| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2019/00260/и |
| Дугаар | 285 |
| Огноо | 2019-07-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 285
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х. банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б,
Хариуцагч: Я.А нарт холбогдох
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 20.658.002,46 төгрөг, зээлийн хүү 3.493.699,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.296,69 төгрөг, нотариатын зардал 27.500 төгрөг, нийт 24.205.498,39 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн Д.Нямжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Увс салбарын захирал Ю.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Б, Я.А нар тус банктай 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1250015760 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан, 25.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар, хашаа байшин барих зориулалтаар авсан. Банк 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зээлдэгч Б.Б-ийн Хас банк дахь 5001138301 дансанд 25.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 4.341.997,54 төгрөг, зээлийн хүүнд 16.935.779,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.223,04 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1250015760 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 343 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. 1250015760 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахуулахаар 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1250015760 дугаар баталгаат ипотек/фидуцын гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. 1. Я.А, Б.Б нарын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004374 дугаартай, хувийн сууц зориулалттай, 65 м.кв талбайтай, 0002009779 тоот дугаарын гэрчилгээтэй, Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 12-23 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгө. 2. Я.А, Б.Б нарын өмчлөлийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1520001440 дугаартай, хувийн сууц зориулалттай, 48 м.кв табайтай, 000138963 тоот дугаарын гэрчилгээтэй, Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 12-23 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгө. 3. Я.А-ийн өмчлөлийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1520003013 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 600 м.кв талбайтай, 000285835 тоот дугаарын гэрчилгээтэй, Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 12-23 тоотод байршилтай өмчлөх эрхтэй газар. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1250015760 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 20.658.002,46 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн байдлаарх хүү 3.493.699,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.296,69 төгрөг, нотариатын зардал 27.500 төгрөг, нийт 24.205.498,39 төгрөгийг зээлдэгч Б.Б, Я.А нараас гаргуулж өгнө үү. Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурдсан хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт зааж, зөвшөөрөл олгож өгнө үү. Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцон, тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай банкны зүгээс нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж байгаа. Үүнд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1250015760 тоот “Фидуцийн гэрээ”-ээр барьцаалсан УВА 32-03 улсын дугаартай, мөнгөлөг өнгөтэй Мазда Демио /Mazda Demio/ маркийн, 2004 онд үйлдвэрлэгдсэн, аралын DY3W265159 дугаартай суудлын автомашиныг барьцаалсан бөгөөд энэхүү зээлийн гэрээний үүргийг энэхүү автомашинаас гаргуулах хэсгээс татгалзаж байна. Түүнчлэн нэхэмжлэлд дурдагдсан “Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тусгайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү” гэсэн хэсгээс мөн татгалзаж байгаа болно. Харин бусад шаардлага хэвээрээ байгаа” гэжээ.
Хариуцагч Я.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Зээлийн гэрээнд заасан төлбөрийг барагдуулж, гэрээнд заасан эд хөрөнгийг авахыг зөвшөөрч байна” гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Увс аймгийн Хас банкнаас 25.000.000 зээл аваад хувийн бизнес хийж байгаад нөхөр Я.А-ийн бие муудаж харвалт өгөөд 2 жил асаргаанд байж банкнаас авсан мөнгө төлж чадахгүй байна. Тийм учраас Увсад байгаа Ү-1520001440 дугаартай хувийн сууц зохиулалттай 48 м.кв талбайтай, 000138963 тоот дугаарын гэрчилгээтэй, Увс аймгийн Улаангом сум, 6 дугаар баг, 12-23 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгөө Увс аймаг дахь Хас банкинд хураалгахаа хүлээн зөвшөөрч байна. Увс аймгийн Хас банкны 24.205.498,39 төгрөгийг Я.А, Б.Б нараас нэхэмжилсэн өрийг барагдуулахын тулд дээрх 2 үл хөдлөх хөрөнгийг өгч өрөө барагдуулна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн хариуцагч Б.Б, Я.А нарт холбогдуулан “Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 20.658.002,46 төгрөг, зээлийн хүү 3.493.699,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.296,69 төгрөг, нотариатын зардал 27.500 төгрөг, нийт 24.205.498,39 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Б, Я. нар “Х банк” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1250015760 дугаартай “Зээлийн гэрээ”[1] байгуулж, 25.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, хувийн орон сууц барьж ашиглалтад оруулах зорилгоор авсан байна.
Мөн өдрийн 1250015760 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”[2] байгуулж, зээлийн барьцаанд Б.Б, Я.А нарын өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 12-23 тоотод байрлах, 48 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520001440 дугаартай хувийн орон сууц, мөн хаягт байрлах, 65 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520004374 дугаартай хувийн орон сууц, Я.А-ийн нэр дээрх мөн хаягт байрлалтай, 600 м.кв талбай бүхий, нэгж талбарын 8516001411, улсын бүртгэлийн Г-1520003013 дугаартай өмчлөх эрхтэй газар зэргийг барьцаалжээ.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дуусах боловч зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар, Б.Б-ийн зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байх тул “Х банк” ХХК-ийн Увс салбар нь хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол буюу нотариатын зардал[3] гаргуулахаар тус тус шаардах эрхтэй байна.
Хариуцагч Б.Б, Я.А нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр[4] болон 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр[5] тус тус нэхэмжлэлийн хувь гардуулан өгч, хариу тайлбар авсан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин үүргийн гүйцэтгэлийн барьцааны гэрээнд заасан 48 м.кв болон 65 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс гаргуулахыг хүсчээ.
Мөн шүүх хуралдааны товыг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч нарт зохих журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлж, тэднийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Б, Я.А нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 20.658.002,46 төгрөг, зээлийн хүү 3.493.699,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.296,69 төгрөг, нотариатын зардал 27.500 төгрөг, нийт 24.205.498,39 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Увс салбарт олгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар Б.Б, Я.А нарын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 12-23 тоотод байрлах, 48 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520001440 дугаартай хувийн орон сууц, мөн хаягт байрлах, 65 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520004374 дугаартай хувийн орон сууц, мөн хаягт байрлалтай, 600 м.кв талбай бүхий, нэгж талбарын 8516001411, улсын бүртгэлийн Г-1520003013 дугаартай өмчлөх эрхтэй газраас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд “2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1250015760 тоот “Фидуцийн гэрээ”-ээр барьцаалсан УВА 32-03 улсын дугаартай, мөнгөлөг өнгөтэй Мазда Демио /Mazda Demio/ маркийн, 2004 онд үйлдвэрлэгдсэн, аралын DY3W265159 дугаартай суудлын автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн нэхэмжлэлд дурдагдсан “Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тусгайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү” гэсэн хэсгээс тус тус татгалзсан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Увс салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278.977 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Я.А нараас 278.977 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Увс салбарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Б, Я.А нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 20.658.002,46 төгрөг, зээлийн хүү 3.493.699,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.296,69 төгрөг, нотариатын зардал 27.500 төгрөг, нийт 24.205.498,39 /хорин дөрвөн сая хоёр зуун таван мянга дөрвөн зуун ерэн найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Увс салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Б.Б, Я.А нарын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 12-23 тоотод байрлах, 48 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520001440 дугаартай хувийн орон сууц, мөн хаягт байрлах, 65 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520004374 дугаартай хувийн орон сууц, мөн хаягт байрлалтай, 600 м.кв талбай бүхий, нэгж талбарын 8516001411, улсын бүртгэлийн Г-1520003013 дугаартай өмчлөх эрхтэй газраас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Увс салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278.977 /хоёр зуун далан найман мянга есөн зуун далан долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Я.А нараас 278.977 /хоёр зуун далан найман мянга есөн зуун далан долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Увс салбарт олгосугай.
4. Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Увс салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н “2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1250015760 тоот “Фидуцийн гэрээ”-ээр барьцаалсан УВА 32-03 улсын дугаартай, мөнгөлөг өнгөтэй Мазда Демио /Mazda Demio/ маркийн, 2004 онд үйлдвэрлэгдсэн, аралын DY3W265159 дугаартай суудлын автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн нэхэмжлэлд дурдагдсан “Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тусгайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
[1] Хэргийн 12-14 дүгээр тал,
[2] Хэргийн 15-17 дугаар тал,
[3] Хэргийн 5 дугаар тал
[4] Хэргийн 33 дугаар тал,
[5] Хэргийн 48 дугаар тал,