Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 813

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02502 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.У,

Хариуцагч “Б” ХХК-д холбогдох,

Ашиглалтын зардалд төлүүлсэн 2 297 968 төгрөг гаргуулах, халаалтын системд засвар үйлчилгээ, угаалга цэвэрлэгээ, туршилт тохируулгын ажлыг чанартай хийж өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сансар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшинжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БЗД-ийн 1 дүгээр хороо, 103 дугаар байрны 1 давхар, 104 тоот 150 м.кв талбайтай байрыг өмчилдөг бөгөөд тус байрны хэм өвөлдөө 11-14С байдаг тул байрыг ашиглах боломжгүй юм. Хэдийгээр ашиглаж чадахгүй байсан хэдий ч би байрны халаалтын төлбөрийг байрны халаалт, цэвэр, бохир усны ашиглалтыг хариуцдаг “Б” ХХК-д 2015 оны 6 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг хүртэл тогтмол төлж байсан.

“Б” ХХК нь миний халаалттай холбоотой өвлийн улиралд тавьсан гомдолд зун шугам сулласан үед засч өгнө, зун тавьсан гомдолд өвөл шугамын дүүргэлттэй үед засч өгнө гэж хоосон амласаар өнөөдрийг хүрсэн. “Б” ХХК халуун, хүйтэн ус мөн тэднийд хамааралгүй цахилгааныг ч мөн тасалсан. Гэтэл халаалтгүй, халуун хүйтэн ус, цахилгаан байхгүй байрны халаалт 68 701 төгрөг, халуун хүйтэн усны хэрэглээ 0 байхад хэрэглээгүй усыг халаасан гэх ус халаасны төлбөр 7 653 төгрөг, дулааны үйлчилгээний хураамж 10 000 төгрөг, усны суурь үнэ 2 500 төгрөг буюу 97 000-108 000 төгрөгийн сар бүр нэхэмжилж төлбөр төлөөгүй 1 жил 3 сарын төлбөр гэж нийт 1 096 214 төгрөг, түүнийг хугацаандаа төлөөгүйн алданги гэх 533 424 төгрөг, нийт 1 629 693 төгрөгийг албадан төлүүлсэн.

Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлтээр “Б” ХХК-ийг засвар үйлчилгээ, горимын тохиргоо, туршилт тохируулгыг чанар сайтай нарийвчлан хийгүйгээс, дулааны даралт, температур буурч эргэлт удаашран халаалт муутай болсон, мөн тус компани нь эрх үүргийнхээ хүрээнд оршин суугчдын тохируулгын ажлыг чанар сайтай хийж өгч үйлчлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн. Иймд албадан төлүүлсэн 2015 оны 6 дугаар сараас 2016 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны 668 275 төгрөг, 2016 оны 3 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны 1 629 693 төгрөг, нийт 2 297 968 төгрөгийг гаргуулж, халаалтын системд засвар үйлчилгээ, угаалга цэвэрлэгээ, туршилт тохируулгын ажлыг чанартай хийж өгөхийг даалгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б” ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б” ХХК нь Н.Ут алданги 533 424.055 төгрөгийг байрны төлбөр дээрээс нь суутгаж өгөхөөр тохиролцсон, цаашид хүсэлтийг нь шуурхай шийдвэрлэж өгнө гэжээ.

Шүүх: Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.9-т заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 2 297 968 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ут олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч халаалтын системд засвар үйлчилгээ, угаалга цэвэрлэгээ, туршилт тохируулгын ажлыг чанартай хийж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас 51 717 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ут олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу хариуцагч байгууллагаас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус шүүх дээр ирж нэхэмжлэлийн хувийг гардан авсан. Гэвч тус шүүхийн шүүгчийн туслах нь нэхэмжлэлийн хувийг гардуулсны дараа удахгүй шүүх хуралд зарлана гээд нэг баримт дээр гарын үсэг зуруулсан. Үүнээс хойш манай байгууллага нэхэмжлэгч Н.Утэй удаа дараа уулзаж ярилцсаны үндсэн дээр нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх талаар тохиролцож энэ талаараа шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 215/17 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчтэй зохицон эвлэрэн хэлэлцсэн талаарх утга бүхий албан бичгийг шүүхэд ирүүлсэн. Гэвч тус шүүхийн шүүгчийн туслах тухайн үед шүүх хуралдааны товыг мэдэгдэж зуруулсан талаар ямарч ойлголтгүй байсан ба цаг хугацааны хувьд ч 46 хоногийн өмнө мэдэгдсэн бөгөөд үүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд албан бичиг хүргэхэд шүүх хуралдааны талаар ямар нэгэн юм хэлээгүй, өмнө нь ч дараа нь ч шүүх хуралтай гэж нэг ч удаа холбоо бариагүй тул шүүх хурал болсныг мэдээгүй.

Шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй дандаа хуулбарласан баримт байхад нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Мөн тус шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл бидний шүүхэд хүргүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичгийн утгыг нэхэмжлэгч талаас огт асуугаагүй байдаг нь тус шүүх хуралдааны тэмдэглэлээр бүрэн нотлогдож байна. Түүнчлэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шуудангаар шүүхийн шийдвэр ирсэн бөгөөд энэхүү үйл явдлыг манай байгууллагын эрх зүйн байдлыг хэт дордуулсан шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ талуудад тэгш эрхийн зарчмыг баримтлан шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмыг хангуулах үүрэгтэй бөгөөд энэхүү мэтгэлцэх, шүүхэд нотлох баримт гаргаж өгөх зэрэг эрхийг огт хангаагүй, энэ талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа огт явагдаагүй. Мөн энэхүү маргааны талаар хэргийн оролцогчид тохироод албан хүсэлт бичгээр өгсөн байхад шүүх түүнийг авч хэлэлцээгүй шууд хэргийг шийдвэрлэсэнд харамсаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, мэтгэлцэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөх шаардлагатай гэж үзэв.

Нэхэмжлэгч нь “Б” ХХК-д холбогдуулан ашиглалтын зардалд үндэслэлгүйгээр төлүүлсэн 2 297 968 төгрөг гаргуулж, халаалтын системд засвар үйлчилгээ, угаалга цэвэрлэгээ, туршилт тохируулгын ажлыг чанартай хийж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б” ХХК нь засвар үйлчилгээг үзүүлсэнтэй холбоотойгоор халаалтын системд засвар үйлчилгээ, угаалга цэвэрлэгээ, туршилт тохируулгын ажлыг чанартай хийж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хорооллын 103 дугаар байрны 1-р давхрын 104 тоот орон сууцыг дулааны эрчим хүчээр хангах үүргийг хариуцагч Б ХХК хүлээсэн талаар талууд маргаагүй, харин эрчим хүчээр хангагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч эрчим хүчний төлбөрийг төлөхөөс татгалзсан байна.

Хариуцагч талаас шүүхэд дулааны эрчим хүчний үйлчилгээний доголдлын талаар гарсан гомдлын талаар оршин суугчидтай харилцан тохиролцож байгаа талаар тайлбар /хх-46/ ирүүлсэн боловч энэ нь зохигчид эвлэрснийг батлахгүй байна.  

Хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын дүгнэлтэд “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хорооллын 103 дугаар байрны 1-р давхрын 104 тоот орон сууцны дотор температур нь холбогдох хууль, норм дүрэм стандарт, тогтоол шийдвэрт заагдсан + /20-22/ градус байх заалтаас /3-7/ хэмээр бага байгаа нь оршин суугчдын амьдрах нөхцөл шаардлагыг хангахгүй байгаа” гэж дүгнэсэн, ийнхүү ашиглалтын үеийн зохих шаардлагыг хангаагүй хугацаанд 2 297 968 төгрөгийг нэхэмжлэгч эрчим хүч хангагчид төлсөн нь сар тутмын төлбөрийн баримтаар тогтоогдсон байна.

Иймд эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс стандартын шаардлага хангасан дулаанаар хангаагүй нь тогтоогдсоныг үндэслэн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д зааснаар 2 297 968 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй, хариуцагч буюу эрчим хүчээр хангагч хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэргийн дээрх үйл баримт, маргаантай харилцааг зөв дүгнэж нэхэмжлэлийг хангасан боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.9 дэх заалтыг баримталсан нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй байх тул  Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтыг баримталсан өөрчлөлтийг оруулж зөвтгөх нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэлийн хувийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчид гардуулж, хариу тайлбараа ирүүлэх хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр тогтоосныг хариуцагч хүлээн авч гарын үсгээр баталгаажуулсан, мөн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтад хариуцагч тал гарын үсэг зурсан нь хэрэгт баримтаар авагджээ. Иймд хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг шүүхээс хязгаарласан гэж үзэхгүй тул хариуцагчийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

Мөн хариуцагчийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн албан бичигт дурдсан асуудлаар талуудын тохиролцоо хийсэн баримтыг зохигчид гаргаагүй,  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж оролцсоныг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцэх тул энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02502 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.9” гэснийг “Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 51 717 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                                              А.ОТГОНЦЭЦЭГ