нь онцгой сонор сэрэмжтэй явах ба шаардлагатай үед хурдаа бууруулж зогсоход бэлэн явна” гэснийг, мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А-99 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтад “Зам үерт автах аюултай буюу аадар бороотой үед галт тэргийг өндөр сонор сэрэмжтэй жолоодох, шаардлагатай үед зогсох хүртэл арга хэмжээ авч ажиллах ... гэж заасныг тус тус зөрчин хурдаа тохируулж, өндөр сонор сэрэмжтэй яваагүйн улмаас Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэжээ.

 

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарыг зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тогтоох талаар хангалттай шалгаж тогтоогоогүй, зөвхөн шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үндэслэсэн нь “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”,  “Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтооно“ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2-д заасантай нийцээгүй байна.

 

Тодруулбал шинжээчийн 18/74/009, 18/68/02 тоот дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулиудыг зөрчиж гарсан,  шинжээч шинжилгээг тал бүрээс нь бодитой хийх гэсэн хуулийн шаардлагуудыг тус тус зөрчиж хийгдсэн байгааг прокурор анхаараагүй байх ба энэхүү шинжээчийн дүгнэлтүүдэд үндэслэн шүүгдэгч нарыг эрүүгийн гэмт хэрэгт шууд буруутгах боломжгүй юм. Үүнд:

 

  1. Зам, тээврийн хөгжлийн яамны ХШҮДАГ-ын ЗТХХ-ийн хэлтсийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч Х.И-с гаргасан 18/74/009 тоот шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх” журамд нийцэж  гарсан гэхэд эргэлзээтэй болсон.

 

Учир нь мөрдөгчөөс 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Зам, тээвэр хөгжлийн яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн шинжээч нарыг шинжээчээр томилсны дагуу тогтоолыг шинжээч С.Майдарт танилцуулж /3-р хх-ийн 119/ тэрээр 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 18/68/02 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 123-129/-ийг гаргасан.

 

Үүний дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны ХШҮДАГ-ын ЗТХХ-ийн хэлтсийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч Х.И-с 18/74/009 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дугаар зүйлийн 3-д нийцээгүй буюу мөрдөгчөөс томилогдоогүй шинжээч дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.

 

Хэрвээ мөрдөгчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол /3-р хх-ийн 119/-ийн дагуу шинжээч С.Майдартай хамт Х.И шинжээчээр томилогдсон бол шинжээч Х.Иэд тогтоолыг танилцуулж, хуульд заасан эрх, үүргийг сануулан тогтоолд гарын үсэг зуруулах байсан боловч тийм үйлдэл хийгдээгүй,  мөн тэднийг Зам, тээврийн хөгжлийн яамны ХШҮДАГ-ын ЗТХХ-ийг төлөөлж шинжилгээ хийсэн гэж үзвэл яагаад нэгдсэн дүгнэлт гаргаагүй, тус тусдаа дүгнэлт гаргасан шалтгаан, нөхцлийн талаар мөрдөгч болон прокуророос тодруулсан зүйлгүй, мөн мөрдөгч тогтоолдоо шинжээчийн дүгнэлтийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлэхээр заасан байхад шинжээч 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дүгнэлт гаргасан зэргээс үзэхэд Зам, тээврийн хөгжлийн яамны ХШҮДАГ-ын ЗТХХ-ийн хэлтсийн хяналтын мэргэжилтэн, улсын байцаагч Х.Иийг мөрдөгчөөс томилогдсон шинжээч гэж үзэх боломжгүй байх ба түүний гаргасан дүгнэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй болно.

 

2. Шинжээч С.Майдар шинжилгээг хийхдээ осол болоход нөлөөлсөн цаг агаарын байдал, замын нөхцөл, машинчдын үйлдэл, осол болсны дараах галт тэрэгний зүтгүүрийн техникийн байдал зэрэг бүх нөхцөл байдалд тусгай мэдлэг, мэргэжлийнхээ хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийсэн нь мөн эргэлзээтэй.

 

Энэ нь шинжээч 2-р асуултын хариултад “... гагцхүү тус хэсэгт газрын гадаргын ерөнхий хэвлийгээ даган хуралдаж урссан үерийн ус нь төмөр замын даланд хашигдаж 748-р километр талаасаа буюу урдаас хойд чиглэлд 747 дугаар километрийн 5 дугаар зуутад байрлах гүүрийг чиглэн төмөр замын далан дагаж байрлах жижгэвтэр гүвээний хэсгээр үерийн усны түвшин ихсэж төмөр замын далан дээгүүр хальснаас шалтгаалан далан үерийн усны урсгалын нөлөөлөлд орж 40-60 минут орчим хугацаанд угаагдан ойролцоогоор 12.5 см хэсэгт сэтэрсэн байна. Улмаар тус хэсэгт зам төмөр хэлхээ хөндийрөн дүүжин байдалтай үлдсэн байна гэж дүгнэсэн атлаа 6-р асуултын хариултад “ осол болоход галт тэрэгний машинч нарын буруутай үйлдэл байна” гэж өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт гаргаж, байгалийн давагдашгүй хүчний нөхцөл байдлыг шинжээч дүгнэлт гаргахдаа харгалзаагүй гэж үзэхээр байна.

 

3. Шинжээч дүгнэлт гаргахдаа зүтгүүрийн кабины хяналтын камерийн бичлэгт шинжилгээ хийсэн боловч машинч нарт аюул саад харагдсанаас хойш ямар хугацаанд осол болсон, аюул саадыг харсан даруй хугацаанд зогсоох арга хэмжээ авахад галт тэрэг замаас гарахгүй байх боломж байсан эсэх талаар шинжилгээ хийгээгүй байна. Энэ нь “...шинжээчид энэ талаар асуулт тавигдаагүй ч шинжилгээ хийх явцдаа уг хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйлийг олж тогтоон дүгнэлтэд заана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 2-д заасан хуулийн шаардлага хангагдаагүй буюу осол болоход нөлөөлсөн гол шалтгаан нөхцлийн талаар шинжилгээ хийгдээгүй гэж үзэхээр байна.

 

4. Шинжээч шинжилгээ хийхдээ 747, 748-р километрийн замын нөхцлийг бүрэн судлаагүй гэж үзнэ.

 

Осол болсон 747-р километрийн зам нь өгсүүр замтай болох нь гэрч Эрдэнэбаатарын “ ... 747-р км-ын 7-р зуутад байрлах гүүрнээс эхлээд Айраг өртөө хүртэл өгсүүр замтай “ /4-р хх-ийн 205-206/,  гэрч Анхбаатарын “ ... 747-750-р км-т өгсүүр замтай,  ... 9 метр өндөрт байгаа гэдгийг заасан байгаа” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 207-208/ зэргээр тогтоогддог болно.

 

Гэтэл шинжээч замын байдлыг бодитоор нь судлалгүйгээр зөвхөн зүтгүүрийн хяналтын камерын бичлэгт үндэслэн дүгнэлтийн 6-р асуултад “Галт тэрэгний машинчийг онцгой анхааралтай яв гэж заасан 747, 748 дугаар километрийг туулж дуусаагүй байхад зүтгүүрийн хурдыг улам нэмэгдүүлсэн буруутай үйлдэл байна” гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

 

Тодруулбал: Бүрэлдэхүүнтэй шинжээч нараас гаргасан 2019 оны 05 сарын 10-ны өдрийн дүгнэлтийн 8-р хариултад : “ Галт тэрэг унасан болон машинчийн хурд нэмсэн гэх газар буюу 747 дугаар километр нь 9/2455 тэмдэглэл бүхий 9 мянганы өгсүүр зам бөгөөд уг тэмдэг байгаа хэсгээс 2455 метрийн зайд 9 метр өндөр болохыг зааж өгч байна. Зүтгүүрт байрлах хяналтын камерын бичлэгт илчит тэрэгний машинч нь хурдыг нэмж байгаа нь өгсүүр замд ачаалал өгч хурдыг тогтворжуулж байгаа үйлдэл гэж үзэж байна. Хэрэв хурд өгөхгүй бол уг замаар явахдаа галт тэрэгний хурд унаж зогсох болно. Осол болсон өдөр галт тэрэг хоцрогдолтой явсан бөгөөд “Цомог” өртөөнөөс замын орлогч /НЗД/-ын тушаалаар хоцрогдлыг нөхөж боломжтой хурдаа сонгож явах тушаал гарсан байна. Хурдыг нэмж байгаа үйлдэл нь уг галт тэрэгний хоцрогдлыг нөхөж НЗД-ын тушаалыг дагаж ажилласан гэж дүгнэж байна. /Зүтгүүр доторх болон гадны талын хяналтын камерын бичлэг, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл болон Замын-3 ангийн 747-750 хүртэлх баталсан зургаас харагдаж байна/ гэж дүгнэсэн байна.

 

Гуравдугаарт: Прокурор 2019 оны 04-р сарын 29-ны 32 тоот тогтоолоор дахин шинжилгээ хийлгэхээр Мөнгөн гүүр ХХК, Монголын төмөр зам ТӨҮГ-т 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарыг томилж, шинжээч Ю.И, Д.Д, Ё.Б нараас гаргасан дүгнэлтэд машинч, туслах машинч нарыг “Төмөр замын техник ашиглалтын дүрэм”–г зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэсэн шинжээчийн дүгнэлтийг прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ уг дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шинжээч нар дүгнэлтийнхээ үндэслэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж үзэн нотлох баримтаар үнэлэхгүй гэж үзсэн нь прокурор хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судалж үнэлэхгүйгээр хэргийн бодит байдалтай нийцээгүй зөвхөн хэт нэг талыг буюу яллах талыг баримталсан байна гэж үзэхээр байна.

 

Дөрөвдүгээрт: Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан иргэний хариуцагч нараас гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт, прокуророос нотлох баримтаар үнэлэхгүй гэж үзсэн шинжээч Ю.И, Д.Д, Ё.Б нараас гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйл, 16.10 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд гэж үнэлж, шийдвэрийн үндэслэлээ болгосон нь энэхүү хуульд заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

 

Учир нь Ю.И, Д.Д, Ё.Б нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийг прокурор өөрөө томилж дахин шинжилгээ хийлгүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан “Шинжилгээ хийлгэх журам”-д нийцэж гарсан тул уг шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримт гэж анхан шатны шүүх үнэлсэн нь үндэслэлтэй юм.

 

 Хэрэгт “УБТЗ” ХНН-ийг төлөөлж иргэний хариуцагчийн төлөөлөгчөөр Н.А, Б.Г нарыг тогтоосон /2-р хх-ийн 135-140/ ба  мөрдөн шалгах ажиллагааны үед  иргэний хариуцагч нараас хэргийн газраас баталгаажуулж авсан гар тормоз татсан гэх гэрэл зургийг буюу үүнтэй холбоотой дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан байх ба энэ талаар шинжээч Х.И-с тодруулж асуухад /3-р хх-ийн 142-143/ “...Зурган дээрээс үзэхэд бол яаралтай тоормоз хийсэн байна... “ гэсэн байхад мөрдөгч ийнхүү татгалзсан шалтгаанаа шинжээч нарын мэдүүлэгт үндэслэсэн гэсэн нь ойлгомжгүйн гадна мөрдөгч, прокурор нь энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Улмаар дээрх гэрэл зургийг үгүйсгэсэн өөр нотлох баримт  хэрэгт авагдаагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байх тул анхан шатны шүүхээс уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1-д заасан нотлох баримт гэж үнэлсэн нь мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч Ю.Г, П.Б нарыг 2018 оны 08-р сарын 12-ны 05 цагийн орчимд Улаанбаатар-Сайншанд чиглэлийн суудлын 286-р галт тэргийг жолоодож Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт орших Улаанбаатар төмөр замын 747-р километрийн 10-р зуутад аялж явахдаа вагоныг замаас гарган зорчигч С.Б, Д.Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д 350.521244 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь их бороо орж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас машинч нарын үйлдэл нь нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах боломжгүй нөхцөлд үүссэн тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2, 3-р зүйлүүдэд зааснаар Ю.Г, П.Б нарыг гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан гэж үзэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бий болсон гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ю.Г, П.Б нарыг Төмөр замын техник ашиглалтын дүрэм зөрчсний улмаас вагоныг замаас гарган  зорчигч С.Б, Д.Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол,  Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д 350.521244 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд аюул учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй байна гэж анхан шатны шүүхээс үзэж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болсон тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч У.Э оролцож, ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо шийдвэрлүүлэхийг хүссэн ба анхан шатны шүүх иргэний хариуцагч нарыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, иргэний нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх боломжийг олгож, нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т нийцсэн.

 

Иймд иргэний нэхэмжлэгч У.Э нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй юм.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/150 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                   Х.БАЙГАЛМАА

 

                                                                                                        А.САЙНТӨГС