Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 82

 

Х.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

   

                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Хяналтын прокурор: Ө.Мөнхнавч,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ю.Нямсүрэн,

            Шүүгдэгч: Х.Б,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Б-д холбогдох, эрүүгийн 1919002900158 дугаартай, 1 хавтас, 178 хуудас бүхий хэргийг хяналтын прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

       Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... д оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х.Б-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутагт иргэн Л.М-н толгойн тус газарт тоосгоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Хошрон овогт Хоролсүрэнгийн Бат-Өлзийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 2 жил хорих ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-с 1202750 төгрөг гаргуулан хохирогч Л.Мд олгож, эмнэлгийн төлбөр 508000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн тухайд торгох, хорих гэсэн 2 төрлийн сонгох санкцитай бөгөөд Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа ойлгож, хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, гэмшсэн байдал нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдэд тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс түүнд хохирогчид учруулсан хор уршиг арилаагүй, хохирогчийн амь насанд аюултай хүнд хохирол учирсан зэргийг харгалзан хуульд заасан ялуудаас хамгийн хүнд төрлийн ял болох хорих ялыг сонгон оногдуулсан нь түүнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх эрүүгийн хуулийн гол зарчмын заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Х.Б нь торгох ялыг биелүүлэх бүрэн боломжтой, ажил хөдөлмөр эрхэлдэг, орлого олдог талаарх нотлох баримтууд болох “Хансуун зам” ХХК-ийн тодорхойлолт, банкан дахь дансны хуулга зэргээр нотлогдон тогтоогдож байхад улсын яллагч болон шүүхээс шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх боломжгүй гэж үзэж хорих ялыг оногдуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байгаа ба Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж зааснаас үзэхэд энэ ялыг хэрэглэхдээ ялтны ялыг биелүүлэх боломжийг харгалзах бус хэдий хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг л тогтоохдоо харгалзаж тогтоож болохоор заасан хуулийн заалтыг практикт буруу тайлбарлаж хэрэглэж байгаа юм. Х.Б нь шийтгэх тогтоолоор тогтоосон хохирогч Л.Мд эмчилгээний зардал 1202750 төгрөг, мөн хохирогчийн эмчилгээний төлбөр болох 507960 төгрөгийг Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус төлж барагдуулсан ба Х.Бгийн ар гэрийнхний зүгээс торгох ялыг биелүүлэх бодит нөхцлийг бүрдүүлэх зорилгоор түүний Хаан банкны дансанд 7000000 төгрөгийг байршуулсан болно. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв. 

 

Хяналтын прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Х.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгчид тохирох ял шийтгэлийг оногдуулсан. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл сонгох санкцитай гэмт хэрэг. Гэхдээ тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэлийг шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, бусад нөхцөл байдлыг харгалзан ямар ял шийтгэл оногдуулах вэ гэдгийг шүүхээс шийдвэрлэдэг. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт торгох ялын санкци тавьж өгсөн нь тухайн хүнд заавал торгох ял оногдуул гэсэн хуулийн зохицуулалт биш. Хэргийг хянан шийдвэрлэх үед буюу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хохирогчийн зүгээс 1 202 750 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн байдаг. Хэрэг гарснаас хойш 2 сар гаруй хугацаа өнгөрөхөд шүүгдэгчийн зүгээс тухайн хохирлыг нөхөн төлөөгүй. Хэдийгээр “Хансуун зам” гэдэг компанид ажиллаж байгаа гэх боловч хохирол нөхөн төлөгдөөгүй. Цаашид торгох ял биелэгдэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй учраас шүүхээс хорих ялыг сонгож тухайн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй үзэж байна. Прокурорын зүгээс шийтгэх тогтоолын 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар, эсхүл бүх насаар нь хязгаарлаж нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад байлгахыг хорих ял гэнэ” гэж заасан нь хорих ялын үндсэн ойлголтыг заасан заалт бөгөөд хорих ял эдлүүлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтад баримтлах хуулийн заалтыг буруу баримтлан шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Шүүгдэгч Х.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйлгүй...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.

 

  Учир нь: Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн давж заалдсан гомдол зэрэгт үндэслэн тэдгээрт бичсэн асуудлуудаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

              Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6-р багийн нутагт иргэн Л.М-н толгойн тус газарт тоосгоор цохиж эрүүл мэндэд нь гавлын зүүн талын болон чамархай ясны хугарал бүхий амь насанд нь аюултай хүнд гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Л.М /хх-ийн 8-9/, гэрч У.Ч /хх-ийн 12/, П.О /хх-ийн 11/ нарын мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/0409 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/ зэргээр тус тус тогтоогдсон ба шүүгдэгч Х.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус хэргээ хүлээн мэдүүлсэн байна.

 

 Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

  Хэрэг шалган шийдвэрлэсэн байдлыг хянан хэлэлцвэл мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба шүүгдэгч нарын зүгээс хэргийг нэмж шалгуулах талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байна.

 

              Шүүгдэгч Х.Б, хохирогч Л.М нар нь хамт архи ууж байх явцад хохирогчийн зүгээс шүүгдэгчийг “баян айлын гуйлгачин хүргэн” гэж хэлсэнд дургүйцэж түүнийг толгойн тус газар нь тоосгоор цохисны улмаас хохирогч Л.М-н биед гавлын зүүн талын болон чамархай ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал 2 дугаар зэрэг, тархины зүүн тал бөмбөлөгийн зулай болон чамархай орчмын аалзан хальсан доорх цус харвалт /САК/ баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, толгойн зүүн зулайгаас дагз руу чиглэлтэй шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирсан ба учирсан гавлын зүүн талын болон чамархай ясны хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтлийн шалгуур шинжид нийцсэн, энэ гэмтлийг тоосгоор цохиж учруулсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/0409 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэргийн шинжид нь нийцсэн байна.

 

  Иймээс анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт нь үндэслэл бүхий хууль зүйн үндэслэлтэй болсон тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзнэ.

 

  Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байх хугацаанд шүүгдэгч Х.Б нь хохирогч Л.Мд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжилсэн 1.202.750 төгрөгийг төлсөн, мөн хохирогчийн аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдсэн эмчилгээний төлбөр болох 508.000 төгрөгийг төлсөн байна.

 

  Шүүгдэгч нь хавтаст хэргийн хүрээнд нэхэмжилсэн хохирлоо бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

  Шүүгдэгч Х.Б Авто замын барилга засвар “Хансуун зам” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг болохыг тодорхойлсон ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 131/, банкны харилцах дансандаа төлбөрийн чадамжтай болохоо харуулсан банкны харилцах дансны хуулга /хх-ийн 175/, хохирогч Л.Мөөс давж заалдах шатны шүүхэд “миний бие хохирлын 1.202.750 төгрөгийг авлаа. Одоо Х.Б-д гомдолгүй, одоогоор нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 176/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагчаар /хх-ийн 115/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэгт тус тус үндэслэж анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуульд зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээнд нь тохирсон эрүүгийн хариуцлага болно гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

  Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгээс гаргасан ял хөнгөрүүлж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хангаж, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Б нь 49 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг шүүхээс оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцоход 735.000 төгрөг болсныг нийт эдлэх 10.000.000 төгрөгийн торгох ялаас хасч, үлдэх 9.265.000 төгрөгийн торгох ялыг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

  Харин хяналтын прокурор Ө.Мөнхнавчийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасныг баримталж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заах байтал мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-т заасныг баримталсан нь буруу болсныг засч тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй боловч шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж торгох ял болгон өөрчилсөн тул эсэргүүцлийг үндэслэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй болж, энэ үндэслэлээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4 , 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 2 жил хорих ял шийтгэсүгэй.” гэснийг,

 

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж,

 

3 дугаар заалтыг хүчингүй болгож,

 

3 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж нэмж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн давж заалдсан гомдлыг хангаж, хяналтын прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Б нь 49 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бгийн цагдан хоригдсон 49 хоногийн 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож, 735000 төгрөгийн торгох ялыг биелэгдсэнд тооцож, үлдэх торгох ялын хэмжээг 9265000 төгрөгөөр /есөн сая хоёр зуун жаран таван мянга/ тогтоосугай. 

 

 

­

  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                        А.САЙНТӨГС