Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 338

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: *******од *******,******* Л.Т /РД:**********/,

Талийгаач Б.Гтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.                                                   

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч Л.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Гтэй 1996 оноос 2000 оны хооронд “Орхон” их сургуулийн нэг ангид хамт суралцаж байхдаа танилцан, үерхэж нөхөрлөн сургуулиа төгсөөд 2001 оноос Налайх дүүрэгт хамт амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд 2001 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин Г.*******, 2005 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүү Г.*******, 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр охин Г.******* нарыг төрүүлсэн. Нөхөр Б.Г 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоход талийгаач Б.Гтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Б.Гтэй 2001 оноос 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв. 

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Т нь эд хөрөнгө өвлөх эрх олж авах зорилгоор бус охин Г.*******, Г.*******, хүү Г.******* нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр авахын тулд талийгаач нөхөр Б.Гтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Л.Т талийгаач нөхөр Б.Гтэй хамтын амьдралтай байсан гэх үйл явдлаа өөр журмаар батлах баримт бичгийг олж авах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-т заасны дагуу шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

            Нэхэмжлэгч Л.Т талийгаач нөхөр Б.Г нар нь 1996 оноос 2000 оны хооронд “Орхон” их сургуулийн нэг ангид хамт суралцаж байхдаа танилцан, дотносч 2001 оноос эхлэн хамтран амьдрах хугацаанд 2001 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин Г.*******, 2005 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүү Г.*******, 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр охин Г.******* нар төрж, Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т заасны дагуу эцэг Б.Галт-Эрдэнийн нэрээр овоглосон, нөхөр Б.Г 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан байна.

            Нэхэмжлэгч Л.Т талийгаач нөхөр Б.Г нар хамтын амьдралтай байсан болох нь 2001 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Г.*******гийн 2001 оны 12 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 2359 дугаар төрөлт бүртгэсэн, 2005 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Г.*******гийн 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн 0087075-219 дугаарт төрөлт бүртгэсэн, 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Г.*******ийн 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 0425453-289 дугаарт төрөлт бүртгэсэн, Б.Галт-Эрдэнийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 2468 дугаарт нас баралт бүртгэсэн гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, 2011 оны Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

гэрч талийгаач Б.Галт-Эрдэнийн аав Д.Болдын “...манай талийгаач хүү Б.Г 1996 онд “Орхон” дээд сургуульд элсэн орсон ба энэ хугацаанд бэр Л.Ттай нэг ангид суралцаж байхдаа танилцаж дотноссон. 2001 онд сургуулиа төгсөөд хүү Б.Г Хилийн цэрэгт шалгагч офицероор ажилд орж 5 сар орчим ажиллаж байгаад ажлаасаа гарч Налайх дүүрэгт ирж эхнэр Л.Ттай хамтран амьдарсан. Тэдний дундаас 2001 онд охин Г.*******, 2005 онд хүү Г.*******, 2010 онд охин Г.******* нар төрсөн. Миний хүү Б.Г 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан. Тэд 2001 оноос 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан нь үнэн” гэх мэдүүлэг,

гэрч талийгаач Б.Галт-Эрдэнийн дүү Б.Энхжаргалын “...манай ах Б.Г оюутан байхдаа 2000 онд бэр эгч Л.Тг бид нартай танилцуулж байсан. Тэдний дундаас 2001 онд охин Г.*******, 2005 онд хүү Г.*******, 2010 онд охин Г.******* нар төрсөн. Би 2003-2004 онд ах Б.Галт-Эрдэнийн гэрт байж,  хичээлдээ явж, амралтын өдрөөр ах, эгчдээ тусалдаг байсан. Тэд Налайхад байранд амьдардаг байсан ба барилгын дэлгүүр ажиллуулдаг, би нэг салбарт нь худалдагчаар ажиллах болсон. Одоо ч ажиллаж байгаа. Ах Б.Г 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан. Тэд 2000 оноос 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан нь үнэн” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээ нотолж ирүүлсэн дээрх баримтууд болон Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1714 дугаар тодорхойлолт, Л.Тгийн иргэний цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нь нотлох баримтын шаардлага хангасан.

Иймд нэхэмжлэгч Л.Т талийгаач Б.Гтэй 2001 оноос 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэв.  

 Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д зааснаар Тэнүүн Л.Т талийгаач Б.Г /РД:**********/-тэй 2001 оноос 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Л.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 5.Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.БАЯРСҮРЭН