Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 386

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: З овогт Д-ын Б-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч:  З овогт А-ын Тулга-д холбогдох,

       Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нарийн бичгийн дарга Д.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь нөхөр А.Т-тай 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хуримаа хийж, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэрлэлтийн гэрчилгээн дээр 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хурим хийсэн гэж буруу бичигдсэн байсан. Улмаар 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүү Б төрсөн. Ингээд бид 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Наранбулаг сумаас Өлгий сумын төвд нүүж ирэн амьдарсан. А.Т архи их уудаг, уусан үедээ намайг зоддог байсан. Нялх биетэй байхад хүртэл зодож, гар хөхрүүлээд ална гээд боож байсан бөгөөд зан ааш муутай хүн юм. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр архи ууж ирээд намайг зодож, гэрийн эд хөрөнгөө эвдэж сүйтгээд чамтай амьдрахгүй гээд агсам тавьсан. Энэ мэтчилэн олон удаагийн давтамжаар хэл амаар доромжилж байсныг уучлаад амьдрахын төлөө зүтгэсэн боловч чадсангүй. Ингээд нөхөр А.Т хүү Б-г 7 сартай байхад бид хоёрыг хаяад явсан. Бид хоёр 2017 оны 5 дугаар сарын 02-нд эд хөрөнгөө ялгасан, улмаар А.Т гэрээ ачаад, малаа ялгаж аваад хүүдээ захих зүйлээ хэлээд, би чамтай амьдарч чадахгүй гэж яваад 2 жил 3 сар болж байна. Бидний хоорондын харилцаа дууссан тул бидний гэрлэлтийг албан ёсоор цуцалж өгнө үү. Бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Хүүхдээ өөрийн асрамжид авна, эцгээс нь тэтгэлэг гаргуулна гэжээ.

       Хариуцагч А.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байсан. Харин одоо ээжийнх нь асрамжид өгч, тэтгэлэг төлөхөөр шийдсэн. Гэхдээ хүүхэд дээрээ байнга очиж, харж баймаар байдаг ч гэрийнхэн нь уулзуулдаггүй. Мөн гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.Т-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Гэрлэгчид нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүү Т.Б төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

       Гэрлэгчид нь гэр бүлийн хүчирхийлэлтэй байдал болон хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2017 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Д.Б, А.Т нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

     Зохигчдын дундаас төрсөн хүү Т.Б-г бага насных, төрсөн цагаас хойш эхийн асрамжид байгаа, эхтэйгээ ээнэгшин дассан байдал зэргийг харгалзан эх Д.Б-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Т.Б-г 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг А.Т-аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

         Шүүх хүүхдийг эх Д.-асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.

       Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.

   Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.411 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Т-аас 172.411 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгох нь зүйтэй байна.

        Хариуцагч А.Т нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар З овогт Д-ын Б, З овогт А-ын Т нарын нарын гэрлэлтийг цуцалсугай.

       2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Т.Б-г эх Д.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

      3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Т.Б-г 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг А.Т-аар тэжээн тэтгүүлсүгэй.

      4. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

   5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

    6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баясгаланд даалгасугай.

     7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.411 /нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч А.Т-аас 172.411 /нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ