Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0458

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003008 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 404 дүгээр шийдвэр

Гомдол гаргагч: “С” ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, О.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2021/0665/З

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Гомдол гаргагч “С” ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003008 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.   

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 404 дүгээр шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.2 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 10.2 дугаар зүйлийн 5, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг баримтлан гомдол гаргагч Сод монгол групп ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003008 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. “...Уг хэрэг маргааныг Монгол Улсын дээд шүүх хяналтын журмаар хэлэлцэж 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2025/0031 тоот тогтоолоор “Энэ хэргийн тухайд, маргаан бүхий актыг дүгнэхэд үндэслэл болсон улсын байцаагчийн дүгнэлт, үүнтэй нэхэмжлэгч болон хяналт шалгалтад хамрагдсан бусад хуулийн этгээдүүдийн маргасан хэргийн шийдвэр ач холбогдолтой. Учир нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт болон энэ хэргийн маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн харилцан уялдаа холбоог тогтоож эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна” гэж анхан шатны шүүхэд хэргийг буцаасан байдаг. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт “тусгайлан кодолж ирүүлсэн шинжилгээний дээжид хийсэн дүнг стандарт үзүүлэлттэй харьцуулан үзэх байдлаар гаргасан дүгнэлт нь хууль зөрчөөгүй, хяналт шалгалтын арга буюу бүтээгдэхүүнээс шинжлэхээр хууль тогтоомжид заасан журмын дагуу хяналт шалгалтад татагдан оролцож байгаа шинжээч, шинжилгээний байгууллагын үйл ажиллагаанд хамаарч байх тул дүгнэлтүүдийн улмаас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, дүгнэлт хяналт шалгалтын явцад гарсан” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэжээ. Гэтэл мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй маргаан хэргийн дүгнэлтийг тус 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2024/0384 дүгээр магадлалын хянавал хэсгийн 4.2.1-т “Учир нь хоёр өөр лабораторид хийсэн шинжилгээний дүн хоорондоо зөрүүтэй буюу автобензин, дизель түлшний үзүүлэлт тус бүрийн дүн нь стандартын шаардлага “хангасан”, “хангаагүй” байдлаар гарснаас үзвэл уг шинжилгээг хийх үйл ажиллагаанд ямар нэгэн алдаа гарсныг үгүйсгэхээргүй байх боловч...” гэж дүгнэсэн байтал мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ашигт малтмал газрын тосны газрын төв лабораторийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №СТ077 дугаар сорилын үр дүнгийн тайлангаар “С” ХХК-ийн дизель түлш стандартад нийцсэн гэж, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн СШ21/177, СШ21/178 дугаар сорилын дүнгийн тайлангаар дизель түлшний цетан тоо 45- аас их байх үзүүлэлтийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн. Логикийн хувьд нэг дээжээс авсан хоёр шинжилгээний хариу илтэд зөрүүтэй, нэг нь стандартын шаардлагад тэнцээгүй нөгөө нь стандартын шаардлагад тэнцсэн хариу байдаг.

3.2. Энэхүү дээрх шүүхийн шийдвэрүүдийг үзвэл зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, мөн хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасанд хамаарахаар байна. Ашигт малтмал газрын тосны газрын төв лабораторийн үр дүнгийн тайлангаар “С” ХХК-ийн дизель түлш стандартад нийцсэн гэж, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн нэг үзүүлэлт стандартад нийцээгүй гэж хоорондоо зөрүүтэй, шинжилгээг дахин явуулах замаар уг зөрүүг арилгах шаардлагатай байхад зөвхөн “стандартад нийцээгүй” гэх Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн сорилын дүнг үндэслэсэн нь хууль бус бөгөөд ийм баримтыг хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримт гэж үзэх нь үндэслэлгүй буюу нотлох баримтын чадвараа алдсан гэж үзэхээр байна.

3.3. Хариуцагч нь Өрсөлдөөний тухай хуулиар заасан хяналт шалгалтын хугацааг баримтлаагүйгээс үүдэн гарсан сорилын дүн, Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж гэж үзэхээр байна.

3.4. Мөн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс зөрчлийн хэрэг маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй маргадаг. Бидний зүгээс зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхтэй холбоотойгоор зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, зөрчлийн хэргийн тэмдэглэл тусгуулсан. Үүнтэй холбогдуулан зөрчлийн хэрэгт хүсэлт, гомдол гаргах эрхийг огт эдлүүлээгүй буюу танилцуулсан өдрөө шийтгэлийн хуудсыг гаргасан байдаг. Хариуцагчийн зүгээс одоог хүртэл ямар үндэслэлээр зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болохоо мэддэггүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.  

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. “С” ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Б-ийн 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 0003008 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг гаргажээ.

3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Б-ийн 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 0003008 дугаар шийтгэлийн хуудсаар “С” ХХК-ийг чанар, стандартын шаардлага хангахгүй шатахуун худалдсан гэж Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасны дагуу 9,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

4. Улмаар “С” ХХК маргаан бүхий 0003008 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “...шинжилгээ хууль, журмын дагуу явагдаагүй, стандартыг зөрчсөн, Зөрчил шалган шийдвэрлэх журмыг зөрчиж, хяналт шалгалтыг холбогдох хууль, журмын дагуу хийгээгүй, нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотолбол зохих ажиллагааг хийгээгүй... хоёр зөрүүтэй гарсан шинжилгээний дүгнэлтэд тулгуурлан шийтгэл оногдуулсан...” гэсэн үндэслэлээр шүүхэд маргажээ.

5. Анхан шатны шүүх “...Шийтгэлийн хуудасны үндэслэл болсон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр “С” ХХК-ийн зах зээлд нийлүүлж байгаа дизель түлш Монгол Улсын стандарт Дизелийн түлш Евро техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын цетаны тоо 45-аас багагүй байх, хувийн жин 20°C дахь хувийн жин, кг/м 840-860 байх шаардлагыг аль алиныг хангахгүй болох нь тогтоогдсон ... Хэдийгээр захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа 2 өөр лабораторид шинжилгээ хийлгэсэнд өөр хариу гарсан нь эргэлзээтэй гэж нэхэмжлэгч маргаж буй боловч тэдгээр лабораторийн дүгнэлтүүдэд үндэслэн стандартад заасан дизелийн түлшний цетаны тоо 45-аас багагүй байх, 20°C дахь хувийн жин кг/м 840-860 байх шаардлагыг хангаагүйг тогтоосон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт хүчин төгөлдөр байхад түүнийг үндэслэн шийтгэл оногдуулсан хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй” гэж дүгнэн “С” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

5.1. Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамжийн дагуу байгуулагдсан хяналт шалгалт явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн “С” ХХК-ийн борлуулж буй шатахуунаас дээж авахдаа эрхлэгч Б.О, түгээгч н.Б, н.З, агуулахын инженер Г.Ц, агуулахын дарга Р.Б нарыг байлцуулан бөөнөөр болон жижиглэнгээр борлуулж буй дизель түлшнээс дээж авч, ШТС-аас авсан дизель түлшний дээжийг 210746, агуулахаас авсан дизель түлшний дээжийг 210816 кодоор кодолж дугаарласан ба Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн “GT056, GT077 харин Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн “СШ21/119, СШ21/120, СШ21/177, СШ21/178 гэсэн тэмдэглэгээ бүхий дугаарлалтаар лабораторийн сорилтын дүнг баталгаажуулсан байна.

5.2. Улмаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 дугаар албан бичгээр лабораторийн сорилтын дүнг дүгнэлт гаргуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлснийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хүлээн авч, улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтийг[1] гаргасан.

5.3. Дээрх улсын байцаагчийн дүгнэлтээр “С” ХХК-ийн дизель түлш нь заавал мөрдөх стандартын шаардлагыг /ШТС: Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 6861:2020 стандартаар дизелийн цетаны тоо 45-аас багагүй байхаар заасан байдаг ба Иргэний нисэхийн үндэсний Төвийн Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн сорил шинжилгээний дүнгээр 43.4±0.1[2] гэж тодорхойлогдсон. Дизелийн түлш евро, Техникийн шаардлага MNS 0216:2017 стандартаар цетаны тоо 47(ө), 51(3)-ээс багагүй байхаар заасан байдаг ба Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн сорилтоор 46.0[3] гэж тодорхойлогдсон, хувийн жин “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартаар дизелийн түлшний хувийн жин 20°С-д 840-860 кг/м3 байхаар заасан байдаг ба сорилт шинжилгээний үр дүнгээр 816.3±0.1 кг/м3 тодорхойлогдсон[4],

Агуулах: Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 6861:2020 стандартаар дизелийн цетаны тоо 45-аас багагүй байхаар заасан байдаг ба Иргэний нисэхийн үндэсний Төвийн Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн сорил шинжилгээний дүнгээр 42.7±0.1[5] гэж тодорхойлогдсон. Дизелийн түлш евро, Техникийн шаардлага MNS 0216:2017 стандартаар цетаны тоо 47(ө), 51(3)-ээс багагүй байхаар заасан байдаг ба Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн сорилтоор 46.1 гэж тодорхойлогдсон[6], хувийн жин “Дизелийн түлш. Техникийн шаардлага” MNS 6861:2020 стандартаар дизелийн түлшний хувийн жин 20°С-д 840-860 кг/м3 байхаар заасан байдаг ба сорилт шинжилгээний үр дүнгээр 817.9±0.1 кг/м3 тодорхойлогдсон/[7] хангаагүй болох нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн сорилтын үр дүнгүүдээр тогтоогдсон байна.

5.4. Гомдол гаргагч “С” ХХК-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтийг эс зөвшөөрч тус дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0192 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2024/0384 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны  2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШХТ2024/0325 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

5.5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйлд ...заасан зөрчил” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу “С” ХХК-д шийтгэл оногдуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Б-ийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003008 дугаар шийтгэлийн хуудсыг “бидний зүгээс зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн” гэх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын шаардлагаар хүчингүй болгох үндэслэлгүй.

5.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2-т дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдлийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр илрүүлж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

5.7. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дан ганц “холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн” тохиолдолд явуулах бус мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасанчлан “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй” болон “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон” гэх өөр хоёр үндэслэлээр явуулах боломжтой бөгөөд тухайн тохиолдолд хариуцагчаас чухам энэхүү хоёр үндэслэл тогтоогдож байна хэмээн үзэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

5.8. Тодруулбал, “С” ХХК стандартын шаардлага хангахгүй шатахуун борлуулж байсан нь Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид 11 үзүүлэлтээр, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторид 9 үзүүлэлтээр тус тус шинжилсэн сорилтын үзүүлэлт, түүний дагуу үйлдсэн эрх бүхий улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтээр нотлогдсон, уг дүгнэлт үндэслэлтэй талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр дүгнэгдсэн энэ  тохиолдолд 2 лабораторийн шинжилгээг зөрүүтэй байсан гэх үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

5.9. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус заасны дагуу зөрчил үйлдсэн бол аливаа этгээдэд тохирох шийтгэл ногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд гомдол гаргагчийн хувьд нэгэнт зөрчил үйлдсэн нь тогтоогдсон энэ нөхцөлд, гэм буруугийн хувьд эргэлзээтэй нөхцөл үүссэн хэмээн хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэлгүй. 

5.10. Нөгөөтээгүүр, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораториос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан бичгийн дагуу дээжийг хүлээн авч “С” ХХК-ийн дизель түлшний цетаны тоо болон хувийн жинг MNS 0216:2017, MNS 6861:2020  стандартын шинжилгээний аргаар тодорхойлсныг эргэлзээтэй шинжилгээний дүгнэлт гэж шууд дүгнэх боломжгүй байна.

 

5.11. Учир нь СШ02, MNS ASTM D4052:2016 стандартын арга, MNS ASTM D613:2015 стандартын шинжилгээний аргууд нь шинжилгээ хийж буй шинжилгээний тоног төхөөрөмжийн хувьд ялгаатай байдлыг тодорхойлсон ч “С” ХХК-ийн борлуулж буй дизель түлшнээс дээж авахдаа холбогдох журам зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул энэ талаарх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 404 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    

  

 

 

                              ШҮҮГЧ                                                       Г.МӨНХТУЛГА

 

     ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН

 

              ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ

 

 

 

[1] Хэргийн 1 дэх хавтас, 50 дахь тал

[2] Хэргийн 1 дэх хавтас, 62 дахь тал

[3] Хэргийн 1 дэх хавтас, 55 дахь тал

[4] Хэргийн 1 дэх хавтас, 60 дахь тал

[5] Хэргийн 1 дэх хавтас, 72 дахь тал

[6] Хэргийн 1 дэх хавтас, 65 дахь тал

[7] Хэргийн 1 дэх хавтас, 76 дахь тал