| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2019/00339/И |
| Дугаар | 339 |
| Огноо | 2019-09-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дугаар хороо, ******* дугаар *******ны ******* тоотод оршин суух, ******* Б.О /РД:**********/-ын
Хариуцагч:******* дугаар хороо ******* байрны *******од оршин суух, Х.Х /РД:**********/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, хариуцагч Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Х.Хтай 1998 онд танилцан улмаар 2003 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамт амьдрах хугацаанд *******-ны өдөр охин Х. төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2005 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжинд өсч торниж байгаа. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Х.ийг миний асрамжинд үлдээж, эцэг Х.Хаас хүүхийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Х.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.О бид хоёр 1998 онд танилцаж, 2003 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид *******-ны өдөр охинтой болж гэж нэрлэсэн. Тухайн үед Б.О нь , гэх хүмүүстэй хамтран эсгий урлалын хоршоолол байгуулах нэрийдлээр охиныг минь 3 сартайгаас нь хойш надад үлдээн ажилдаа явдаг байсан. Ингэж явсаар 2005 онд Б.О нь өөрийн хамтран ажиллагч той гэр бүлээс гадуурх харилцаатай болсон нь тодорхой болж бид салсан. Би Х. охиноо өөртөө авах хүсэлтэй байсан боловч Б.О охиноо өөрөө өсгөнө гээд авсан боловч 2005 оноос 2013 он хүртэлх хугацаанд од байдаг аав а болон эгч нарт охиныг минь үлдээж, өөрөө Налайх дүүрэгт той хамтран амьдарсан. Б.О намайг охинтой минь огт уулзуулдаггүй байсан бөгөөд нялх охиныхоо үнэр, дуу хоолойг санан уулзаж чадахгүй байгаадаа, мөн хаягдсандаа бачуурч сэтгэл зовж шаналж байсан. Миний бие энэ үйл явдлаас болж маш их сэтгэлийн дарамтанд орж, охиноо маш их санаж байсан тул хааяа охинтойгоо нууцаар уулздаг байсан. Үүнээс хойш миний элэг өвчилж эхэлсэн. Х. охиныг маань 7 дугаар ангид байхад өвөө а нас барснаар Б.О охиноо Налайхруу шилжүүлэн өөр дээрээ авчирсан. Тухайн үед Б.О нь ******* дугаар хороо, Өвөр шанд 5-******* тоотод болон түүний аав, ээж ах, дүү нартай хамт амьдардаг байсан. Охин маань зодуур дарамтанд байгаа тухайгаа надтай утсаар ярихдаа хэлдэг байсан бөгөөд миний бие Дорноговь аймагт амьдардаг тул дүү ад хэлж ийг очиж эргэхийг захисан. Охин нүд нь хөхөрсөн байдалтай дүү манай агийн гэрт очиж ээж болон хойд аав нь дарамталж зоддог тухай уйлан ярьж байсан. Манай дүү нар Б.Оыг хүүхдээ дарамталдаг тухай 108 утсанд дуудлага өгч байсан удаатай. Миний эрүүл мэндийн байдал одоо тааруу, элэгний хатууралтай В, Д вирустай гэсэн оноштой жилд 2-3 удаа эмнэлэгт байнга хэвтэн эмчлүүлдэг, сард 200.000-300.000 төгрөгийн эм тариаг хэрэглэдэг. Иймд охинд олгох тэтгэлэгийн хэмжээг амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөвчлөн тогтоож, тэтгэмжийг ээжид нь биш охин Х.ийн нэр дээр 18 нас хүртэл нь дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж өгнө үү, мөн Б.Оаас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бид эд хөрөнгийн маргаангүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.О хариуцагч Х.Хаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Х.Х нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.
Иргэний хэрэг үүсгэхээс өмнө гэрлэгчдэд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтанд хүрээгүй дуусгавар болсон байх тул шүүх хэргийг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.-т зааснаар ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Б.О Х.Х нар 1998 онд танилцан 2002 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж 2003 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас *******-ны өдөр охин Х. төрсөн, охин одоо эх Б.Оын асрамжинд байгаа болох нь Б.О Х.Х нарын 2003 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн улсын бүртгэлийн 259 дугаарт гэрлэлт бүртгэсэн тухай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин Х.ийн цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* дугаар хорооны Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 667 дугаар тодорхойлолт, Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын политехник коллежийн 2019 оны ******* сарын 04-ний өдрийн 400 дугаар Х.ийн суралцаж байгаа нь үнэн тухай тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5., 10 дугаар зүйлийн 10.3.-т заасан, гэр бүлийн гишүүд нь бие биедээ үнэнч байх, халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, амьдралын явцад хэн аль нь харилцан тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх тус тусын үүрэгтээ хангалтгүй хандсан, гэр бүлийн дотор хүүхдийнхээ эрх ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлээгүй буруутай байна.
Гэрлэгчид гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэгтээ хайхрамжгүй хандаж, нэгнийгээ үл хүндлэх байдал үүссэнээр бие биедээ тавих хайр, халамж хүндэтгэлгүй болж улмаар 2005 оноос хойш 14 жил тусдаа амьдарсан боловч энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдрах талаар ямар нэгэн санаачлага гаргаагүй, мөн одоо тус тусын амьдралтай болсон гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа нь гэрлэгчид цаашид эвлэрэх боломжгүй байдал болж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4.-т зааснаар гэрлэлт цуцлах үндэслэлтэй гэж үзэн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхдийн өсч бойжиж буй орчин нөхцөл, түүнд тавих анхаарал халамж, хүүхдээс авсан санал зэргийг харгалзан *******-ны өдөр төрсөн охин Х.ийг эх Б.Оын асрамжид үлдээж, эцэг Х.Хаар сар бүр тэжээн тэтгүүлж, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдан шийдвэрлэх хууль зүйн үндэстэй байна.
Хариуцагч Х.Х нь эрүүл мэндийн байдал муу, элэгний хатууралтай В, Д вирустай гэсэн оноштой жилд 2-3 удаа эмнэлэгт байнга хэвтэн эмчлүүлдэг, сард 200.000-300.000 төгрөгийн эм тариаг хэрэглэдэг тул энэ нөхцөл байдлыг харгалзан охинд олгох тэтгэлэгийн хэмжээг хөнгөвчлөн тогтоож өгнө үү гэх тайлбарыг гаргасан хэдий ч уг тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197.170 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х.Хаас 197.170 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар ******* Б.О, Х.Х нарын гэрлэлтийг цуцласугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар *******-ны өдөр төрсөн охин Х.ийг эх Б.Оын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2. дахь хэсэгт зааснаар эцэг Х.Хаас хүүхдийн тэтгэлэгийг сар бүр гаргуулж *******-ны өдөр төрсөн охин Х.ийг 11 нас хүртэл хүүхэд оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд Х.Хаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
5.Зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шаардлага маргаангүй гэснийг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197.170 /нэг зуун ерэн долоон мянга нэг зуун дал/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х.Хаас 197.170 /нэг зуун ерэн долоон мянга нэг зуун дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Амарзаяад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН