| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 185/2023/0300/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/326 |
| Огноо | 2023-03-29 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/326
2023 03 29 2023/ШЦТ/326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч: Н.Булганчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Буджав,
Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 2309 00369 0488 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В” танхимд 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эх, ах дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б.О,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Нэгүүн.мн” сайтад ярилцлага өгөхдөө “...толгойнд уут угласан би тэрийг бол мэдэхгүй байна яг хаана аваачиж хийснийг уутаа төд удалгүй авсан, авахад байгаа газрыг нь би мэдэхгүй ш дээ, тэгэхэд Налайхын наад талд аваачиж өглөө нь намайг гарч ирэхэд би налайхын тэндээс гарч ирсэн би хамгийн гайхалтай нь яагаад заавал тийшээ аваачиж хийх болсон юм, яагаад заавал тийм 3 хүнийг л зугтаалгаж чадсан тэр дундаас 5-уулаа явснаас 2 эмэгтэй, 1 эмэгтэй, 2 эрэгтэйг нь зугтаалгаад манай найз бид хоёр хоёулхнаа үлдсэн, хоёулхнаа гавтай үлдээд бид хоёр ярьж байсан уйлаад арай ч дээ нээрээ гээд тэгэхэд төд удалгүй яг толгойнд уут углаж эхэлсэн авраарай ингээрэй тэгээрэй гэхийн хооронд авч явангуутаа цагдаагийн хэлтэс рүү авч явах юм болов уу гэж бодсон чинь уут углуулчихсан машин дотор хаашаа явж байгаагаа мэдэгдэхгүй тор дотор үхэх гээд очиход уутаа авсан уутаа авахад би тэр лалрын торны цаана байсан торны цаана намайг 8 хоног гавтай нүдсэн. 8 хоног гавтайг нүдлээ...” гэсэн илт худал мэдээллийг олон нийтэд тараан Цагдаагийн ерөнхий газрын ажил хэргийн нэр хүндэд халдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.О-ыг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хавтаст хэргээс:
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-ийн “...Цагдаагийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “цагдаагийн байгууллага нь цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, нэгж нутаг дэвсгэр, хариуцсан цагдаагийн байгууллагаас бүрдэнэ" гэж заасан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "хуулийн этгээд" гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг" гэж, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Өмчлөлдөө буюу эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгө, өөрийн нэрээ эрх олгож, үүрэг хүлээдэг үйл ажиллагаанаас бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч бай чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж тус тус заасан. Цагдаагийн байгууллага нь захиран зарцуулах эрхтэй тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаас бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилготой зохион байгуулалтын нэгдэл учраас хуулийн этгээд мөн. Миний үзсэнээр тухайн бичлэг дээрх хүн болсон мэтээр ярьж байсан дүр зураг харагдсан. Бичлэг дээрх ярьсан зүйл нь баримт нотолгоогүй худал болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдвол цагдаагийн байгууллагын алба хаагч болон цагдаагийн байгууллагын нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим хэрэгсэл ашиглан иргэдэд тараасан гэсэн үг. Энэ цаашлаад нийгэмд иргэдэд буруу ойлголт өгөх шалтгаан болж байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,
-2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Фейсбүүкт тавигдсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...фейсбүүк пэйж хуудас руу ороод мэдээллүүдийг гүйлгэж үзэхэд 1 өдрийн өмнө тавигдсан ШҮҮХИЙН ШИЙДВЭРГҮЙ ТЭМЦЭЖ БАЙГАА ЗАЛУУСЫГ ЦАГДАН ХОРЬЖ ЭХЭЛСЭН ҮҮ" гэх гарчигтай 44.8 мянган үзэлттэй, 767 удаа хуваалцсан, 175 сэтгэгдэл бичигдсэн, 1.2 мянган эможи дарагдсан бичлэг бүхий мэдээлэл байна. Бичлэг бүхий мэдээллийг тоглуулж үзэхэд "Нэгүүн"-ий мэдээ гэх гарчигтай мэдээлэл эхлэх ба 2 минут 56 секундийн бичлэг байна. Бичлэг эхлэхэд хар өнгийн хослол өссөн эрэгтэй сэтгүүлч ширээний ард сууж, урдаа компьютер тавьсан байдалтай эхлэх ба "Нэр бүхий залууг 12 дугаар сарын 25-ны өдөр үл таних хүмүүс толгойнд нь уут углан авч явж баривчлах байранд 8 хонуулжээ. Тиймээс тухайн залуу өөрийнхөө эрхийг хамгаалахаар өнөөдөр Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргалаа" гэж ярьснаар Төрийн ордны урд талд хар ноосон ороолт зүүсэн, хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн мэдээлэл өгснөөр эхэлж байна. Иргэн би 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гавлагдаж яваад өнөөдөр 01 дугаар сарын 03-ны өдөр өглөөний 08:30 гараад 10:30 цагт талбай дээр ирсэн. Ирээд байж байхад бол үнэндээ арай нээрээ нүүр улайхаас наагуур юм үзлээ. Үсээ засуулах гээд үсээ арай гайгүй болгох гээд шинэ жил болох байгаа талбай руугаа явъя гэж бодож тэр үсчин руу орсон ороход төд удалгүй араас орж ирээд энгийн хувцастай хүмүүс орж ирээд гараад ирээч ээ би гараагүй, үгэнд нь ороогүй үгэнд нь ч орохыг хүсээгүй, хамт явж байсан найзууд гайхчихсан байсан юун хүмүүс юм. Яасан юм бэ андаа яасан, ийсэн. Үнэндээ энэ нийгэм нь яагаад одоо ингэж аймаар болоод байгаа юм. За яах вэ гавлаад аваад явж болно тэгээд хүний эрхэнд халдах, хүний эрх гэж үзээд байгаа хүмүүс тэр хүний эрхэнд өөрснөө халдаад байна ш дээ халдахаа больчих доо хүний нийгэм хүний эрхэнд халдсан хүмүүс ингээд байна гэж аль эсвэл цагдаа нарыг аваад хүний нийгэмд халдаад байгаа хүмүүсийг болиул л даа. Яагаад заавал албан ёсоор явахгүй гээд байгаа хүмүүсийг албан хүчээр авч явна тэгэнгүүтээ торныхоо цаана 8 хоног гавтай зодно. 8 хоног зодуулсандаа би өс хонзонтой байна...Чингэлтэй руу авч явна гэсэн гарч ирсэн гарч ирээд толгойнд уут угласан би тэрийг бол мэдэхгүй байна яг хаана аваачиж хийснийг уутаа төд удалгүй авсан, авахад байгаа газрыг нь би мэдэхгүй ш дээ, тэгэхэд Налайхын наад талд аваачиж өглөө нь намайг гарч ирэхэд би налайхын тэндээс гарч ирсэн би хамгийн гайхалтай нь яагаад заавал тийшээ аваачиж хийх болсон юм яагаад заавал тийм 3 хүнийг л зугтаалгаж чадсан тэр дундаас 5-уулаа явснаас 2 эмэгтэй, 1 эмэгтэй, 2 эрэгтэйг нь зугтаалгаад манай найз бид хоёр хоёулхнаа үлдсэн, хоёулхнаа гавтай үлдээд бид хоёр ярьж байсан уйлаад арай ч дээ нээрээ гээд тэгэхэд төд удалгүй яг одоо толгойнд уут углаж эхэлсэн. Авраарай. Ингээрэй, тэгээрэй гэхийн хооронд авч явангуутаа цагдаагийн хэлтэс рүү явж явах юм болов уу гэж бодсон чинь уут углуулчихсан машин дотор хаашаа явж байгаагаа мэдэгдэхгүй тор дотор үхэх гээд очиход уутаа авсан уутаа авахад би тэр лалрын торны цаана байсан торны цаана намайг 8 хоног гавтай нүдсэн 8 хоног гавтай нүдлээ гээд би гомдоод байх шаардлага надад байхгүй, тагнуул, прокурор энэ тэр нь яагаад ажлаа хийдэггүй юм бэ гэснээр бичлэг дуусаж байна...” /хавтаст хэргийн 15-17 дугаар тал/,
-Гэрч З.Ч-ийн “...Миний хүү О нь 2002 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын төвд сумын нэгдсэн эмнэлэгт төрсөн. Дээрээ 2 ах, 2 эгчтэй. Сургууль алдаг оног сурсан ба сургуулийн багш нь загнахаар багшийгаа зодчихдог хүүхэд байсан. Бага насаа Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд өнгөрүүлсэн хөдөө айлуудын хурдан морь унаад явчихдаг гэр орондоо ер нь л байдаггүй хүүхэд байсан. 2015 онд миний хүү Б.О нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд байхдаа 3 давхар байшин дээр тоглож байгаад дээрээс нь унаад тархи толгойдоо гэмтэл авчихсан. Ерөнхийдөө түүнээс хойш худал хэлж яриад байдаг болчихсон. 2018 онд Өмнөговь аймагт Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хугацаа цэргийн албыг хаасан. Манайх гэр бүлээрээ 2015 онд Улаанбаатар хот руу шилжин суурьшихаар нүүж ирсэн. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо 48 дугаар гудамжны 25 тоот нийтийн байранд байх гэртээ ерөнхийдөө байнга байдаг. 2022 оны 12 дугаар сарын дундуур одоо би өдрийг нь санахгүй байна нэг өглөө гэрээсээ гараад хэд хоног алга болчихсон. Тэгж байснаа 2022 оны 12 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчимд гэртээ ирсэн ба би хаагуур явж байгаад ирэв гэж асуухад "Ажил хийж байгаад ирлээ Нисэхэд ажил хийсэн" гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө гэртээ хоносон ба маргааш нь болох 28-ны өдөр бүтэн өдөр гэртээ өнжсөн ба шөнө 00 цагийн орчимд гэрээсээ гараад явсан байсан. Би шөнө гарахаар нь бие засахаар гарлаа даа гэж бодож байтал тэр чигтээ гараад явсан. 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байхаа миний том хүү Ц-д манай хамаатны нэг охин "О талбай дээр жагсаалд оролцож байна лээ, хоёр охины дунд ороод суучихсан байсан" гэж хэлсэн байсныг манай хүү надад хэлсэн. Ингээд би хүү Б.О талбай дээр болж байгаа жагсаал оролцоод байна гэж мэдсэн. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний орой гэртээ ирж хоносон ба түүний ах Ц дагуулж очсон. Гэртээ хоносон ба өглөө намайг цагдаагаас ирээрэй гэж хэлэхээр нь би очоорой гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр намайг ажилдаа явсан байхад гэрээсээ гараад алга болчихсон байна. Худлаа хэлж яриад байдаг учраас би тархи толгойг нь нэг үзүүлэх юм сан гэж л бодож явдаг. Одоо уурлахаараа л та нарын нүдэнд үзэгдэхгүй алга болоод өгье" гэж ярьдаг хүүхэд шүү дээ. Тэгэхээр нь айгаад энэ тэнд очоод хэрэг төвөгт орчих вий гэж би санаа зовдог. Б.О надад хэлэхдээ зодоон хийгээд цагдаа дээр очсон гэж хэлсэн. Би уурлаад "чи гудамжны юмнуудтай зодоон хийж цагдаа дээр очоо байлгүй" гэж уурлаад хэлсэн..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,
-Гэрч Г.О-ын “...Тиймээ тухайн шууд дамжуулалтыг би нэвтрүүлж хүргэсэн. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр миний бие зураглаач Э-ийн хамт Сүхбаатарын талбай дээр болж байсан залуусын жагсаалыг сурвалжилж олон нийтэд хүргэж байсан. Өдөр 12 цагийн орчимд талбай дээр суулт зарлаж байсан залуугаас яриа авсан. Эхний хүнээс яриа авчхаад байж байхад тэнд сууж байсан нэг залуу "Би нэг зүйл яримаар байна" гэж хэлэхээр нь зураглаач бид хоёр яриаг авч шууд дамжуулалтыг "Neguun.mn” сайтаар явуулсан. Тэр залуу ярихдаа "2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зүс танихгүй 2-3 хүн үсчнээс намайг дуудан авч явж машинд хийж толгойнд уут углаад авч явсан. Тэгээд юу ч санахгүй байна. Хаана очиж байгаагаа ч мэдээгүй, торны цаана оруулаад толгойд байсан уутыг авсан. 8 хоног тухайн газарт байж байгаад өнөөдөр өглөө гарч ирлээ. Налайхын наад талд нэр усыг нь мэдэхгүй нэг газраас гарч ирлээ. Тэнд байхдаа зодуулсан, жагсаал цуглаанд мөнгө авсан гэж хэл гэж дарамталж тулган шаардсан талаар ярилцлага өгсөн. Тухайн ярилцлага бол тэр үедээ шууд дамжуулалтаар иргэд олон нийтэд хүрсэн. Манай сайтаас өдөрт бэлтгэсэн мэдээллүүдийг орой нь түүвэрлээд ноцтой гэсэн мэдээллүүдийг өөрийн сайт болон фейсбүүк пэйж хуудсандаа оруулдаг. Тэр өдрийн залуугийн өгсөн мэдээллийг орой нь би мэдээний эхэнд нь мэдээлэл өгөөд үргэлжлүүлэн ярилцлагыг оруулсан. ...Уг мэдээний эхэнд ярьж байгаа хүн би мөн байна. Тухайн мэдээлэл өгсөн залуу 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би Хүний эрхийн комисс дээр очиж мэдээлэл бэлтгэж байхад жагсаж байгаа залуусаас гомдол гаргаж байна. Мөн манай сайтад ярилцлага өгсөн нөгөө хоригдсон гэх залуу мөн гомдол гаргаж байгаа гээд байж байсан. Би мэдээлэл бэлтгээд шууд дамжуулалтаа хийх гэж байхад Хүний эрхийн комиссын байран дотроос хүн гарч ирээд гомдол гаргаж байгаа хүмүүсийг аваад өөр өрөө рүү орсон ба бид нарыг хамт авч ороогүй. Бид нар бол хурлын зааланд нь шууд дамжуулалтаа хийгээд үлдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,
-Хүний Эрхийн Үндэсний комиссын тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ТГ-01/66 дугаартай “...иргэн Б.О болон Neguun.mn сайтаас 2023 онд комисст хандаж гомдол гаргаагүй болно...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 127 дугаар тал/,
-Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 28и/35 дугаартай “Тус хэлтсээс энэ онд Б.О-д эрх хязгаарласан болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно..” гэх албан бичиг /хавтаст хэргийн 123 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайд “Нэгүүн.мн” сайтад ярилцлага өгч, илт худал мэдээллийг олон нийтэд тараан Цагдаагийн ерөнхий газрын ажил хэргийн нэр хүндэд халдсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.О нь “Нэгүүн.мн” сайтад ярилцлага өгч, илт худал мэдээллийг олон нийтэд тараан Цагдаагийн ерөнхий газрын ажил хэргийн нэр хүндэд халдсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-ийн “...Миний үзсэнээр тухайн бичлэг дээрх хүн болсон мэтээр ярьж байсан дүр зураг харагдсан. Бичлэг дээрх ярьсан зүйл нь баримт нотолгоогүй худал болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдвол цагдаагийн байгууллагын алба хаагч болон цагдаагийн байгууллагын нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим хэрэгсэл ашиглан иргэдэд тараасан гэсэн үг. Энэ цаашлаад нийгэмд иргэдэд буруу ойлголт өгөх шалтгаан болж байгаа юм...” мэдүүлэг,
2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Фейсбүүкт тавигдсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
Гэрч З.Ч-ийн “...2015 онд миний хүү Б.О нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд байхдаа 3 давхар байшин дээр тоглож байгаад дээрээс нь унаад тархи толгойдоо гэмтэл авчихсан. Ерөнхийдөө түүнээс хойш худал хэлж яриад байдаг болчихсон...2022 оны 12 дугаар сарын дундуур одоо би өдрийг нь санахгүй байна нэг өглөө гэрээсээ гараад хэд хоног алга болчихсон. Тэгж байснаа 2022 оны 12 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчимд гэртээ ирсэн ба би хаагуур явж байгаад ирэв гэж асуухад "Ажил хийж байгаад ирлээ Нисэхэд ажил хийсэн" гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө гэртээ хоносон ба маргааш нь болох 28-ны өдөр бүтэн өдөр гэртээ өнжсөн ба шөнө 00 цагийн орчимд гэрээсээ гараад явсан байсан. Би шөнө гарахаар нь бие засахаар гарлаа даа гэж бодож байтал тэр чигтээ гараад явсан. 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байхаа миний том хүү Ц-д манай хамаатны нэг охин "О талбай дээр жагсаалд оролцож байна лээ, хоёр охины дунд ороод суучихсан байсан" гэж хэлсэн байсныг манай хүү надад хэлсэн” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.О-ын “Тэр залуу ярихдаа "2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зүс танихгүй 2-3 хүн үсчнээс намайг дуудан авч явж машинд хийж толгойнд уут углаад авч явсан. Тэгээд юу ч санахгүй байна. Хаана очиж байгаагаа ч мэдээгүй, торны цаана оруулаад толгойд байсан уутыг авсан. 8 хоног тухайн газарт байж байгаад өнөөдөр өглөө гарч ирлээ. Налайхын наад талд нэр усыг нь мэдэхгүй нэг газраас гарч ирлээ. Тэнд байхдаа зодуулсан, жагсаал цуглаанд мөнгө авсан гэж хэл гэж дарамталж тулган шаардсан талаар ярилцлага өгсөн. Тухайн ярилцлага бол тэр үедээ шууд дамжуулалтаар иргэд олон нийтэд хүрсэн. Манай сайтаас өдөрт бэлтгэсэн мэдээллүүдийг орой нь түүвэрлээд ноцтой гэсэн мэдээллүүдийг өөрийн сайт болон фейсбүүк пэйж хуудсандаа оруулдаг. Тэр өдрийн залуугийн өгсөн мэдээллийг орой нь би мэдээний эхэнд нь мэдээлэл өгөөд үргэлжлүүлэн ярилцлагыг оруулсан. ...” гэсэн мэдүүлэг,
Хүний Эрхийн Үндэсний комиссын тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ТГ-01/66 дугаартай албан бичиг,
Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 28и/35 дугаартай албан бичиг,
Яллагдагч Б.О-ын Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар “...үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ...эрх чөлөөтэй” боловч Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлд “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” үндсэн үүргийг ёсчлон биелүүлэхийг заасан.
Хүний нэр төр, алдар хүнд, байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаасан үйлдэл нь худал мэдээг амаар, бичгээр, элдэв дүрс бичлэг, хуурцаг болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг хүний, байгууллагын нийгэмд үнэлэгдэх зүй ёсны бодит үнэлгээг доройтуулан, гажуудуулсан ойлголтыг олон нийтэд тараахад чиглэгдсэн мэдээлэл байх бөгөөд тарааж байгаа мэдээ нь уг хүний зан төлөв, үйл ажиллагааны үнэн бодит байдалд нийцэхгүй байхыг ойлгоно.
“Илт худал мэдээлэл” гэсэн ойлголтод огт үндэслэлгүй илт худал хуурмаг мэдээ, баримт сэлтийг хамааруулан ойлгоно.
Монгол хэлний их тайлбар бичигт “мэдээлэл” гэдэг үгийг “ямар нэгэн үйл хэргийн тухай амаар болон бичгээр дэлгэрэнгүй мэдээлэх явц, мэдээ дамжуулах, “худал” гэдгийг /бодит байдлыг гуйвуулсан үг, бодит байдлыг зориуд гуйвуулах, үнэн бус яриа/, “илт” гэдгийг /ил бүхий, юмны тодорхой, нууц биш, илэрхий мэдэх, мэдэж буй нь тодорхой байх/ гэснээр тус тус тайлбарлажээ.
Шүүгдэгч Б.О-ын дээр дурдсан үйлдэл нь Цагдаагийн байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тарааснаар төгсөж, хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн бол...санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.
Шүүгдэгч Б.О нь “Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Нэгүүн.мн” сайтад ярилцлага өгөхдөө “...толгойнд уут угласан би тэрийг бол мэдэхгүй байна яг хаана аваачиж хийснийг уутаа төд удалгүй авсан, авахад байгаа газрыг нь би мэдэхгүй ш дээ, тэгэхэд Налайхын наад талд аваачиж өглөө нь намайг гарч ирэхэд би налайхын тэндээс гарч ирсэн би хамгийн гайхалтай нь яагаад заавал тийшээ аваачиж хийх болсон юм, яагаад заавал тийм 3 хүнийг л зугтаалгаж чадсан тэр дундаас 5-уулаа явснаас 2 эмэгтэй, 1 эмэгтэй, 2 эрэгтэйг нь зугтаалгаад манай найз бид хоёр хоёулхнаа үлдсэн, хоёулхнаа гавтай үлдээд бид хоёр ярьж байсан уйлаад арай ч дээ нээрээ гээд тэгэхэд төд удалгүй яг толгойнд уут углаж эхэлсэн авраарай ингээрэй тэгээрэй гэхийн хооронд авч явангуутаа цагдаагийн хэлтэс рүү авч явах юм болов уу гэж бодсон чинь уут углуулчихсан машин дотор хаашаа явж байгаагаа мэдэгдэхгүй тор дотор үхэх гээд очиход уутаа авсан уутаа авахад би тэр лалрын торны цаана байсан торны цаана намайг 8 хоног гавтай нүдсэн. 8 хоног гавтайг нүдлээ...” гэх мэдээлэл нь илт худал болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож, үнэн зөв мэдээллийн хүртээмжтэй байдлыг зөв илэрхийлээгүй нь хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.
Прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “.........Шүүгдэгч Б.О нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Нэгүүн.мн” сайтад ярилцлага өгөхдөө “...толгойнд уут угласан би тэрийг бол мэдэхгүй байна яг хаана аваачиж хийснийг уутаа төд удалгүй авсан, авахад байгаа газрыг нь би мэдэхгүй ш дээ, тэгэхэд Налайхын наад талд аваачиж өглөө нь намайг гарч ирэхэд би налайхын тэндээс гарч ирсэн би хамгийн гайхалтай нь яагаад заавал тийшээ аваачиж хийх болсон юм, яагаад заавал тийм 3 хүнийг л зугтаалгаж чадсан тэр дундаас 5-уулаа явснаас 2 эмэгтэй, 1 эмэгтэй, 2 эрэгтэйг нь зугтаалгаад манай найз бид хоёр хоёулхнаа үлдсэн, хоёулхнаа гавтай үлдээд бид хоёр ярьж байсан уйлаад арай ч дээ нээрээ гээд тэгэхэд төд удалгүй яг толгойнд уут углаж эхэлсэн авраарай ингээрэй тэгээрэй гэхийн хооронд авч явангуутаа цагдаагийн хэлтэс рүү авч явах юм болов уу гэж бодсон чинь уут углуулчихсан машин дотор хаашаа явж байгаагаа мэдэгдэхгүй тор дотор үхэх гээд очиход уутаа авсан уутаа авахад би тэр лалрын торны цаана байсан торны цаана намайг 8 хоног гавтай нүдсэн. 8 хоног гавтайг нүдлээ...” гэсэн илт худал мэдээллийг олон нийтэд тараан Цагдаагийн ерөнхий газрын ажил хэргийн нэр хүндэд халдсан гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.
Шүүгдэгч Б.О нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.
Хууль ёсны төлөөлөгч Б.Г-оос хохирол хор уршиг учирсан талаарх баримтыг хавтаст хэрэгт тусгуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Б.Отгоннямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэх саналыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, шүүгдэгч нь хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд илтэд буруу ташаа ойлголт төрүүлэхээр мэдээлэл тарааж, хуулийн этгээдийн нэр хүндэд халдаж байгаагаа ухамсарлан мэдэж байгаа нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.
Шүүхээс шүүгдэгч Б.О-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.О-д 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас 30.000 төгрөгийг хасаж, нийт эдлэх торгуулийн ялын хэмжээг 570.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрсний бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ын урьдчилан цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас 30.000 /гучин мянга/ төгрөгийг хасаж, нийт эдлэх торгуулийн ялын хэмжээг 570.000 /таван зуун далан мянга/ төгрөгөөр тогтоосугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160
дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Отгоннямд оногдуулсан 570.000 /таван зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.О нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР