Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 341

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дугаар хороо ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* Ж.Б /РД:**********/-ы

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие *******ын “*******” нэгдэлд анх 1974 онд ажилд орсон бөгөөд хөдөлмөрийн дэвтрээ гээсний улмаас 1988 онд дахин хөдөлмөрийн дэвтэр нээлгэж уг хөдөлмөрийн дэвтрийн нүүрэн талд анх ажилд орсон 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөр бичилт хийлгэсэн.

 Гэтэл би тэтгэвэр тогтоолгох болж *******т хандахад дээрх байдлын улмаас хөдөлмөрийн дэвтрийг зөрчилтэй гэж үзсэн. Хэрвээ ажилд орсон, гарсан тушаал байвал уг зөрчлийг арилган нөхөн бичилт хийж болно гэсэн боловч ажилд орсон байгууллагын архив шатах үед миний ажилд орсон, гарсан тушаал баримтууд хамт шатаж үрэгдсэн тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд намайг *******ын “*******” нэгдэлд 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд сүүний заводад, 1981 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 01 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд уурын зуухны галч, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд Сумын дунд сургуульд уурын зуухны галчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Ж.Б нь *******ын “*******” нэгдэлд 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд сүүний заводад, 1981 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 01 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд уурын зуухны галч, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд Сумын дунд сургуульд уурын зуухны галчаар тус тус ажиллаж  байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгогч нь оршин суугаа газрын Нийгмийн даатгалын хэлтэст хандах ёстой бөгөөд нэхэмжлэгч Ж.Б Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандсан байгаа ч баримт бичиг зөрчилтэй байсны улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болж шүүхэд хүсэлт гаргасан байх тул шүүх түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлсэн байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.Б Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2-т заасан хөдөлмөрлөх журамт үүргээ биелүүлсэн болохоо эрх олгосон баримт бичгээр нотлох боломжгүй болсон тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д заасны дагуу шүүхэд хүсэлт гарган эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтаа тогтоолгох эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.3.-т зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт гэж байдаггүй тул шүүх хэргийн оролцогчдоос өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Нэхэмжлэгч Ж.Бы ажиллаж байсан байдалтай холбоотой баримтыг *******, ******* архиваас шүүлгэсэн боловч *******ын “*******” нэгдлийн бүх оны баримт шилжиж ирээгүй тул холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй, *******ын Засаг даргын тамгын газрын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 06/29 дугаар албан бичгээр Тус сумын “*******” нэгдлийн архивын баримт бичиг шатсан тул лавлагаа олгох боломжгүй гэсэн хариуг тус тус өгсөн байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь *******ын “*******” нэгдэлд 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд сүүний заводад, 1981 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 01 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд уурын зуухны галч, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд Сумын дунд сургуульд уурын зуухны галчаар тус тус ажиллаж  байсан болох нь *******ын “*******” нэгдлээс 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэж бичиж олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаалууд, *******ын Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаар “Баянжаргалан сумын Дунд сургууль нь 1991 оноос 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болохыг тодорхойлов” гэх албан бичиг, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 444 дугаар хугацаат цэргийн албан хаасан архивын лавлагаа,

гэрч хамт ажиллаж байсан Б.ийн “...Би 1980 онд *******ын “*******” нэгдэлд анх механикаар ажилд орсон. Ж.Б намайг ажилд орохоос өмнө нэгдлийн сүүний заводад ажиллаж байгаад цэрэгт явсан гэдэг. Намайг ажилд орсны дараа 1981 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ галчаар ажилласан. Нэгдэл 1991 онд тарсан. Тэгэхэд Ж.Б сумын сургуульд галчаар орсон. Бид нэг сумын хүмүүс болохоор сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

гэрч хамт ажиллаж байсан Ш. “...Би 1980 оны 6 дугаар сараас Баянжаргал сумын Худалдаа бэлтгэлийн банкинд грушикээр 1 жил ажилласан. Тэгээд Баянжаргал сумын Дунд сургуулийн уурын зууханд галчаар ажилд орсон. Намайг 1982 онд сумын Дунд сургуулийн уурын зууханд ажилд ороход Ж.Б уурын зууханд галчаар ажиллаж байсан. Би тэндээ 2 жил гаран ажиллаж байгаад аавынхаа малыг маллахаар хөдөө явсан. Би 1998 он хүртэл мал маллахдаа сумандаа байсан тул Ж.Бы талаар мэдэж байна. 1998 оноос Багануур дүүрэгрүү шилжсэн” гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэлийн шаардлага тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Ж.Быг *******ын  “*******” нэгдэлд 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд сүүний заводад, 1981 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 01 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд уурын зуухны галч, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд Сумын дунд сургуульд уурын зуухны галчаар тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.                                                    

Нэхэмжлэгч Ж.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 118., 119., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар нэхэмжлэгч ******* Ж.Быг Төв  аймгийн Баянжаргалан сумын  “*******” нэгдэлд 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд сүүний заводад, 1981 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 01 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд уурын зуухны галч, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд Сумын дунд сургуульд уурын зуухны галчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ж.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Н.БАЯРСҮРЭН