| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2023/0126/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/151 |
| Огноо | 2023-04-28 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баруунхуасай овогт Батаагийн Баттулгад холбогдох эрүүгийн 2321000000098 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр баг “Бэрх” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Баруунхуасай овогт Батаагийн Баттулга. /РД: ЖВ77050416/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Баттулга нь 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг “Шохой толгой” гэх газарт 93-80 УБР улсын дугаартай портер маркийн автомашин ашиглан ойд мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр 15 ширхэг хэрэглээний нарс модыг хууль бусаар бэлтгэсэн, байгаль экологид 2,774,892 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Баттулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ” гэв.
Иргэний нэхэмжлэгч Р.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад сумын төвөөс 25 км зайд байрлах “Шохой толгой” гэх ой мод бүхий газар руу очиход тухайн газарт цэнхэр өнгийн портер маркийн 93-80 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 4 метр орчим урттай 6 ширхэг бөөрөнхий нарс мод аччихсан байсан. Үүнээс гадна тухайн газарт 4 метр орчим урттай тайрсан 9 ширхэг бөөрөнхий мод байсан. Тэдгээр модыг машин дээрээ арай ачаагүй байсан. Тэдгээр модыг тус сумын иргэн Б.Баттулга, М.Гөлгөө, Б.Уламбаяр нар нь тайрч бэлтгэсэн байсан. Ингээд үлдсэн 9 ширхэг тайрч бэлтгэсэн модыг ачуулаад сумын төв рүү дагуулж яваад журамласан. ...Баян-Уул сумын 4 дүгээр багийн иргэн Б.Баттулга нь хууль бусаар 15 ширхэг мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид 2,774,892 төгрөгийн хохирол учруулсныг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/
Гэрч М.Гөлгөөгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр намайг гэртээ байхад нутгийн таньдаг ах болох Б.Баттулга өдөр 15 цагийн орчимд ирээд ах нь ойрын хугацаанд аймаг руу явж эмчид үзүүлнэ, хэдэн төгрөг хэрэгтэй байна. Ах нь модонд явж хэдэн төгрөгтэй болох гэсэн юм ахад нь компаний 3м3 хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг байгаа, асуудалгүй гэж хэлэхээр нь найз Б.Уламбаярын хамт Б.Баттулга ахын машинтай тус сумын 1 дүгээр баг “Шохой толгой” гэх ой мод бүхий газарт очоод тэндээс 7 ширхэг босоо мод тайрч унагаад түүнийгээ 4 метр орчим урттай тайрахад нийт 15 ширхэг бөөрөнхий мод болсон. Тэр тайрсан модыг Б.Уламбаяр бид хоёр Б.Баттулга ахад тусалж хамт машин дээр нь ачилцаж өгсөн. Бид гурав 6 ширхэг модоо ачаад байж байхад экологийн цагдаа, байгаль хамгаалагч нар ирсэн бөгөөд газар дэрээ баригдаад журамлагдсан. Миний хувьд Б.Баттулга ах мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэхээр нь итгээд модонд явж өгсөн. Гэтэл Б.Баттулга ах цагдаад баригдсаны дараа ахад нь мод бэлтгэх ямар ч эрхийн бичиг байхгүй, та хоёрыг эрхийн бичиггүй гэж хэлбэл хамт явахгүй байж магадгүй гэж бодоод худлаа хэлчихсэн гэж сүүлд нь хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/
Гэрч Б.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд гэртээ байж байхад нутгийн таньдаг ах Б.Баттулга, найз Гөлгөөгийн хамт манайд ирсэн. Тэгээд Баттулга ах ...модонд явж хэдэн төгрөгтэй болж эмнэлэгт үзүүлэх гэсэн юм. Надад компаний 3м3 хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг байгаа ямар нэгэн асуудал байхгүй гэхээр нь Гөлөгөө бид хоёр Баттулга ахад туслах гэж “Шохой толгой” гэх ой мод бүхий газарт очсон. Б.Баттулга ах тэндээс 7 ширхэг босоо мод тайрч унагаад түүнийгээ 4 метр орчим урттай тайрахад нийт 15 ширхэг бөөрөнхий мод болсон. Тухайн тайрсан модыг Гөлгөө бид хоёр Баттулга ахын хамт түүний Портер маркийн 93-80 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр нь ачилцаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/
Шүүгдэгч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй тул эмнэлэгт үзүүлэхэд зайлшгүй хэдэн төгрөг хэрэгтэй болоод байсан тул нутгийн таньдаг дүү болох М.Гөлгөө, Б.Уламбаяр нарт ...хэлж гуйсан. Би тэр хоёрт хэлэхдээ ахад нь компаний 3м3 мод бэлтгэх эрхийн бичиг байгаа, асуудалгүй гэж худлаа хэлээд аваад явсан юм. Тэгээд бид гурав орой 17 цагийн орчимд гэрээсээ гарч Баян-Уул сумын төвөөс 25 километр зайд байдаг Шохой толгой гэх ой мод бүхий газарт очоод өөрийнхөө бензин моторт хөрөөг ашиглан ургаж байсан 7 ширхэг бүдүүвтэр палк мод гарах боломжтой нарс модыг тайрч унагасан. Би тайрч унагасан 7 ширхэг модоо 4 метр орчим урттай тайрахад нийт 15 ширхэг мод болсон. ...19 цагийн орчимд тайрч бэлтгэсэн ...модыг М.Гөлгөө, Б.Уламбаяр нар миний эзэмшлийн цэнхэр өнгийн Портер маркийн 93-80 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 6-г нь ачиж байхад бид нар дээр нэг машин ирсэн. Тухайн машин дотроос экологийн цагдаа гарч ирээд бид нар үйлдэл дээрээ баригдаад журамлагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/
Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын ойн ангийн шинжээч А.Оюунтөгсийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2023/02 дугаартай дүгнэлтэд:
1. Тухайн хууль бусаар бэлтгэсэн мод нь 7 ширхэг ургаж байсан нарс төрлийн модыг тайрч унагаад 4м-ээс 4,25 м-ийн урттайгаар хувааж нийт 15 ширхэг мод болгосон байна.
2. Дээрх 15 ширхэг нарс төрлийн моднууд нь тайрагдсан бэлтгэгдэхээс өмнө нь ургаж байсан ургаа нойтон моднууд байсан.
3. Б.Баттулга нь 2023 онд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг сум дундын ойн ангиас аваагүй болно.
4. Мод бэлтгэх, огтлолт хийх зөвшөөрөд олгогдоогүй газар байна.
5. Мод бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй, эхлэл төгсгөлийн акт, технологийн карт үйлдэгдээгүй газар болно.
6. Баян-Уул сум 1 дүгээр баг “Шохой толгой” гэх мод бэлтгэсэн газар нь 2-р муж-Ашиглалтын бүсийн ойн санд хамаарна. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй.
7. Уг моднууд нь хэрэглээний стандартаар бэлтгэгдсэн, хэрэглээний зориулалтаар буюу палк, банз, брусс гаргаж ашиглах боломжтой моднууд болно.
8. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ёсоор:
Бэлтгэсэн 15 ширхэг нойтон нарс мод нь хэрэглээний бөөрөнхий мод учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1,8 шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсэний буюу нийт үнээр 2-р мужийн ургах чадвартай нойтон нарс төрлийн мод хэсэгт орох тул нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 460,456 төгрөг болно. Хэрэглээний нойтон нарс модны ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь: 15 ширхэг нойтон нарс мод: 3,348м3x1,8x460456=2,774,892.0384 төгрөг болно. /хх-ийн 50-51/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 08-14/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15/
- Эд зүйл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 16-17/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22/
- Эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-28/
- Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 26/
- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 56-61/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/
- Шүүгдэгч Б.Баттулгын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 70-72/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн 8 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Баттулга нь 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг “Шохой толгой” гэх газарт ойд мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр 15 ширхэг хэрэглээний нарс модыг хууль бусаар бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 93-80 УБР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологид 2,774,892 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Р.Бямбадорж, гэрч М.Гөлгөө, Б.Уламбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Баруунхуасай овогт Батаагийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Баттулгын ойгоос зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн 15 ширхэг нойтон нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2,774,892 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн ...нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Б.Баттулгын ойн экологид учруулсан хохирлыг 8,324,676 төгрөг гэж тогтоож шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Баттулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Баруунхуасай овогт Батаагийн Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ...гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан.
Шүүгдэгч Б.Баттулга нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai Porter маркийн 93-80 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн гэж мэдүүлж байгаа боловч тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь М.Ганзориг болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр /хх-ийн 26/ тогтоогдож байх бөгөөд Б.Баттулгын эзэмшлийнх гэдгийг нотлох өөр баримт хэрэгт авагдаагүй байх тул уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Баттулгаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai Porter маркийн 93-80 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5,866,250 төгрөгийг гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2,774,892 төгрөгийн үнэлгээ бүхий 15 ширхэг нойтон нарс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 108,000 төгрөгийн үнэлгээ бүхий Ү-85.95 маркийн бензин моторт хөрөө зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан 8,324,676 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 15 ширхэг нойтон нарс мод нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газарт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Hyundai Porter маркийн 93-80 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Баттулгад тус тус хадгалагдаж байгаа болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Hyundai Porter маркийн 93-80 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 15 ширхэг нойтон нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн их бие, бариул нь хүрэн өнгөтэй, улаан тагтай YD-85.95 маркийн бензин моторт хөрөө зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баруунхуасай овогт Батаагийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батаагийн Баттулгыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгыг 2 /хоёр/ сарын хугацаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулга нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Баттулгаас гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохирол 8,324,676 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 2,774,892 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Баттулгаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Hyundai Porter маркийн 93-80 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5,866,250 төгрөгийг гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2,774,892 төгрөгийн үнэлгээ бүхий 15 ширхэг нойтон нарс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 108,000 төгрөгийн үнэлгээ бүхий Ү-85.95 маркийн бензин моторт хөрөө зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан 8,324,676 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Hyundai Porter маркийн 93-80 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 15 ширхэг нойтон нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүгдэгч Б.Баттулгын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 15 ширхэг нойтон нарс мод нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газарт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Hyundai Porter маркийн 93-80 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Баттулгад тус тус хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн их бие, бариул нь хүрэн өнгөтэй, улаан тагтай YD-85.95 маркийн бензин моторт хөрөө зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Баттулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА