| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2019/00291/и |
| Дугаар | 334 |
| Огноо | 2019-08-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 334
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Түргэн сум, 3 дугаар баг, 309 тоотод оршин суух, 1999 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОН99052809, Матгар овогтой Жигмэддоржийн Төгөлдөрийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 9-21 тоотод оршин суух, 1991 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЛ91101018, Борлууд овогтой Лхагвасүрэнгийн Отгонцогт холбогдох,
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Төгөлдөр, хариуцагч Л.Отгонцог, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Төгөлдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2018 оны 1 дүгээр сард Л.Отгонцогтой танилцаж, улмаар бидний харилцаа дотносож ханилаж суухаар тохиролцсон билээ. Ингэж явсаар 2018 оны 6 дугаар сард жирэмсэн болсноо хэлэхэд “Байрны захиалга өгсөн байгаа, шинэ байранд ороод шинэ хүнээ хүлээж авна” гэж сайн сайхныг ярьж явсаар 2019 оны 2 дугаар сард төрөх болсон үеэр “Наад хүүхэд чинь миний хүүхэд биш, чамд гай болоод байвал төрүүлээд надад өгчих” гээд өөр эхнэртэй холбогдоод надаас холбогдоод явсан. Иймээс охиндоо хуулийн дагуу эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх саналтай байна. ... Одоо охин маань 6 сартай, Л.Отгонцог нь миний охины эцэг болох нь шинжилгээгээр тогтоогдсон тул Л.Отгонцогоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Харин шинжилгээний төлбөр гаргуулах тухай шаардлагаас татгалзаж байна” гэжээ.
Хариуцагч Л.Отгонцог шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ж.Төгөлдөр охиныхоо эцэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна. Би гаргасан нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Төгөлдөр нь хариуцагч Л.Отгонцогт холбогдуулан, эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг дурдав.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын гаргасан хүсэлтийн дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 4304 дугаар дүгнэлтээр 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Матгар овогтой Төгөлдөрийн Март /регистрийн дугаар ОН19230721/ нь хариуцагч Л.Отгонцогийн хүүхэд мөн болох нь тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Т.Мартын эцэг нь Л.Отгонцог мөн болохыг тогтоож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Т.Мартыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Л.Отгонцогоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Төгөлдөрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Отгонцогоос 102.211 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Төгөлдөрт олгох нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдав.
Мөн нэхэмжлэгч нь “Шинжилгээний төлбөр 100.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Т.М /регистрийн дугаар /-ын эцэг нь Л.О мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Т.М-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Л.О-оор тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.211 /нэг зуун хоёр мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.О-оос 102.211 /нэг зуун хоёр мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Т-т олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА