| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2019/00305/и |
| Дугаар | 319 |
| Огноо | 2019-08-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 319
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Э,
Хариуцагч: Ц.П нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл болон хүү 14.834.803,25 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 14.841.803,25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц, хариуцагч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын харилцааны менежер Х.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ч.Э, Ц.П нар Төрийн банкнаас 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 16200022508 тоот зээлийн гэрээний дагуу 14.834.803,25 төгрөгийг 50 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр авсан. Ч.Э зээлээ гэрээний дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлж, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 150 хоног хугацаа хэтрүүсэн байна. Иймд зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлдэгч Ч.Э, хамтран зээлдэгч Ц.П нараас доорх төлбөрүүдийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл, хүү 14.834.803,25 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 14.841.803,25 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би Увс аймгийн Э.Ц-ийн нэрэмжит Ойрад хөгжимт жүжгийн театрт ажиллаж байх үедээ даргаараа бичиг хийлгэн авч, зээл авсан. Гэтэл зээл авсны дараахан ажлаас үндэслэлгүй халагдаж, энэ тухай гомдлоо хуулийн хугацаанд нь шүүхэд гаргаж чадаагүй хохироод үлдсэн. Намайг ажлаас чөлөөлөх байсан бол яах гэж дарга надад бичиг хийж өгснийг ойлгохгүй байгаа. Зээлийн барьцаанд би цалингаа барьцаалсан. Намайг цалингүй болгосон тул би яаж зээл төлөх вэ? Би Төрийн банкнаас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг ерөнхийд нь хүлээн зөвшөөрч байгаа. Үнийн дүнд маргаан байхгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т банк” ХХК нь хариуцагч Ч.Э, Ц.П нарт холбогдуулан “Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл болон хүү 14.834.803,25 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 14.841.803,25 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ч.Э, Ц.П нар “Т банк” ХХК-тай 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 162000225080 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”[1] байгуулж, 15.662.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай авсан байх ба зээлийн барьцаанд цалингийн орлого, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 2-4 тоотод байрлах, 6 ханатай битүү шалтай Монгол гэрийг тус тус барьцаалсан байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дуусах боловч зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар, Ч.Э-ийн зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байх тул “Т банк” ХХК нь хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол буюу нотариатын зардал[2] гаргуулахаар тус тус шаардах эрхтэй байна.
Хариуцагч Ч.Э, Ц.П нарт 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр[3] нэхэмжлэлийн хувь гардуулан өгсөн ба хариуцагч нар хуульд заасан 14 хоногийн дотор хариу тайлбараа бичгээр өгөөгүй бөгөөд хариуцагч Ч.Э шүүх хуралдаанд биечлэн оролцож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгийн хувьд маргаан байхгүй гэдгээ илэрхийлсэн.
Харин хариуцагч Ч.Э “Би зээл авах үедээ цалингаа барьцаалсан. Одоо ажилгүй болсон тул цалингаасаа зээлийн төлбөр төлөх боломжгүй болсон” гэх тайлбар гаргаж байгаа боловч хариуцагчийн цалин, орлогогүй болсон нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй болно.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ч.Э, Ц.П нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл болон хүү 14.834.803,25 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 14.841.803,25 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т банк” ХХК-нд олгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-т зааснаар Ч.Эр, Ц.П нарын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 2-4 тоотод байрлах, 6 ханатай битүү шалтай Монгол гэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Т банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Э, Ц.П нараас 232.160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т банк” ХХК-нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ч.Э, Ц.П нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл болон хүү 14.834.803,25 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 14.841.803,25 /арван дөрвөн сая найман зуун дөчин нэгэн мянга найман зуун гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т банк” ХХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-т зааснаар Ч.Э, Ц.П нарын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 2-4 тоотод байрлах, 6 ханатай битүү шалтай Монгол гэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Т банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.160 /хоёр зуун гучин хоёр мянга нэг зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Э, Ц.П нараас 232.160 /хоёр зуун гучин хоёр мянга нэг зуун жар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т банк” ХХК-нд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
[1] Хэргийн 9-11 дүгээр тал,
[2] Хэргийн 3 дугаар тал
[3] Хэргийн 23-24 дүгээр тал,