Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2016/0335

 

 

 

 

 

2016 оны 5 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2016/0335

Улаанбаатар хот

 

Б.Баттулгын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Б.Баттулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нэргүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Даваажамьян, Д.Одгэрэл нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 245 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Даваажамьянгийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Баттулгын нэхэмжлэлтэй, Тахарын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тушаал гаргах үед байсан нотлох баримт нь үндэслэлгүй, зөрчлийг нотлох чадамжгүй болох нь маргаан шийдвэрлэх комиссын хурлаар тогтоогдож, дахин шалгаж, нэмэлт баримт цуглуулан, миний эрх зүйн байдлыг дордуулахаар шийдвэрлэсэн нь илт тодорхой юм... Миний бие Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахин Төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж хуульчилсныг зөрчөөгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг удирдлага болгож, сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

Түүнчлэн тушаалд тэмдэглэгдсэн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын 4 дүгээр бүлгийн 4.15, Тахарын албан хаагч, ажилтны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.14, 3.1.19, 3.1.20, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.8 дахь заалтуудыг зөрчиж, сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож, нотлогдоогүй, тушаалд дурдагдсан зөрчил, миний үйлдэл эс үйлдэхүйн хооронд шалтгаант холбоогүй, дурдагдсан зөрчлөөс учирсан гэм хор, хор уршиг бий болоогүй, сахилгын зөрчлийн бүрэлдэхүүнгүй байхад тахарын албаны дарга Д.Мөнхзулын “нууц” гэх нотлогдоогүй мэдээллийг үндэслэн шалгалт хийсэн нэрийдлээр ажлаас халах, сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байх тул ажилд минь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Тахарын ерөнхий газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Баттулга нь Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны А/96/90 дүгээр тушаалаар батлагдсан Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын 4.15, Тахарын албаны албан хаагч, ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.14, 3.1.19, 3.1.20, 4.1.7, 4.1.8-д заасныг зөрчсөн. Тус дүрмийн 5.2-д заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэсний дагуу сахилгын шийтгэл ногдуулсан... Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 245 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 499 дүгээр тушаалын Б.Баттулгад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Баттулгыг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Баттулгын ажлаас халагдсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг зохих ёсоор тооцож олгохыг Тахарын ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Даваажамьян давж заалдах гомдолдоо: Тахарын ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай, Тахарын албаны тухай хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж... Б.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв” гэсэн боловч дараах үндэслэлүүдийг нягтлан шалгаж тогтоохгүйгээр шүүхийн шийдвэрийг гаргасан. Үүнд:

1. Шүүхийн шийдвэрт дурдсан нэр бүхий иргэдийн гэрчийн мэдүүлэгт дурдсанаар "шүүгдэгчтэй түүний гэр бүл төрөл садны нэр бүхий хүмүүс уулзах зөвшөөрлийг шүүгчийн туслахаас авч өмгөөлөгчөөр дамжуулан болон өөрсдөө орж уулзсан” гэх боловч үүнийг нотлох шүүгчийн зөвшөөрлөөр олгогдсон уулзалтын бичиг хэргийн материалд байхгүй. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхээс ирүүлсэн шүүгчийн зөвшөөрлөөр олгогдсон “Уулзалтын бичиг”-т Д.Уранчимэг, Д.Ганзориг, Ж.Дунуу, Л.Насанбуян, Ц.Ууганжаргал нарын нэрс байхгүй. Гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Долгорсүрэнд 293 дугаартай “Уулзалтын бичиг”-ийг тус шүүхээс ирүүлсэн. Шүүхийн шийдвэрт дээрх үйлдлийг “шүүх хуралдааны дууссаны дараа баривчлах, хорих ял шийтгэгдсэн яллагдагчийг шүүгчийн зөвшөөрөлтэйгөөр гэр бүл, төрөл садны 2-оос илүүгүй хүнтэй уулзуулах бөгөөд уулзалтын хугацаа 10 минутаас хэтрэхгүй байна. Уулзалтын үед ялтны болон өөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллана” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

2. Туслах тахар Э.Болдсайхан, Ч.Басбаяр нарыг амралтын өдрүүдэд хувийн ажилдаа ажиллуулсан зөрчлийн тухайд нэхэмжлэгч Б.Баттулга нь удирдах албан тушаалтны хувьд өөрийн шууд удирдлагад ажилладаг алба хаагчдыг 24 цагийн ээлжийн хуваарьт ажлаас буусан өдөр нь “ажил дээр хүрээд ир” гэж утсаар дуудсан байдаг. Энэ нь удирдах албан тушаалтны ёс зүйг зөрчсөн үйлдэл юм. Шүүхийн шийдвэрт дурдсан “Тахарын албаны албан хаагч, ажилтны ёс зүйн дүрмийн 4.1.7-д заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй, буруу хэрэглэсэн” гэсэн нь үндэслэлгүй. Тахарын албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Тахарын алба нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, шүүхийн тодорхой төрлийн шийдвэр болон энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий хууль сахиулах бие даасан байгууллага бөгөөд түүний алба хаагч нь ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах шаардлагатайг энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгээр тодорхойлсон байдаг.

  1. Шүүхийн шийдвэрт туслах тахар Б.Чин-Очирыг 5 өдөр ажиллуулсан зөрчлийн тухайд үгүйсгээгүй атлаа “...зөрчлийн шинж байдал болон зөрчлийг анх эсхүл давтан гаргаж байгаа эсэхийг харгалзан үзээгүй…” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд, шүүхийн 245 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Баттулгын нэхэмжлэлийн үндэслэл 1-д дурдсан “А.Шоовдор нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын дараа хэргийн холбогдогч нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шүүгчийн зөвшөөрөлгүй нэр бүхий 11 иргэнтэй уулзуулсан”. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүгдэгч А.Шоовдортой холбогдох шүүх хуралдаанаас өөр шүүх хуралдаан зарлаагүй байсан бөгөөд тухайн шүүхэд нэвтрэгсдийн бүртгэлд бүртгэсэн иргэдийн нэрс дотор шүүгчийн зөвшөөрөлгүй Б.Пүрэвдорж, А.Оюунчимэг, Д.Саранчимэг, Д.Эрдэнэчимэг, Д.Уранчимэг, Д.Ганзориг Ц.Ууганжаргал, Б.Долгорсүрэн. Л.Насанбуян, Ж.Дунуу нарын нэрс байсан. Тухайн үед тусгаарлах тасалгааны тахар Б.Чин-Очир уулзалтын бичиггүй хүмүүсийн нэрсийг шүүгчээс олгосон зөвшөөрлийн бичгийн ард тэмдэглэж байснаа гэрчийн мэдүүлэгт дурдсан ба шүүхэд нотлох баримтыг гарган өгсөн. Албаны шалгалтын явцад шүүгдэгч А.Шоовдорын шүүх хуралдааны үед үүрэг гүйцэтгэсэн журам сахиулах хуяг, туслах тахар Э.Болдсайханы тайлбарт “...хэргийн холбогдогч нартай зөвшөөрөлгүй хүмүүсийг уулзуул гэж Б.Баттулга дарга хэлсэн, би тэр үед нь энэ хүмүүсийг уулзуулах шүүгчийн зөвшөөрлийн бичиг байхгүй учраас оруулж уулзуулах нь хориотой биз дээ гэж Б.Баттулга даргад хэлсэн боловч тэрээр “наад улсуудаа нэг нь нэг, хоёр нь хоёр минут хамаагүй уулзуул би шүүгч болон шүүгчийн туслахад нь хэлж ярьчихсан байгаа” гэж хэлсэн. Б.Баттулга дарга өөрөө ч гэсэн тэдгээр хүмүүстэй гар барьж мэндэлж байсан, миний санаж байгаагаар 3-4 хүнтэй мэндэлж гар барьсан” гэдэг.

Нэхэмжлэгч Б.Баттулга зөрчил гаргасан өдөр буюу 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажиллаж байсан алба хаагчдад ямар үүрэг даалгавар өгч байсан талаар албаны шалгалтад өгсөн тайлбар хавтаст хэрэгт авагдсан. Тэрээр Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны А/96, 90 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын 4.15-д “Шүүх хуралдаан дууссаны дараа баривчлах, хорих ял шийтгэгдсэн яллагдагчийг шүүгчийн зөвшөөрөлтэйгөөр гэр бүл, төрөл садны 2-оос илүүгүй хүнтэй уулзуулах бөгөөд уулзалтын хугацаа 10 минутаас хэтрэхгүй байна. Уулзалтын үед ялтны болон өөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллана” гэснийг баримтлан ажиллаагүй. Тахарын албаны албан хаагч, ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.19-д “байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах, ажлаас хоцрох, таслахыг цээрлэх”, 3.1.20-д “хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл; дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах”, 4.1.7-д “бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөх”, 4.1.8-д “албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, хуурамчаар үйлдэх, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулах” гэснийг зөрчсөн нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.

Тус дүрмийн 5.2-д “Ёс зүйн хэм хэмжээг хэрхэн мөрдөж байгаа байдал нь Тахарын албанд тогтвортой ажиллах, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оруулах, дэвшүүлэн томилох, шагнаж урамшуулах, өөр ажилд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан тушаал, цол бууруулах, сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно” гэж заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтад заасныг үндэслэн “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулсан. Есдүгээр тойргийн тахарын албаны алба хаагчдаар өвөлжөөний мод зөөлгөхдөө жолоодох эрхээ хасуулсан жолоочийн машинаар зөөсөн гэснийг албаны шалгалтын явцад илрүүлсэн бөгөөд жолооч Х.Батсайханы тайлбараас тодорхой болох юм. Б.Баттулга нь Есдүгээр тойргийн тахарын албаны дэд бөгөөд шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг хангах тасгийн даргын албан үүргийг гүйцэтгэж байхдаа Хорих 445 дугаар ангиас 2 ялтан авч, хувийн хүнсний дэлгүүрийнхээ засварыг хийлгэхдээ өөрийн шууд удирдлага дор ажилладаг ажилтан Б.Чин-Очироор харгалзуулан ажлын цагаар 5 хоногийн хугацаанд ажиллуулсан нь холбогдох баримтуудаар тогтоогдсон. Нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчлүүдэд Тахарын албаны хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.5-д “Тахарын албаны ажилтны сахилга, ёс зүйн зөрчилд албаны шалгалт явуулна...” гэсний дагуу албаны шалгалт явуулж, зөрчлийн шинж байдлыг хангалттай тогтоон Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд, 245 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн гомдлоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Баттулгын гаргасан хэд хэдэн зөрчил, тэдгээрийн шинж байдлыг харгалзан үзэлгүйгээр анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчсөн гэж хариуцагчийг буруутган, маргаан бүхий Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 499 дүгээр тушаалын Б.Баттулгад холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг зохих ёсоор тооцож олгохыг Тахарын ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэгт авагдсан Тахарын ерөнхий газрын Дотоод аюулгүй байдлыг хангах хэлтсээс хийсэн албан шалгалтын баримт, Тахарын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэл, шүүгчийн зөвшөөрөл бүхий уулзалтын бичиг, шүүхэд нэвтрэгсдийн бүртгэл, гэрч Б.Чин-Очир, Ч.Басбаяр, Э.Болдсайхан, ял эдэлж байгаа Ч.Болд, Г.Ганзориг нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Б.Баттулга нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг, мөн Тахарын албан хаагч, ажилтны ёс зүйн дүрмийн хориглох заалтын 3.1.20-д “хууль тогтоомжийн, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах, 4.1.7-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах”, 4.1.8-д “бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөх” гэснийг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдэл гаргасан болох нь тогтоогдсон байна.

Тодруулбал, 10-11 иргэдийг шүүгчийн зөвшөөрөлгүй шүүгдэгч нартай уулзуулсан нэхэмжлэгчийн үйлдэл нь Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны А/96/90 дугаар тушаалаар баталсан Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын 4.15-д “шүүх хуралдаан дууссаны дараа баривчлах, хорих ял шийтгэгдсэн яллагдагчийг шүүгчийн зөвшөөрөлтэй гэр бүл, төрөл садангийн 2-оос илүүгүй хүнтэй уулзуулах бөгөөд уулзалтын хугацаа 10 минутаас хэтрэхгүй байна. Уулзалтын үед ялтны болон өөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллана” гэж заасныг зөрчсөн, түүнчлэн тахарын албаны албан хаагч Э.Болдсайхан, Ч.Басбаяр, П.Бат-Эрдэнэ нарыг амралтын өдрөөр хувийн ажилдаа ажиллуулсан, өөрийн хүнсний дэлгүүртээ ажилласан хоёр ялтныг туслах тахар Б.Чин-Очироор харгалзуулан ажлын 5 өдөр ажиллуулсан, жолооны эрхээ хасуулсан этгээдээр автомашин жолоодуулсан зэрэг зөрчил гаргасан байна.

Харин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийн дахин хянуулахаар гаргаж өгсөн Б.Долгорсүрэн, Д.Уранчимэг, Д.Ганзориг, Ж.Дунуу, Л.Насанбуян, Ц.Ууганжаргал гэх нэр бүхий иргэдийн тодорхойлолт, бичиг болон эдгээр иргэдийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэргээр Б.Баттулгын гаргасан зөрчлийг үгүйсгэх, маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх дүгнэлтээр 9 дүгээр тойргийн Тахарын албаны Дэд дарга бөгөөд Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, тойргийн шадар тахараар ажиллаж байсан Б.Баттулгад төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 499 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гаргасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Даваажамьянгийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 245 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Баттулгын “Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 499 дүгээр тушаалын түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МӨНХТУЯА

                        ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР