Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 316

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

        Нэхэмжлэгч: “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: У.З, 

       Хариуцагч: М.Б,

       Хариуцагч: С.У нарт холбогдох

      Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 29.474.357,56 төгрөг, зээлийн хүү 15.618.498,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.946,177,71 төгрөг, нотариатын зардал 4.500 төграг, нийт 48.043.533,31 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны  2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Ш.Б, Э.М, хариуцагч У.З, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын захирал Ю.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч У.З, М.Б нар Х банктай 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 5001442984 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 40.000.000 төгрөгийг, жилийн 25,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зээлдэгч У.З-ийн Хас банк дахь 5001442984 дансанд 40.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг олгосон. Банк 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлийн гэрээний дагуу зарлага гаргах эрхийг хааж, 1250026286 тоот дансанд шилжүүлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 14.071.000 төгрөг, зээлийн хүүнд 19.469.670,56 төгрөг, үүрэг хүлээсний шимтгэл 123.825,4 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 5001442984 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2017 оны 4 дүгээр сараас эхлэн хугацаа хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 563 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 5001442984 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 29.474.357,56 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн байдлаарх хүү 15.618.498,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.946.177,71 төгрөг, нотариатын зардал 4.500 төгрөг, нийт 48.043.533,31 төгрөгийг зээлдэгч У.Золбоо, хамтран үүрэг гүйцэтгэгч М.Б нараас гаргуулж өгнө үү. Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно” гэжээ.

     Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай банкны зүгээс 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хариуцагч М.Б, У.З нарт холбогдох, нийт 48.043.533,31 төгрөг гаргуулах тухай шаардлага хэвээрээ байгаа. Харин С.У-лд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа бөгөөд түүнтэй холбоотой нотлох баримтуудыг хэргийн баримтаас хасч өгнө үү. Мөн хариуцагч У.З нь М.Б-аас түүний өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 1-70 тоотод байрлах газар болон хувийн орон сууцтай холбоотой сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул У.З-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, банкнаас гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч У.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: “2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр би “Х банк” ХХК-тай гэрээ байгуулж 40.000.000 төгрөгийг авсан нь үнэн. Энэ төлбөрийг би төлж байсан. Гэтэл “Хас банк” ХХК-ийн Увс салбарын захирал М.П, эдийн засагч нар нь над руу ярьж, гуйгаад байсан тул би төөрөгдөлд орж, надад ямар ч хэрэггүй байсан газар, хашаа худалдан авсан. Хас банкнаас энэ газар болон орон сууцаа надад шилжүүлж байгаа юм бол бодитоор шилжүүлж өгөхийг удаа дараа гуйж, шаардсан. Гэтэл 2 жилийн дараа буюу 2017 онд надад М.Б-ийн нэр дээр шилжүүлсэн гэрчилгээг авчирч өгсөн. Анхнаасаа надад болон эхнэр М.Б-нд тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авах сонирхол байгаагүй. Тухайн үедээ би “Х банк” ХХК-ийн найдваргүй болсон зээлийг төлж, өгч тусалснаас болж одоо би өөрөө найдваргүй зээлдэгч гэсэн Монгол банкны хар жагсаалтад орж, цаашид төрийн албанд ажиллах, эсхүл хувийн аж ахуй эрхлэх эрхгүй болж хохирсон учир гомдолтой байна. “Х банк” ХХК нь надад олгосон зээлээ буцаагаад надаас авсан учир тэр төлбөрийг энэ зээлийн гэрээний төлбөрт тооцуулах ёстой гэж үзэж байна” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбараас хариуцагч У.З, М.Б, С.У нарт холбогдуулан “Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 29.474.357,56 төгрөг, зээлийн хүү 15.618.498,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.946,177,71 төгрөг, нотариатын зардал 4.500 төграг, нийт 48.043.533,31 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг, хариуцагч У.Золбоо нь нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Увс салбарт холбогдуулан “2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 518 тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх хэлцэл”, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 517 тоот “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Х банк болон иргэн М.Б нарын хооронд байгуулагдсан 125002956 тоот бизнес зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ж.Н-ийн эхнэр Ц.Д-ийн дансанд шилжүүлсэн 31.000.000 төгрөг, түүний хүү 13.307.789,15 төгрөг, нийт 44.307.789,15 төгрөгийг У.З-ийн шугамын зээлийн төлөлтөд оруулж тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

    1. “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын гаргасан үндсэн нэхэмжлэлийн тухайд:

    Хариуцагч У.З, М.Б нар “Х банк” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 5001442984 дугаартай “Зээлийн шугамын гэрээ”[1] байгуулж, 40.000.000 төгрөгийг жилийн 25,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан байх ба мөн өдөр 5001442984-01 тоот “Барьцааны гэрээ”[2] байгуулж, уг гэрээгээр зээлийн барьцаанд 33-11 УВА улсын дугаартай, Ниссан патфайндер /Nissan Pathfinder/ маркийн ногоон өнгийн, аралын JN1CPUD22U0078414 дугаартай автомашин барьцаалжээ.

     Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дууссан байх боловч зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байх тул “Х банк” ХХК нь хариуцагч М.Б, У.З нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол буюу нотариатын зардал[3] гаргуулахаар тус тус шаардах эрхтэй байна.

          Харин хэргийн 20-24 дүгээр хуудаст авагдсан нотлох баримт буюу 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 5000910819 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Барьцаалуулагчийн батлах мэдэгдэл”, мөн өдрийн “2013 оны 5000910819 дугаар баталгаат ипотекийн гэрээний нэмэлт нөхцөл” гэсэн баримтууд, хэргийн 159-170 дугаар хуудаст авагдсан Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 19/62 тоот дүгнэлт зэргээс үзэхэд хариуцагч С.У нь У.З-ийн “Х банк” ХХК-тай байгуулсан баталгаат ипотекийн гэрээний хавсралт[4]-д гарын үсэг зураагүй буюу уг гэрээний хавсралтын дагуу өөрийн өмлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалаагүй байна.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд “Хариуцагч С.У-лд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул түүнтэй холбоотой нотлох баримтуудыг нотлох баримтаас хасч өгнө үү” гэсэн ба хариуцагч С.У-лд холбогдох нэхэмжлэл болон түүнд холбогдох нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нэхэмжлэлийн үндсэн шаардлагад С.У-ын эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага дурдагдаагүй тул нотлох баримтаас заавал хасах шаардлагагүй, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлыг хүлээн авч, зөвхөн хариуцагч М.Б, У.З нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

          Хариуцагч У.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу “Хас банк” ХХК-иас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт нийт 48.043.533,31 төгрөг гаргуулах тухай шаардлагын талаар маргаагүй, харин тухайн зээлийн гэрээний дагуу авсан мөнгөө хэзээ, хэрхэн зарцуулсан тухайгаа тайлбарлан маргасан. Энэ нь 2015 оны 5001442984 тоот “Зээлийн шугамын гэрээ”, 5001442984-01 тоот “Барьцааны гэрээ”-ээс үүссэн маргаанд хамааралгүй байна.

           Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч У.З, М.Б нарыг гэрээний үүрэг болон нотариатын зардлаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

          Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч У.З, М.Б нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 29.474.357,56 төгрөг, зээлийн хүү 15.618.498,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.946,177,71 төгрөг, нотариатын зардал 4.500 төграг, нийт 48.043.533,31 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож шийдвэрлэлээ. 

       2. Хариуцагч У.З-ийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Увс салбарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд:

        Дээр дурдсанчлан хариуцагч У.Золбоо нь “2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 518 тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх хэлцэл”, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 517 тоот “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Х банк болон иргэн М.Б нарын хооронд байгуулагдсан 125002956 тоот бизнес зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ж.Н-ийн эхнэр Ц.Д-ийн дансанд шилжүүлсэн 31.000.000 төгрөг, түүний хүү 13.307.789,15 төгрөг, нийт 44.307.789,15 төгрөгийг У.Золбоогийн шугамын зээлийн төлөлтөд оруулж тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг “Х банк” ХХК-ийн Увс салбарт холбогдуулан гаргасан бөгөөд энэ нь 2015 оны 5001442984 тоот “Зээлийн шугамын гэрээ”, 5001442984-01 тоот “Барьцааны гэрээ”-ээс үүссэн маргаанд хамааралгүй.

      Нөгөө талаар, хариуцагч М.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 743 тоот итгэмжлэлийг[5] У.З-д олгохдоо Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 1-70 тоот хаягт байрлах, нэгж талбарын 8516009417, улсын бүртгэлийн Г-1520003715 дугаартай, 1135,6 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байрлах, 11х8 м.кв талбай бүхий 3 өрөө хувийн орон сууцны талаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй байх тул У.Золбоогийн сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

     Харин хариуцагч М.Б уг нэхэмжлэлээ холбогдох хуульд заасан шаардлага хангуулан шүүхэд тусад нь гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болно. 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 398.169 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.З, М.Б нараас 398.169 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгох, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар У.З-ийн сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 379.489 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж, У.Золбоод олгох нь зүйтэй.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 117, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч У.З, М.Б нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 29.474.357,56 төгрөг, зээлийн хүү 15.618.498,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.946,177,71 төгрөг, нотариатын зардал 4.500 төграг, нийт 48.043.533,31 /дөчин найман сая дөчин гурван мянга таван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Х банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 398.169 /гурван зуун ерэн найман мянга нэг зуун жаран ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.З, М.Б нараас 398.169 /гурван зуун ерэн найман мянга нэг зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар “Х банк” ХХК-ийн Увс салбарт холбогдох “2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 518 тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх хэлцэл”, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 517 тоот “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Х банк болон иргэн М.Б нарын хооронд байгуулагдсан 125002956 тоот бизнес зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ж.Н-ийн эхнэр Ц.Д-ийн дансанд шилжүүлсэн 31.000.000 төгрөг, түүний хүү 13.307.789,15 төгрөг, нийт 44.307.789,15 төгрөгийг У.З-ийн шугамын зээлийн төлөлтөд оруулж тооцуулах тухай” хариуцагч У.З-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар У.З-ийн сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 379.489 /гурван зуун далан есөн мянга дөрвөн зуун наян ес/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч У.З-д олгосугай.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА

 


[1] Хэргийн 12-15 дугаар тал,

[2] Хэргийн 16-19 дүгээр тал,

[3] Хэргийн 6 дугаар тал

[4] Хэргийн 163 дугаар тал,

[5] Хэргийн 84 дүгээр тал,