| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2019/00353/И |
| Дугаар | 353 |
| Огноо | 2019-10-02 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралданаар
Нэхэмжлэгч: ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* Л.Ц /РД:**********/-ийн
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг тус шүүх 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, гуравдагч этгээдээр төрийг төлөөлж хяналтын прокурор Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Л.Ц нь 1933 онд Авирмэд болон Цэвээндолгор нарын охин болон мэндэлсэн. 1933 онд ээж ******* нь нас барсан тул 1934 онд Л.Цийг З.Лут гэдэг айлд өргүүлсэн. Өргөж авсан эцэг болох З.Лут нь 1949 онд баривчлагдаж 1950 онд 10 жилийн хорих ялаар шийтгэгдэн, уг ялыг биеэр эдэлж дуусаад суллагдсан.
2012 онд шүүхийн шийдвэрээр Л.Ц нь З.Лутын зээ дүүгээр тогтоогдон 1.000.000 төгрөгийн нөхөх олговрыг авсан бөгөөд тухайн үед би ээжийнхээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь оролцож байсан учраас 1.000.000 төгрөгийн нөхөх олговрыг надад олгосон шийдвэр гарсан. Би уг нөхөх олговрын 1.000.000 төгрөгийг ээждээ авч өгсөн.
Дараа нь ээжийнхээ бичиг баримтыг шүүлгэхэд Л.Цийг З.Лутын өргөмөл хүүхдээр бүртгэгдсэн бүртгэл гарч ирсэн тул бүртгэлтэй холбоотой баримтыг сумынхаа архивын газраас шүүлгэхэд гараагүй. Тиймээс Дундговь аймгийн Сум дундын анхан шатны шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүсэлт гаргаж 2012 онд шүүхээр Л.Цийг З.Лутын зээ дүүгээр тогтоосон шийдвэрийг дахин хянуулсан. Шүүх *******ийн 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 288 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянаж хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд бид өмнө нь авсан 1.000.000 төгрөгийн нөхөх олговрыг улсын төсөвт буцаан төлөөгүй.
Харин дахин шүүхэд хандаж Л.Цийг З.Лутын өргөмөл охин нь мөн болохыг тогтоолгон уг шийдвэрийн дагуу цагаатгалын комиссд нөхөх олговрын материалыг бүрдүүлж өгсөн ба “Зууны мэдээ” сонины нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад нийтлэгдсэн. Мөн 2018 оны шүүхийн шийдвэрээр өргөмөл охин гэдгийг нь тогтоосон байх тул улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг олгож өгнө үү гэв.
Прокурор Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Багахангай, Налайх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.******* би Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 31 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Л.Цийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт төрийг төлөөлж оролцож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд З.Лут нь хилс хэрэгт хэлмэгдэгдэж байсан нь тогтоогдож байна. Ийм учраас хилс хэрэгт хэлмэгдэгчидэд олгох нөхөх олговрыг олгох нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Зарамын Лут нь засаг төрийг эсэргүүцэн, ЗХУ-ын талаар эсэргүү цуурхал ард олны дунд тараасан гэх хэрэгт холбогдож Дундговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1950 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-д зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, хожим Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 359 дугаар тогтоолоор З.Лутыг 10 жилийн хорих ялаар шийтгэсэн Дундговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1950 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болгож, З.Лутад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасан байна.
Нэхэмжлэгч Л.Ц нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж З.Лутын 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 17014 дугаар цагаатгалын үнэмлэх, Үндэсний төв архивын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03-9/16, 03-9/17 дугаар лавлагаанууд, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 45/002090 дугаар 1 дүгээр маягтын лавлагаа-А, Дундговь аймгийн архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар “...Луус сумын 2 дугаар багийн хүн амын бүртгэлийн 113 дугаарт Л.Ц 20 настай эмэгтэй гэж бүргэгдснийг тодорхойлсон” тодорхойлолт, 1953 оны Дундговь аймгийн Луус, Буянт –Овоо, Өлзийт, Хулд, Цагаан-Овоо, Цагаан дэлгэр, Баасанжаргалан, Гурвансайхан, Сайхан-Овоо сумдын хүн амын бүртгэл, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 359 дугаар тогтоол, “Зууны мэдээ” сонины 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 132 /6099/ дугаар хэвлэл, *******ийн 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 288 дугаар, 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дугаар шийдвэрүүд болон Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШТ2018/00020 дугаар тогтоол, Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13/ШШ2018/00822 дугаар шийдвэр зэрэг баримтуудыг ирүүлсэн нь хуулийн шаардлага хангасан.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ дэмжин ирүүлсэн баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Нэхэмжлэгч Л.Ц нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч З.Лутын өргөмөл дүү /зээ дүү/ болохоо *******ийн 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 288 дугаар шийдвэрээр тогтоолгон уг шийдвэрийг үндэслэн тус шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу 1.000.000 төгрөгийн нөхөх олговрыг авсан,
Мөн Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 139/ШТ2018/00020 дугаар тогтоолоор *******ийн 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 288 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн хүсэлтээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянаж хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч өөрөө, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр нь түүнийг нас барснаас хойш өөр хүнтэй гэрлэсэн эсэхээс үл хамааран, хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд, дээрх хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ нар нэхэмжлэх эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч Л.Цийн хувьд Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 139/ШШ2018/00822 дугаар шийдвэрээр З.Лутын өргөмөл /үрчилж авсан/ охин мөн болохыг тогтоолгосон байх тул улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор 40.000.000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй.
Гэхдээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.-т энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид “…улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг; улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөгийг тус тус олгох”-оор заасан.
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д “улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно” гэж заасны дагуу хэлмэгдүүлэлтийн улмаас эзэмшиж байсан гэр, орон сууц, эд хөрөнгөө хураалгасан талаарх нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Л.Цийн гэр, орон сууц, эд хөрөнгөө дайчлан хураалгасан болохыг тогтоох боломжгүй байх тул улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-д заасны дагуу Нэхэмжлэгч Н.Л.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2., 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Цийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор 40.000.000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-д зааснаар нэхэмжлэгч Л.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг болохыг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН