Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/298

 

2023         03          22                                    2023/ШЦТ/298

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч: М.Гансувд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

Хохирогч: Д.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр,

Шүүгдэгч: Б.Х, түүний өмгөөлөгч Х.Ургаа нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн 2309000000074 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В танхимд 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, хүүгийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Х,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 05 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л” бааранд үйлчлүүлж байхдаа бүжгийн талбайд Д.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу үл ялих зүйлээс шалтаглан хоорондоо маргалдаж, улмаар түүнийг үснээс нь зулгааж чирч, толгойн дагзны хэсгээр нь текний тавцан мөргүүлж, нүүрэн тус газарт нь гараараа болон пивоны шилээр тус тус цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Х-ыг хохирогч Д.Б-ын биед духны зүүн дээд хэсэгт шарх, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие 5 цагт найзтайгаа бааранд орсон. Нэг пиво бариад байж байтал Хонгорзул  хүрч ирээд түлхээд толгой руу цохиод үсдэж чирсэн. Мөн намайг өшиглөөд хэлэх хэлэхгүй муу муухай үгээр хараасанд гомдолтой байна. Намайг зодуулж байхад салгах нэрийдлээр хамт явж байсан эмэгтэйчүүд намайг бас цохисон” гэв.

Хавтаст хэргээс:

-Хохирогч Д.Б-ын “...Миний бие найз Аззаяагийн хамт 2022 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 05:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Л” нэртэй бааранд орж үйлчлүүлж байгаад бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад үл таних эмэгтэй миний зүүн хөлийн шилбэний ар хэсэгт өшиглүүлсэн тэгээд “яасан бэ” гэж эргэж хараад асуухад эсрэг талд бүжиглэж байсан эмэгтэй “санамсаргүй өшиглөж байна. Болохгүй юү” гэж хэлсэн тэр үед тэр эмэгтэй 4 найзын хамт явж байсан бүгд рүү “юун сүртэй юм бэ гэж хэлэхэд нь би дээр 2 давхарт сууж байсан газар луугаа очсон. Тэгээд найз А-ийн хамт баар хаах болж байгаа тул бүжгийн талбай руу дахин гарч бүжиглэсэн.Тэр үед нөгөө миний маргалдсан эмэгтэйчүүд бас над руу хэл амаар доромжилсон тухайн үед шар үстэй эмэгтэй шууд над руу хүрч ирэхээр нь айгаад цаашаагаа түлхсэн чинь миний толгой руу баруун талын гартаа барьсан пивоны шилээр цохисон тул би өөрийгөө хамгаалж гартаа барьсан пиво цацаж цаашаагаа түлхэж, өөрийгөө хамгаалах оролдлого хийсэн. Тэр эмэгтэй надаас өндөр том биетэй байсан мөн олуулаа байсан учир тал талаас дайрсан тэгээд намайг шар үстэй эмэгтэй үсдэж тек рүү аваачиж, толгойгоор текэн дээр дарж хэвтүүлж байгаад хажууд байсан пивоны шилээр мөн цохисон. Намайг зодуулж байхад салгах нэрийдлээр хамт явж байсан эмэгтэйчүүд намайг бас цохисон, мөн намайг үсдээд бүжгийн талбай хэсэгт очих үед ягаан өнгийн цамц өмссөн эмэгтэй, хар өнгийн хүрэмтэй эрэгтэй нар үснээс зулгаасан нийлж намайг зодсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...Миний толгой хагарсан байсан мөн 2-3 см няцарсан байдлаар хагарсан байсан гэж хэлсэн тул оёдол хийлгэсэн. Зүүн шилбэ хөхөрсөн хүрэхэд хөндүүртэй шинээр үүссэн гэмтэл байна гэж хэлсэн. Миний толгойд үүсэн доргилт нь явцын дунд гарч ирэх боломжтой гэж хэлсэн...Үл таних шар урт үстэй, өндөр том биетэй эмэгтэй пивоны шилээр 2 удаа цохиж толгой хагалсан үсдэж тек мөргүүлсэн...Толгой хагарч оёдол тавиулахад 92,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг, үсний халзралт, шарх сорив эдгээх зорилгоор тарилга хийлгэсэн 1 удаа орсон төлбөр 600,000 төгрөг болсон 5 удаа хийлгэх гэрээ байгуулсан. Энэ бүх зардлыг гаргуулна бүгд баримтаар гаргаж өгнө...Миний хувьд тэр эмэгтэй намайг гэмтээх хохироох зорилгоор дайрсан өөрийн хийсэн хэрэгтээ ямар нэгэн байдлаар уучлалт гуйгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

-Гэрч С.Х-ийн “...Миний бие 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Л баар луу найз Х, Н-Э нарын хамт 02 цагийн үед орж Heineken нэртэй пиво нэг нэгийг уусан.Тэгээд байж байтал Х үл таних эмэгтэй хүний трапецан өмд дээр нь гутлаараа гишгэчихсэн. Тухайн эмэгтэйгээс би найз Х-ын өмнөөс уучлал гуйтал “Аймшгийн янханууд чинь” гэж хэлсэн. Энэ үед Н-Э бид нараас зайтай байж байсан тухайн үйл явдлыг хараагүй. Ингээд бүжиглээд байж байтал Х тек рүү дахин пиво авахаар явтал тухайн эмэгтэй Хонгорзулыг шууд түлхэх үйлдэл хийсэн.Тэгээд л тухайн эмэгтэйтэй барьцалдаад авсан. Пивоны шилээр хэн нь цохисон юм бүү мэд Х тухайн эмэгтэй хоёр үсдэлцээд зогсож байхаар нь би салгасан...Тухайн эмэгтэйн толгой нь хагарсан, цус гарсан байдалтай байсан...Үсдэлцэж байхад нь очиж салгасан...”” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Б-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 172 дугаартай  “...Д.Б-ын биед духны зүүн дээд хэсэгт шарх, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн “...бичлэгийг эхлүүлэхэд “Л” баарны бүжгийн талбайн гол хэсэгт шар өнгийн урт үстэй сугандаа цүнхээ сугавчилсан 20 орчим насны эмэгтэй нь бүжгийн талбай дээр бүжиглээд зогсож байсан хар өнгийн хүрэм өмссөн эмэгтэйг гараараа нүүрэн хэсэгт цохиж үсдэлцэж байгаа 1 удаа цохиж байна...шар өнгийн үстэй эмэгтэй нь хар өнгийн хүрэмтэй эмэгтэйг “Л” баарны бүжгийн талбайн урд хэсэгт текэн дээр хэвтүүлж үснээс нь зулгаагаад дагз хэсгээр нь текэн дээр савж байгаа пивоны шил баруун гартаа барьж далайгаад цохиж байгаа дүрс бичигдсэн байна...хар өнгийн үстэй хар хүрэмтэй 20 орчим настай эмэгтэйг шар өнгийн урт үстэй эмэгтэй нь үсдээд чирсэн тус хэсэгт байна...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт, бичлэг бүхий хатуу диск /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

- Яллагдагч Б.Х-ын “...хүлээн зөвшөөрч байна...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 05 цагт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” бааранд найз Х, Н нарын хамт орж үйлчлүүлсэн тэгээд ороод удаагүй байхад Ж нь миний танихгүй хэсэг бүлэг 2-3 найзуудын хамт ирсэн...Тухайн үед Х, Н нартай бүжгийн талбай дээр нэг танихгүй эмэгтэй нь хөл юм уу өмд юм уу тэрийг мэдэхгүй дээр нь гишгэсэн гээд эргээд хартал тэр эмэгтэй бид 3-ыг харснаа хараажийн янхан байна гэж хэлсэн тэгсэн Х, Н хоёр тэр эмэгтэйд хандаж “чи яана гээд байгаа юм бэ” гэж хэлсэн тэгэхээр би тэр эмэгтэйн яг ард нь гараад за болио гэж хэлсэн тэгээд л маргаан больсон.Тэгсэн удалгүй манай найзууд нэмэгдэж тек рүү очоод захиалга өгчхөөд ариун цэврийн өрөө орох гэж байгаад Н-д гар утсаа үлдээснээ санаад гар утсаа авахаар бүжгийн талбай дээр бүжиглэж байсан Н-аас гар утсаа аваад буцаад явах гэж байхад тэр маргалдсан гэх эмэгтэйн араар гарах гэсэн чинь тэр эмэгтэй намайг түлхсэн тэгсэн гартаа барьж байсан гар утсаа газар унагаасан. Тэгээд доошоо харсан чинь миний гар утасны дэлгэц хагарсан байхаар нь би тэр үл таних эмэгтэйтэй зодолдсон. Би гэхдээ тэр үедээ анх маргалдсан эмэгтэй гэж анзаараагүй тоогоогүй байхад намайг түрүүлж өдөөд нүүрэн дээр тулж ирээд пизда гэж хэлсэн тул миний уур маш их хүрсэн тэгээд зодоон болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л” бааранд хохирогч Д.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б.Х нь хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд нь “духны зүүн дээд хэсэгт шарх, зүүн шилбэнд цус хуралт гэмтэлбүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Д.Б-ын “...Тэр үед нөгөө миний маргалдсан эмэгтэйчүүд бас над руу хэл амаар доромжилсон тухайн үед шар үстэй эмэгтэй шууд над руу хүрч ирэхээр нь айгаад цаашаагаа түлхсэн чинь миний толгой руу баруун талын гартаа барьсан пивоны шилээр цохисон тул би өөрийгөө хамгаалж гартаа барьсан пиво цацаж цаашаагаа түлхэж, өөрийгөө хамгаалах оролдлого хийсэн. Тэр эмэгтэй надаас өндөр том биетэй байсан мөн олуулаа байсан учир тал талаас дайрсан тэгээд намайг шар үстэй эмэгтэй үсдэж тек рүү аваачиж, толгойгоор текэн дээр дарж хэвтүүлж байгаад хажууд байсан пивоны шилээр мөн цохисон. Намайг зодуулж байхад салгах нэрийдлээр хамт явж байсан эмэгтэйчүүд намайг бас цохисон, мөн намайг үсдээд бүжгийн талбай хэсэгт очих үед ягаан өнгийн цамц өмссөн эмэгтэй, хар өнгийн хүрэмтэй эрэгтэй нар үснээс зулгаасан нийлж намайг зодсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг,

Гэрч С.Х-ийн “...Ингээд бүжиглээд байж байтал Х тек рүү дахин пиво авахаар явтал тухайн эмэгтэй Х-ыг шууд түлхэх үйлдэл хийсэн.Тэгээд л тухайн эмэгтэйтэй барьцалдаад авсан. Пивоны шилээр хэн нь цохисон юм бүү мэд Х тухайн эмэгтэй хоёр үсдэлцээд зогсож байхаар нь би салгасан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч О.Б-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 172 дугаартай  “...Д.Б-ын биед духны зүүн дээд хэсэгт шарх, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт, бичлэг бүхий хатуу диск,

Яллагдагч Б.Х-ын “...хүлээн зөвшөөрч байна... Тэгсэн удалгүй манай найзууд нэмэгдэж тек рүү очоод захиалга өгчхөөд ариун цэврийн өрөө орох гэж байгаад Н-д гар утсаа үлдээснээ санаад гар утсаа авахаар бүжгийн талбай дээр бүжиглэж байсан Н-аас гар утсаа аваад буцаад явах гэж байхад тэр маргалдсан гэх эмэгтэйн араар гарах гэсэн чинь тэр эмэгтэй намайг түлхсэн тэгсэн гартаа барьж байсан гар утсаа газар унагаасан. Тэгээд доошоо харсан чинь миний гар утасны дэлгэц хагарсан байхаар нь би тэр үл таних эмэгтэйтэй зодолдсон” гэх мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч Д.Б-ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах дээрх гэмтэл нь шүүгдэгч Б.Х-ын хохирогчийг үснээс нь зулгааж чирч, толгойн дагзны хэсгээр нь текний тавцан мөргүүлж, нүүрэн тус газар гараараа болон пивоны шилээр цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.  

Шүүгдэгч Б.Х нь хохирогч Д.Б-ын үснээс нь зулгааж чирч, толгойн дагзны хэсгээр нь текний тавцан мөргүүлж, нүүрэн тус газар гараараа болон пивоны шилээр цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “.........Шүүгдэгч Б.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 05 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л” бааранд үйлчлүүлж байхдаа бүжгийн талбайд Д.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу үл ялих зүйлээс шалтаглан хоорондоо маргалдаж, улмаар түүнийг үснээс нь зулгааж чирч, толгойн дагзны хэсгээр нь текний тавцан мөргүүлж, нүүрэн тус газарт нь гараараа болон пивоны шилээр тус тус цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч Х ганцаараа зодоогүй, салгах үедээ үснээс нь татаж хүч хэрэглэсэн. Ийм учраас тэдний үйлдлийг бүлэглэсэн эсэх байдлыг тодруулж, шалгах шаардлагатай. Ийм хэргийг прокурорт буцаалгах саналтай байна. Мөн Б.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд зааснаар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэй байх тул энэ байдлыг давхар шалгуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгч Б.Х нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Хохирогч болон түүний өмгөөлөгч нар шүүгдэгч Б.Х-ыг бусадтай бүлэглэн уг гэмт хэргийг үйлдсэн гэж мэтгэлцэж байх боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох дүрс бичлэг, гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэй байгааг шалгуулах саналыг гаргадаг. Шүүгдэгч Б.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж шүүх үзэв. 

Иймд хохирогч болон түүний өмгөөлөгч нарын санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

Хохирогч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал болон бусад хохирол төлбөрт баримтаар 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Улаанбаатар Сонгдо эмнэлгийн үзлэг, шинжилгээний 38.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Улаанбаатар Сонгдо эмнэлгийн үзлэг, шинжилгээний 54.000 төгрөг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн үзлэгийн 8.000 төгрөг /хавтаст хэргийн 51 дүгээр тал/, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 600.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт /хавтаст хэргийн 47 дугаар тал/-аар нийт 700.000 төгрөг нэхэмжилснээс  шүүгдэгч  Б.Х нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны 5400........ дугаартай Д.Б-ын эзэмшлийн данс руу шилжүүлсэн байх тул хохирогч Д.Б-д төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ. 

Хохирогч Д.Б нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөлүүд хангагдаж байна, хөнгөрүүлэн үзэх нөхцөлүүдийг харгалзан үзэж шийтгэл оногдуулж өгнө үү” гэх санал, хохирогчийн өмгөөлөгчөөс “500 нэгжээр торгох нь хөнгөдөж байна, өөр шийтгэл оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Х-д 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.Х дээр дурдсан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

           Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрсний бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160

дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Б.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

             6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирогч Д.Б нь цаашид энэ гэмт хэргийн улмаас гарах гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ОРХОНТАМИР