| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2023/0140/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/144 |
| Огноо | 2023-04-25 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч М.Чинбаатар, Г.Магнайбаяр, Н.Батжаргал П.Түмэндэмбэрэл, П.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мягмарын Чинбаатар, Боржигон овогт Ганболдын Магнайбаяр, Борлууд овогт Нарантуяагийн Батжаргал, Хангайчуул овогт Пүрэвсүрэнгийн Түмэндэмбэрэл, Сартуул овогт Пунсалмаагийн Мөнхжаргал нарт холбогдох эрүүгийн 2321000620131 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Бугант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тогооч, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Сургуулийн 20 дугаар байрны 365 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Мягмарын Чинбаатар /РД: ШУ90092837/
2. Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо Нисэхийн 81 дүгээр байр 37 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Ганболдын Магнайбаяр /РД: УЗ90071150/
3. Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо Хужирбулан 3 хэсэг гудамж 22-1144 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Борлууд овогт Нарантуяагийн Батжаргал /РД: НУ91120611/
4. Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо Гарданвилла хотхоны 880-66 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 252 цаг албадан ажил хийлгэх, Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 1329 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.4, 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 7 жил 2 сарын хорих, Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 646 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Хангайчуул овогт Пүрэвсүрэнгийн Түмэндэмбэрэл /РД: МТ88060616/
5. Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эхнэрийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо 7-14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сартуул овогт Пунсалмаагийн Мөнхжаргал /РД: ИЕ78120371/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Чинбаатар, Г.Магнайбаяр, Н.Батжаргал П.Түмэндэмбэрэл, П.Мөнхжаргал нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймаг Баяндун сум 1 дүгээр баг Ногоон толгой гэх газарт Mazda.Bongo маркийн 83-46 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, КЕН маркийн цахилгаан цохилттой дрилл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар гар аргаар алт эрэн хайсан, 1 шуудай шороо олборлосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Чинбаатар шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Г.Магнайбаяр шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Н.Батжаргал шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч П.Түмэндэмбэрэл шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч П.Мөнхжаргал шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч М.Чинбаатар, Г.Магнайбаяр, Н.Батжаргал П.Түмэндэмбэрэл, П.Мөнхжаргал нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймаг Баяндун сум 1 дүгээр баг Ногоон толгой гэх газарт Mazda.Bongo маркийн 83-46 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, КЕН маркийн цахилгаан цохилттой дрилл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар гар аргаар алт эрэн хайж, 1 шуудай буюу 100 кг шороо олборлосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Х.Соёмбо-Эрдэнийн “...Баяндун сумын 1 дүгээр баг Ногоон толгой гэх газарт хайгуулын XV21181 тусгай зөвшөөрөлтэй талбайд хууль бусаар алт олборлож байна гэсэн мэдээлэл сонсогдож байсан. Алтан Дун Дорнод ХХК-ний уурхайн дарга болох Б.Баасанбямбаар ахлуулсан ажлын хэсгийг гарган тухайн газарт ирж хууль бусаар ухсан нүхнүүдийг булуулан техникийн нөхөн сэргээлтийг хийлгэсэн. ...Хуулийн дагуу арга хэмжээ авах хэрэгтэй...” гэх мэдүүлэг, гэрч Х.Хүрэлчулууны “...Манай сумын 1 дүгээр баг Ногоон толгой гэх газарт алт ихээр гарч байна гэсэн мэдээлэл бусад аймаг, сумдаар маш их тархсан байсан учир манай суманд гаднаас ирэх иргэдийн хөдөлгөөн тасрахгүй автомашины хөдөлгөөн маш их болсон. ...хууль бусаар алт эрэн хайсан иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авах нь зөв гэж үзэж байна...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжилсэн тухайн мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоол, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний Р23-36 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 592 тоот дүгнэлт, Нуман Алтай ХХК-ний шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/29 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал, хайх, олборлох гэмт хэргийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулах шинжийг хангаж байхаас гадна уг гэмт хэрэг нь тухайн үйл ажиллагааг явуулж эхэлснээр төгсдөг хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй. Өөрөөр хэлбэл ашигт малтмал хайх, олох зорилго бүхий үйлдлийг хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул ашигт малтмал олсон эсэх, олсон ашигт малтмалын болон учруулсан хохирлын хэмжээ зэрэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, тэдэнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгч нарт санал болгож, шүүгдэгч нараас хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 83-46 УНИ улсын дугаартай Mazda.Bongo маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 8,720,158 төгрөгийг шүүгдэгч Г.Магнайбаяр төлөхөөр тохирсон нь хууль зөрчөөгүй бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч М.Чинбаатар, Г.Магнайбаяр, Н.Батжаргал П.Түмэндэмбэрэл, П.Мөнхжаргал нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ...гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.Магнайбаяр нь “хамаатны хүнээсээ түр гуйж авсан. Тухайн машин нь банк бусын нэр дээр байдаг” гэж мэдүүлсэн байх бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь Нэт капитал мобайл ХХК-ний /хх-ийн 46/ өмч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 83-46 УНИ улсын дугаартай Mazda.Bongo маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 8,720,158 төгрөгийг шүүгдэгч Г.Магнайбаяраас гаргуулж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 220 вольтын цахилгаан үүсгэвэр гаргадаг КЕН маркийн улаан өнгийн цахилгаан дрилл 1 ширхгийг хураах албадлагын арга хэмжээ авч, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 4 ширхэг шуудай, цагаан өнгийн шуудайтай 100 кг шороо зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Чинбаатар, Г.Магнайбаяр, Н.Батжаргал П.Түмэндэмбэрэл, П.Мөнхжаргал нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Мягмарын Чинбаатар, Боржигон овогт Ганболдын Магнайбаяр, Борлууд овогт Нарантуяагийн Батжаргал, Хангайчуул овогт Пүрэвсүрэнгийн Түмэндэмбэрэл, Сартуул овогт Пунсалмаагийн Мөнхжаргал нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайж, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чинбаатар, Г.Магнайбаяр, Н.Батжаргал П.Түмэндэмбэрэл, П.Мөнхжаргал нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Чинбаатар, Г.Магнайбаяр, Н.Батжаргал П.Түмэндэмбэрэл, П.Мөнхжаргал нарыг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч М.Чинбаатар, Г.Магнайбаяр, Н.Батжаргал П.Түмэндэмбэрэл, П.Мөнхжаргал нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 83-46 УНИ улсын дугаартай Mazda.Bongo маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 8,720,158 /найман сая долоон зуун хорин мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг шүүгдэгч Г.Магнайбаяраас гаргуулж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 220 вольтын цахилгаан үүсгэвэр гаргадаг КЕН маркийн улаан өнгийн цахилгаан дрилл 1 ширхгийг хураах албадлагын арга хэмжээ авч, улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Mazda.Bongo маркийн 83-46 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 4 ширхэг шуудай, цагаан өнгийн шуудайтай 100 кг шороог зэргийг устгах, 220 вольтын цахилгаан үүсгэвэр гаргадаг КЕН маркийн улаан өнгийн цахилгаан дрилл 1 ширхэг, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА