Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

-шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Цэрэндоржийн Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 201619000688 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1962 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, нэхмэлийн 4-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Монгол овогт Цэрэндоржийн Эрдэнэбаяр /РД:УЖ62110210/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Тоосготын давааны энгэр” гэх газар өөрийн эзэмшлийн Тоёота Таунасе маркийн 45-31 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3Б, 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, Ш.Лхагвасүрэнгийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 9 сарын 01-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Тоосготын давааны энгэр” гэх газар бороо орсон байхад явж байгаад өөрийн болгоомжгүй байдлаас болоод осол гаргаж Лхавгасүрэнгийн биед гэмтэл учруулсандаа харамсаж байна гэв.

Хохирогч Ш.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн үед Эрдэнэбаяр ах намайг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 5-б хэсэг 23 тоотод өөрийн гэртээ байхад ирсэн юм. Би урд өдөр нь Эрдэнэбаяр луу утсаар ярьж хамт загасанд явъя гэж дуудуулсан байсан юм. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан тэгээд Эрдэнэбаяр бид хоёр манайхаас аажуу хоол унд хийж идчихээд хойшоо таван гүүрээр эмээлт рүү засмал замд нийлээд Төв аймгийн Баянхангай сумын нутгаас засмалаас салж Төв аймгийн Өндөр-Ширээт, Алтанбулаг, Баянхангай сумын зааг нутагт явж байтал Эрдэнэбаяр болохоо байлаа л гэсэн тэгээд машин онхолдсон би ухаан алдаад нар жаргах гэж байхад ухаан орсон тэгэхэд би машин дотроо жолоочийн ард талын суудал дээр доошоо харчихсан эвхэрсэн байдалтай хэвтэж байсан тэгсэн намайг нэг хүн их холоос Лхагваа миний дүү босоорой гээд нэг хүн дуудаад байсан тэгээд сэргэсэн тэгтэл Эрдэнэбаяр ах намайг дуудаад байсан би босоод машинаас гарч Эрдэнэбаяр ахыг бүснээс нь салгаад машинаас чирээд гаргасан тэгэхэд машинаас бензин гоожоод машин хажуу талаараа харчихсан байсан. Би Эрдэнэбаяр ахыг гаргаж хэвтүүлээд хажууд нь хэвтсэн чинь буцаад ухаан алдсан байсан тэгтэл нэг хүн хөөе амьд уу? гэж байгаад намайг сэрээсэн тэгсэн би Эрдэнэбаяр ахын хажуу талд дээшээ харчихсан хэвтэж байсан миний хажууд үхэр ачсан портер маркийн тээврийн хэрэгсэлтэй 30 орчим насны залуу ирчихсэн та хоёр амьд уу? гээд асуугаад ирсэн тэгээд би цус их алдсан байсан учир ам цангаад нөгөө залуугаар ус ойртуулж уугаад тэгээд машинаас бензин гоожоод байна машиныг татаад босгоод өгөөчээ гэж гуйгаад машинаа татаж босгуулаад түлхүүрийг суглуулсан. Түүний дараагаар баахан хөдөөний улсууд ирчихсэн харагдсан би бас сайн санахгүй ухаан санаа орон гаран байсан ерөнхийдөө эмнэлэгт 2 хоног хэвтэж эмчилгээ хийлгээд тэгээд арай дээр болсон юм аа ослын улмаас миний зүүн талын 8 найман хавирга, нурууны хоёр сэртэн, толгойн артерын 2 судас тасарсан, аарцагны хуучин гэмтэл сэтэрсэн байсан. Би бол эмнэлгийн хүмүүс ирж авч эмнэлэгт хүргэгдэж ирсэн талаараа юу ч санахгүй байгаа юм.... гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй миний эмчилгээний зардлыг Эрдэнэбаяр ах бүгдийг нь төлсөн би гарсан зардлыг тооцож үзээгүй... Би Өмнөговь аймаг руу Оюу толгой ХХК-ийн туслан гүйцэтгэгч хайгуулын охин компанид химийн лобаронтоор түр хугацаагаар ажиллахаар Өмнөговь аймаг руу явж байгаа одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй учир би хэргийн материалтай ирж танилцах боломжгүй... гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,

 

Гэрч Э.Болор-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 08 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед ээж Долгормаа утсаар яриад аав чинь осолд орчихсон байна манайд хурдан хүрээд ир гэхээр нь шууд яваад очиход аавынд манай дүү Оюун-Эрдэнэ, түүний нөхөр Батгэрэл нар ирчихсэн байсан тэгээд бид нар шууд осол болсон газар луу явсан явах замдаа Баянхангай сумын хүн эмнэлэг, Лүн сумын замын цагдаа руу утсаар яриад Баянхангай сумын Магнай трейд шатахуун түгээх станц дээр уулзахаар болсон тэгээд бид нар орой 22 цаг өнгөрч байхад Магнай трейд шатахуун түгээх станц дээр очтол Лүн сумын цагдаа, Баянхангай сумын хүн эмнэлэг нь ирчихсэн байсан тэгээд бүгдээрээ хамт ослын газар луу 00 цагийн үед очиход хадланд явж байсан гэх нутгийн 20 гаран хүмүүс хоёр машинтай ирчихсэн аав, Лхагвасүрэн ах хоёрыг ослын газраас холдуулаад газар хэвтүүлээд хөнжилөөр хуччихсан байхад нь эмч сувилагч нар миний машины арын суудлыг авч аав, Лхагвасүрэн нарыг оруулж хэвтүүлээд дусал залгаж эмчилгээ хийж байгаад шууд Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт авчирч хэвтүүлсэн юм. Цагдаа нар нь хэргийн газраа үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

                      

Гэрч А.Долгормаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 08 цагийн үед ганцаараа Лхагвасүрэн руу өөрийн эзэмшлийн Тоёота Таунасе маркийн 45-31 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ явсан юм. Тэгсэн орой 21 цагийн үед намайг гэртээ байхад танихгүй залуу утсаар яриад Төв аймгийн Баянхангай сумаас урагшаа тоосготын даваа гэх газарт саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй хоёр хүн осолд орчихсон байна аа энэ утсаар танд хэлээдэх гэсэн гээд ярьсан би одоо залгасан утсыг нь санахгүй байна. Тэгээд би Улаанбаатар хотоос өөрийн хүү Болор-Эрдэнэ, охин Оюун-Эрдэнэ, хүргэн Батгэрэл нарын хамт хүүгийнхээ машинтай осол болсон газар луу гарсан тэгээд Баянхангай сумын Магнай трейд шатахуун түгээх станц дээр очоод Лүн сумын цагдаа, Баянхангай сумын эмч нартай уулзсан бид нар ирэх замдаа Лүн сумын цагдаа, Баянхангай сумын эмнэлгийн хүмүүстэй утсаар ярьж шатахуун түгээх станц дээр уулзахаар тохиролцсон байсан. Тэндээсээ бүгдээрээ нийлээд осол болсон газар луу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний шөнө 02 цагийн үед очиход манай нөхрийн машин онхолдсон байдалтай манай нөхөр Эрдэнэбаяр, Лхагвасүрэн хоёрыг нутгийн хүмүүс портер, бас жижиг тэрэгтэй ирчихсэн газар хэвтүүлээд хоёуланг нь хөнжилөөр хуччихсан байсан. Тэгээд цагдаа нар хэргийн газарт үзлэгээ хийгээд эмч нь анхны тусламж үзүүлээд тариа дусал хийгээд манай хүүгийн машиных нь арын суудлыг аваад Лхагвасүрэн, манай нөхөр Эрдэнэбаяр хоёрыг машинд хэвтүүлээд эмчилгээ хийгээд тэгээд шууд манай хүүгийн машинд хэвтүүлээд эмч хажууд нь сахиад шууд Улаанбаатар хотын гэмтэл согог сэргээн засах үндэсний төвд авчирч хэвтүүлсэн. Тэгэхэд эмнэлгийн машин араас дагаж эмчээ аваад буцсан цагдаа нар бол хэргийн газарт үлдсэн юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч До.Золзаяагийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7701 тоот дүгнэлт:

1.2. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Эрдэнэбаяр гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 24-ийн ар тал/      

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч До.Золзаяагийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7702 тоот дүгнэлт:

1.2. Шинжилгээнд ирүүлсэн Ш.Лхагвасүрэн гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 26-ын ар тал/      

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Бадралын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 12749 тоот дүгнэлт:

1. Ц.Эрдэнэбаярын биед хүзүүний 7-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун, зүүн неврал аркны зөрөөтэй хугарал, сээрний 1,4,6-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, сээрний 3,4,5 нугаламын зүүн хөндлөн сэртэн хугарал, баруун 1,2,3,5,10,11,12-р хавирга, зүүн 1,2,3,4,5,6,7-р хавирганы хэд хэдэн шугаарх зөрөөтэй, зөрөөгүй хугарал, зүүн далны их биеийн зөрөөтэй хугарал, зүүн уушигны доод дэлбэнгийн авчилт, эдийн няцрал, цээжний баруун зүүн талын хөндийд шингэн хуралдалт, баруун хөмсөг, нүдний зовхинд шарх, зулгаралт, баруун зүүн шуу, бугуй, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлэээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.10, 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 28 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ариунзулын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 12962 тоот дүгнэлт:

1. Лхагвасүрэнгийн биед толгойн үстэй хэсэгт зүсэгдсэн шарх, баруун гарын сарвуу болон зүүн тохой, мөр нүүрний хэсэгт зулгарал, зүүн 3-10-р хавирганы далд хугарал, зүүн уушигт авчилт, цээжний зүүн хөндийд хий шингэн хуралт, арьсан дорхи хийжилт үүсчээ.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлэээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 30 тал/

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Тоосготын давааны энгэр” гэх газар өөрийн эзэмшлийн Тоёота Таунасе маркийн 45-31 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3Б, 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, Ш.Лхагвасүрэнгийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ш.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...засмалаас салж Төв аймгийн Өндөр-Ширээт, Алтанбулаг, Баянхангай сумын зааг нутагт явж байтал Эрдэнэбаяр болохоо байлаа л гэсэн тэгээд машин онхолдсон би ухаан алдаад нар жаргах гэж байхад ухаан орсон тэгэхэд би машин дотроо жолоочийн ард талын суудал дээр доошоо харчихсан эвхэрсэн байдалтай хэвтэж байсан тэгсэн намайг нэг хүн их холоос Лхагваа миний дүү босоорой гээд нэг хүн дуудаад байсан тэгээд сэргэсэн тэгтэл Эрдэнэбаяр ах намайг дуудаад байсан би босоод машинаас гарч Эрдэнэбаяр ахыг бүснээс нь салгаад машинаас чирээд гаргасан тэгэхэд машинаас бензин гоожоод машин хажуу талаараа харчихсан байсан. Би Эрдэнэбаяр ахыг гаргаж хэвтүүлээд хажууд нь хэвтсэн чинь буцаад ухаан алдсан байсан тэгтэл нэг хүн хөөе амьд уу? гэж байгаад намайг сэрээсэн тэгсэн би Эрдэнэбаяр ахын хажуу талд дээшээ харчихсан хэвтэж байсан миний хажууд үхэр ачсан портер маркийн тээврийн хэрэгсэлтэй 30 орчим насны залуу ирчихсэн та хоёр амьд уу? гээд асуугаад ирсэн...” гэх мэдүүлэг,  гэрч Э.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2016 оны 08 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед ээж Долгормаа утсаар яриад аав чинь осолд орчихсон байна манайд хурдан хүрээд ир гэхээр нь шууд яваад очиход аавынд манай дүү Оюун-Эрдэнэ, түүний нөхөр Батгэрэл нар ирчихсэн байсан тэгээд бид нар шууд осол болсон газар луу явсан явах замдаа Баянхангай сумын хүн эмнэлэг, Лүн сумын замын цагдаа руу утсаар яриад Баянхангай сумын Магнай трейд шатахуун түгээх станц дээр уулзахаар болсон...” гэх мэдүүлэг, гэрч А.Долгормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 08 цагийн үед ганцаараа Лхагвасүрэн рүү өөрийн эзэмшлийн Тоёота Таунасе маркийн 45-31 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ явсан юм. Тэгсэн орой 21 цагийн үед намайг гэртээ байхад танихгүй залуу утсаар яриад Төв аймгийн Баянхангай сумаас урагшаа тоосготын даваа гэх газарт саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй хоёр хүн осолд орчихсон байна аа энэ утсаар танд хэлээдэх гэсэн гээд ярьсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч До.Золзаяагийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7701 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч До.Золзаяагийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7702 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Бадралын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 12749 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ариунзулын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 12962 тоот дүгнэлт, шүүгдэгч Ц.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тус тус давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн гомдол, санал гаргаагүй байдал, шүүгдэгч Ц.Эрдэнэбаярын эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

     Хохирлын талаар:

Хохирогч Ш.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй миний эмчилгээний зардлыг Эрдэнэбаяр ах бүгдийг нь төлсөн би гарсан зардлыг тооцож үзээгүй...” гэх мэдүүлэг болон хохирогч Ш.Лхагвасүрэнгийн төрсөн эгч Ш.Нямхоролын тус шүүхэд гаргасан “...би Өмнөговь аймагт ажиллаж байгаа. Миний бие сайн Ц.Эрдэнэбаяр ахаас эмчилгээний төлбөрөө бүрэн барагдуулж авсан. Ажил ихтэй байгаа болохоор ойрд очиж амжихгүй, шүүх хуралдаанд очих боломжгүй гэж Эрдэнэбаяр ахад хэлээрэй гэсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл дүү Ш.Лхагвасүрэнгийн 89880034 дугаарын утас нь холбогдохгүй байна...” гэх тайлбар зэргээс үзэхэд энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна. 

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

          

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн Ц.Эрдэнэбаярын “В” ангиллын №109599 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Цэрэндоржийн Эрдэнэбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас нэг хүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Эрдэнэбаярт оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 4.       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэбаярт оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Эрдэнэбаярт хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар Ц.Эрдэнэбаяр нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Ц.Эрдэнэбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй. 

8. Шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шүүгдэгч Ц.Эрдэнэбаярын “В” ангиллын №109599 тоот жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Сугармаад даалгасугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Ц.Эрдэнэбаярт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ю.ЭНХМАА