Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 314

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч:  Ш овогт М-ны Б-гийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Ш овогт Ж-ын Б-д холбогдох,

      Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Ж.Б, нарийн бичгийн дарга Д.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд Ж.Б-той танилцсан бөгөөд бид хоёр гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр охин Б.У төрсөн. Бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч охиноо Ж.Б-оор овоглосон. Би өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд хувиараа таксины үйлчилгээнд явдаг. Одоо охин маань 3 настай. Би Ж.Б-оос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх бодолгүй байсан. Гэвч Ж.Б нь 2018 оны сүүлээр би чиний аав биш гэж охинд хэлж охиныг маань маш их гомдоосон. Охиныг маань гомдоосон, мөн охиноо харж ханддаггүй учир Ж.Б-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү" гэжээ.

    Хариуцагч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б бид хоёр гэр бүлийн харилцаатай байсан. Би ажил хийж охиноо харж хандаж, асарч байсан. Миний ээж гутал, хувцас охинд минь явуулдаг байсан бөгөөд ах дүү нар маань ч гэсэн охинд маань сайн хандаж тусалдаг байсан. М.Б нь нөхөр Батхүүгийн хамт хүүхдийг чинь хүн хийж чадна гэж хэлсэн ба намайг охинтой минь уулзуулж байгаагүй юм. Сүүлдээ нөхөр Батхүүгийн хамт энэ чиний охин биш, ажилгүй байж чиний охин тэжээнэ гэж юу байдаг юм гээд охиноос минь хөндийрүүлж өөрсдийн гэр бүлдээ дасгаж авсан. Би охиноо гэх сэтгэлээр зөндөө явсан. М.Б нөхөр Батхүүгийн шахалтаар надаас мөнгө авах зорилгоор нэхэмжлэл гаргаж байна. Түүнээс биш охинд минь хүүхдийн тэтгэлгийг зориулах хүн биш. Мөн М.Б хүүхдээ өсгөн бойжуулж, тэжээж чадна гээд аваад явсан. Хэлсэн амандаа хүрэх хэрэгтэй. Иймд хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд М.Б, Ж.Б нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч гэр бүлийн харилцаатай байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид нь 2017 оны 7 дугаар сараас гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон байна.

    Тэдний дундаас 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр охин Б.У төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2903 дугаар Ж.Б нь Б.У-ын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 хувийн магадлалтай байна гэх дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

     Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ гэж заасан ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус хуульчилжээ.

      Иймд охин Б.У нь эх М.Б-ийн асрамжид өсөж, торниж байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу Ш овогт Б-ийн У-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Б-оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

        Гэр бүлийн тухай хуулийн 52 дугаар зүйлд тэтгүүлэгч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэсэн, санаатайгаар биедээ гэмтэл учруулснаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол тэтгэлэг төлөгчийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөхөөр зохицуулжээ.

      Хариуцагч Ж.Б нь дээрх хуулийн заалтад хамаарахгүй байх тул түүний М.Б хүүхдээ өсгөн бойжуулж, тэжээж чадна гээд аваад явсан. Хэлсэн амандаа хүрэх хэрэгтэй. Иймд хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.011 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-оос 32.011 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгох нь зүйтэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Ш овогт Б-ийн У-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Б-оор тэжээн тэтгүүлсүгэй.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.011 /гучин хоёр мянга арван нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-оос 32.011 /гучин хоёр мянга арван нэг/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгосугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ