| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2023/0136/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/140 |
| Огноо | 2023-04-25 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Ундармаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч Э.Ундармаа
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000135 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймаг ******* сумын 1 дүгээр баг гэх газарт газарт Hyundai Porter маркийн улсын дугаартай автомашин, бензин моторт хөрөө ашиглан ойд мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр 13 ширхэг бөөрөнхий нойтон нарс модыг хууль бусаар бэлтгэн, тээвэрлэж байгаль экологид 804,416.6 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймаг ******* сумын 1 дүгээр баг гэх газарт Hyundai Porter маркийн улсын дугаартай автомашин, бензин моторт хөрөө ашиглан ойд мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр 13 ширхэг бөөрөнхий нойтон нарс модыг хууль бусаар бэлтгэн, тээвэрлэж байгаль экологид 804,416.6 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би сум дундын ойн ангиас 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дугаартай 3м3 түлээний улиас мод бэлтгэх эрхийн бичиг авсан юм. ...*******ин надад хашаа барих нарс мод хэрэгтэй байсан тул би тухайн эрхээрээ 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр найз Б.******* хамт өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон гэх ойн сан бүхий газарт бензин моторт хөрөө ашиглан ургаж байсан 3 нарс модыг тайрч унагаасан. Би тайрч бэлтгэсэн 3 модоо дундуур нь 2 метр орчим урттай тайрахад нийт 13 ширхэг бөөрөнхий мод болсон...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч “...Би 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад хамт байгаль орчны чиглэлээр хууль бусаар мод бэлтгэж болзошгүй тус сумын Шар *******, гэх нэртэй ой мод бүхий газраар тээврийн хэрэгслээр явж эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэсэн юм. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад сумын төвөөс 25 км зайд байрлах гэх ой мод бүхий газар руу очиход тухайн газарт *******, нар цэнхэр өнгийн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 3 метр орчим урттай 13 ширхэг бөөрөнхий нарс мод ачаад модон дотор явж байгаад таарсан. Тэгээд мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг шалгаж үзэхэд ******* нь мод бэлтгэх эрхийн бичиг ойн ангиас авсан хэдий ч тухайн мод бэлтгэх эрхийн бичигт заасан улиас мод биш нарс мод байсан. Мөн эрхийн бичигт заасан “ ” гэх нэртэй ой мод бүхий газар биш гэх газраас босоо нойтон мод тайрч бэлтгэсэн байсан юм. ...******* сумын 2 дугаар багийн иргэн ******* нь хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.******* “...би ыг мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан болохоор нь найздаа туслах гэж хамт модонд нь явсан. ******* өөрийнхөө цэнхэр өнгийн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон сумын төвөөс 25 км орчим зайд байдаг гэх нэртэй ой мод бүхий газарт очоод тухайн газраас бензин моторт хөрөөг ашиглан 3 ширхэг босоо модыг тайрч унагаагаад түүнийгээ дундуур нь 2 метр орчим урттай тайрахад нийт 13 ширхэг бөөрөнхий мод болсон. Би тэр модыг нь хамт өргөлцөж *******ын машинд нь ачиж тусалсан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-13/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тогтоол, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-21/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-26/, Дорнод аймгийн ******* суман дахь Сум дундын ойн ангийн шинжээч 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2023/03 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын ойгоос зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн 13 ширхэг бөөрөнхий нойтон нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 804,416.6 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн ...нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч *******ын ойн экологид учруулсан хохирлыг 2,413,249.8 төгрөгөөр тогтоож шүүгдэгчээр нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд ойн экологид учруулсан хохирлоос 844,417 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан /хх-ийн 85/ баримтаар тогтоогдож байх тул түүний төлсөн 844,417 төгрөгийг ойн экологид учруулсан хохирлоос хасаж шүүгдэгчээс 1,568,832.8 төгрөгийг гаргуулж байгаль орчин уур амьсгалын сангийн орлого оруулахаар шийдвэрлэлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai Porter маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн гэх хүнээс худалдан авсан гэж мэдүүлж байгаа боловч уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тодорхойгүй байх бөгөөд *******ын эзэмшлийнх гэдгийг нотлох өөр баримт хэрэгт авагдаагүй байх тул уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai Porter маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5,053,125 төгрөгийг гаргуулах, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 13 ширхэг нойтон нарс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бензин моторт хөрөө зэргийг тус тус хураан авч гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 13 ширхэг нойтон нарс мод нь Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж байгаа болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Hyundai Porter маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 13 ширхэг нойтон нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгөтэй, улаан таг, хар бариултай YD-98 маркийн бензин моторт хөрөө зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохиролд 1,568,832.8 /нэг сая таван зуун жаран найман мянга найман зуун гучин хоёр төгрөг, найман мөнгө/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Hyundai Porter маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5,053,125 төгрөгийг гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 804,416.6 төгрөгийн үнэлгээ бүхий 13 ширхэг нойтон нарс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 72,000 төгрөгийн үнэлгээ бүхий бензин моторт хөрөө зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан 1,568,832.8 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Hyundai Porter маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 13 ширхэг нойтон нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 13 ширхэг нойтон нарс мод нь Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгөтэй, улаан таг, хар бариултай YD-98 маркийн бензин моторт хөрөө зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА