Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Батмөнх |
Хэргийн индекс | 144/2022/0014/Э |
Дугаар | 2023/ШЦТ/08 |
Огноо | 2023-01-11 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/08
2023 оны 01 сарын 11 өдөр Дуга 2023/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г
Хохирогч: Б.Б
Хохирогчийн өмгөөлөгч: Д.А
Шүүгдэгч: З.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт З-ийн Т-т холбогдох 2129000000127 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастр мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол, 722-60 тоотод оршин суух, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 17- ны өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Т овогт З-ийн Т /РД:ФВ85071715/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч З.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 30-наас 2021 оны 10 дугаар сарын 01- нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт иргэн Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр Б.Б-ын биед зүүн шанаа, зүүн мөр, хэвлий, цээж, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Т нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч А.М гаргасан дүгнэлт, тайлбартаа: “Юуны өмнө би шүүгдэгчийн өмнөөс хохирогчоос уучлал гуйна. Би анхандаа гомдолгүй гэж хэлсэн гэж хохирогч маань бас сая хэлж байна. Хоёулаа залуу хүмүүс алдаа гаргасан. Гэм буруу дээрээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас гэм буруугийн асуудал ярихгүй. Гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийн хувьд гаргасан төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Өнөөдрийн хувьд хохирогч маань баримтаа тэдэн төгрөг гэж тавиагүй. Сая 15,000,000 төгрөгийн асуудал ярьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд бодит хохирлыг гаргуулах зохицуулалттай. Эмчилгээний зардалд нэхэмжилж байгаа 110,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй. Өмгөөлөгчийн зардлын 5,000,000 төгрөг гэдэг асуудал яригдахгүй. Өнөөдөр шүүхийн практикт өмгөөллийн хөлсийг төлж байгаа тохиолдол байхгүй. Хуульд байгаа боловч тусгай журмаар зохицуулна гэсэн хуулийн зохицуулалттай. Ийм журам өнөөдрийн байдлаар гараагүй байгаа. Шүүхээс төлбөр гаргах юм бол бид нар төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлттэй холбоотой тайлбар хэлье. Хохирогчийн өмгөөлөгчийн ярьж байгаа зарим зүйлийг үгүйсгэхгүй. Гэхдээ хавтаст хэргийн хүрээнд хэргийн бодит нөхцөл байдал тогтоогдчихсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлууд нотлогдож тогтоосон. Энэ хүн гэм буруутай байдлаа хүлээн зөвшөөрчихсөн. Хохирогчид гэмтэл учруулсан хүнийг З.Тамир гэдэг. Бие биеэ өөдөөсөө хараад хэлж байна. Ийм үйлдэл гаргасан, энэ хүн намайг ингэсэн гээд хэлж байна. Бүх юм тодорхой байгаа. Өнөөдөр дахин буцаах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр 60 хүртэл хоног хойшлуулъя гэдэг асуудлыг хөндөж байна. Гэхдээ энэ бол процессын асуудал. Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон бол энэ хуулийн хэрэглэнэ. Хавтаст хэрэгт байхгүй материалыг ярьж байна. Хавтаст хэрэгт байхгүй эмчийн үзлэгийн тэмдэглэлийг яриад байх шиг байна. Өнөөдөр бодит байдалд хохирогчийг харахад хүнд гэмтэл учирсан байна уу? түр зуур гэмтсэн гэх шинжээчийн дүгнэлт биеэрээ нотлогдож байна шүү дээ. Үүнд дахин шинжээч томилох, дахин ажиллагаа явуулах ямар ч шаардлага байхгүй. Мөн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол гэдэг зүйлийг хөндөж байна. Зүйлчлэлийг хүндрүүлнэ гээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 зүйлийн 1 дэх хэсгийг ярьж байна. 2.8 зүйлийн 1 дэх хэсгийг дурдаж болно. Гэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт бас юу гэж заасныг хэрэглэх. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзахаас өмнө хийсэн үйлдэл, эс үйлдэхүй бие даасан өөр гэмт хэргийн шинжтэй байвал тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн ийм зохицуулалттай. Алах гэмт хэрэг үйлдэгдээгүй. Алахыг завдсан гээд байгаа. Гэхдээ яалтчгүй хөнгөн гэмтэл учруулсан байгаа. Хөнгөн гэмтэл учруулснаар прокуророос зүйлчлээд яллаад ороод ирсэн. Энэ зүйлчлэл дээр маргах ямар ч боломж байхгүй. Эрүүгийн хэргийн тохиолдлуудыг ярих гээд байна. Тийм зүйл байж болохгүй. Алахыг завдсан гэдэг нь тэрнээс өмнө үйлдсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бол завдахаар зүйлчилнэ гэсэн хуулийн зохицуулалт. Бид өнөөдөр хуулиа зөв хэрэглэж зүйлчлэх ёстой. Гэм буруутай этгээдийн гэм буруутай үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн хуулийн зохицуулалттай. Завдсан гэж үзэх үндэслэл байхгүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг хэрэглэх үндэслэл байхгүй. Би өмнөх байр сууриа дэмжинэ. Гэм буруу дээрээ маргахгүй. Хохирогчийн өмгөөлөгч хэд хэдэн асуудлыг ярьж байна. Би юу гэж харж байна вэ гэхээр хохирогчийн өмгөөлөгч өөрөө хийж амжаагүй ажлаа гүйцэтгэх гээд байна. Урьдчилсан хэлэлцүүлэг гэж байгаа. Үнэхээр ийм асуудлууд байгаа бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр буцаалгах, авагдаагүй нотлох баримтуудыг гаргуулах эрх нь нээлттэй байсан. Яагаад урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаагүй юм бэ? хүсэлт гаргах боломж нь хуулийн хувьд байсан шүү дээ. Одоо шүүхэд ирчихсэн, буцаах боломжгүй болсны дараа янз янзын асуудал гаргаж байна. Бухимдаж байна гэж хэлж байна. Бухимдах хүмүүс нь харин хэн бэ? би хохирогчийн бол маш их ойлгож байгаа. Түрүүнд уучлал хүссэн. Үнэхээр миний үйлчлүүлэгчийн буруу. Гэхдээ энэ хурлыг явуулахгүй ямар их саатлаа. Өмнөх хурал дээр өмгөөлөгч авна гээд хойшлуулсан. Одоо тэр өмгөөлөгч хаана байна. Тэр өмгөөлөгч орох, орохгүй асуудлаа хүсэлтээ ирүүлэхгүй яасан юм. Ийм асуудал байж болохгүй шүү дээ. Тэгээд одоо өөр юм ярьдаг. Урьдчилсан хэлэлцүүлгээр бүх асуудлуудыг шийдвэрлэх боломж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тайлбарлах гээд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг та бид хоёр тайлбарлахгүй. Үүнийг тайлбарладаг хүмүүс нь та бид 2 биш. Зөв хэрэглэх, буруу хэрэглэх асуудлыг хөндсөн болохоос биш энийг тэгэх ёстой байсан гэдэг асуудлыг би яриагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан. Гэтэл хохирогчийн өмгөөлөгч шударга ёс гэдэг асуудлыг яриад байна. Энэ маш олон хүсэлтүүдээ яагаад прокурорын шатанд өгөөгүй юм бэ? хохирогчийн өмгөөлөгчөөс хэргийг шилжүүлээч, харьяаллыг өөрчлөөч гэсэн л гомдлууд ирдэг юм байна лээ. Шүүхэд ирсэн хойно нь шүүгчээс татгалзлын асуудал хүртэл ярьсан шүү дээ. Ийм л юм өгдөг. Шинжээчийн дүгнэлтийн асуудлыг ярьж хөндөөд байна. Бид нар шинжээч биш. Өмгөөлөгч нар бол шинжээч биш. Шинжээчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэх асуудал хөндөгдөх болохоос биш шинжээчийн дүгнэлт зөв байна, буруу байна би Авлигатай тэмцэх газар өгнө гэж байгаа нь юу гэсэн үг юм бэ?. Процессын асуудал шүү дээ. Тухайн үед нь шийдээд явах ёстой. Тэгэхэд тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би түрүүнд асуулт тавьсан. Та шинжээчийн дүгнэлттэй танилцаад ямар нэгэн хүсэлт, гомдол гаргасан уу гэхэд гаргаагүй гэсэн. Өмгөөлөгч нь байсан. Хоёулаа гарын үсэг зурсан. Үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байсан юм бол тэр үедээ хүсэлтүүдээ өгөөд явахгүй яасан юм бэ? хийх ёстой ажлуудаа хийгээгүй асуудал яригдаж байгаа. Энийгээ одоо шүүхээр гүйцэтгүүлэх гээд байгаа юм уу? би ойлгохгүй байна. Нэмэлт өөрчлөлтөөр яг ямар асуудлаар 60 хоногийн хугацаагаар хойшлуулах гээд байгаа ямар ч үндэслэл байхгүй. Хэддүгээр хавтаст хэргийн ямар нотлох баримт нь шаардлага хангахгүй байгаа, одоо яг юу хийлгүүлэх гээд байгаа нь тодорхойгүй. Буцаахаар прокурор юм хийх ёстой. Прокурорт ямар даалгавар өгөх, юу хийлгэх нь тодорхойгүй байж 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хойшлуулъя гэж яриад байгаа. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон асуудал ярьж байна. Зөрчлийн хэрэг, эрүүгийн хэрэг ялгаатай. Ялгаж салгаж зүйлчилдэг. Өнөөдөр прокурор эрүүгийн хэрэг дээр нь зүйлчлээд, яллах дүгнэлт үйлдсэн. Үүн дээр зөрчлийн асуудал ярих ямар ч шаардлага байхгүй. Тухайн үед хүсэлт, гомдлоо өгөөд явах боломж нь бас л байсан. Одоо хугацаа нь дуусчихсан гээд өмгөөлөгч өөрөө хэлж байна. Үнэн шүү дээ. Тэгвэл тухайн үед нь өгөөд явахгүй яасан юм бэ? ийм асуудлуудыг хөндөж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс өмнөх байр сууриа дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б нь мэдүүлэхдээ: “Тухайн өдөр болсон зүйл бол прокурорын хэлсэн зүйл байсан. Үүн дээр нэмж ярих зүйл байхгүй. Миний өөрийн санал болохоор нэгдүгээрт би З.Тамирт хувийн шинж чанартай хорсож зэвүүцсэн зүйл байхгүй. Хамгийн эхэнд би мэдүүлэг өгөхдөө энэ залууг танихгүй, хэн гэдгийг нь ч мэдэхгүй, хараачгүй байж хамгийн эхэнд өгсөн мэдүүлэгтээ би гомдолгүй гэж хэлсэн. Ц байцаагчид хэлж байсан. Яагаад дахин дахин шүүх хуралд оролцож ингээд байгаа вэ гэхээр би энэ хэргийг шударга шүүлгэмээр байна, хувь хүний хандлагаар биш шүүхийн зарчмаар шийдүүлмээр байна. Ц байцаагчийн бүрдүүлсэн бичиг баримтын дагуу шүүх хурал явахад зарим нэг материал нь хавсаргагдаагүй, дутуу ажиллагаа явагдсан байна гэж буцсан. Үүн дээр жишээ дурдахад нэгдүгээрт миний биеийн хэсгийн зургууд Ц байцаагчийн утсан дээр байж байгаад энэ дээр ороогүй. Үүнийг нэмэлт материал болгоё гээд та буцаагаад, буцаж орж ирэхэд тэр зургууд байгаагүй, нэмэлт ажиллагаа хийгдээгүй байсан. Хоёрдугаарт шүүх шинжилгээний эмч Ш эмч нь миний биеийн хамгийн том шарх буюу баруун хөлийн шархийг зүүн шарх, дээрээс нь тухайн үед овтеркаар гэмтээсэн гэж хэлээд өмгөөлөгчтэй оролцоод овтерка ийм шарх үүсгэх боломжтой юу гэхэд өөрөө овтерка гэж бичсэн хэрнээ үүсэх боломжгүй гэж өөрийн бичсэн өөрийнхөө мэргэжлийн тамгаа дарсан зүйлээс буцсан. Үүн дээр би гомдолтой байна. Гуравдугаарт мэргэжлийн бүрэлдэхүүн шинжээч томилуулаад Улаанбаатарын шүүх эмнэлэг рүү бүрэлдэхүүн шинжээч нар очсон. Тухайн үед бүрэлдэхүүн шинжээч нар зүрхний судас тодосгогч болон булчингийн мэдрэлийн нарийвчилсан шинжилгээ хийлгэж байж бид нар энэ дээр нь нэмэлт шинжилгээ гарах боломжтой гэж албан байдлаар надад бичиг өгсөн боловч тэр чинь захиалга өгч байж өгөх учир эмнэлэг сарын дараа цаг аваад үзүүлээд тэрнийхээ бичих баримтыг шүүх шинжилгээний албанд очоод энэ таны өгсөн бичиг баримт байна, одоо би шинжилгээгээ хийлгэе гэсэн чинь цагдаагаар албан байдлаар өгүүл гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц байцаагч руу залгаад танаар дамжуулж өгөх юм байна, хувь хүнээр болдоггүй юм байна гэж хэлсэн чинь Ц байцаагч би хөдөө байгаа учраас Баянзүрх дүүргийн 2-р хэлтэс дээр манай байцаагч Л гээд хүн дээр аваачаад өгчих, манай хүн тэнд явж байгаа гэсэн. Энэ хүн дээр тухайн нарийн шинжилгээнийхээ хариуг өгөөд тэрнийх нь дагуу хавтаст хэрэгт хавсаргагдаад би шүүх шинжилгээндээ орох ёстой байсан. Энэ шинжилгээнд үндэслэж бүрэлдэхүүн шинжээч миний гэмтлийг гаргах байсан боловч тэр нь тухайн оройноо алга болсон. Миний үзүүлсэн нарийн бичиг баримт. Алга болсныг Ц байцаагч надад хэлсэн. Тухайн үед би жижүүр дээр нь тэмдэглүүлээд Л байцаагч руу нь яриад үлдээсэн. Шүүх шинжилгээ болохоор энэ зүйлийг үндэслэж дүгнэлт гарна гэчхээд тухайн бичиг баримт нь алга болчихсон байхад биед үзлэг хийсэн. Үзлэг хийхэд би хамгийн эхэнд очиход өөр 3 эмч ирээд над дээр үзлэг хийсэн. Эхний эмчийн шаардсан зүйлийг мэргэжлийн байгууллагын шаардсан юм нь байхгүй байхад бие дээр үзлэг хийгээд дүгнэлт гаргасан. Гэх мэтчилэн иймэрхүү зүйлүүд дээр би хууль журмынхаа дагуу шударга шүүлгэхийг хүсэж байгаа.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Д.А гаргасан дүгнэлт, тайлбартаа: “Миний хувьд залуу хуульч, залуу өмгөөлөгч ажлын гараагаа эхлүүлээд явж байна. Өнөөдөр хэргийг ингэж шалгаад, ингэж хяналт тавиад, ингээд оруулаад ирж байгаа нь миний хувьд үнэхээр харамсалтай санагдаж байна. Өнөөдөр нийгэмд үүсээд байгаа эмх замбараагүй байдал, жагсаал цуглаан юутай холбоотой гэхээр ард иргэд зөвхөн шударга ёсыг хүсээд байгаа. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зүйл заалтыг хуульчид бид ёсчлон биелүүлэхгүй юм бол бид нар өмгөөлөгч, прокурор гэж зогсоод яах юм бэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих ёстой байдлыг заавал тогтоох ёстой гээд заачихсан байдаг. 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэгт гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад нөхцөл байдал гэж байна. Хэзээ үйлдэгдсэн нь бол тодорхой гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Яаж үйлдэгдсэн гэх овтерка, иртэй зүйлээр гэмтэл учруулсан байна гээд явдаг. Хэргийн газар дээр очоод бүтэн шөнөжингөө үзлэг хийчихэж байгаа юм. Шөнөжин үзлэг хийгээд баахан фото зураг дарж байгаа юм. Цэнхэр өнгийн хувцасны зураг авагдсан, цус мэт зүйлээр бохирлогдсон. Автомашины суудлын бүрээс цус мэт зүйлээр бохирлогдсон. Мөн улаан өнгийн овтерка машин дотор тодорхой харагдаж байгаа. Энэ зүйлийг яах ёстой вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн. 23.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мөрдөгч хэргийн газар үзлэг хийхэд дараах арга хэмжээг авна гээд 3.7-т хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, цуглуулж, бэхжүүлэх аливаа зүйлийг бүхлээр нь эсвэл хэсэгчлэн хураан авах, битүүмжлэх, хадгалах гэж заасан байгаа. Зураг авсан юм бол энэ баримтыг тогтоолдоо. Улаан иштэй овтеркыг гэрч нь өөрөө энд тавьсан гээд зааж өгсөн байхад тэрийг эд мөрийн баримтаар хурааж аваад гуя дээр үүсчхээд байгаа шархыг овтеркаар учруулах боломжтой юу гэдгийг тогтоогоод, овтерка дээр хүний цус байна уу, тэр цус нь хэнийх юм, гар хурууны хээ байна уу гэдгийг тогтоох бүрэн боломжтой шүү дээ. Өнөөдөр миний харж байгаагаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газар, шүүхийн шинжилгээний байгууллага, цагдаагийн нийлж байгаад энийг хөнгөн гэмтэл мэтээр дуусгахаар улайран тэмүүлж байгаа асуудал тодорхой харагдаж байгаа. Мөн хамгийн ноцтой нь хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэхэд гол ач холбогдол бүхий нотлох баримтыг санаатай устгасан, алга болгосон, хэргийн материалаас хассан үйлдэл байвал Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг. Тэр баримтыг шаардлагатай гэж авчхаад яагаад хэргийн материалд хавсаргахгүй байгаа юм. Заавал хавсрагдах ёстой шүү дээ. Мөрдөгч яагаад хассан юм бэ. Тэрийг гаргаж байж шүүх шинжилгээний дүгнэлт гарна гээд байхад өмнөх шинжээчийн 500 дугаартай дүгнэлтийг энэ 3 шинжээч хуулаад л тавьчихсан шүү дээ. Ийм баримт аваад ир гээд хэлдэг. Эмчид нь үзүүлээд баримтаа аваачиж өгөхөөр нөгөө баримтдаа үндэслэлгүйгээр дүгнэлтээ гаргачихдаг. Тэгвэл ингэж хохирогчоор тоглох шаардлага байхгүй шүү дээ. Гэрч нь мэдүүлэхдээ улаан иштэй овтерка гартаа барьчихсан байсан, би машины сандал дээр тавьсан шүү гэсэн мэдүүлгийг 10 дугаар сарын 01-нд авчхаад, зургийг нь авчхаад 10 сарын 5,6 хүртэл илтгэх хуудас, мэдэгдэх хуудас гээд ямар ач холбогдолгүй зүйл бичээд яваад байдаг. Би энэ хэрэг дээрээс анх удаа харч байна. Сураггүй алга болсон хүнийг эрэн сурвалжилдаг болохоос биш, хүний биед гэмтэл учруулсан байх боломжтой эд зүйлийг эрэн сурвалжлаад 30, 40 километр хайгаад явдгийг би огт сонсож байгаагүй. Хууль зүйн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах гэсэн заалт байгаа. 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ гэж заасан. Хэргийн материалд цугларсан баримтуудаас харахад шүүгдэгч З.Т нь хохирогч Б.Б-ыг алах санаа зорилготой байсан. Энэ нь яаж нотлогддог вэ гэхээр кемпийн үүдэн дээрээс хөдөлж яваад Б.Батмягмар нь шүүгдэгчийг цохисон гэм буруутай үйлдэл байдаг. Энэ процесс болсны дараа машин цаашаа хөдлөөд явсан. Гэрч Х.А нь энэ хоёрыг салгасан. Салгаад цаашаа үргэлжлээд явж байх хооронд юу болдог гэхээр энэ хүн чинь өөрийн олж авсан улаан иштэй овтеркыг тэнд байгааг мэдээд өөрийн биедээ авч хүний биед гэмтэл учруулах амь насыг нь хохироох боломжтой зүйл гэдгийг мэдсээр байж биедээ авч хадгалаад машин зогсонгуут шууд бууж очоод энэ хүнийг ална гээд хаа таарсан газраа олон удаа хутгалж байгаа нь хүний амь насыг хохироох гэж байгаа шууд чиглэсэн санаатай үйлдэл байгаа юм. Аз болоход энэ хүн өнөөдөр үхээгүй. Гуя дээр учирсан гэмтэл шарх цавь орчим руу орсон бол энэ хүн шууд үхнэ. Х.А эмнэлэг дуудаад энэ хүнийг эмнэлэгт үзүүлээгүй бол цус алдаад үхэх нь ойлгомжтой байсан. Хууль зүйн онолын хувьд эрх зүйч мэргэжлээр суралцахад авдаг тод жишээ энэ шүү дээ. Хүнийг буудчихдаг. Хүнийг буудаад амин бус газар нь оноод тухайн хүнд гэмтэл учирсан бол завдсан гэж үздэг. Хэзээ ч хүнийг биед нь хөнгөн, хүнд, хүндэвтэр гэмтэл учруулна гэж бууддаггүй. Хэзээ ч хүний биед хөнгөн гэмтэл учруулна эсхүл далайлган сүрдүүлнэ гэж хүнийг 5, 6 удаа таарсан газраа хутгалдаггүй юм. Дунд чөмгөний яс хүртэл хөндий гэж байгаа юм. Яс байгаагүй бол цаашаа орсон бол энэ хүн яах вэ? Энэ үйлдэл нь санаатай алах зорилготой байсан гэдгийг харуулаад байна шүү дээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон өөрчлөлтийг анхан шатны шүүх маш хариуцлагатайгаар хэргийг шийдэх ёстой аргагүй нөхцөл байдал үүсэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд буцааж болохгүй, давж заалдах шатны шүүхээс ирсэн байдлыг хүндрүүлж яллаж болохгүй. Завдсан гэдэг нь ойлгомжтой байгаа учраас 60 хүртэл хоногоор хойшлуулаад, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулаад, зүйлчлэлийг өөрчлөөд оруулж ирээсэй гэж хүсэж байна. Мөн процессын зөрчил байгаа. Яллагдагчаар татсан бол даруй танилцуулаад мэдүүлэг авах ёстой байсан бол шууд яллах дүгнэлт үйлдээд явсан. Би энэ асуудлыг сайн ойлгохгүй байна. Өмнөх хэлсэн тайлбар, өмгөөллийн үгээ дэмжиж байна. Давхцуулахгүйгээр улсын яллагчийн гаргаж байгаа тайлбар болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбартай холбогдуулан тайлбар хэлье. Одоо тэр овтерка байхгүй болчихсон, нөхөж хийх боломжгүй гэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа хийх чиг үүрэг бүхий байгууллага нь цагдаагийн байгууллага. Цагдаагийн байгууллага юу хийж байна гэдгийг хянах үүрэг нь хяналтын прокурорын үүрэг. Ажиллагааны явцад татаад хянах үүрэг нь таны чиг үүрэг. Хэрэв мөрдөн шалгах ажиллагааг хянах үүрэг нь өмгөөлөгчид байгаад албан тоот явуулаад нотлох баримтыг авчих эрх хэмжээ нь байсан бол би хуулийнх нь дагуу хийчхэж чадна. Даанч надад тийм эрх хэмжээ байгаагүй. Байхгүй байсан баримтыг одоо ярьж байна гэж хэлж байна. Би энэ хэргийн харьяаллыг Улаанбаатар хот руу шилжүүлээд өгөөч гээд удаа дараа хүсэлт өгдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар боломжтой шүү дээ. Хохирогч, шүүгдэгч, гэрч, хохирогч нарын олонх байгаа газарт шилжүүлээд шийдвэрлэх боломжтой шүү дээ. Заавал 750 километр газар байнга явуулах гээд байгаа. Ажиллагаа дуусчихсан гээд байгаа. Ажиллагаа дуусчихсан бол шилжүүлээд өгөлдөө. Тэгсэн бол би баримттай танилцаад энэ байхгүй байна гээд хэлээд тухайн үед нь гомдол, хүсэлтээ гаргах боломжтой байсан. Би ажиглахын хувьд ажиглаж байсан. Энэ баримт нь алга болчихлоо гээд үйлчлүүлэгч хэлээд байсан. Тоот явуулаад хэргийн материалдаа явчихсан байх гэж бодсон. Өнөөдөр ирээд харсан чинь баримт байхгүй байна. Энэ гэмт хэргийг шинжтэй асуудал. Энийг прокурор өөрөө хянаад орж ирж байх ёстой. Шүүхийн шинжилгээний байгууллага бол хэргийн зүйлчлэлийг тогтоож хэргийг шийдэх байгууллага бол биш. Шинжээчийн дүгнэлт хэргийг эцсийн байдлаар шийдвэрлэх хөдөлгөөнгүйгээр нотлох гол ач холбогдол бүхий нотлох баримт биш. Болсон асуудалд тулгуурлаж дүгнэлт хийх ёстой. Би нотолбол зохих байдал дээр гол юмыг яриад байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан сэдэл, зорилго. Хүнийг 5 удаа хутгалаад, эрүү рүү хутгаллаа эрүүний ясанд тулаад, гуя руу хутгалаад дунд чөмөгний ясанд тулаад, дал руу хутгалаад далны ясанд тулаад, шуу руу хутгалаад шууны ясанд тулаад байна. Гол нь ямар зорилгоор хутгалаад байгаа юм. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг анхаарч үзээч гэж байна. 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзахаас өмнө хийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь бие даасан өөр гэмт хэргийн шинжтэй байвал тухайн гэмт хэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Энэ хүн чинь сайн дураараа татгалзаагүй шүү дээ. Х.А салгасан. Машин руу биеэ оруулчихсан байхад нь юүдэнтэй цамцаар нь ороогоод түлхэж байгаад энэ хүнээс холдсон байдаг. Сайн дураараа татгалзаагүй. Сайн дураараа татгалзсан бол хүн үхэх гэж байхад хаяад явчихдаг юм уу? мянган үгийн таглаа нь мэдэхгүй гэдэг шиг бие санахгүй байна, мэдэхгүй байна гээд байдаг. Тэгэхээр нь та архи уугаад сэрэнгүүтээ амиа хорломоор санагдаад байдаг юм уу гээд шүүх хуралдаан дээр асууж байгаа юм. Гэм буруугаа хүлээсэн гэдэг ганц үгээр таглаа хийгээд байх юм. Нотлох баримт алга болсныг мэдсээр байж та хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, хойшлуулах шүүгдэгчийг залхаан цээрлүүлэх гээд ийм юмыг одоо шүүх хуралдаан дээр ярьж байна гэж прокурор хэлж байна. Надад хэргийг хянах, өдөр болгон хавтас нэг бүрээр нь эргүүлээд унших эрх хэмжээ нь байхгүй шүү дээ. Би энийг унших гээд тэр болгон 750 километр газар явж ирэх хүндрэлтэй байгаа. Би 5,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Б.Б-аас өнөөдөр би мөнгө аваагүй байгаа. Хэргийг шийдвэрлээд болъё гэчихсэн байгаа. Залуу хүмүүсийн хувьд итгэлцлээр явж байгаа. Би жаахан бухимдалтай байж магадгүй. Үүндээ хүлцэл өчье. Энэ хэрэг дээр яагаад шударга ёс байхгүй байна вэ гэхээр би 2021 оны 12 сарын 27-ны өдөр Б.Б-тай уулзаад, хоол идээд ийм асуудал болсон гээд хууль зүйн туслалцаа үзүүлж хамтарч ажиллахаар болсон юм. 2021 оны 12 сарын 31-ний өдөр Цогтцэций суманд ирж Цэцмагнай гэх мөрдөгчид мэдүүлэг өгсөн. Ингэхэд Улаанбаатар хотоос ирэхэд машинаар 3 хүн ирсэн. Б.Б өөрийнхөө найзаар машин бариулаад ирсэн. Хөл нь доголоод явж байсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь учруулсан гэмтэл, шарх сорви нь хэр удаан эрүүл мэндэд нь зовуурь учруулж байгаа юм бэ гэдгээс шалтгаалаад дүгнэлт гарж байгаа. Өөрөөр хэлбэл 27 хоногоос доош хугацаанд эрүүл мэндийг сарниулж байвал түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг, 28-аас дээш байвал өөр байх ёстой. 10 сарын 31-ний өдөр бид хоёр ирж мэдүүлэг өгөхөд энэ хүн доголоод найзаараа машин бариулаад явж байсан. Би өөрөө тэрийг харж байсан. Цэцмагнай мөрдөгч мэдэж байгаа. Бас нэг хошууч мэдэж байгаа. Ийм юмыг би өөрөө мэдэж байгаа учраас аягүй бухимдалтай байна. Согтуу машин барьсан нь тогтоогдсон шүү дээ. Согтолтыг хэмждэг драйгер багажаар үлээлгэж хэмжээгүй, үлээлгээгүй, согтуу гараагүй ч гэсэн дүрэм зөрчсөн шүү дээ. Жолоо барих эрхийн үнэмлэхтэй юм уу? жолооны дүрэм, шалгалт өгөөд тэнцсэн байх ёстой. Цагдаа, прокурорын байгууллагын чиг үүрэг шүү дээ. Тоотоо бичлээ зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих хэлтэс рүү нь тоотоо бичээд прокурор эсхүл замын цагдаагийн хэлтэс рүү нь юм аа өгөөд шийдүүлэх боломжтой шүү дээ. Өнөөдөр яаж байна гэхээр ял завшчихсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан 6 сарын хугацаа өнгөрчихсөн. Согтуу байсан бол эрхийг нь хасаад, 500,000 төгрөгөөр торгох хууль зүйн боломжгүй болчихсон. Энэ шүүх хурал дээр яригдаж байгаа миний хэлсэн үг, үсэг бүрийг нэг бүрчлэн тодотгоод, тусгаад өгөөрэй гэж нарийн бичгийн даргаас хүсмээр байна. Би энэ худлаа дүгнэлт гаргаад байгаа шинжээч эмчийг, энэ хэрэгт хувийн сонирхолтой оролцоод байгаа ажлаа хийхгүй байгаа цагдааг харьяаллынх нь дагуу Авлигатай тэмцэх газар шалгуулна. Хуулийг дагаж, мөрдөхгүй бол бид нар хуульч, өмгөөлөгч гээд яах юм бэ? ямар ч шаардлагагүй.” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-25-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б гэрчээр мэдүүлсэн: “...би тухайн өдөр нүүрс тээврийн 2 дахь километрээс баруун урд байрлах манай компани Дэпо гэр нэртэй оффист хамт ажилладаг ...инженер С, О, Э бид дөрөв 3 ширхэг 2 литрийн том савтай пиво уугаад сууж байсан юм. Тэгтэл гаднаас А, ХАБ ажилтан Т, сангийн ажилтан У нар ирсэн юм. Энэ гуравтай хамт Т гэх залуу ирсэн мөртлөө орж ирэхгүй машиндаа сууж байсан юм. Тэгээд бид нар дахиж нэг шил архи нэмж уух санаа гаргаад нүүрс тээврийн 2 дахь км орж архи олж авахаар А, Т гурав хамт 08-10 УНО улсын дугаартай, цэнхэр өнгийн старикс маркийн автомашинаар явсан юм. ...Явахаас өмнө Т бид хоёрын дунд үл ойлголцол гарсан. Намайг Д оффисоос гарч ирэхэд Т гэх согтуу үл таних залуу 08-10 УНО улсын дугаартай, цэнхэр өнгийн старикс маркийн автомашиндаа сууж байсан юм. Тэгэхэд би Т-ыг өөрөөсөө насаар дүү юм байна гэж бодоод “Ахын дүү согтуу машин жолоодохгүй шүү, дотогшоо ороод ирээ” гэж хэлэхэд уурлангуй байдалтай байсан. Тэгтэл А надад “Т чамаас насаар ах” гэж хэлсэн. ...Би үүнээс болоод Т-тай маргалдаж муудалцсан гэж бодож байна. Би энэ талаар бол яг юунаас болж муудалцсан гэдгээ сайн санахгүй байна. Ямар ч байсан нүүрс тээврийн 2 дахь км-т байрлах хүнсний дэлгүүр болон хоолны газруудын дунд орж зогсоход би Т-ын толгойны ар хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохсон. Тэгэхэд Т машинаас бууж ирээд миний сууж байсан талын хаалгыг нээгээд шууд гараараа цохих шиг болсон. Намайг 2 цохисны дараагаас миний биед халуун оргиод эхлэхэд би цус алдаж байгаа гэдгээ мэдсэн. Тэр үед ч Т намайг цохсоор байсан. Тэгэхэд нь би гараар цохиулаагүй, ямар нэг хутга, мэс, үзүүртэй зүйл Т-ийн гарт байгаа гэдгийг мэдэрч А-д “намайг хутгалаад байна” гэж хэлэхэд А ...Т-г хойш нь татаж унагаасан. Тэгээд А намайг хараад Т руу “цус болчихсон байна ш дээ чи юунд ингээд хутгалж байгаа юм юугаар ингэчхэв” гээд уурлаж байсан. Тэгэхэд Т намайг хараад яанаа гээд уйлаад байсан. Тэр үед нь би Т “Би ийм болчхоод уйлахгүй байхад чи юунд уйлдаг юм бэ, хурдан намайг эмнэлэгт хүргэж өг” гээд А, Т бид гурав сумын эмнэлэг орохоор явсан юм. ...Т уйлаад яваад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-38-42-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.А: “...шөнийн 01 цагийн үед Б надад “Хоёулаа нүүрс тээврийн 2 дахь км луу нэг шил архинд яваад ирье” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд Т-ын унтаж байсан 08-10 УНО улсын дугаартай цэнхэр өнгийн автомашинд суугаад Тамирыг сэрээгээд нүүрс тээврийн 2 дахь км-т байх хүнсний дэлгүүрүүдээс архи олж авах санаатай явцгаасан юм. ...Тэгээд явж байхад Т, Б нар хоорондоо хэрэлдэж маргалдсан юм. Яг юунаас болж хэрэлдэж маргалдсан гэдгийг би сайн мэдэхгүй байна. Тэр үед Б арын суудал дээр сууж явж байгаад гэнэт босоод Т ард талаас баруун гараараа 2 удаа цохсон. Тэгэхэд Т машин жолоодож байсан учраас Б-ын өөдөөс хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгэхэд Б Т-н ардаас дахиад цохих гээд байхаар нь би Б-ыг боль гээд хойш нь түлхээд суудал дээр нь суулгасан юм. Бид гурав ингэж явсаар шөнийн 01 цаг өнгөрч байхад нүүрс тээврийн 2 дахь км-т байрлах хүнсний дэлгүүрүүдийн дунд орж ирээд зогссон... Тэгээд зогсож байтал Т жолоочийн суудлаас буугаад машинаас гарч гүйгээд машины арын хаалгыг нээгээд Б-ыг цохих шиг болсон. Тэгэхэд нь би тэр хоёрыг салгах гээд машинаас буугаад тойроод очтол Б “Манийг чинь хутгалчихлаа” гээд орилохоор нь би Т-ыг ардаас нь татаад холдуултал Б-ын баруун хөлнөөс их хэмжээний цус алдаж байсан... Тэгэхэд нь би Т-с хутгыг нь авах санаатай “Чи юугаар зүсчихсэн юм бэ” гэж асуухад надад цэцгэн толгойтой овтерка үзүүлсэн. Би Б-ын хөлийг тэлээгээр боогоод Цогтцэций сумын эмнэлэг рүү явсан... Тэгээд явж байтал сумаас 8 км-ын зайд шороон зам дээр бид нарын зорчиж явсан 08-10 УНО улсын дугаартай, цэнхэр өнгийн Старикс маркийн автомашин сайранд чигдэж суугаад гацчихсан юм. ...Би эмнэлгийн түргэний эмчид зам зааж өгчхөөд Т-ын гар утсыг буцааж өгөх гэтэл Т алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-52-р хуудас/
Хохирогч Б.Б-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /1-р хх-ийн 57-61 дүгээр хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын гаргасан 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 696 дугаартай “1. Өмнөговь аймгийн ШША-ны шинжээч эмч С.Ш-ийн гаргасан №500 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Б.Б-ын биед зүүн шанаа, зүүн мөр, хэвлий, цээж, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд учирчээ. 3. 4. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. 5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 242-245 дугаар хуудас/
Шүүгдэгч З.Т-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 74, 77, 79, 80, 82-89, 91-103, 106-113 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10/2511 дугаартай албан тоот /1-р хх-ийн 198 дугаар хуудас/,
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 403 /187 дугаартай албан бичиг, бусад баримтууд /1-р хх-ийн 222-241 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоол /2-р хх-ийн 8-9 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч З.Т-ыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 30-аас 2021 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт иргэн Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр Б.Б-ын биед зүүн шанаа, зүүн мөр, хэвлий, цээж, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Т нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч З.Т нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч З.Т-ын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь /гэмт үр дагавар/ хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслээр шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхгийг хязгаарлах, хуульд заасан журмыг зөрчих замаар цуглуулж бэхжүүлсэн баримтыг нотлох баримтаар тооцох боломжгүй байх тул шүүгдэгч З.Тамирын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. /1-р хх-ийн 45-47 дугаар хуудас/,
Хохирогчийн өмгөөлөгч Д.А-ийн гаргасан “... байр суурийн хувьд хэргийг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж, нэмэлт шаардлагатай ажиллагаануудыг хийлгэн хүндрүүлэн зүйлчлэх байр суурьтай оролцоно.” гэх санал, дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасан үндэслэл шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдоогүй тул хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нотлох баримт шүүх хуралдааны явцад тогтоогдоогүй бөгөөд хохирогчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Б-ын мэдүүлэг, гэрч Х.А мэдүүлэг, шүүгдэгч З.Т-ын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын гаргасан 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 696 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч З.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 30-аас 2021 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт иргэн Б.Б-ртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр Б.Б-ын биед зүүн шанаа, зүүн мөр, хэвлий, цээж, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Бие махбодын хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг нь түр хугацаагаар сариулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах байдлаар илэрнэ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын гаргасан 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 696 дугаартай “1. Өмнөговь аймгийн ШША-ны шинжээч эмч С.Ш-ийн гаргасан №500 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Б.Батмягмарын биед зүүн шанаа, зүүн мөр, хэвлий, цээж, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд учирчээ. 3. 4. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. 5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 242-245 дугаар хуудас/,
Хохирогч Б.Б нь шүүгдэгч З.Т-аас эмчилгээний зардал, хохирол төлбөрийг баримтаар нэхэмжлээгүй боловч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б нь өөрт учирсан хохирлын талаарх нэхэмжлэлийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч З.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч З.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж зааснаар шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч З.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, улсын яллагчийн дүгнэлт, хохирогч, өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-т 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-т оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-т оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Т-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлэхээр тогтов.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт З- Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-ыг 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-т оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б нь өөрт учирсан хохирлын талаарх нэхэмжлэлийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Т-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ