| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2023/0133/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/150 |
| Огноо | 2023-04-28 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Иргэдийн төлөөлөгч Т.Батчимэг
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч С.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оргодой бодонгууд овогт Сундуйжавын Байгалмаад холбогдох эрүүгийн 2321000000053 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, дүү нарын хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Оргодой бодонгууд овогт Сундуйжавын Байгалмаа. /РД: ЖО71073065/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Байгалмаа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг 28-04 тоотод иргэн Х.Бадарчинтай маргалдаж цээж болон зүүн гарын шуу хэсэгт нь хутгалж түүний биед нь цээжний баруун дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун цээжний хөндийн шингэн хуралт, цээжний дунд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн шууны зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Байгалмаа шүүх хуралдаанд: “Өмнө мэдүүлгээ өгсөн учир нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би согтуу байсан” гэв.
Иргэдийн төлөөлөгч Т.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “С.Байгалмаа нь согтуугаар 2023 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 22 цагаас 23 цагийн орчим хутга барьж хохирогчийг хутгалсан байх тул гэм буруутай байна” гэв.
Хохирогч Х.Бадарчингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баатарын гэрт очих замдаа Байгалмаа гэдэг хүүхэнтэй тааралдаад хамт явсан. Баатарын гэрт очиж жимбий гэдэг хоол хийж идээд, цай чанаж уугаад 16 цаг өнгөрч байхад архиа ууж эхэлсэн. Би нугас нурууны гэмтэлтэй болохоор архи уухаар амархан тасарчихдаг юм. Тэгээд маргааш нь 09 цаг 30 минутын орчим сэрсэн. Тухайн үед бие маань хөндүүр амьсгаа авч чадахгүй байсан. Энэ үед манай найз Баатар түргэн дуудах уу гэхээр нь яах юм бэ гэж хэлсэн. Баатар надад хэлэхдээ өчигдөр орой Байгалмаа гэдэг хүүхэн чамайг хутгалсан гэж хэлсэн. Мөн чи бид хоёрыг хоёуланг нь ална гээд байхаар нь хутгыг нь булааж авсан гэж хэлж байсан. ...Би одоо боолтоо хийлгээд явж байгаа. Улсын эмнэлгээр эмчлүүлж байгаа болохоор зардал мөнгө гайгүй байгаа тул эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-26/
Гэрч Ж.Отгонцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Бадарчин 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг болох гэж байхад гаднаас орж ирсэн. Орж ирээд сууж байхад нь бие нь нэг л сонин амьсгаа авч чадахгүй байгаад байсан. Тэгэхээр нь би Бадарчинг энд тэнд архи ууж яваад хүн амьтанд зодуулаад хавиргаа нэвт цохиулчихаагүй биз дээ гээд загнасан юм. Гэтэл Бадарчин юу ч дугарахгүй байхаар нь ойртоод очоод харсан чинь хувцас хунар нь цус болсон байсан. Тэгээд Бадарчингаас яасан юм бэ, юу болсон юм гэхэд хутгалуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/
Гэрч С.Баатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрт очиж архи ууя гэж ярилцаад явж байхад Байгалмаа гэдэг хүүхэнтэй тааралдсан. Тэгээд Байгалмаа цуг явна гээд байхаар үгүй гэсэн чинь шалсаар байгаад хамт явсан юм. Ингээд замаараа Бадарчингийн эгчийнх нь гэрээр ороод мах аваад манай гэр рүү 11 цагийн үед очсон. Гэртээ очоод хоол унд хийж идээд, цай чанаж уугаад 16 цагийн орчим архиа ууж эхэлсэн. Ингээд орой 22 билүү 23 цагийн орчим Байгалмаа бид 3 хоол идээд сүүлийн шил архиа ууж дуусгах гээд байж байхад би жаахан манараад байхаар нь орон дээр очоод хэвтсэн. Тэгсэн гэнэт л ёо ёо гэх чимээ гараад байхаар нь харсан чинь Байгалмаа Бадарчингийн дээр нь гарчихсан, гартаа хутга барьсан байсан. Тэгэхээр нь би очоод Байгалмаад хутгаа өг, чи яах гээд байгаа юм гэхэд миний өөдөөс чамайг ч гэсэн ална шүү гээд хутгаа өгөхгүй байхаар нь гутал аваад түүний аймхай хэсэгт цохисон. Тэгэхэд Байгалмаа хутгаа алдчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
Шинжээч Б.Өнөрборгилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цээжний хөндийд хутга хатгагдаж нэвтэрсний улмаас цээжний хөндийд шингэн хуримтлагдана. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн цээжний рентгэн зурагт баруун уушгины синус бага зэрэг шингэний улмаас мохоо тодорхойлогдоно. Баруун уушгины доод хэсгээр шингэн тодорхойлогдоно гэсэн нь цээжний хөндийд нэвтэрсэн гэдгийг тодорхойлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52/
Шүүгдэгч С.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зах дээр танил Баатартай тааралдсан. Тухайн үед Баатар, Бадарчин гэх эрэгтэй хүнтэй хамт явж байсан бөгөөд бид 3 явж байгаад Баатарын гэрт очсон. Очоод хоол унд хийж идээд, цай чанаж уугаад байж байгаад ирэх замдаа дэлгүүрээс авсан архиа уусан. Ингээд архиа уугаад хоорондоо юм яриад сууж байгаад би тасарчихсан байсан. Өглөө нь босоход би Бадарчинг хутгалчихсан байсан. Бид гурав 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архийг хувааж уусан. Би тухайн үед тасарчихсан байсан тул тэр орой юу болсон талаар бүгдийг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот дүгнэлтэд:
1. Х.Бадарчингийн биед цээжний баруун дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун цээжний хөндийн шингэн хуралдалт, цээжний дунд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хурц ир, ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Цээжний баруун дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун цээжний хөндийн шингэн хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээжний дунд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 47-48/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/
- Х.Бадарчингийн яаралтай тусламжийн хуудас, гэрэл зураг /хх-ийн 07-08/
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-19/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-72/
- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78-81/
- Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 84/
- С.Байгалмаагийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 83/
- Мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх-ийн 85-87/
- Хохирогч Х.Бадарчингийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 90-91/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч С.Байгалмаад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч С.Байгалмаа нь 2023 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг 28-04 тоотод согтуугаар хохирогч Х.Бадарчинтай маргалдаж улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь цээжний баруун дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун цээжний хөндийн шингэн хуралт, цээжний дунд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн шууны зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч С.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Бадарчин, гэрч Ж.Отгонцэрэн, С.Баатар, шинжээч Б.Өнөрборгил нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, гэрэл зураг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Байгалмаа нь хутга хэрэглэн хохирогч Х.Бадарчингийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот “...Х.Бадарчингийн биед цээжний баруун дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун цээжний хөндийн шингэн хуралдалт, цээжний дунд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир, ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Цээжний баруун дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун цээжний хөндийн шингэн хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээр дурдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгч Т.Батчимэгийн “С.Байгалмаа нь согтуугаар 2023 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 22-23 цагийн орчим хутга барьж хохирогчийг хутгалсан байх тул гэм буруутай” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч С.Байгалмаа нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч С.Байгалмаад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Байгалмааг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Байгалмаагийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хохирогч Х.Бадарчингийн “С.Байгалмаагаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй” гэх мэдүүлэг зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.Байгалмаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал хүсэлтийг хүлээн авах боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч С.Байгалмаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Иймд шүүгдэгч Сундуйжавын Байгалмаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчим нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч С.Байгалмаагийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Бадарчингийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч С.Байгалмааг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Оргодой бодонгууд овогт Сундуйжавын Байгалмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Сундуйжавын Байгалмаад 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Байгалмаад оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Байгалмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА
ШҮҮГЧИД Л.БАТЖАРГАЛ
П.ПАГМА