Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 00731

 

       Т.З-ийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00097 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.З-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С-д холбогдох

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 201123174-01 дугаартай хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүй цуцалсныг тогтоолгох, учирсан хохиролд 27 360 000 төгрөг гаргуулах, хөлсөөр ажиллах гэрээг 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн байгуулахыг С-д даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О-ны гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

      Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Хятад ард улстай хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын VII, XIV хорооллын орон сууцны барилга, VII дугаар хороолол, Монголын үндэсний радио, телевиз орчмын хорооллын орон сууцны дэд бүтэц төслийн хүрээнд Т.З-г 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 248 дугаартай С-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Б-ийн тушаалаар уг төслийн нягтлан бодогчоор ажиллуулах шийдвэр гарсан. Т.З дээрх тушаал гарсантай холбогдуулж 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хөлсөөр ажиллах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан гэрээний хугацаа дуусмагц дахин 1 жилээр сунгах байдлаар ажиллаж ирсэн. Хамгийн сүүлд буюу 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдрөөр дуусахаар гэрээ байгуулагдсан хэдий ч С-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А118 дугаартай тушаалаар Т.З-г ажлаас нь чөлөөлсөн. Уг ажлаас чөлөөлөх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээний 5.1.6-д “Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд ажлыг хийгээгүйд тооцож, хөлс төлөхөөс татгалзан, гэрээг нэг талын санаачилгаар цуцлах, 5.1.7-д “Ажилтан гэрээгээр хүлээсэн ажлыг доголдолтой гүйцэтгэсэн бол түүнийг арилгахыг шаардах, тогтоосон хугацаанд доголдолыг арилгаагүй бол хөлс төлөхөөс татгалзан учирсан хохирлоо арилгуулах эрхтэй” гэж захиалагчийн эрхийг зааж өгсөн боловч гэрээний 5.1.6, 5.1.7-д заасан зөрчлийг Т.З гаргаж байгаагүй.

          Мөн хөлсөөр ажиллах гэрээний 5.1.6, 5.1.7-д захиалагчийн эрхийг дурдсан бол 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаартай Монгол Улсын С-ын тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих үнэлэх журмын 16.10-т ТХН-ийн ажилтнуудтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг уг гэрээний 2 дугаар хавсралтанд заасан шатлалаар үнэлнэ. Т.Золзаяа нь D болон F үнэлгээ авч байгаагүй бөгөөд ажлын өндөр хариуцлагатай маш сайн ажилтан байсан юм. Т.З хөлсөөр ажиллах гэрээ болон журмын аль нэгийг нь ч зөрчсөн зөрчил гаргаагүй байхад үндэслэлгүйгээр гэрээг цуцласан гэж үзэж байна.

     Иймд  2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 201123174-01 дугаар хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр цуцалсныг тогтоолгох, учирсан хохиролд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу 8 сарын цалин хөлс 27 360 000 төгрөгийг /1 сарын цалин 3 420 000 төгрөг/ гаргуулах, хөлсөөр ажиллах гэрээг 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгахыг С-д даалгаж өгнө үү гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилга хот байгуулалтын яамны Улаанбаатар хотын VII, XIV, МҮОНРТ-ийн хорооллын орон сууц, дэд бүтцийн төсөл болон тус төслийн нягтлан бодогч Т.З нарын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 8.2-т “Захиалагчийн санаачилгаар дараах тохиолдолд гэрээг цуцлах гэж, 8.2.6-д “Ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн болох нь тогтоогдсон бол гэрээг захиалагчийн санаачилгаар цуцална” гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгч Т.З Үндэсний аудитын газрын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 04/71 САГ-2017/26/СТА-ТЕЗ тоот Зөрчил арилгах тухай албан шаардлагад Улаанбаатар хотын VII, XIV, МҮОНРТ-ийн хорооллын орон сууц, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2016 оны цалингийн зардалд 216.1 сая төгрөг батлагдсан боловч гүйцэтгэлээр 369.9 сая төгрөг буюу 153.7 сая төгрөгөөр хэтэрсэн нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах гэсэн заалтыг зөрчсөн байна гэжээ. Иймд дээрх Үндэсний аудитын газрын албан шаардлагыг үндэслэн гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн тул нэхэмжлэгч Т.З-г гэрээний 8.2.6-д заасныг удирдлага болгон чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        Шүүх: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Т.З-ийн С-тай байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоож, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын С-наас учирсан хохирол 6 840 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.З-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 520 000 төгрөгт холбогдох хэсэг, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээг дахин 1 жилийн хугацаагаар байгуулахыг С-д даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Т.З-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 560 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 124 390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.З-д олгож,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О давж заалдах гомдолдоо: Анхан  шатны  шуухээс Барилга хот байгуулалтын яамны "Улаанбаатар хотын VII, XIV, МҮОНРТ-ийн хорооллын орон сууц, дэд бүтцийн төсөл" болон тус төслийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.З-ийн гэрээг цуцлах болсон үндэслэл /Үндэсний аудитын газрын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 04/71 САГ-2017/26/СТА-ТЕЗ тоот Зөрчил арилгах тухай албан шаардлагаар 153.7 сая төгрөг хэтрүүлэн зарцуулсан/-ийг буруу тайлбарлаж, маргаан бүхий акт болох С-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай А/118 дугаар тушаалд тусгаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан нь учир дутагдалтай байна.

    Төрийн захиргааны байгууллага дээрх асуудлыг шийдвэрлэхдээ түүний үндэслэх хэсэгт тухайн ажилтны алдаа дутагдлыг дурдах шаардлагагүй байдаг бөгөөд хэрэв тухайн албан тушаалтан зөрчил гаргасан нь холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт,  шийдвэрээр нотлогдсон бол зөвхөн холбогдох хуулиар чөлөөлөх эрх олгогдсон заалтыг үндэслэн тодорхой арга хэмжээ авдаг. Иймд дээрх нотлох баримтыг буруу үнэлж, түүнийг үндэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарласан байна.

          Нэхэмжлэгч Т.З хариуцагч С-д холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 201123174-01 дугаар хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүй цуцалсныг тогтоолгох, учирсан хохиролд 27 360 000 төгрөг гаргуулах, хөлсөөр ажиллах гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын VII, XIV хорооллын орон сууцны барилга, VII дугаар хороолол, Монголын үндэсний радио, телевиз орчмын хорооллын орон сууцны дэд бүтэц төслийн хүрээнд Т.З-г С-ны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 248 дугаартай тушаалаар уг төслийн нягтлан бодогчоор ажиллуулахаар шийдвэрлэж, 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хөлсөөр ажиллах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан гэрээний хугацаа дуусмагц дахин 1 жилээр сунгах байдлаар ажиллаж байжээ.

      Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээний хугацаа 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдөр дуусах байтал С-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А118 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

      Уг тушаалд зааснаар нэхэмжлэгч Т.З ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж, ажилтнуудын цалингийн сан батлагдсан төсвөөс 153 700 000 төгрөгөөр хэтэрсэн үйлдэлд гэм буруутай гэж үзэж гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан хэмээн хариуцагч тал тайлбарлажээ. Ажилтныг ажлаас чөлөөлсөн дээрх тушаалд Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 9.1.7-д заасныг үндэслэл болгосон боловч нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг ямар үндэслэлээр цуцлахаар шийдвэрлэснээ заагаагүй байна.

     Нэхэмжлэгч Т.З-г санхүүгийн ажилтнаар ажиллаж байх хугацаанд буюу 2016 оны цалингийн зардалд 216 100 000 төгрөг батлагдсан боловч гүйцэтгэлээр 369 900 000 төгрөг гарч цалингийн зардал 153 700 000 төгрөгөөр хэтэрсэн нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг зөрчсөн талаар Үндэсний аудитын газрын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 04/71 тоот “Зөрчил арилгах тухай” албан шаардлагад дурдсан боловч хэргийн баримтаас үзэхэд 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10-2/5895 тоот албан бичгээр С-ны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г-аас төслийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэн тогтоосныг мэдэгдсэн ба 2016 оны 1-4 дүгээр улирлын төслийн үйл ажиллагааны зардлын төсөв, санхүүжилтийн мэдэгдэл гэх баримтуудаар төслийн санхүүгийн ажилтан шинэчилсэн тарифаар цалинг бодож хүргүүлснийг төслийн зохицуулагч, С-ны холбогдох албан тушаалтнууд хянан баталгаажуулж байсан нь тогтоогдсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, төслийн нэгжийн ажилтнуудын цалингийн зардалд оны эхэнд төсөвлөсөн төсвөөс хэтрүүлж, цалингийн зардлыг илүү гаргасанд шууд хариуцлага хүлээх албан тушаалтан нь нэхэмжлэгч Т.З болох нь тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч тал гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ талуудын тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болох тухай зохицуулалтыг зөрчсөн тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.  

     Мөн талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотойгоор олох байсан орлогоос гэрээний хугацаанд авах боломжтой байсан цалин 6 840 000 төгрөгийн хэмжээгээр тодорхойлж хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

    Гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан хэдий боловч уг гэрээний хугацаа дуусахад дахин харилцаа үргэлжлэх, сунгагдах эсэх асуудал нь талуудын хүсэл зоригоос хамааралтай тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хөлсөөр ажиллах гэрээг 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн байгуулахыг С-д даалгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй. Иргэний эрх зүйн талуудын бие даасан байдлыг хамгаалах зарчмын хүрээнд нэг тал гомдол гаргаагүй асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй болно.

         Хариуцагч С нэхэмжлэгч Т.З-тай байгуулсан гэрээг цуцлах болсон үндэслэлээ Үндэсний аудитын газрын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” албан шаардлагаар 153 700 000 төгрөг хэтрүүлэн зарцуулсныг буруу тайлбарлаж, маргаан бүхий актыг ажлаас чөлөөлөх тушаалд тусгаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд уг албан шаардлага нь төслийн санхүүгийн ажилтан Т.З-г эд хөрөнгийн хариуцлага алдсан, эсхүл гэрээ цуцлах ноцтой зөрчил бий болгосон гэх үндэслэлд хамаарахгүй тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00097 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч С нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                                             Т.ТУЯА

                                                                                                            Д.БАЙГАЛМАА