Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/169

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч Б.Арсланбаатар, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батсүхийн Арсланбаатарт холбогдох эрүүгийн 2321000000152 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Талын таван өндөр ХХК-д туслах ажилтай, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг Бунханы 17-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгүүлж байсан, Боржигон овогт Батсүхийн Арсланбаатар /РД: ЖБ7З082078/

Шүүгдэгч Б.Арсланбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы 17-01 тоотод оршин суух өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Г.Бямбасүрэнтэй маргалдан улмаар үснээс нь зулгаах, нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож Г.Бямбасүрэнгийн биед хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, ар нуруу, нурууны баруун хажуу хэсэг, баруун бугалга, шуу, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Б.Арсланбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Прокурортой тохирсон торгох ялыг ойрын хугацаанд төлж барагдуулна” гэв.

Шүүгдэгч Б.Арсланбаатар нь 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы 17-01 тоотод оршин суух өөрийн гэртээ согтуугаар хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Г.Бямбасүрэнтэй маргалдан улмаар үснээс нь зулгаах, нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, ар нуруу, нурууны баруун хажуу хэсэг, баруун бугалга, шуу, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Арсланбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 13 цагаас эхлээд эхнэр Бямбасүрэнгийн хамт гадуур архи ууж байгаад орой 17 цагийн орчим гэртээ ирсэн. Гэртээ ирээд намайг орон дээр хэвтэж байхад манай эхнэр би архи уумаар байна гээд миний хөл рүү өшиглөөд байсан. ...Тэгээд би эхнэрийнхээ хацарт нь 2 удаа алгадсан. Тухайн үед эхнэр маань миний хөл рүү өшиглөөд болихгүй байхаар нь түүний хамар руу нь зангидсан гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд эхнэрийн хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Г.Бямбасүрэнгийн “...орой 17 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирээд нөхөр маань унтахгүй агсан тавьж эхэлсэн. Намайг гэрийн хаалгаар түлхэж гаргахад би бүдэрч унаад босох гэж байхад миний гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Тэр үед зүүн хашааны Халзаа авгай хараад чи эхнэрээ аллаа шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд нөхөр маань надад хандаж чи гэр рүү ор гээд миний үснээс зулгааж оруулах гэхээр нь би орохгүй гэхэд миний хамар руу зангидсан гараараа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Т.Цэвэлмаа /Халзаа/ “...2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн орчим Арсланбаатар, Бямбасүрэн нар нь гэртээ согтуу орж ирсэн. Тэр 2 гэртээ ороод хэрэлдээд орилж бахиралдаад байсан. ...намайг гэрээсээ гараад харахад Арсланбаатар гэрийнхээ үүдэнд эхнэрийнхээ үснээс зулгаачихсан, нүүр рүү нь зангидсан гараараа 2 удаа цохисон. Сүүлд эхнэр нь тонгойчихсон байхад өлгөөд цохисон бөгөөд тэр үед Бямбасүрэнгийн хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 236 тоот “...Г.Бямбасүрэнгийн биед хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, ар нуруу, нурууны баруун хажуу хэсэг, баруун бугалга, шуу, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Арсланбаатар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх та түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Арсланбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бямбасүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Б.Арсланбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Боржигон овогт Батсүхийн Арсланбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Батсүхийн Арсланбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батсүхийн Арсланбаатарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Арсланбаатар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

   5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Арсланбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.НАМУУНТУЯА