| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2023/0056/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/62 |
| Огноо | 2023-05-03 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч Д.Баатар
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Баатарт холбогдох 2323000220061 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт, Завхан аймгийн Яруу сумын Жаргалант багт оршин суух хаягтай, урьд Завхан аймгийн Улиастай сумын Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Мөнх овогт Дагвадоржийн Баатар, регистрийн дугаар /ИХ88012011/
Холбогдсон хэргийн талаар: Прокуророос шүүгдэгч Дагвадоржийн Баатарын холбогдсон 232300020061 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогчид шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Дагвадоржийн Баатар нь 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Б.Болдбаатарын 97-71 ЗАА улсын дугаартай Пробокс маркийн тээврийн хэрэгслээр таксигаар үйлчлүүлэхдээ тухайн машинаас унаж гээгдсэн бор өнгийн цүнхтэй эд зүйлийг авсан хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
Б.Болдбаатарын машинд бор цүнхтэй эд зүйлсээ орхиж буусан талаар мэдүүлсэн хохирогч Ш.Хөхөөгийн “...Д.Тунгалагийн хамт Мөнхөөгийн гэрт хүргүүлэхээр Б.Болдбаатарын эзэмшлийн 97-71 ЗАА улсын дугаартай цагаан өнгийн Пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тунгалаг бид хоёр машинаас буух үед Тунгалаг бор өнгийн цүнхээ машин дотор үлдээчихсэн байсан. Тунгалагийн цүнхэнд миний алтан нуухтай, даваа толгойтой, их гарын тархи мана хөөрөг байсан юм. ...би Тунгалагтай хамт Мөнхөөгийн гэрт нь орсон хойноо цүнхээ Болдбаатарын машин дотор үлдээчихсэн тухайгаа Болдбаатарт утсаар ярьж хэлсэн юм. Тэгсэн чинь Болдбаатар машин дотор байсан цүнх алга болчихсон байна гэж надад хэлсэн. ...Эмэгтэй бор өнгийн цүнхэнд миний эзэмшлийн хөөрөг, эмүүд, сахлын машин байсан. ...хулгайд алдсан хөөргөө олж авмаар байна...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн хохирогч Д.Тунгалагийн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цагийн орчимд Ш.Хөхөөгийн хамт Мөнхөө гэх айлд очихоор явж байтал ...Ш.Хөхөө нь даалинтай хөөргөө, сахлын машинаа миний цүнхэнд хийсэн. ...Би бор өнгийн цүнхээ Болдбаатарын машин дотор нь үлдээчихсэн байсан. ...Болдбаатарыг явсны дараа Ш.Хөхөө нь Болдбаатар руу залгаад цүнх болон хөөрөг бусад эд зүйлсээ машин дотор мартсан талаар хэлсэн. ...цүнх аваад ирээч гэж хэлсэн чинь таны цүнх алга болчихсон байна гэж Ш.Хөхөөд Болдбаатар утсаар хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Бор цүнх газраас олсон талаар мэдүүлсэн гэрч Б.Энхтөрийн “...Би 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг 40 минутын орчимд найз Д.Баатар, хүү Бямбарагчаа нарын хамт ...Баазын “Ундарга” шатахуун түгээх станцаас цагаан Пробокс маркийн таксинд сууж ногоон хашааны Төгс авто засварын газрын хажуу тал зам дээр таксинаас буусан. ...Тэгээд Баатар бид хоёр Баатарын гэрт очихоор явж байтал Баатар эргэж хараад тэр зам дээр цүнх байна гэж хэлсэн. Тэгээд Баатар буцаж яваад зам дээр байсан бор өнгийн эмэгтэй хүний гар цүнхийг авсан юм. ... Баатарын гэрт нь ороод Баатарын авсан бор өнгийн цүнхийг нь нээж үзэхэд дотор талаас нь бор савхин даалинтай, даваа толгойтой, алтан нуухтай, бор саарал өнгөтэй их гарын хөөрөг гарч ирсэн. Тэгээд тухайн цүнхнээс сахлын машин болон баахан эмүүд гарч ирсэн. ...Баатар цүнхнээс гарч ирсэн эд зүйлийг буцааж хийгээд гэртээ хадгалсан...” гэсэн мэдүүлгээр,
Ш.Хөхөө, Д.Тунгалаг нарыг машинд цүнхээ орхисон талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Б.Болдбаатарын “...2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр манай хадам ах Ш.Хөхөө нь 19 цагийн үед Мөнхөө гэдэг айлд надаар хүргүүлсэн. ...Би Ш.Хөхөө, Д.Тунгалаг нарыг Мөнхөөгийн гэрт оруулж өгчхөөд буцаад явах гэтэл Д.Тунгалаг эгч надад би машинд чинь цүнхээ хаячихсан байна шүү, чи эмийн сангаас эм авчхаад буцаж ирэхдээ цүнх авч ирж өгөөрэй гэсэн. Би машиндаа ороод хартал ард талын суудал дээр Д.Тунгалагийн бор өнгийн цүнх байж байсан. Тэгээд би эмийн сан орохоор Баазаас уруудаад явж байтал Ундарга шатахуун түгээх станцын хажуу талд хүүхэд хөтөлсөн 2 эрэгтэй хүн такси барих гээд явж байхаар нь би тэр 2 хүнийг машиндаа суулгаад Жинст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Төгс авто засварын газрын урд талын засмал зам дээр тухайн хүмүүсийг буулгасан. ...тэгээд би эмийн сан дээр очоод байж байтал Ш.Хөхөө ах над руу утсаар залгаад ахын дүү цүнх аваад ирээрэй гэхээр нь би цүнхийг нь аваачиж өгөх гээд машиндаа суутал машин дотор ард талбайн суудал дээр байсан цүнх алга болчихсон байсан. ...тухайн үед хойд талын суудал дээр цүнх байсныг мартчихсан байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Ө.Мөнхбаярын “2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 19 цагийн үед Ш.Хөхөө, Д.Тунгалаг нарыг Б.Болдбаатар өөрийн ...машинаар хүргэж ирсэн. Тэгээд Б.Болдбаатар ах манай гэрээс гараад явах гэтэл Д.Тунгалаг машин дотор чинь цүнхээ үлдээчихсэн байна шүү, буцаж ирэхдээ аваад ирээрэй гэж хэлсэн. Болдбаатар ах за гэж хэлээд эмийн сан орчхоод гэртээ харьж байж байгаад хүрээд ирье гэсэн. ...21 цагийн үед Б.Болдбаатар ах руу залгаад ахынхаа цүнхийг аваад ирээч гэсэн чинь Болдбаатар ах цүнх чинь алга болчихсон байна гээд манай нэрт хүрээд ирсэн. Тэгээд би Болдбаатар ахтай хамт Төгс авто засварын газрын хяналтын камерыг шүүж гар утсан дээрээ бичлэг хийж авсан. ...бичлэгт Болдбаатар ахыг машинтайгаа явсны дараа хар куртиктэй залуу нь буцаж хүрч ирээд машин зогсож хүн буулгасан газраас тонгойгоод газраас юм авч байгаа нь бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлгээр,
Хэргээ хүлээн мэдүүлсэн Д.Баатарын “...Бид машинаас буугаад алхаж байснаа хүүхдэдээ дэлгүүрээс зайрмаг аваад оръё гэж бодоод буцаж дэлгүүр рүү явж байхад машинаас буусан газрын машин явдаг хэсэг дээр эмэгтэй хүний бор өнгийн гар цүнх хэвтэж байхаар нь би аваад дэлгүүр ороод гэртээ орсон...” гэсэн мэдүүлгээр болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Ш.Хөхөө, Д.Тунгалаг нарт нийт 8.850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Завхан аймгийн Хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаартай “иргэн Ш.Хөхөөгийн хөөрөг 8.700.000 төгрөг, сахлын машин 30.000 төгрөг нийт 8.730.000 төгрөг, Д.Тунгалагийн бор өнгийн гар цүнх гар цүнх 80.000 төгрөг, хүрэн бор өнгийн түрийвч 25.000 төгрөг, хар өнгийн түрийвч 15.000 төгрөг нийт 120.000 төгрөг, хохирогч Ш.Хөхөө, Д.Тунгалаг нарт нийт 8.850.000 (найман сая найман зуун тавин мянга) төгрөгийн хохирол тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч Д.Баатарын 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Б.Болдбаатарын 97-71 ЗАА улсын дугаартай Пробокс маркийн тээврийн хэрэгслээр таксигаар үйлчлүүлэхдээ тухайн машинаас бусдын гээгдүүлсэн бор цүнхтэй эд зүйлсийг өөртөө завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч Д.Баатар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргасан бөгөөд түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Баатар Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Хохирогч нар шүүгдэгч Д.Баатараас хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч Д.Баатарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч Д.Баатарыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын сонсгосон ялын саналыг баталж, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баатарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан (2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1 минут 28 секунтын СД бичлэгийг 2323000220061 дугаартай хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Баатар нь энэ тогтоолоор бусдад төлөхгүй төлбөргүй, хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Мөнх овогт Дагвадоржийн Баатарыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баатарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баатарт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /200.000 / төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баатар нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Д.Баатар нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан (2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1 минут 28 секунтын СД бичлэгийг 2323000220061 дугаартай хэрэгт хавсаргасугай.
7.Шүүгдэгч Д.Баатар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА