| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0421/З |
| Дугаар | 221/МА2025/0464 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2025/0464
“А” ХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн төлөөлөгч Н.Э
Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч улсын байцаагч М.Уранчимэгийн үйдсэн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 0943093 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 418 дугаар шийдвэр
Гомдол гаргагч: “А” ХК
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч улсын байцаагч М.У
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагч М.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е
Хэргийн индекс: 128/2025/0421/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “А” ХК нь “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч улсын байцаагч М.Уранчимэгийн үйлдсэн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 0943093 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 418 дугаар шийдвэрээр “Жолоочийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 19.3, Зөрчлийн тухай хуулийн 11.15 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг баримтлан Ард даатгал ХК-ийн гомдолтой Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч М.У холбогдуулан гаргаснаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч улсын байцаагчийн үйлдсэн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 0943093 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. Анхан шатны шүүх “…нөхөн төлбөрийн хугацааг тогтоосноос хойш 1 сарын дотор” гэдэг хуулийн хугацааг буруу тайлбарласан, хууль буруу хэрэглэсэн буюу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй талаар:
3.1.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7-д 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр даатгалын тохиолдлыг шийдвэрлэхэд шаардлагатай баримт материалыг бүрдүүлж “А” ХК-д хүргүүлснээр даатгагч хуульд заасан 1 сарын дотор даатгуулагчийн гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгалын гэрээнд заасан хэмжээгээр чөлөөлөхөөр байна” гэж дүгнэсэн нь баримт материалыг бүрдүүлж “А” ХК-д хүргүүлснээс хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг олгоно гэж ойлгож буруу дүгнэжээ.
3.1.2. Гэтэл Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “Хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр” гэж зааснаар талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээг тохиролцоонд хүрэх хугацаанаас хамаарч олгох хугацаа хойшлогдсоныг харгалзан үзээгүй байна.
3.1.3. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно” гэж заасныг үндэслэн “А” ХК-д шийтгэлийн хуудас ногдуулсан.
3.1.4. Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо Жолоочийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх зохицуулалттай ба “А” ХК-ийн зүгээс уг хуулийн 17 дугаар зүйлд “Хохирлын хэмжээг тодорхойлох”, 17.1.2-т "Хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр” гэж заасны дагуу талууд нөхөн төлбөрийн хэмжээн дээр санал нэгдсэн хугацаа хэрэгт авагдсан баримтаар 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр бөгөөд уг хугацаанаас 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгох үүргийг хүлээсэн ба уг үүргээ биелүүлж, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Э.Сэргэлэнбаатарт нөхөн төлбөрийг олгосон болно.
3.1.5. Гэтэл иргэний анх баримт бүрдүүлж өгсөн огнооноос буюу 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс нөхөн төлбөрийн хэмжээг харилцан тохиролцсон мэтээр ойлгож шүүх буруу дүгнэжээ. Иргэн Э.Сэргэлэнбаатар 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр анх өргөдөл өгсөн боловч нэмэлт материалыг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ирүүлснээр материал бүрэн бүрдүүлж өгсөнд тооцох бөгөөд уг хугацаа дахин эхнээсээ тооцогдох ба бүрэн болсон материалыг үндэслэн Эрсдэлийн үнэлгээний хурлаар дахин хэлэлцүүлж, 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нөхөн төлбөр олгох шийдвэр гарч тухайн өдөрт нь танилцуулахад иргэн зөвшөөрсөн байдаг.
3.1.6. Мөн “А” ХК нь өдөрт дунджаар 100 сая төгрөгийн нөхөн төлбөрийг иргэн, аж ахуйн нэгжид олгодог бөгөөд нөхөн төлбөрийн шийдвэр гарсан өдөр бусад дараалагдан хүлээгдэж байгаа гүйлгээг алгасан Э.Сэргэлэнбаатарт тухайн өдөрт нь олгох боломжгүй бодит байдлыг дурдах нь зүйтэй.
3.1.7. Хугацааг нарийн харгалзан үзэж дүгнээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасанд нийцэхгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх хэрэг маргаанд үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байна.
3.2. Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт үнэлээгүй талаар:
3.2.1. Иргэн Э.С-ын Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан “...мөн оны 3 дугаар сарын 24-ний өдөр нөхөн төлбөр олгох шийдвэр гарсан гэж мэдэгдсэн...” тухайн гомдлыг нөхөн төлбөрийн хэмжээг харилцан тохиролцсон огноо болохыг харгалзаж үзээгүй.
3.2.2. Мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Даатгагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу манай зүгээс Э.Сэргэлэнбаатартай цахимаар харилцаж байсан баримтыг шүүхэд өгсөн боловч үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу баримтыг тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна.
3.2.3. Иймд тус шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх зарчимд нийцээгүй, хууль болон дүрэм, журам, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг олгох хугацааг буруу тайлбарласан, нотлох баримтыг бодитойгоор үнэлээгүй шударга бус, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан байна.
3. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн гомдлын шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3.1 Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 0943093 дугаар шийтгэлийн хуудсаар “А” ХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.15 дугаар зүйлийн 3-т заасны дагуу 3.000.000 төгрөгөөр” торгох шийтгэл ногдуулжээ.
3.2. Гомдол гаргагч “А” ХК нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан бөгөөд гомдлын үндэслэлээ “...нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор хохирогчид олгох зохицуулалттай. Энэ хугацааг манай компани хэтрүүлээгүй” гэж тайлбарлан маргажээ.
3.3. Анхан шатны шүүх “... Маргаан бүхий улсын байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0943093 дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “А” ХК-ийг жолоочийн даатгалын тохиолдол болсон үед Жолоочийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 19 дүгээр зүйлийн 19.3-д заасан хугацаанд хохирогч иргэдэд нөхөн төлбөр олгоогүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.15 дугаар зүйлийн 3 дах заалтыг зөрчсөн гэж үзэж 3000 нэгжээр буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд зөрчлийг шалган тогтоож, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагын оногдуулсныг буруутгах боломжгүй байна” гэж дүгнэж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
4. Жолоочийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Даатгагч нь энэ хуулийн 19.2-т зааснаас бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ, даатгуулагчийн гэм бурууг тогтоосны дараа гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгалын гэрээнд заасан хэмжээгээр даатгуулагчийг чөлөөлнө”, 19 дүгээр зүйлийн 19.3-т “Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.” Зөрчлийн тухай хуулийн 11.15 дугаар зүйлийн 3-т “Хуульд заасан нөхцөл, журам, хугацаанд нийцүүлэн нөхөн төлбөрийг олгоогүй, эсхүл тодорхой үндэслэлийг заан татгалзах хариуг хохирогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгөөгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус хуульчилсан.
5. Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд даатгагч нь нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор багтаан даатгуулагчийг гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгалын гэрээнд заасан хэмжээгээр чөлөөлөх үүрэгтэй, тус үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хуульд заасан журмын дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулахаар зохицуулжээ.
6. Иргэн М.Баярчимэг нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зам тээврийн осол гаргаж, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Замын хөдөлгөөний байцаагч шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0117506 дугаар шийтгэлийн хуудсаар М.Б-ийг замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэсэн үндэслэлээр 100.000 төгрөгөөр торгожээ. Улмаар даатгуулагч О.Т 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нөхөн төлбөр авахаар “А” ХК-д хүсэлтээ өгсөн боловч хуульд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөрийг өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
7. Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг “Хас үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 249 дүгээр тайлангаар тогтоосон бөгөөд харин даатгуулагчийн гэм бурууг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Замын хөдөлгөөний байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0117506 дугаар шийтгэлийн хуудсаар тогтоосон, даатгуулагч 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр даатгалын тохиолдлыг шийдвэрлүүлэхээр холбогдох баримтуудыг бүрдүүлж “А” ХК-д хүргүүлсэн байхад гомдол гаргагч нь хуульд заасан нэг сарын дотор буюу 2025 оны 03 дугаар сарын 18-ны дотор нөхөн төлбөр олгоогүй энэ тохиолдолд маргаан бүхий 0943093 дугаар шийтгэлийн хуудасны улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
8. Даатгалын гэрээний 7.2.2-т зааснаар даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох нь даатгагчийн үүрэг бөгөөд гомдол гаргагч хуульд заасан хугацааны дотор даатгуулагчид нөхөн төлбөр олгоогүй шалтгаанаа “Даатгуулагч нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр анх өргөдөл өгсөн боловч нэмэлт материалыг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ирүүлснээр материал бүрэн бүрдүүлж өгсөнд тооцох бөгөөд уг хугацаа дахин эхнээсээ тооцогдоно” гэж тайлбарлаж байгаа нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно” гэж заасантай нийцээгүй.
9. Өөрөөр хэлбэл, “А” ХК нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөр олгоход шаардлагатай баримтуудыг бүрдүүлсэн эсэхийг хянан шалгаж, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө гэрээнд заасан хэмжээгээр даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгох үүрэгтэй байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 418 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ