Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 349

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: УА-ДХС-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Ү.Б-т холбогдох,

       Худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу эрчим хүчний төлбөр 306.985 төгрөг, алданги 153.000 төгрөг, нийт 459.985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагч Ү.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч УА-ДХС төрийн өмчит хувьцаат компанийн захирал Ю.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2014 оноос эхлэн Увс аймгийн Улаангом сумын айл өрх, ААН байгууллагуудыг дулааны эрчим хүчээр тасралтгүй хангаж ажиллаж байгаа. Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, барилгын 60 айлын 2-14 тоотод оршин суух Ү.Б нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан хэрэглэгчийн үүргээ үл биелүүлэн 2015 оны 10 дугаар сараас 2018 оны 6 дугаар сарыг хүртэлх хэрэглээний халуун ус, халаалтын мөнгө болох нийт 306.985 /гурван зуун зургаан мянга есөн зуун наян тав/ төгрөг, мөн Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дугаар зүйлд зааснаар алданги 153.000 / нэг зуун тавин гурван мянга/ төгрөг, нийт 459.985 төгрөг дөрвөн зуун тавин есөн мянгаа есөн зуун наян тав/ төгрөгийг Ү.Б-аас гаргуулах өгнө үү гэжээ.

          Хариуцагч Ү.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Улаангомын дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компаниас 1 дүгээр 60 айлын орон сууцны 2-14 тоот байрны хэрэглээний халуун ус, халаалтын мөнгө болох 306.985 төгрөг, алданги 153.000 төгрөг, нийт 459.985 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн байрыг би 2007 онд Хаан банкнаас зээл авч, худалдан авсан. Тухайн үедээ би хөдөө хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан учир цоожтой байдаг байсан. 2010 оны 6 дугаар сараас хойш аймгийн төвд ажиллаж эхэлснээс хойш дээрх байрандаа амьдарч байгаад 2015 оны 6 дугаар сард зээлийн үлдэгдлээ төлж, дээрх байрыг орон сууцны 30 хувийн барьцаанд тавьж, мөн байрны 1 дүгээр орцны 7 тоот байрыг худалдан авч, одоо хүртэл тухайн байранд амьдарч байна. 2015 оны 8 дугаар сараас 2015 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд Б.М-т түрээслүүлсэн. 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 5 дугаар сард халаалт зогсох хүртэл хугацаанд хэн ч амьдраагүй. 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд Б.У гэдэг хүн түрээслэн амьдарсан. 2017 оны 9 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд Б.Б түрээслэн амьдарсан. Бусад үед нь цоожтой байдаг байсан. Дээрх хугацаанд байрны халаалт маш муу байсан тул түрээслэн орсон айл бүр Хүйтэн байна гээд гардаг байсан. 2017 оны 11 дүгээр сард 2 дугаар орцны 7, 10, 13, 16 тоотын айлууд нийлж, Хоёртын систем тавиулсан. Энэ ажлыг 2 дугаар орцны 4 давхрын айл Я.А хариуцан хийлгэсэн. Одоо тэрээр 2 дугаар орцны голын хаалганы айлуудад халаалт муу ирдэгийг гэрчилнэ. Хоёртын систем тавиулсны дараа буюу 2017 оны 12 дугаар сард Улаанбаатар хотоос ирсэн нэгэн иргэн гэрээ байгуулахгүйгээр амаар тохиролцон түрээслэн суусан. Тэрээр 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд амьдарсан ба халаалтын төлбөрөө төлсөн. 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 14 тоот байраа О.Б-д зарсан. О.Б Худалдан авснаас хойш хэрэглээнийхээ төлбөрийг бүрэн төлсөн гэж надад хэлсэн. Гэтэл надаас 2018 оны 3, 4, 5, 6 дугаар сарын төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улаангомын дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компани нь хүн амьдрах хэрэгцээ шаардлагыг хангасан халаалтыг өгөөгүй учир түрээсэлж орсон нялх хүүхэдтэй 2 айл Хүйтэн байна гээд гарч байсан. Бусад үед нь хүн амьдрахгүй цоожтой байдаг байхад хэрэглээний төлбөр нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компани нь хариуцагч Ү.Б-т холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу эрчим хүчний төлбөр 306.985 төгрөг, алданги 153.000 төгрөг, нийт 459.985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Хариуцагч Ү.Б 2015-2018 оны хооронд би тухайн байрны өмчлөгч байсан нь үнэн бөгөөд ямар нэгэн дулааны өр төлбөр үүсгээгүй. Мөн тухайн байр халдаггүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

         Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж, мөн зүйлийн 28.2-т Иргэнтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгана гэж тус тус заасан байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зажээ.

          Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд эрчим хүчээр хангагч, эрчим хүч хэрэглэгч нарын хооронд Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдах, уг гэрээндээ хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр тооцооны журам, талуудын эрх үүргийн талаар тусгасан байхыг шаарджээ.

       Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компани нь хэрэглэгч Ү.Б-тай байгуулсан гэх гэрээ хэрэгт авагдаагүй, мөн тухайн хэрэглэгч нь сардаа хичнээн төгрөгийн дулааны эрчим хүчний төлбөр төлөх ёстой, тухайн үнийн тарифийг хаанаас тогтоосон, ямар журмын дагуу төлөх үүрэгтэй тухай нотлох баримт авагдаагүй буюу талуудын хоорондын харилцааг зохицуулсан гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй байна.

       Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Бид хэрэглэгч бүртэйгээ гэрээ байгуулдаг гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

          Иймд нэхэмжлэгч байгууллага өөрийн шаардах эрхийн үндэслэлээ нотлоогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4-т заасныг баримтлан хариуцагч Ү.Б-вт холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу эрчим хүчний төлбөр 306.985 төгрөг, алданги 153.000 төгрөг, нийт 459.985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компани нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдав.

        Харин хэргийн 4 дүгээр хуудаст улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт авагдсан байгаа боловч уг тэмдэгтийн хураамж гэх 14.450 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд төлөгдсөн эсэх нь тодорхойгүй, Монголын татварын албаны 1165117377 тоот дансанд төлөгдсөн байна. Үүнийг шүүхийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэх боломжгүй байгааг дурдав.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4-т заасныг баримтлан хариуцагч Ү.Б-вт холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу эрчим хүчний төлбөр 306.985 төгрөг, алданги 153.000 төгрөг, нийт 459.985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компани нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                          ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ГЭРЭЛТУЯА