Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/133

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч Д.Баянмөнх

Гэрч Р.Батзаяа, Б.Уранцэцэг

Хохирогч А.Мөнхтуяа, түүний өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүгдэгч Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал, тэдний өмгөөлөгч М.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баянмөнхөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баатарын Энхжаргал, Шарайд овогт Нарангэрэлийн Тэгшжаргал нарт холбогдох эрүүгийн 2121000100211 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Талын таван өндөр трейд ХХК-д барилгын даамал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 52-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Баатарын Энхжаргал /РД: СК90032115/.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 52-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Шарайд овогт Нарангэрэлийн Тэгшжаргал /РД: ЖЬ87082863/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Р.Батзаяагийн өмчлөлийн “Бичил глобус финанс” банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байсан 84-56 ДОА улсын дугаартай приус-30 маркийн автомашиныг өөрийн өмчлөлд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зээлээр худалдах, худалдан авах гэрээгээ халхавчлан, итгэл эвдэх аргаар иргэн А.Мөнхтуяагаас 5,000,000 төгрөг, 90-33 ДОА улсын дугаартай приус-11 маркийн автомашиныг шилжүүлэн авч залилан бусдад 9,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Энхжаргал шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Н.Тэгшжаргал шүүх хуралдаанд: “Надад ч гэсэн нэмж мэдүүлэх зүйл байхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Хохирогч А.Мөнхтуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би анх 2019 оны 12 дугаар сард фэйсбүүк үзэж байхад хувь лизингээр машин зарна гэсэн зар байхаар нь холбогдож Тэгшжаргалтай ярьсан. Тэгээд тухайн машиныг хэрхэн зарах талаар асуухад урьдчилгаа 5,000,000 төгрөг өгөөд, үлдэгдлийг нь хувь лизинг хийнэ гэхээр нь би машиныг чинь сонирхъё маргааш уулзъя гэж тохирсон. Маргааш нь 5 цаг өнгөрч байхад 5 дугаар сургуулийн хойно уулзахаар болсон. Тэр үед Тэгшжаргал  84-56 дугаартай машинаа бариад ирсэн. Би приус-11 машинтайгаа очсон. Дараа нь Энхжаргал алхаж ирээд бид 3 хоорондоо ярилцаад 13,000,000 төгрөгт машиныг нь авахаар тохиролцсон. Тэгээд би 5,000,000 төгрөгийг бэлэн өгье, харин үлдэгдэлд нь машинаа оролцуулж болох уу гэхэд тэгье, болно гэсэн. Та машинаа хэд гэж байгаа юм гэхээр нь 5,000,000 төгрөг гэхэд эгчээ 4,500,000 төгрөгөөр тохиръё гэж хэлэхээр нь за за тэгээ гээд маргааш машинаа шилжүүлэх талаараа ярилцъя гээд салсан. Маргааш өглөө нь 10 цаг өнгөрөөгөөд бид нар 51 дүгээр байрны нотариат орж банк бусын нэр дээр байгаа машиныг шилжүүлж болох уу гэж асуухад болохгүй, та нар өөрсдөө хувь гэрээгээ хий гэсэн. Тэгээд бид нар буудлын кофе шоп ороод гэрээгээ хийж байхад утас нь чөлөө зайгүй дугараад байсан чинь Тэгшжаргал татвараас татвараа төл гээд залгаад байх юм. Миний татварын жилийн орлого 50,000,000 төгрөг хэтэрчихсэн болохоор татвараас байн байн залгаад байна гэж хэлээд баахан машины гэрээтэй ирчихсэн, тэр гэрээнүүдээ надад харуулахаар нь би үнэхээр л ченж юм байна гэж ойлгосон. Тэр үед бид 2 машин оруулж ирдэг, Энхжаргалын ах гаалийн байцаагч хийдэг бид 2 машин оруулж ирэхэд нь тусалдаг гэж хэлсэн. Одоо гааль дээр 2 машин ирчхээд гаалийн татварыг төлөх гээд мөнгө дутаад байхаар нь энэ машинаа зарж байгаа юм. Аймагт нэг акуа, нэг приус-20 машин зарсан гэж хэлсэн. Тэгээд би захын хойд талын Хаан банкны АТМ-с энэ хоёр руу мөнгө шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлээд гараад захын хойноос урагшаа явж байхад эгч ээ ийм акуа оруулж ирж зарсан гээд цэнхэр өнгийн акуа машин заасан. Одоо машин орж ирэхдээ дандаа банк бусаар дамжиж орж ирдэг гэж хэлэн надад итгүүлж байсан юм. Хэрвээ тэр үед энэ 2 тухайн машиныг Батзаяагийн нэр дээр байгаа гэж хэлсэн бол би авахгүй байсан. Анх надад Батзаяагийн нэр дээр байгаа гэж хэлээгүй ба банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг гэхэд нь би орж ирж байгаа машин болгон банк бус санхүүгийн  байгууллагын нэр дээр байдаг л юм байна гэж ойлгож тэр машиныг авсан. Тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа намайг машинаа цэвэрлэж байхад Батзаяа гэдэг хүний нэртэй тээврийн хэрэгслийн гэрчилгээ гарч ирсэн. Тэгээд энэ юун хүн бэ? юун Батзаяа вэ гэж утсаар яриад нөхөртэйгөө очиж уулзсан. Тэгээд нэг бол энэ машинаа миний нэр дээр шилжүүлж өг эсвэл болъё би  мөнгөө буцааж авъя гэхэд эгчээ та 7 хоног хүлээчих дор нь шийдээд өгнө гэсэн. Тэгэхээр нь 7 хоног хүлээгээд холбогдоход та нэг сар хүлээчих гэсэн. Өчнөөн уулзахад надад худал хэлж,  намайг хуурсаар өдий болтол явсан. Би энэ хугацаанд хохироод үлдэж байна. Надад 3 сая төгрөгийг өчигдөр өгсөн. Тэрнээс биш 500,000, 300,000 гээд уван цуван мөнгө хийгээд намайг машин ч үгүй, мөнгө ч үгүй болгочиж байгаа юм...” гэв.

Гэрч Р.Батзаяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би энэ машиныг анх Улаанбаатар хотоос 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр худалдаж аваад, өөрийн нэр дээр даатгалын гэрээгээ хийгээд Дорнод аймагт ирж Бичил глобус финанс ББСБ-д  12,500,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан.  Тухайн машиныг Тэгшжаргал, Энхжаргал нарт 2019 оны 09 дүгээр сарын 15-ны үеэр худалдахад 11,900,000  орчим төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон байсан. Тэгшжаргал, Энхжаргал бид гурав тухайн машиныг худалдахдаа хоорондоо гараар бичсэн гэрээ хийж, бэлэн 2 сая төгрөгийг өгч, 2019 онд багтаж зээлийг төлж дуусгахаар тохиролцсон. ...Тухайн үед Тэгшжаргалтай хамт банк бус дээр очиж зээл судлуулах гэтэл энэ хүн дээр зээл гарахгүй гэдгийг мэдээд тэгээд шилжүүлэх боломжгүй гэхээр нь 2019 ондоо багтааж зээлээ хаая гэдэг зүйл яригдсан. Тэгээд энэ 2 машины зээлийг 2019 онд багтаж төлж чадахааргүй болсон талаараа надад 12 дугаар сарын 15-ны өдөр утсаар залгаж хэлсэн. Би машинаа шүүгдэгч нарт худалдсан талаараа Бичил глобус финанс ББСБ-д 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр  мэдэгдэхэд намайг хүсэлт өгчих гэсэн боловч сүүлд энэ асуудал үүссэнээс хойш татгалзсан. Татгалзсан талаараа албан ёсоор надад мэдэгдээгүй. ...2019 оны 12 дугаар сарын 15-наас нэг хоёр хоногийн өмнө банк бусаас над руу чиний машиныг Уранцэцэг гэдэг хүнд зарсан гээд  хүн яваад байна. Тэгэхээр нь чиний дугаарыг өгчихлөө, юу болоод байгаа юм бэ гэж ярьсан юм. Тэгээд би Тэгшжаргал, Энхжаргал нар руу залгасан чинь наад хүнд чинь би өөр машин зарж байгаа юм аа, чиний машиныг зүгээр харуулсан юм гэж ярьсан ...шүүгдэгч нар нь 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнөх хугацаанд над руу өдрийн 30,000 төгрөг хийдэг байсан. Миний хувьд тэр мөнгийг нь удаасан асуудал байгаа. Гэхдээ тэр төлөлтийг бүгдийг нь хийсэн. ...Тэгээд 2020 оны 04 дүгээр сард зээл төлөгдөхгүй байна гэж над руу 1 удаа ББСБ-с ярьж байсан. Шүүгдэгч нарын хувьд тухайн машиныг А.Мөнхтуяа гэдэг хүнд зарсан талаараа надад хэлээгүй ба би 2020 оны 07 дугаар сард энэ тухай мэдсэн. ...10 дугаар сарын 01-ний өдөр Бичил глобусын хуулийн хяналтын газраас над руу залгаад машиныг чинь хураалаа, зах зээлийн үнэлгээгээр нийт 10 сая орчим төгрөг болно. Чиний үлдэгдэл 2 сая гаран төгрөгийг чамаас нэхэмжилнэ, эсвэл чи зээлээ хаа гэсэн. Тухайн үед Нямбаяр гэдэг хүн нь эсвэл чи өөрөө авч яваад зарчих гэхээр нь би машиныг авч яваад 12,000,000 төгрөгөөр зарж зээлийг хаасан. Миний хувьд иргэний шүүхээр шийдвэрлэсэн бүх төлбөрийг төлж барагдуулсан...” гэв.

Гэрч Б.Уранцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр машин худалдаж авахаар фэйсбүүкээр машин харж байгаад хувь лизингээр машин худалдана гэсэн зарын дагуу Тэгшжаргалтай холбогдож, приус-30 маркийн машиныг үзэхээр нөхөртэйгөө хамт Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгийн тэнд очсон. Тэгээд үзээд байж байхад орой болсон байсан учир маргааш дахиж уулзаж үзэхээр болоод ярьж байтал эгчээ зээл төлөх гээд 500,000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би тухайн мөнгийг нь шилжүүлэх гэтэл манай нөхөр 500,000 төгрөгийн араас хөөцөлдөж байхаар 5,000,000 төгрөг хийчихье гээд хийх гэтэл арай хүрэхгүй байсан тул 4,700,000 төгрөгийг өгсөн. Тэгээд маргааш нь уулзаж надад машинаа худалдахаар гэрээ хийхээр тохирсон юм. Тухайн үед Н.Тэгшжаргал нь өөрийгөө машин оруулж ирдэг, дэлгүүр ажиллуулдаг, хувь лизингээр машин зардаг гэх утгатай зүйлс ярьж байсан. Тэгээд маргааш нь эгчээ Хэнтий аймаг руу буяны ажлаар явахаар боллоо гэж байсан.  Тэгэхээр нь би тэр машинаа Хэнтий аймаг руу аваад явсан гэж ойлгосон байсан. Тэгтэл манай дүү та мөнгөө өгчхөөд машинаа авахгүй юм уу гэхээр нь Хэнтий аймаг руу буяны ажилд явчихсан, ирээд уулзана гэсэн гэхэд тэр машин чинь Дорнодод явж байна гэж хэлэхэд нь ББСБ руу орж асуутал машин маань банк бусын нэр дээр байдаг гэдгийг мэдсэн. ...Тэгээд Тэгшжаргалтай утсаар холбогдоход тэр машин ахынх нь машин байсан болохоор зарагдах боломжгүй болчихлоо,  гааль дээр машин буутал та түр хүлээх боломж байна уу гэхээр нь би хөдөөнөөс ирсэн болохоор хүлээх боломжгүй гэж хэлсэн. ...би энэ хоёр руу залгаад утсаа авахгүй байхаар нь ер нь бүтэхгүй зүйл болчихлоо гээд мөнгөө нэхэж эхэлсэн. Тэгээд миний мөнгийг 4-5 хоногийн дараа дансаар шилжүүлж өгсөн...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Тоёота приус-11 маркийн 90-33 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Энхжаргал гэдэг залуугаас 5,200,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед фейсбүүкээрээ уг машиныг зарна гэсэн зар тавьсан байсан болохоор зарын дагуу худалдаж авсан. Эхлээд 2,500,000 төгрөг бэлнээр шилжүүлж үлдэгдэл мөнгийг нь сар болгон 500,000 төгрөгөөр өгөхөөр болсон. Тухайн үед надад уг машиныг зарахдаа манай эгчийн машин байгаа юм, ямар нэг асуудал байхгүй, мөнгөө шилжүүлж дуусах юм бол гэрчилгээг нь шилжүүлээд өгчихнө. Би өөрөө хэрчсэн гурилын үйлдвэр ажиллуулж, гурилаа тараахад ашигладаг машин, мөнгөний хэрэг гараад зарж байна гэж хэлсэн. Ингээд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл мөнгийг шилжүүлж дуусгаад гэрчилгээгээ нэр дээр шилжүүлэх гэж Энхжаргалын гар утас руу залгасан чинь холбогдох боломжгүй болохоор нь машины даатгалын дэвтрийн ард Мөнхтуяа гэдэг хүний гар утасны дугаар байхаар нь залгаж машинаа шилжүүлэх гэсэн юм, та хаана байна вэ гэж асуусан чинь наад машин чинь асуудалтай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112/

Гэрч Г.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Р.Батзаяа нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 84-56 ДОА улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан унаж явах нөхцөлөөр 12,250,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан авсан. ...Ингээд зээлдэгч Батзаяа сарын төлөлтийн хугацааг 2019 оны 11 дүгээр сард хоцроосон болохоор очиж уулзахад Тэгшжаргал гэдэг хүнд зарчихсан байсан. Энэ талаар манай байгууллагад мэдэгдээгүй байсан. Батзаяа нэг сарын дотор зээлээ бүрэн төлж хаалгуулна гэсэн боловч 12 дугаар сард төлөлт хийхгүй, зээлээ барагдуулахгүй байсан тул түүнийг гар утсаар дуудаж уулзаад зээлээ хаах талаар хэлэхэд Тэгшжаргал гэх эмэгтэй хүнтэй хамт ирээд дахин хугацаа хоцроохгүй, Тэгшжаргал сар бүрийн төлөлтийг хийж явна гэж өргөдөл бичиж өгсөн. ...2020 оны 07 дугаар сарын төлөлтөөс хойш сарын төлөлтийн хугацаа хоцорсон тул тухайн тээврийн хэрэгслийн жолоочтой уулзсан чинь Тэгшжаргал гэдэг хүнээс Мөнхтуяа гэдэг эмэгтэй худалдаад авчихсан байсан. Мөнхтуяа гэдэг хүнд тухайн тээврийн хэрэгслийг зарсан болохыг огт мэдээгүй байсан бөгөөд машин хурааж авах үед мэдсэн. Би тухайн үед ээлжийн амралттай байсан болохоор манай захирал Б.Нямбаяр хураан авсан байсан. ...Тэгшжаргал гэх эмэгтэй анх Батзаяатай ирж уулзахдаа зээл авч машины үлдэгдэл зээлийг хаана гэж хэлж байсан болохоор сар бүр Батзаяа, Тэгшжаргал хоёрт зээл хаах талаар утсаар байнга мэдэгддэг байсан. Гэтэл энэ байдлаас үзэхэд 2019 оны 12 дугаар сард Батзаяатай ирж уулзах үедээ тухайн тээврийн хэрэгслийг Мөнхтуяа гэх хүнд худалдан борлуулчихсан байна. Уг мөнгөөрөө зээл хаах боломж байсан боловч хаалгүй, сар бүр заавал, нэхүүлж шаардуулж байгаад төлдөг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-115/

"...Манай компанийн 5034977208 дугаарын данс зээлийн эргэн төлөлтийн мөнгө авдаг данс байгаа юм. 2020 оны 05 дугаар сарын 26, 6 дугаар сарын 30, 8 дугаар сарын 06-нд төлөгдсөн 84-56 ДОА Батзаяа гэх утгатай 623,000 төгрөгийг хэн төлснийг мэдэхгүй. Манай компани зээлдэгч нараас зээл төлөлтийн мөнгийг зөвхөн дансаар авдаг. Манай компанийн зүгээс төлөгдсөн зээлийн дүнг Батзаяа, Энхжаргал, Тэгшжаргал нарын хэнийг нь тушаасан гэж нарийвчлан гаргах боломжгүй, их олон данснаас 84-56 ДОА машины зээл төлөлт тушаагдсан байгаа..." гэх мэдүүлэг /4-р хх-ийн 102-р хуудас/

Иргэний хариуцагч Б.Нямбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тоёота приус-30 маркийн 84-56 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Батзаяа 2019 оны 06 дугаар сард манай байгууллагын зээлээр 12,250,000 төгрөгөөр худалдан авсан юм. Ингээд 2020 оны 08 дугаар сард үндсэн зээлдэгч Батзаяа миний машиныг зарчихсан байна. Би зарсан хүнийг нь хайж олъё гэж хэлсэн юм. Энэ өдрөө Батзаяа надтай яриад Мөнхтуяа гэдэг хүнтэй Бумбат хорооллын урд байна. Хүрээд ирэх үү гэж хэлсэн болохоор менежер Дөлгөөний хамтаар очиж Мөнхтуяа гэдэг хүнтэй уулзахад би энэ машиныг мөнгөө төлж авсан шүү дээ. Юу болоод байгаа юм бэ гэж хэлэхээр нь хэн гэдэг хүнээс авсан талаар асуухад Тэгшжаргал гэдэг хүнээс худалдаж авсан гэсэн. Тэр өдрөө Тэгшжаргалтай очиж уулзахад манайх Мөнхтуяа гэдэг хүнд машинаа зарчихсан. Зээлээ төлөөд явж байхад хэвийн биз дээ гэж асуухад нь хугацаа хоног чинь хоцорчихсон яваад байна. Одоо дам дамандаа 3-4 хүнд машин зарагдчихсан байна. Та нарын хоорондоо хийсэн наймааг мэдэхгүй байна. Зээлийн гэрээний дагуу машиныг чинь түр зогсоолд байршуулъя. Зээлээ хэвийн болгоод машинаа хэн нь авдаг юм тэр хүн нь аваарай гэж хэлсэн. Энхжаргал, Тэгшжаргал 2 Хэнтий аймаг явж мөнгө аваад зээлээ төлнө, тэр болтол Мөнхтуяа эгчид өгч байж болохгүй юу гэж хэлж байсан. Энэ үеэс хойш Энхжаргал, Тэгшжаргал хоёр мөнгө төлөөгүй. Мөнхтуяа эгч хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгнө, машин хэрэгтэй байна гэж гуйгаад байсан болохоор нь 2 хоногийн дараа буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119/

“...Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нарт буцааж төлөх мөнгөний маргаан иргэний шүүхээр шийдвэрлэгдээд манай компани буцаан төлөх ёстой мөнгийг давж заалдах шатны шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоосон бөгөөд буцааж төлөх ёстой 2,954,000 төгрөгийг манай компани ...Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нарт буцаан төлсөн...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 146-147/

Шүүгдэгч Н.Тэгшжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Нөхөр бид хоёр Батзаяагаас анх 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Тоёота приус-30 маркийн 84-56 ДОА улсын дугаартай автомашиныг 14,800,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Тухайн үед би Батзаяад урьдчилгаа 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг нь өдөр бүр 30,000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр Батзаяатай тохиролцсон. Ингээд Батзаяагийн Хаан банкны ...данс руу нийт 1,500,000 төгрөгийг өөрийн  данснаас хийсэн. Мөн Батзаяа нь манай нөхрөөс болон манай ажил дээр ирж өдрийн 30,000 төгрөгийг бэлнээр  авч байсан хэд хэдэн тохиолдол бий. ...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн би Батзаяагийн Бичил глобус финанс ББСБ-с зээлээр авсан 84-56 ДОА улсын дугаартай приус-30 маркийн машины зээлийг төлж эхэлсэн. Тухайн компанийн зээл төлөлт хураан авдаг 5034977208 тоот данс руу би өөрийнхөө Хаан банкны 5959124827, Төрийн банкны 401085645 тоот данс болон нөхрийн найз С.Гантулгын 5420283461, ажлын газрын эгчийн охин болох Ж.Халиунаагийн 5069316317, хадам ээж Ж.Чулуунцэцэгийн 5954062228, охин А.Хэрлэнгийн Төрийн банкны 26000038460 данснаас мөнгө шилжүүлж, мөн Хаан банкны теллер дээр 3 удаа мөнгө тушааж нийт 4,738,000 төгрөгийг Батзаяагийн зээлд төлсөн байна. Батзаяад өгсөн мөнгөн дүн, төлсөн зээлийг нэмж тооцвол 2,000,000+1,500,000+343,000+4,738,000=8,581,000 төгрөг болж байна. Би иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр Батзаяагаас 3,800,000 төгрөг, Бичил глобус финанс ББСБ-с 2,954,000 төгрөгийг гаргуулж авсан. Өөрөөр хэлбэл 8,581,000 төгрөгөөс 6,754,000 төгрөгийг авч үлдэгдэл 1,827,000 төгрөгийг Батзаяагаас авах дутуу байна. ...А.Мөнхтуяад 84-56 ДОА улсын дугаартай приус-30 маркийн машиныг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 13,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцож, наймаа хийгээд урьдчилгаа болгож түүнээс 5,000,000 төгрөг бэлнээр авч, түүний унаж явсан саарал өнгийн 90-33 ДОА улсын дугаартай приус-11 маркийн машиныг 4,500,000 төгрөгт бодож аваад үлдэгдэл 3,500,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр 7 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон байсан. А.Мөнхтуяагийн 90-33 ДОА дугаартай приус-11 маркийн машиныг манай нөхөр Г.Мөнхбаяр гэх хүнд 5,200,000 төгрөгөөр зарсан бөгөөд тухайн мөнгийг бүрэн авсан...” гэх мэдүүлэг  /4-р хх-ийн 132-135/

Шүүгдэгч Б.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...А.Мөнхтуяад 84-56 ДОА улсын дугаартай приус-30 маркийн машиныг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 13,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцож, наймаа хийгээд урьдчилгаа болгож түүнээс 5,000,000 төгрөг бэлнээр авч, түүний унаж явсан саарал өнгийн 90-33 ДОА улсын дугаартай приус-11 маркийн машиныг 4,500,000 төгрөгт бодож аваад үлдэгдэл 3,500,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр 7 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон байсан. А.Мөнхтуяагийн 90-33 ДОА дугаартай приус-11 маркийн машиныг би Матад сумын Г.Мөнхбаяр гэх хүнд 5,200,000 төгрөгөөр зарсан бөгөөд тухайн мөнгийг бүрэн авсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 138-141/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 28/

-  А.Мөнхтуяагийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хх-ийн 29/

- А.Мөнхтуяа, Н.Тэгшжаргал нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, хавсралт /1-р хх-ийн 36-40/

- А.Мөнхтуяагийн Дорнод аймгийн прокурорын газарт гаргасан гомдол /1-р хх-ийн 50-52/

- Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 53-54/

- Н.Тэгшжаргалын Хаан банкны 5959124827 тоот дансны хуулга /1-р хх-ийн 60-62,  240-243, 2-р хх-ийн 01-16/

- Н.Тэгшжаргал, Б.Энхжаргал нарын зээлийн мэдээллийн сангийн лавлагаа /1-р хх-ийн 68-70/

- Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, хавсралтууд /1-р хх-ийн 74-78/

- Хохирогч А.Мөнхтуяагийн мэдүүлэг /1-р хх-ийн 81-84/

- Гэрч Р.Батзаяагийн мэдүүлэг /1-р хх-ийн 103-108/

- Гэрч Б.Уранцэцэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 122-124/

- Б.Энхжаргалын газар болон газраас бусад үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй талаарх улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг /1-р хх-ийн 143/

- Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-ийн 144-152/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 153, 159/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 155-158, 162-174/

- Дорнод аймгийн автотээврийн төвөөс ирүүлсэн албан бичиг /1-р хх-ийн 176-178/

- Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нараас сар бүр тушаасан мөнгөн дүнгийн жагсаалт /1-р хх-ийн 217/

- Б.Уранцэцэгийн мөнгө шилжүүлсэн баримт /1-р хх-ийн 220/

- Р.Батзаяагийн зээлийн гэрээ, зээл хүсэгчийн анкет, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1-р хх-ийн 222-227/

- Н.Тэгшжаргалын Бичил глобус финанс ББСБ-д орлого төлж байсан баримтууд /2-р хх-ийн 17-18/

 - Эд зүйлийг хэрэгт тусгах тухай прокурорын тогтоол, хавсралтууд /4-р хх-ийн 16-47/

- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 95-99/

- Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгай тухай мөрдөгчийн тогтоол, хавсралтууд /4-р хх-ийн 116-118/

- Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 148-150/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс хохирол төлбөрөө 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн 1 хуудас хүсэлт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Р.Батзаяагийн өмчлөлийн Бичил глобус финанс банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байсан 84-56 ДОА улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг өөрийн өмчлөлд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан, итгэл эвдэх аргаар хохирогч А.Мөнхтуяагаас бэлнээр 5,000,000 төгрөг, түүний эзэмшлийн 90-33 ДОА улсын дугаартай приус-11 маркийн автомашиныг 4,500,000 төгрөгөөр үнэлэн шилжүүлэн авч залилан бусдад 9,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал, хохирогч А.Мөнхтуяа, гэрч Р.Батзаяа, Б.Уранцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.Дөлгөөн, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхбаяр, иргэний хариуцагч Б.Нямбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, А.Мөнхтуяагийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл, А.Мөнхтуяа, Н.Тэгшжаргал нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, гэрээний хавсралт, Б.Уранцэцэгийн мөнгө шилжүүлсэн баримт, Р.Батзаяагийн зээлийн гэрээ, зээл хүсэгчийн анкет, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хаан банкны депозит дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч нар нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан, итгэл эвдэх аргаар залилах гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул шүүгдэгч нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нарыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан, итгэл эвдэх аргаар залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Улсын яллагч нь шүүгдэгч нарт тус бүр 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах ялын санал, шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт торгох ял оногдуулах ялын санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авч Боржигон овогт Баатарын Энхжаргал, Шарайд овогт Нарангэрэлийн Тэгшжаргал нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “..., түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Бичил глобус финанс ББСБ-ын Дорнод салбарын захирал Г.Нямбаярыг иргэний хариуцагчаар татсан байх бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанаар  иргэний хариуцагчтай холбоотой асуудлыг энэ хэрэгтэй хамтад нь шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Мөнхтуяагийн эд хөрөнгөд 9,500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.  

Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирогчид нийт 6,500,000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул үлдэгдэл 3,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч А.Мөнхтуяад олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Баатарын Энхжаргал, Шарайд овогт Нарангэрэлийн Тэгшжаргал нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зээлээр худалдах худалдан авах гэрээгээр халхавчлан итгэл эвдэх аргаар бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баатарын Энхжаргал, Нарангэрэлийн Тэгшжаргал нарыг тус бүр 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхжаргал, Н.Тэгшжаргал нараас 3,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Энхжаргалаас 1,500,000 төгрөг, шүүгдэгч Н.Тэгшжаргалаас 1,500,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч А.Мөнхтуяад олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчид 6,500,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА