| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0892/3 |
| Дугаар | 221/МА2025/0462 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2025/0462
Ж.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Нэхэмжлэгч: Ж.Б
Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар
Хариуцагч: Нийслэлийн Ерөнхий архитектор
Нэхэмжлэлийн шаардлага:
“Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/00-134 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 299 дүгээр шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Е
Хэргийн индекс: 128/2024/0892/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Б-ээс Хот байгуулалт, хотын стандартын газар, нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан “Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/00-134 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 299 дүгээр шийдвэрээр:
Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.9, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус баримтлан иргэн Ж.Б-ээс нийслэлийн Ерөнхий архитектор, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан нийслэлийн Ерөнхий архитекторын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/00-134 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0299 дүгээр шийдвэрийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гардан аваад дараах гомдлыг гаргаж байна.
Иргэн Ж.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 178 дугаар шийдвэр гаргасан бөгөөд шийдвэрийн 1-д “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаар албан бичгийг Хот байгуулалт, хөгжлийн газраас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж,
шүүхийн шийдвэрийн 2-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд Хот байгуулалт, хөгжлийн газар нь шинэ акт гаргаагүй бол Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаартай албан бичиг хүчингүй болохыг мэдэгдсүгэй” гэж заасан.
3.2. Шүүхийн шийдвэрт заасан 3 сарын хугацаа 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дуусаж энэ хугацаанд Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/ ямар нэг захиргааны акт нэхэмжлэгчид танилцуулаагүй бөгөөд харин 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн огноотой 2024/00-134 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг танилцуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэ Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 178 дугаар шүүхийн шийдвэрт заасан хугацаанд гараагүй гэж үзээд дараах үндэслэлээр маргасан.
3.3. Архитектур телөвлөлтийн даалгаварт нийслэлийн Ерөнхий архитекторын ажлын алба 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тэмдэг дарсан. Уг тэмдэг дарагдсанаар архитектур төлөвлөлтийн даалгавар хүчин төгөлдөр болж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт заасан хугацаанд гараагүй.
3.4. Газар эзэмшигч, өмчлөгчийн хүсэлтгүйгээр архитектур төлөвлөлтийн даалгавар батлах, өөрчлөх эрхийг нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт олгоогүй, хүсэлт гаргаагүй байхад 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн огноотой архитектур төлөвлөлтийн даалгавар баталж байгаа нь хуульд нийцэхгүй гэж маргасан.
3.5. Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгийг дурдаад 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн огноотой 2024/00-134 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг шүүхийн шийдвэрт заасан хугацаанд гарсан гэж дүгнэсэн.
3.6. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т “Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.” гэж заасан тул 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 178 дугаар шүүхийн шийдвэрийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон гэж үзээд тухайн өдрөөс 3 сарын хугацааг тоолсон.
Уг 3 сарын хугацаа 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дууссан болно.
3.7. Хот байгуулалт хотын стандартын газрын “Албан хэрэг хөтлөлтийн журам”-ын 2.6.2-т “Архитектур төлөвлөлтийн даалгавар Загвар зураг (цаашид “захиргааны актууд” гэх)-ийг хуудас бүрээр “баталгаажуулах” тэмдгийг хэрэглэхдээ холбогдох төлөвлөгөөний нэгжээс захиргааны актуудыг хуулийн хугацаанд боловсруулж, нийслэлийн Ерөнхий архитектор баталсны дараа уг тэмдгийг өдөрт нь дарж огноолон, Ерөнхий архитекторын ажлын алба бүртгэлжүүлнэ” гэж заасан.
3.8. 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн огноотой архитектур төлөвлөлтийн даалгаварт “Архитектур төлөвлөлтийн даалгавар, Загвар зургийг хуудас бүрээр баталгаажуулах” тэмдэг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дарагдсан.
Уг тэмдгийг Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан өдөрт нь дарахаар журамласан.
3.9. Тодруулбал 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн огноотой архитектур төлөвлөлтийн даалгавар шүүхийн шийдвэрт заасан хугацаанд батлагдаагүй. 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан байна.
3.10. Барилгын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжид зааснаар барилгын үйл ажиллагаа эхлүулэх, үргэлжлүүлэх, зураг төсөлд өөрчлөлт оруулах нь барилгын захиалагч, газар өмчлөгч, эзэмшигчийн хүсэлтээр хийгдэхээр заасан байдаг.
3.11. Иргэн Ж.Б- өөрийн газар дээр барих барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөх хүсэлт гаргаагүй байхад 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар өөрчилж байгааг хууль болон холбогдох журамд нийцэхгүй гэж үзэж байгаа болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0299 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ж.Б-ээс Хот байгуулалт, хотын стандартын газар, нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан “Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/00-134 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Архитектур төлөвлөлтийн даалгавар буюу бусад барилгын үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтуудыг Хот байгуулалт, хотын стандартын газар дур мэдэж батлах эрх байхгүй, ямар нэгэн байдлаар захиалагч, зураг төсөл зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан этгээд аливаа хүсэлтийг гаргаж байж Хот байгуулалт, хотын стандартын газар буюу төрийн захиргааны байгууллага үйл ажиллагаа хийдэг … Шүүхийн шийдвэрт заасан гурван сарын хугацаа нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дуусч байгаа бөгөөд энэ хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй” гэж тайлбарлан маргасан байна.
3. Анхан шатны шүүх “...Нийслэлийн Ерөнхий архитекторын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2024/00-134 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг шүүхийн шийдвэрт заасан хугацаанд батлан гаргасан байна...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгч Ж.Б-ийн Хот байгуулалт, хотын стандартын газар, нийслэлийн Ерөнхий архитекторт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцжээ.
3.1. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчээс Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Хот байгуулалт хөгжлийн газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ГБМЗХ2019/04-29 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан 10/1113 дугаар албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 178 дугаар шийдвэрээр Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3, 14.7.3.в, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дах заалтуудыг тус тус баримтлан Хот байгуулалт хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаар албан бичгийг Хот байгуулалт, хөгжлийн газраас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд Хот байгуулалт, хөгжлийн газар нь шинэ акт гаргаагүй бол Хот байгуулалт хөгжлийн газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаартай албан бичиг хүчингүй болгохыг дурдаж шийдвэрлэжээ.
3.2. Улмаар дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаас 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2024/00-134 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан байх бөгөөд энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна.” гэж заасантай нийцжээ.
3.3. Нэхэмжлэгчээс шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй, 2024/00-134 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг миний дүү Ж.Баасангарьд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдсэн ... шинэ архитектур төлөвлөлтийн даалгавраар барилгажих талбай багассан, энэ нь миний эрхийг зөрчиж байна...” гэж тайлбарладаг.
3.4. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ.” Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна. Хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх зориулалт бүхий талбайтай байна.”, 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна.” гэж заажээ.
3.5. Хариуцагчаас шүүхийн шийдвэр болоод Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, холбогдох Барилгын норм ба дүрмийг баримтлан барилгажих талбайг багасган 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/00-134 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.6. Учир нь барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийн дагуу нэхэмжлэгч Ж.Б-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөн баталсан нь холбогдох хууль болоод журамд нийцсэн бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 178 дугаар шийдвэрт “...Нэхэмжлэгч Ж.Б- нь барилга барих газрын байршлыг сольж өгөх, эсхүл Эко яармаг-1 төслийн хүрээнд багтааж барилгыг бариулахаар төлөвлөх зэрэг нөхцөлийг хариуцагч болон гуравдагч этгээдээс гаргавал зөвшөөрнө, эвлэрч болно гэдгээ шүүхэд илэрхийлж байна…” гэсэн тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагчаас шинээр гарах архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүлээн зөвшөөрнө гэдгээ илэрхийлсэн байх бөгөөд энэ хүрээнд хариуцагчаас 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/00-134 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан байх тул барилгажих талбай багассан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.
3.7. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар захиргааны актад он, сар, өдрийг тодорхой заах нь бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангахаар байх бөгөөд маргаан бүхий захиргааны актыг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөр огноолсон нь хуульд заасан дээрх шаардлагыг хангасан гэж үзэхээр байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
3.8. Нөгөөтээгүүр, хариуцагчаас архитектур төлөвлөлтийн даалгавар шинээр батлаагүй байсан ч дээр дурдсан Хот байгуулалтын тухай хуульд заасан шаардлагыг зөрчиж батлагдсан өмнөх ГБМЗХ2019/04-29 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу нэхэмжлэгч Ж.Б- барилга барих боломжгүй, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд нийцэхгүй тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсан ч нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 299 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ