Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/155

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгч Ч.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далай овогт Чинзоригийн Золбаярт холбогдох эрүүгийн 2205011420170 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Дэвжих бадрах өргөө ХХК-д хүнд машин механизмын операторч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо Одонтын 06-22 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Далай овогт Чинзоригийн Золбаяр. /РД: УП01310813/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Золбаяр нь Дорнод аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг Чойбалсан зочид буудлын гаднаас 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Х.Алтанчимэгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд суухдаа түүний “Apple I watch-6” загварын ухаалаг цагийг шунахайн сэдэлтээр, хууль бус болохыг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч 1,125,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:                                   

Шүүгдэгч Ч.Золбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. хохирогчид 400,000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь удахгүй цалингаа аваад өгнө” гэв.

Хохирогч Х.Алтанчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тухайн хулгайд алдагдсан ухаалаг бугуйн цаг нь Сумралдигийн цаг биш минийх байгаа юм. 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймаг руу өөрийн эзэмшлийн 65-34 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Дөк гэж дууддаг Билгүүн, Бат-Эрдэнэ, Золбаяр нарын хамтаар явцгаасан. ...Ингээд Хэнтий аймагт ирээд хоол идэж байх үед Энхжаргал facebook үзэж байгаад Золбаярыг story оруулсан байхыг харсан ба машинд хийсэн бичлэг дотор цэнхэр өнгийн Iphone утсаар бичлэг хийж байгаа харагдсан тул Золбаярыг миний утсыг авсан болохыг мэдсэн. Сумралди тэрийг хараад надад хандан манай найз Хэнтийд замын цагдаа хийдэг, пост дээр тосоод нэгжлэг хийе гэж хэлсэн. Ингээд Хэнтий аймгийн пост дээр хүлээж байгаад улаан өнгийн машиныг замын цагдаа нараар зогсоолгоод машин дотор байсан хүмүүсийг бүгдийг нь буулгаж тэд нарыг нэгжих үед миний алга болсон гар утас гарч ирсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

Гэрч З.Сумралдингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би тухайн бугуйн цагийг 2022 оны 02 дугаар сард худалдан авч Алтанчимэгт өгсөн учраас Алтанчимэгийн цаг гэсэн үг. Золбаяр хотод ирээд алдагдсан цагтай адилхан цаг зээлээр худалдаж авч өгөхөөр надтай 2 удаа явсан боловч түүнд зээлээр өгөх газар олдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/

Гэрч Д.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Бид нарыг Дорнод аймгийн төвөөс гарч Хэнтий аймаг руу орох үед 2 замын цагдаа манай машиныг зогсоогоод, бид нарыг машинаас буулгаж утас алга болсон гээд манай машин болон бид нарыг  шалгахад хайгаад байсан зүйл нь манай машинаас гараад ирсэн. ...Тэр хүмүүсийн алдсан  зүйлийг Золбаяр гэдэг залуу аваад манай машинд орж ирсэн юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/

Гэрч Ж.Энхжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  ...Хэнтий аймаг орох үед замын цагдаа машиныг зогсоогоод гар утас алга болсон байна гээд бид нарыг болон машиныг нэгжих үед миний доороос алга болсон гар утас нь гараад ирсэн. ...сүүлд  Золбаяртай хамт явсан эмэгтэйн нөхрөөс нь Золбаяр гар утас, ухаалаг цаг хоёрыг нь хулгайлсан талаар мэдэж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/

Шүүгдэгч Ч.Золбаяр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Дорнод аймгийн  төвд 2022 оны 02 дугаар сард Алтанчимэг, Дөлгөөн, Баагий нарын хамтаар ирсэн. Дорнод аймагт ирээд Чойбалсан буудалд буусан. ...Буудалдаа буугаад бааранд орж үйлчлүүлсэн. Үүний дараа Алтанчимэг эгчийн машинтай аймгийн төвөөр явсан юм. Тухайн машин дотор Алтанчимэг эгчийн гар утас цэнэглэж байсан. Би Алтанчимэг эгчийн гар утсыг авч өөрийн facebook хаяг руу орж story хийсэн бөгөөд тухайн гар утсыг оролдож байгаад халаасандаа хийж биедээ авч явсан. Дөлгөөн бид хоёрын хувьд баар хаах гэж байхад буцаж ирсэн бөгөөд Алтанчимэг эгч Баагий ах хоёр бааранд сууж байсан. Удалгүй Алтанчимэг эгчийн нөхөр Сумралди ах хоёр хүүхдээ дагуулаад Улаанбаатар хотоос ирсэн байсан. Улмаар тэр хоёр хоорондоо маргалдаж хэрэлдээд байхаар нь би айгаад Алтанчимэг эгчийн гар утсыг өгч чадаагүй юм. Алтанчимэг эгч нөхөртэйгөө хэрэлдэж байхад түүний нөхөр цагдаад дуудлага өгч Алтанчимэг эгчийг цагдаа аваад явсан. Өглөө нь Алтанчимэгийг авахаар нөхрийнх нь хамт машинтай нь явж байхад Алтанчимэг эгчийн ухаалаг цагийг машины урд талын суудлын арын хайрцгаас олсон юм. ...миний хувьд Алтанчимэг эгчийн гар утас, цагийг авсан гэдгээ хэлээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 70/

- Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 05-06/

- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №БГ2-22-553 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-60/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд  /хх-ийн 71-73/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ч.Золбаяр нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Чойбалсан зочид буудлын гаднаас хохирогч Х.Алтанчимэгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд суухдаа түүний машинд байсан Apple I watch-6 загварын ухаалаг цагийг шунахайн сэдэлтээр, хууль бус болохыг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1,125,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Золбаярын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Х.Алтанчимэг, гэрч З.Сумралди, Д.Оюунцэцэг, Ж.Энхжин, Г.Билгүүн нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай Прокурорын тогтоол, хөрөнгийн үнэлгээний ДАМНО ХХК-ний шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №БГ2-22-553 дугаартай дүгнэлт, эд зүйлийг хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Далай овогт Чинзоригийн Золбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Золбаяр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч Ч.Золбаяр нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Далай овогт Чинзоригийн Золбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж  дүгнэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ч.Золбаяр нь хохирогч Х.Алтанчимэгийн эд хөрөнгөд гэм хор учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хохирогчид учруулсан гэм хорыг шүүгдэгч хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүхээс хохирогч Х.Алтанчимэгт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Золбаяраас  400,000 төгрөгийг хүлээн авсан. Үлдэгдэл 725,000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна. Шүүх хуралд оролцохгүй”  гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байна. Иймд шүүгдэгч Ч.Золбаяраас 725,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Алтанчимэгт олгохоор шийдвэрлэлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ч.Золбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Далай овогт Чинзоригийн Золбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Чинзоригийн Золбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Золбаярт оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Золбаярт мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Золбаяраас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 725,000 /долоон зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Алтанчимэгт олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х.Алтанчимэгт 400,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Золбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА