Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023ШЦТ/09

 

 

 

 

 

 

  2023         01             11                                             2023/ШЦТ/­­­­09                                               

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г

Шүүгдэгч: Т.Ш /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т Ш холбогдох 2029001440123 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, Т ХХК-д машинч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин 5-22 тоотод түр оршин суух /Үндсэн захиргаа: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 13-р хороо, 5б-10г-1 тоот/, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т Ш /РД:ЗЮ83011475/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Ш нь 2020 оны 05 дугаар сарын сүүлээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хөлсөөр машин харах ажил хийдэг байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулж үлдээсэн эд хөрөнгө болох “Т Ш” ХХК-ний эзэмшлийн 24-73 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс аппаратур 1ш, турбин 1ш, старчер 1ш, аккумлятор 2ш, кардан гол 1ш, дугуй 1ш зэрэг эд ангиудыг завшиж 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ш нь мэдүүлэхдээ: “Би Цагаан хаданд машин харж байсан. 24-73 ӨМӨ улсын дугаартай машин манай гадаа үлдээд бусад нь явсан. Тэр өдөр нь Увс аймгийн нэг ах хүүтэй танилцаж ганц нэг юм уусан. Машин нь уртад явж байгаад эвдрээд ерөөсөө явахгүй байна. 2, 3 уртад яваад ирье, чи машин харж байгаа бол энэ машинаас юм тавиад өгчих гэсэн. Тэгээд би дугуй, аппаратур, хоёр аккумлятор, стартер тавьж өгсөн. Надад 250.000 төгрөг өгөөд уртад 2 удаа явж ирээд ёндоо нь өгнө гэсэн. Тэгээд аваад тэр чигээрээ байхгүй болсон. Ийм л юм болсон.” гэв.

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-30-р хуудас/

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А: “... Манай компанид учирсан 3.050.000 төгрөгийн хохирлоос 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1.500.000 төгрөгийг Хаан банкны 5022424940 тоот данс руу хийж, 50.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. Үлдсэн 1.500.000 төгрөгийг Т.Ш 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай компанийн данс руу төлж барагдуулахаар тохиролцсон байгаа...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 158-р хуудас/

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Б: “... Т.Ш бид хоёр хамт байрлаж ажилладаг байсан. Бид хоёр нүүрс тээвэрлэдэг машин хардаг байсан. 5000-7000 төгрөгөөр хардаг байсан... Би Улаанбаатар хот руу 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүүхдийн хамт такси барьж ирсэн бөгөөд сүүлд сонсохдоо Ш нь харж хоносон машины эд ангийг зарсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53-р хуудас/

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Х: “...Манай компанийн эзэмшлийн 24-73 ӨМҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл нь цагаан хадны богинын тээвэр явдаг шороон замын хажууд эд анги тоногдсон байдалтай олдсон. ...2020 оны 02 сарын эхээр өвчин гарсантай холбогдуулан жолоодож явсан жолооч нь машинаа айлд харуулж үлдээгээд явсан байсан. ...Аппартур 1ш, турбина 1ш, старчер 1ш, аккумлятор 2ш, кардан гол урт 1ш, дугуй 1ш алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 54-55-р хуудас/

                  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Б: “...би тухайн машиныг ...корона вирус гараад хил хаасантай холбоотойгоор тухайн жолоодож байсан 24-73 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ шороон замын хажууханд машин харж байсан Ш гэх айлд харуулахаар үлдээсэн. ...би машинаа хүлээлгэж өгөөд машин харж байсан хүмүүсийн дугаарыг хятад талын хөтөчдөө өгөөд тэгээд явсан. Намайг хүлээлгэж өгөх үед 24-73 ӨМҮ машины бүх зүйл бүрэн бүтэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59-р хуудас/

                  Х Э ХХК-ний 2020.07.21-ний өдрийн 01/49 дугаартай “....нийт 3.050.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 64-р хуудас/

     Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Т.Ш: “... Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэх газар ...манай гэр байсны хажууханд 1 нүүрс тээврийн шланз орж ирээд зогсчихсон архи ууж байсан. Тэгэхээр нь тэд нар дээр очоод 1 шил 0,5 гр-ын хараа архиа гаргаад хувааж уугаад тэгээд ...4-үүлээ нэмж архи уугаад манай гэрт хоносон. Тэгээд өглөө босоод ...Увсын залуу нь "чи надад наад машиныхаа аппартур, турбина, бас нэг запас дугуй, 2 аккумлятор, кардон гол, старчерыг нь өгчих. Би нэг уртад явж ирээд буцаагаад өгье” гэж хэлсэн. Тэгээд “би чамд ёндоог нь өгье” гэсэн. “Тэгвэл яахав тэг тэг” гээд хэлсэн чинь надад 250.000 төгрөг 1 шил экс нэртэй архи өгсөн. Тэгэхээр нь би тайлж өгөөд явуулсан. ...Батбаяр нь 2020 оны 02 дугаар сард карантилсантай холбоотойгоор авч ирж манай гадаа үлдээсэн... нэг Өвөрмонгол хүнтэй яриад өдрийн 7000 төгрөгөөр харахаар тохиролцсон...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 70-72-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Ш-г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

         Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Ш нь 2020 оны 05 дугаар сарын сүүлээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хөлсөөр машин харах ажил хийдэг байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулж үлдээсэн эд хөрөнгө болох “Т Ш” ХХК-ний эзэмшлийн 24-73 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс аппаратур 1ш, турбин 1ш, старчер 1ш, аккумлятор 2ш, кардан гол 1ш, дугуй 1ш зэрэг эд ангиудыг завшиж 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Ш нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Т.Ш-ын 2020 оны 05 дугаар сарын сүүлээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хөлсөөр машин харах ажил хийдэг байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулж үлдээсэн эд хөрөнгө болох “Т Ш” ХХК-ний эзэмшлийн 24-73 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс аппаратур 1ш, турбин 1ш, старчер 1ш, аккумлятор 2ш, кардан гол 1ш, дугуй 1ш зэрэг эд ангиудыг завшиж 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ш нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад 3,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

“Х” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/49 дугаар шинжээчийн дүгнэлтээр “Т ш” ХХК-ийн хохирлын үнэлгээ нь 3,050,000 /гурван сая тавин мянга/-н төгрөгөөр тогтоогджээ. /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/

Шүүгдэгч Т.Ш-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч “Т Ш” ХХК-д 3,050,000 /гурван сая тавин мянга/-н төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна.

 Шүүгдэгч Т.Ш нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирол төлбөрт 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн болох нь хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 198 дугаар хуудас/

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь: “... манай компанид учирсан 3.050.000 төгрөгийн хохирлоос 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1.500.000 төгрөгийг Хаан банкны 5022424940 тоот данс руу хийж, 50.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан ...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Т.Ш-ыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:                    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Т.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Ш нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.Ш-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Шинэбаярт 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, 2-т “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Т.Ш-ын цагдан хоригдсон 29 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон, оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 232 цагийн ялыг хасаж, түүний эдлэх ялыг 88 /наян найм/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Ш нь яллагдагчаар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 29 хоног цагдан хоригдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Ш-ыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Б овогт Т-н Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Шинэбаярт 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-ын цагдан хоригдсон 29 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон, оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 232 цагийн ялыг хасаж, түүний эдлэх ялыг 88 /наян найм/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч Т.Ш нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д  3,050,000 төгрөгийг нөхөн төлсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.БАТМӨНХ