Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 80

 

Б.Б-д холбогдох

                                                                    эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Хяналтын прокурор: Ө.Мөнхнавч,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Урангоо,

            Шүүгдэгч: Б.Б,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Бд холбогдох, эрүүгийн 1919001790138 дугаартай, 1 хавтас, 250 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Б.Бын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... тоотод оршин суух, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн   дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сар хорих ял, мөн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн   дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж байсан, Б.Б-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Аюушийн 1007 тоотод хутгыг зэвсгийн чанартай ашиглан иргэн Т.Б-г хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Ц.Б-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 1 сар 20 хоногийн хорих ялыг, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 5 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, 1 ширхэг галын хорын савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Бын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 128 000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бт, 789 138 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч байгууллага Аймгийн нэгдсэн эмнэлэгт тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч Б.Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 5 жил 1 сар 20 хоногийн хорих ял шийтгүүлсэн. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмт буруугаа хүлээсэн. Харин 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг би огт үйлдээгүй бөгөөд гэрч нарын худал мэдүүлэгт тулгуурлан ялласан. Тухайлбал эд мөрийн баримтаар хураагдсан галын хорыг би огт хараагүй, хурууны хээ байхгүй. Мөн гэрч Буджавыг би огт танихгүй, өмнө нь харж байгаагүй. Баттогтох, Батнасан, Батжаргал нарын мэдүүлэг нь худал мэдүүлэг юм. Батбаатар нь надад 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 05 цаг өнгөрч байхад надад зодуулсан гэж байгаа боловч хавтас хэрэгт байгаа эмнэлгийн дүгнэлт 14 цаг өнгөрч байхад гарсан байсан. Уг хэргийн гол баримт нь “Номин” худалдааны төвийн камер байсан. Намайг зодсон гэж өргөдөл ирсэн гэж мөрдөгч М.Болортунгалаг хэлсэн. Тухайн үед би мөрдөгч М.Болортунгалагийг ирэх болгонд камер шалгах хүсэлт тавьсан боловч камерийг шалгаж өгөөгүй. Иймд уг хэргийг дахин шалгаж өгнө үү...” гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Анхан шатны хурал дээр ч мөн энэ зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Б.Бын хувьд тухайн орой хөдөөнөөс ирээд 00 цагийн үед Батбаатар, Батжаргал, Батнасан нартай таарсан. Тухайн үед Батжаргал Батбаатарын нүүр нь зүгээр байсан. Хэд хоногийн дараа дүү нь надтай таараад та манай ахыг зодсон гэсэн. Тэгээд өөрийгөө хүн зодсон юм байна гэдэг талаар мэддэг. Хэргийг мөрдөн байцаалтын шатанд байхад буюу 08 дугаар сарын 07-ны өдрөөс Батжавтай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажилласан. Тэгэхэд Б.Б нь тухайн үед Номин худалдааны төвийн гадаа уулзсан үеийн бичлэгийг авахуулмаар байна гэж мөрдөгчдөө хэлсэн боловч мөрдөгч энэ хүсэлтийг хангахгүй байна гэсэн. Тэгээд хэргийг шүүхэд шилжсэний дараа энэ хүсэлтээ тавь гэж мөрдөгч хэлсэн гэсний дагуу би мөрдөгчид дахин албан ёсоор хүсэлт гаргасан. Үүний дагуу Номин худалдааны төвийн камерыг шалгасан боловч уг камер нь гурван долоо хоногоор бичлэг хадгалдаг. Тийм учраас бичлэг нь устсан гэсэн хариуг өгсөн. Тэгээд энэ зүйл нотлогдох боломжгүй болсон. Б.Бын хувьд уг үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй зүйл нь тухайн хэрэгт өгсөн гэрчүүдийн мэдүүлэг буюу Батбаатарын дүү, эгч нарын мэдүүлэг байдаг. Эгч нь Б.Бтай ямар ч хамааралгүй. Хэрэг болсны ар дээр уг мэдүүлгийг өгсөн хүн байдаг. Дүү нь Б.Бтай ямар нэгэн хувийн байдлаар түүнийг гэм буруутай гэж хэлэх үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас энэ хэргийг хүлээн зөвшөөрдөггүй...” гэв.

  

Хяналтын прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Б.Бд холбогдох эрүүгийн 1919001790138 дугаартай хэргийг анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгчид тохирох ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн зүгээс гаргасан давж заалдах шатны гомдолтой танилцсан. Надтай хамт хөдөө явсан гэрчийг асуугаагүй гэдэг асуудал яриад байгаа боловч энэ нь мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр энэ асуудал яригдаагүй. Ямар гэрч, хэн гэдэг гэрч, хэзээ яаж хамт явсан гэдэг асуудал огт яригдаагүй учраас энэ мөрдөн шалгах ажиллагаагаар огт тогтоогдохгүй боломжгүй байсан. Камерын бичлэгийн үзлэгийг зайлшгүй шалгах шаардлагатай байна гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа хүсэлт гаргасан гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үзвэл хэрэг прокурорын хяналтын шатанд байхад өмгөөлөгчөөс энэ талаар хүсэлт гаргасан. Хүсэлтийг хангаж Номин худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг авах гэсэн боловч камерын бичлэг тодорхой хугацаанд хадгалагддаг. Тухайн цаг хугацааны хяналтын камерын бичлэг одоо байхгүй байна гэдэг албан бичгийг хавтаст хэрэгт ирүүлсэн байдаг. Б.Бын зүгээс миний огт танихгүй хүмүүсийн мэдүүлгээр намайг яллаад байна гэж яриад байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бын зүгээс юу гэсэн мэдүүлэг өгдөг вэ гэхээр Номин худалдааны төвийн гадаа Батнасан, Батжаргал нартай хамт явж байсан. Тухайн цаг хугацаанд хохирогч Батбаатарыг ямар байсан талаар мэднэ гэсэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсний дагуу дээрх хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авсан. Дээрх хүмүүсийн мэдүүлгээр ямар нөхцөл байдал тогтоогддог вэ гэхээр тухайн өдрийн 00 цагийн орчимд Б.Б, Батбаатар, Батнасан, Батжаргал гэдэг хүмүүс Номин худалдааны төвийн гадна уулзсан гэдэг нөхцөл байдал тогтоогддог. Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр тухайн цаг хугацаанд хохирогч Батбаатарын биед ил харагдах шарх сорви, гэмтэл байгаагүй гэдгийг мэдүүлдэг. Мөн түүний дүү мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн байдаг. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл заалтад заасан журам, нөхцөлийг зөрчөөд авсан мэдүүлэг гээд үгүйсгээд байгааг хэлэх ямар ч боломжгүй байна. Шүүгдэгчийн зүгээс өөрөө энэ мэдүүлгийг миний эсрэг өгсөн мэдүүлэг гээд байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд юм. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт дээрх нотлох баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Учир нь: Шүүгдэгч Б.Бын давж заалдсан гомдолд үндэслэн түүнд бичигдсэн асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05-р сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р баг, Аюушийн 1007 тоотод оршин суух Болдбаатарын гэрт архи ууж согтуурсан үедээ иргэн Т.Б-г хутгалсны улмаас биед нь цээжний хөндийг нэвтэлж зүүн уушгийг гэмтээсэн шарх, цээжний хөндийн хий хуралт, дотуур цус алдалт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан нь хохирогч Т.Б-гийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхойлсон шүүхийн шинжилгээний 02/0258 тоот дүгнэлт зэргээр,  

 

2019 оны 07-р сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р багт оршин суух С.Н-н гэрийн гадаа архи ууж согтуурсан үедээ иргэн Ц.Б-г зодож биед нь хүзүүний 6-р нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр, хөнгөн гэмтлүүд учруулсан болох нь хохирогч Ц.Б-ын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 02/0370 тоот шинжээчийн дүгнэлт, гэрч Ц.Б, С.Н, Ц.Х, Ю.Б, Н.Б нарын мэдүүлгүүд зэргээр тус тус тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

Хэрэг шалган шийдвэрлэсэн байдлыг хянан хэлэлцвэл мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба шүүгдэгчийн зүгээс хэргийг нэмж шалгуулах талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй боловч хохирогч Т.Б-г хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, харин хохирогч Ц.Б-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдээгүй гэж энэ хэргийн хувьд гэм буруугийн асуудлаар маргаж энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Б.Бын үйлдлийн улмаас хохирогч Ц.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь гэрч Ц.Б-н “... Б 2019 оны 07-р сарын 17-ны өглөө 05:50 минутанд өөрийнхөө 90720133 дугаарын утаснаас миний дугаар руу залгаад “эгч хүрээд ир, би айлд хүнд зодуулчихлаа” гэсэн. Би “хаана байгаа юм бэ” гэхэд Наваагийнд гэсэн. ... Наранбатын байшингийнх нь гадаа Батбаатар хувцас хунар нь шороо тоос болчихсон, нүүр, хамар хэсэг нь хавдчихсан, баруун гарын тохой хэсэг нь цус хурсан байсан. ...би тэгээд “юу болсон юм бэ” гэхэд Батжав намайг Наранбатынд унтаж байхад гаднаас ирээд галын хорны саваар зодчихлоо гэж байсан, гэрийнх нь хаалганы наад талд гадаа дөрвөлжин төмөр саван дотор улаан өнгийн галын хор байж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 122/,

Гэрч С.Н-н “...яг хэдний өдрийг сайн мэдэхгүй байна, ... Ц.Б манайд ирсэн, Б.Б бас ирсэн. Тэр үед бид 3-уулаа архи уучихсан байсан. Батжав, Батбаатар 2 хоорондоо муудаж маргалдаад байсан, яг юунаас болоод муудаж маргалдаад байсан талаар би мэдэхгүй. Нэг сэрэхэд манай гэрийн үүдэн хэсэгт Б.Б-д зодуулчихлаа гээд нүүр ам нь хавдчихсан байж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 123/,

Гэрч Ц.Б-н “ ...Б.Б босоод зугатаасан, би бариад автал намайг “чи ер нь яах гээд намайг туугаад байгаа юм” гэснээ “ өө чи чинь Батбаатарын дүү байна ш дээ” гээд юм асуугаагүй байхад миний өөдөөс шууд “ би Батбаатарыг нээх айхтар зодоогүй ш дээ” гэж хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 125/,

Гэрч Ц.Б-г дахин асуусан тэмдэглэлд “...2019 оны 07-р сарын 16-ны ... ойролцоогоор 00 цаг өнгөрч байсан байхад Номин худалдааны төвийн урдуур баруун тийшээгээ засмал зам руу алхаад явж байхад ах Ц.Б миний араас хүрээд ирсэн,  ...Номин худалдааны төвийн баруун талд таарахад бол ах Ц.Б-н нүүр ам нь зөв зүгээр байсан, ямар ч хөхөрсөн, хавдсан зүйл огт байгаагүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 143/,

Гэрч Ю.Б-н “ ... Ц.Б бид 2 ... Номин худалдааны төвийн баруун талд явж байгаад Б.Б Б-тай хамт явж байхад нь таарсан. ...нээх удалгүй Батжав, Батжаргал 2 яваад өгсөн, ...Ц.Б дүүтэйгээ уулзчихаад ирье гээд надаас түрүүлээд алхаад урд явж байсан залуутай очиж уулзсан, дүү нь яваад өгсөн, бид 2 ханилаад явж байгаад би гэрлүүгээ явсан, Батбаатар ч надаас салаад явсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 144/,

Гэмт хэргийн талаарх амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлд “... иргэн Буджав өөрийн биеэр ирж 19 цаг 30 минутад мэдэгдэхдээ “...манай дүү Ц.Б-г өглөөний 05:30 минутад Сайншанд сум 1-р баг, Аюушийн 1102 тоотод Б.Б гэх залуу зодсон байна” гэх гомдол мэдээллийг Дорноговь аймгийн Цагдаагийн газар хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 88/ зэргээр хохирогч Ц.Б нь 2019 оны 07-р сарын 17-ны өдөр Б.Бд зодуулж гэмтсэн болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч Б.Бын “07-р сарын 16-ны шөнийн 00 цагийн үед Батбаатар нь бусдад зодуулсан байдалтай явж байсан” гэсэн нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Быг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзнэ.

 

 Учир нь: Шүүгдэгч Б.Бын үйлдлийн улмаас хохирогч Т.Б-гийн биед нь учирсан цээжний хөндийг нэвтэлж зүүн уушгийг гэмтээсэн шарх, цээжний хөндийн хий хуралт, дотуур цус алдалт бүхий гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болох нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-т заасан амь насанд аюултай хүнд гэмтлийн зэргийг тогтоох шалгуур шинжид хамаарч байгаа болон гэмтлийг хохирогчийн цээжин тус газар нь хутгалж учруулсан зэрэг нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/0258 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”, ингэхдээ мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “зэвсэг хэрэглэсэн” гэх шинжид тус тус нийцсэн,

 

Хохирогч Ц.Бын биед учирсан хүзүүний 6-р нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүдийг шүүгдэгч Б.Б учруулсан ба хохирогчид учирсан эдгээр гэмтлээс хүзүүний 6-р нугалмын арын сэртэнгийн хугарал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/, хөдөлмөрийн ерөнхий чадвар үлэмж хэмжээгээр /15-35%/ тогтонги байдлаар алдагдсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3, 2.3.2-т заасан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарч байх тул шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм. 

 

Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялд Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 1 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хүнд биш ял гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Баас гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдээгүй гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 66 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                        А.САЙНТӨГС